A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Авто замын засвар, арчлалтын "Улаанбаатар АЗЗАН" ХК, "Булган АЗЗАН" ХК, "Хархорин АЗЗАН" ХК-иудыг 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс дор дурдсаны дагуу хуваах зарчмаар тус тус өөрчлөн зохион байгуулсугай:

а/ "Улаанбаатар АЗЗАН" төрийн өмчит хувьцаат компанийг бие даасан "Улаанбаатар АЗЗА" ХК,/ЗГ-ын 2014 оны 4-р тогтоолоор хүчингүй/ "Дархан АЗЗА" ХК, "Сэлэнгэ АЗЗА" ХК, "Дорноговь АЗЗА" ХК, "ТТТ" ХК болгон зохион байгуулах; /Энэ заалтад ЗГ-ын 2018 оны 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/

б/ "Хархорин АЗЗАН" төрийн өмчит хувьцаат компанийг бие даасан "Өвөрхангай АЗЗА" ХК, "Хархорин АЗЗА" ХК, "Архангай АЗЗА" ХК болгон зохион байгуулах;

в/ "Булган АЗЗАН" төрийн өмчит хувьцаат компанийг бие даасан "Булган АЗЗА" ХК, "Орхон АЗЗА" ХК, "Хөвсгөл АЗЗА" ХК болгон зохион байгуулах.

2. Өөрчлөн байгуулагдсан дээрх төрийн өмчит хувьцаат компаниудад шилжих хөрөнгө, өр авлага, өөрийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоож компаниудын дүрмийг баталж мөрдүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "а", "б", "в" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 18.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Авто замын засвар арчлалтын ажил эрхэлдэг энэ тогтоолын хавсралтад заасан төрийн өмчит 20 компанийг нийлүүлэн "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2."Авто замын засвар арчлалтын нэгтгэл" төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг газрыг тогтоосугай.

3.Засгийн газрын гадаад зээллэгийн эх үүсвэрээр бий болсон хөрөнгө, түүнтэй холбоотой дамжуулан зээлийн өр төлбөрийг хавсралтад заасан компаниудтай тооцоо нийлж баталгаажуулах, энэхүү хөрөнгө, өр төлбөр болон бусад өр төлбөр, авлага, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг холбогдох хууль, журамд заасны дагуу "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн санхүүгийн тайланд шилжүүлэх арга хэмжээ авах, авлага, өр төлбөр, хөрөнгийг хүлээн авсантай холбогдуулан тооцоо нийлж баталгаажуулах, компанийн дүрэм, бүтцийг батлах, зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын зохих арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл"-д өөрчлөлт оруулах талаар саналаа боловсруулж, танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Авто замын засвар, арчлалтын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолын 1 дэх заалт, "Зарим төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 170 дугаар тогтоол, "Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаар тогтоол, "Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 36 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН