Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 5, 6, 7 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

            МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2010 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 22-ны өдөр                                                                                                          Дугаар 17                                                                                                                              хот

 

 

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 5, 6, 7 ДУГААР БҮЛГИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Иргэний хуулийн “Хэлцэл” 3 дугаар дэд хэсгийн нийтлэг үндэслэл, хүчин төгөлдөр бус хэлцэл, төлөөллийг зохицуулсан 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ НЬ:

Нэг. Хэлцэл хийх хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлсон Иргэний хуулийн (цаашид хууль гэх) 39, 40, 41 дүгээр зүйлийн зарим заалт, хэсгийг доорх байдлаар тайлбарласугай.

1.1.Хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлговол зохино.

Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т тодорхойлсон нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэнэ.

1.2.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үзнэ. Хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авсан явдлыг хүсэл зоригийг өөрийг нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй.

Хэлцэл хийх эрмэлзлэлийн илрэлийг тодорхой бус буюу үндэслэлгүйгээс ойлгоогүй, эсхүл ийнхүү хүсэл зоригийг илэрхийлэхээс өмнө ойлгох боломжгүйгээ нөгөө тал мэдэгдсэн тохиолдолд хүсэл зоригийн тухайн илэрхийлэл хүчин төгөлдөр болохгүй бөгөөд энэ нь хүсэл зоригийг болон хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

1.3.Хэлцлийн нэг тал хэлцэл хийснээс хойш нас барсан эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон бол ийнхүү нас барах, эрх зүйн чадамжгүйд тооцох тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдсэн хэлцэл, улмаар хэлцлийг хийх хүсэл зориг хүчин төгөлдөр хэвээр байх тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл” буюу хүсэл зоригийн нэгэнт хийгдсэн, өөрчлөх боломжгүй гадаад илрэл мөн хүчин төгөлдөр байна.

Хүсэл зоригийн илэрхийлэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон явдал нь хэлцэл, хүсэл зориг, түүний илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй хэдий ч уг хэлцэл болон хүсэл зоригийн илэрхийллийг үүнээс өөр үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэхэд саад болохгүй.

Эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр байх эсэхийг тодорхойлоход хэдий үеэс эрх зүйн чадамжгүй болсныг шүүхийн шийдвэрээр тогтоосныг харгалзан үзэхээс гадна хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан үндэслэлийг анхаарвал зохино.

1.4.Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан “хүсэл зоригийн агуулга” гэдгийг хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлэлийн мөн чанар, харин мөн зүйлийн 41.2.-т заасан “хүсэл зоригийн илэрхийллийн утга” гэдгийг энэхүү эрмэлзлэлийн гадаад илрэлийн гол санаа гэж тус тус ойлгоно.

Хүсэл зоригийн агуулгыг тодорхойлоход үгийн шууд утгыг, хүсэл зоригийн илэрхийллийн утгыг тодорхойлоход учир санааг гол төлөв анхаарна.

Хүсэл зоригийг үг, үйлдлээр илэрхийлэхээс гадна идэвхгүй байр сууриар илэрхийлэх боломжтой учир хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан “эс үйлдэхүй” гэдэгт бусадтай хэлцэл хийхгүй байх, хэлцэл хийх бусдын саналд хариу өгөхгүй байх, эрх, үүргийг дуусгавар болгох талаар санал, санаачилга гаргахгүй байх, дуугүй байснаар хүлээн зөвшөөрөх зэргээр тодорхой үйлдэл хийхгүй, хийхээс татгалзахыг хамааруулан ойлгоно.

Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан “бусад нөхцөл байдал” гэж хүсэл зоригийн илэрхийллийн утга санааг тодорхойлоход ач холбогдол бүхий аливаа хүчин зүйлийг хэлнэ.

Хоёр.Хэлцлийн хэлбэрийн талаарх хуулийн 42 дугаар зүйлийн зарим заалт, хэсгийг дараах байдлаар тайлбарласугай.

2.1.Уг зүйлд болон цаашид хуульд заасан “хэлцлийн хэлбэр” гэдгийг хүсэл зоригийг илэрхийлэх арга гэж ойлгох ба хэлцлийг амаар хийнэ гэдэг нь хүсэл зоригийг үгээр илэрхийлэхийг, бичгээр хийнэ гэдэг нь үгээр илэрхийлсэн хүсэл зоригийг баримт бичгийн хэлбэрт оруулахыг хэлнэ.

2.2.Энэ зүйлийн 42.2-т заасан “гарын үсэг зурснаар” гэдэгт хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно.

2.3. Мөн зүйлийн 42.3-т заасан “ажил хэргийн хүрээнд тогтсон заншил” гэдэгт хэлцэлд оролцогчдын хооронд тогтмол хийгдэж хэвшсэн эсхүл тухайн төрлийн үйл ажиллагааг явуулахад нийтээр байнга хэрэглэж заншсан арга барилыг ойлгох ба “техникийн хэрэгслээр шууд буулгасан” гэж дүрс, зураг, электрон, цахилгаан болон цахим хэлбэрээр тухайн этгээдийн нэр болон тодорхой тэмдэглэгээг байгаа байдлаар нь хувилан гаргахыг хэлэхээс гадна технологийн шинэ ололтыг ашиглан гарын үсэг, тэмдэглэгээг тусгай пин код, нууц үг хэрэглэх зэргээр гаргахыг хамааруулж болно.

2.4.Энэ зүйлийн 42.4-т заасан “бусад этгээд” гэдэгт тухайн хэлцлийг гэрчлэх хуулиар бүрэн эрх олгогдсон этгээдийг ойлгоно.

2.5.Мөн зүйлийн 42.5-д заасан “итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх”, “өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг бичих” шаардлагууд нь нотариатаар буюу эрх бүхий этгээдээр гэрчлүүлж буй хэлцлээс хамаарахаас гадна ийнхүү гэрчлүүлэх шаардлагагүй бичгийн хэлбэртэй хэлцэлд мөн хамаарна.

2.6.Энэ зүйлийн 42.8-д заасан “бодит үйлдэл” гэдэгт хүсэл зоригийг үгээр болон бичгээр илэрхийлээгүй ч өөрийн санааг бусдад ойлгогдхуйц аргаар илэрхийлсэн аливаа зан үйлийг хамааруулан ойлгоно.

2.7.Уг зүйлийн 42.9-д заасан “саналд хариу өгөхгүй байх” гэснийг зөвхөн хуульд заасан эсхүл талууд харилцан тохиролцсон тохиолдолд “дуугүй байх нь хүлээн зөвшөөрсний илэрхийлэл” гэх зарчимд хамааруулан үзнэ.

2.8.“Гэрчээр нотлох эрх”-ийг хязгаарласан энэ зүйлийн 42.11 дэх заалт нь зөвхөн бичгээр хийх хуулийн шаардлага бүхий хэлцэлд, түүнчлэн хуулийн уг шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заагдаагүй хэлцэлд тус тус хамаарна.

Мөн зүйл, хэсэгт заасан “Нотолгооны бусад хэрэгсэл”-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн мэдүүлгээс бусдыг хамааруулан ойлгоно.

Гурав. Хэлцэл хийгдсэн гэж үзэх хуулийн 43 зүйлийн зохицуулалтыг доорх байдлаар тайлбарласугай.

3.1.Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасан “ердийн боломжит хугацаа” гэдгийг хариу өгөх хугацааны талаар талууд харилцан тохиролцоогүй үед хэрэглэх ба хариу өгөх тухайн хэлбэрт шаардлагатай зохимжит хугацааг ойлгоно.

Хариуг захидлаар, утсаар, нүүр тулан, хүнээр дамжуулах зэргээр өгөх хэлбэрээс нь хамааран уг хугацаа өөр өөр байх тул тухайн хэлбэрээр хариу өгөхөд шаардагдах хугацааг холбогдох хууль болон хууль тогтоомжийн актад тусгайлан заагаагүй бол шүүх харьцуулан жиших аргаар тодорхойлно.

3.2.Энэ зүйлийн 43.3-т зааснаар хэлцлийг “бодит үйлдлээр хийгдсэн” гэж үзэхийн тулд хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д заасан шаардлага хангагдсан байвал зохино.

3.3.Мөн зүйлийн 43.4-т заасан “хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй” гэдэгт хэлцлийн зорилго, гол нөхцөл, талуудын эрх, үүрэг тодорхой бус байхыг ойлгоно.

Дөрөв. Болзол тавьж хийсэн болон биржийн хэлцлийн онцлогийг тодорхойлсон хуулийн 44-46 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

4.1.Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3-т заасан хойшлуулах болон өөрчлөгдөх болзолтойгоор хийгдсэн хэлцлүүдийн гол нөхцөл буюу ирээдүйд бий болох үйл явдал нь мөн зүйлийн 44.4-т зааснаар хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй тул болзлын агуулга хуулийн шаардлагад нийцээгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш бол хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар хэлцэл бүхэлдээ хүчин төгөлдөр бус байх ба харин тухайн үйл явдал болоогүй тохиолдолд хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар зөвхөн болзол хүчин төгөлдөр бус болно.

Болзол хүчин төгөлдөр бус болоход хуулийн 61 дүгээр зүйлд заасан хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус болох шаардлага нэгэн адил хамаарна.

Тав. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэл, үр дагаврыг тодорхойлсон хуулийн 56 дугаар зүйлийн зарим заалтыг доорх байдлаар тайлбарласугай.

5.1.Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.

5.2.Энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

Тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх г.м.

5.3.Мөн зүйлийн 5.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино.

Тухайлбал, талууд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хэлцэлд оролцогч талуудын хэн алин нь орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгээр шилжүүлсэн байна. Бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно.

5.4.Энэ зүйлийн 56.1.4-т заасан “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл” нь мөн дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд хэлцэл хийгчид уг хэлцлийг байгуулах хүсэл зориг угаас байгаагүй, уур уцаар, тоглоом хошигнол, өс хонзон зэрэг эрх зүйн бус үндэслэл буюу сэтгэлийн хөдлөлд тулгуурлан хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь хожим зайлшгүй илэрнэ гэж үндэслэл муутайгаар тооцоолсон субъектив санаанаас үүснэ.

Тухайлбал, гэрлэлтээ цуцлуулах талаар санал гаргасан эхнэрийгээ хашраах зорилгоор өөрийн хуваарьт хөрөнгөд хамаарах үе удам дамжиж ирсэн үнэт зүйлийг үл таних этгээдэд бэлэглэсэн нөхрийн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

5.5.Мөн зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ.

Уг зүйл, хэсэгт заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.

5.6.Энэ зүйлийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэдэгт хуулийн 4 дүгээр бүлгийн хоёрдугаар дэд бүлэгт заасан төрөлд хамаарах хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно.

Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл боловч энэ зохицуулалтад хамаарахгүй.

5.7. Мөн зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй.

5.8.Энэ зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.3-т заасан “сонирхогч этгээд” гэдэгт хэлцэл хийсэн тал эсхүл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарна.

Зургаа. Хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцлийн үндэслэл, үр дагаврыг тодорхойлсон хуулийн 57-60 дугаар зүйлийн зарим заалт, хэсгийг дараах байдлаар тайлбарласугай.

6.1.Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан “хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэснийг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сонирхогч этгээд нэхэмжлэл гараагүй тохиолдолд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж ойлгоно.

6.2.Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байдаг бол гэрээгээр тохирсон хэлцлийн хэлбэрийг зөрчсөн хэлцлийг энэ зүйлийн 57.3-т зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусд тооцож болно.

6.3.Хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасан “нэн даруй” гэдгийг тухайн тохиолдолд мэдэгдэх боломжтой ердийн хугацаанд гэж ойлгоно.

6.4.Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан “аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг” гэдэгт тухайн аюул учирч болзошгүй, бодит заналхийлэл байгаа нь тодорхой үйлдэл болон эс үйлдэхүйгээр илэрхийлэгдсэн байхыг хамааруулан үзнэ.

Долоо. Хэлцэлд төлөөлөх, төлөөлөгчийн бүрэн эрхийг тогтоосон хуулийн 62 дугаар зүйлийн зарим заалтыг доорх байдлаар тайлбарласугай.

7.1.Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан “хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон”, “хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих” хэлцлүүдийг тодорхойлоход хэлцлээр хүлээх талуудын эрх, үүрэг, хэлцлийн гол нөхцөл, хэлцэлд оролцогч талын хувийн шинж чанар, хуулийн 210 дугаар зүйлд заасан шаардлагыг анхаарвал зохино.

7.2.Мөн зүйлийн 62.5-д заасан “итгэмжлэлийг шилжүүлэх” буюу давхар итгэмжлэх ажиллагааг зөвхөн үндсэн итгэмжлэлд тодорхой заасан эсхүл итгэмжлэл олгосон этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд энэ зүйлийн 62.7-д зааснаар тухайн этгээдэд мэдэгдсэний үндсэн дээр явуулна.

 

                                                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Ц.АМАРСАЙХАН