Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2002 оны 7 дугаар                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 24-ний өдөр                                                                                                      Дугаар 263                                                                                                                             хот

 

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН

ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” Монгол Улсын 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6 дахь заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 8.2 дахь заалтын “Хэргийн нотлох баримт, эсхүл үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно” гэсэн заалтыг тухайн хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай, хэрэв зарим нотлох баримт тэдний нууцтай холбоотой бол зөвхөн тэдгээр нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг хаалттай явуулахыг ойлгоно. Шүүх хуралдааныг бүхэлд нь буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулах асуудлыг хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

2.Хуулийн 8.4 дэх заалтын “төр, байгууллага, хувь хүний нууц” гэдгийг төр, байгууллага, хувь хүний нууцын тухай Монгол Улсын хуулиудад заасан байдлаар ойлгож хэрэглэнэ.

3.Хуулийн 10.1 дэх заалтын “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар шууд зохицуулагдсан нийгмийн харилцаанаас үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ Үндсэн хуулийг, Үндсэн хуулиар шууд зохицуулагдаагүй харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуульд нийцсэн, тэгэхдээ албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасны дагуу уул хууль хүчин төгөлдөр болох тухай уг хуульд заасан өдрөөс, уг хуульд тусгайлан заагаагүй бол зөвхөн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоног өнгөрснөөр хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэхийг ойлгоно. Харин хууль хүчин төгөлдөр болох өдрийг тухайн хуульд заасан боловч уул хууль “Төрийн мэдээлэл”-д албан ёсоор нийтлэгдээгүй бол шүүх түүнийг хэрэглэх эрхгүй.

4.Хуулийн 10.2 дахь заалтын “Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын Дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана” гэсэн заалтыг шүүх хэрэглэхдээ тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, эсхүл түүний зүйл, хэсэг, заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч үзвэл тэр үндэслэлээ тодорхой зааж, уул хууль, зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаархи үндэслэлийг тусгасан, хэрэг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол, захирамж гаргаж Дээд шүүхэд ирүүлэхийг ойлгоно. Улсын Дээд шүүх саналыг хуралдаанаараа хэлэлцэж шүүхийн санал үндэслэлгүй гэж үзвэл тогтоол, захирамжийг хүчингүй болгож, саналыг хэрэгсэхгүй болгох ба саналыг үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд оруулах тухай тогтоол гаргана.

5.Хуулийн 24.2 дахь заалтын “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй” гэдгийг насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны иргэн нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг зарцуулсантай холбогдсон болон эдгээр орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулсан хийгээд тэдгээрийн хоршооны гишүүний эрх, үүрэгтэй холбогдох маргаан, өөртөө хохиролгүй, хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл зэрэг тэдгээрт хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх явцад үүссэн маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхэд эрх зүйн бүрэн чадамжтай нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн нэгэн адил оролцож, хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг ойлгоно.

6.Хуулийн 24.3 дахь заалтын “Шүүх энэ хуулийн 24.2-т заасан иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй. Харин насанд хүрээгүй иргэнтэй холбоотой хэргийг Иргэний хуулийн 16.3-т заасан үндэслэлээр хянан шийдвэрлэхдээ түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэдгийг зөвхөн хуульд заасан энэ тохиолдолд шүүх насанд хүрээгүй хүмүүсийн эцэг, эх, харгалзан дэмжигчийг шүүх хуралдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх, харин бусад бүх тохиолдолд тэдний эцэг, эх, харгалзан дэмжигчийг шүүх заавал татан оролцуулна гэж ойлгоно. Харин насанд хүрээгүй хүн нь хариуцагчаар оролцож байгаа бол тэрээр Иргэний хуулийн 503.5-д зааснаар тэдгээр нь өөрөө хариуцах бөгөөд ажил эрхэлж олсон цалин хөлс, орлого, түүнчлэн хууль ёсны төлөөлөгчөөс үзэмжээрээ захиран зарцуулах эрхэд нь байгаа эд хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Харин дээр дурьдсан цалин орлого, эд хөрөнгө нь хүрэлцэхгүй бол үлдэж байгаа хэсгийг нь хууль ёсны төлөөлөгчийг нь татан оролцуулж гаргуулна.

7.Хуулийн 31.1 дэх заалтын “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд … төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсний “төрийн байгууллагын хүсэлт” -эд Монгол Улсын Их хурал, Засгийн газар болон тэдгээрээс эрх олгосон байгууллагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлүүлж прокурорыг оролцуулах хүсэлтийг бичгээр гаргасныг хамааруулан ойлгоно. Прокурор төрийг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ заалтын “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх” үндэслэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, төрөөс төлөх нөхөн төлбөр, олговор зэрэг асуудлаар Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй /эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон зэрэг/ байхыг ойлгоно.

8.Хуулийн 33.1 дэх заалтын “хууль ёсны төлөөлөгч”-ийн төлөөлөх эрх нь иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ, асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллагын шийдвэрээр, сайн дурын төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр, гэрээгээр төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгч төлөөлөгчийн хооронд хийгдсэн бичгийн гэрээгээр тодорхойлогдоно. Хууль ёсны төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хуульд заасан бүх эрх, үүргийг, харин итгэмжлэлээр болон гэрээгээр төлөөлж буй этгээд нь итгэмжлэл ба гэрээнд заагдсан эрх, үүргийг хүлээнэ.

9.Хуулийн 38.1 дэх заалтын “Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэдгийг нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаа үндэслэлээ нотолсон тайлбар гаргах, бичмэл ба эд мөрийн баримт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий гэж үзэгдсэн үйл баримтын тухай шүүхийн шийдвэр, мэдээ зэргийг эрж олж, шүүхэд гаргаж өгөх, тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хандаж гэрчийг байцаалгах, шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргахыг ойлгоно.

10.Хуулийн 38.3 дахь заалтын “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэдгийг зохигчийн аль нэг нь шүүхэд гаргавал зохих нотлох баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд эсрэг тал нь уг нотлох баримтыг гаргуулах хүсэлт тавьбал, тухайн нотлох баримтыг шүүх албадан гаргуулж болно. Ийнхүү албадан гаргуулахдаа үзлэг, туршилт, шинжилгээ хийлгэх зэрэг хуулийн 38.6-д заасан үйл ажиллагаа явуулж болно.

11.Хуулийн 38.5 дахь заалтын “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэдэгт гэрчийг байцаахдаа хууль сануулаагүй, гарын үсгийг зуруулаагүй болон гэрчийг байцаах эрхгүй этгээд байцаасан, гэрчээр өөрөөр нь тодорхойлолт бичүүлж авсан, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн 2 гэрч, хэргийн оролцогчдыг оролцуулаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, тэд нараар гарын үсэг зуруулаагүй, бичмэл нотлох баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй, дүгнэлт гаргах эрхгүй /шүүхээс томилогдоогүй эсвэл тухайн төрлийн мэдлэггүй/ этгээдээр дүгнэлт гаргуулсан, тэмдэглэл, “справка” зэрэг хуульд заагаагүй хэлбэрийн баримт бичиг бүрдүүлсэн зэргийг хамааруулан ойлгоно.

12.Хуулийн 38.8 дахь заалтын “Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй” гэдэгт зохигч өөрийн гаргасан болон хэргийн бусад оролцогчийн гаргасан нотлох баримтаас нэг тал татгалзсан тохиолдолд нөгөө тал нь уг нотлох баримтанд ач холбогдол өгч, түүнийг иш татан мэтгэлзэж болно гэж ойлгоно.

13.Хуулийн 40.3 дахь заалтын “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэдэг нь хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээрээ үнэлнэ гэж ойлгоно.

14.Хуулийн 40.5 дахь заалтын “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэдэг нь хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүх нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдааны өмнө гаргах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нь нотлох баримт бүрдүүлэх эрх, үүргийг нь шүүх тайлбарласаар байтал энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд давж заалдах болон хяналтын шатанд шинээр гаргасан нотлох баримт анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж ойлгож хэрэглэнэ.

Харин шүүгч нь хуулийн 67.1.1 дэх заалтын дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ба гуравдагч этгээдэд шаардлага, татгалзлалаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, түүнчлэн тэдгээрээс хүсэлт гаргасан тохиолдолд шүүх нотлох баримтыг албадан гаргуулах ба хуулийн 38.6-д заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй.

15.Хуулийн 43.8.1 дэх заалтын “үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигчийн төлөөлөгч” гэдэг нь иргэний болон захиргааны хэрэгт зохигчдыг төлөөлөн захиргааны байгууллага ба шүүх, Арбитрын байгууллагад төлөөлөгч буюу хуулийн зөвлөгчөөр оролцож байсан хийгээд зохигчтой холбоотой эрх зүйн бусад маргаанд түүнийг төлөөлөн оролцож байсны улмаас хэргийн байдлыг мэдэх болсон этгээдийг хамааруулан ойлгоно.

16.Хуулийн 47.10 дахь заалтын “хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал” гэдэг нь шинжээч дүгнэлт гаргах явцдаа шүүгчийн тавьсан асуултаас гадна хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой зүйлийг шинжлэн тогтоосныг хэлнэ. Ийнхүү олж тогтоосон зүйлээ шүүхээс асуулт тавиагүй байсан ч дүгнэлтдээ оруулах эрхтэй.

17.Хуулийн 48.2-т зааснаар “…Хөндлөнгийн гэрч тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй” бөгөөд тийнхүү “санал гаргахдаа” бичгийн хэлбэрээр илэрхийлэх буюу уг тэмдэглэлд саналаа тусгуулж, түүнээ баталж гарын үсэг зурсан байна.

18.Хуулийн 49.1 дэх заалтын “…Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно” гэдэгт хуулийн 26 дугаар зүйлд заасан хэргийн зохигч ба гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч, мөн хуулийн 85 дугаар зүйлд тодорхойлсон хэргийн оролцогч, шинжээч, гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгчийг хамааруулан ойлгоно.

19.Хуулийн 50.1 дэх заалтын “зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэдэгт шүүх хэргийг хянан хэлэлцэж, бодит үнэнийг тогтоон шийдвэр гаргахад нөлөөлөх бүх төрлийн нотлох баримтууд хамаарна.

20.Хуулийн 76.1.1 дэх заалтын “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн” гэдгийг шүүгч хэргийн бодит байдлыг тогтооход зохих хэлбэрт орсон, ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасныг;

“энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан” гэдгийг зохигчид өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн эсэх буюу шүүхэд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран 60 хоногийн хугацаа өнгөрснийг;

“шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд” гэдгийг зохигчид хүсэлт гаргаагүй, хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаа өнгөрөөгүй ч шүүх тухайн хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд зохих хэлбэрт орсон, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай цугларсан гэж шүүх үзсэнийг тус тус ойлгоно.

21.Хуулийн 78.4 дэх заалтын “Ерөнхий шүүгч бусад шүүгчтэй адил … хуваарийн дагуу хэрэг хянан шийдвэрлэнэ” гэдэг нь тухайн шүүхэд хэрэг хуваарилах, хянан шийдвэрлэх шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмыг бусад шүүгчдийн адил хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхий шүүгчийн хувьд тусгайлсан хөнгөлөлт, давуу эрх эдлэхгүй гэж ойлгоно.

22.Хуулийн 80.1.5 дахь заалтын “зохигч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа” гэдэг нь зохигч өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болон гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэмд эмчилгээ, сувилгаа хийлгэж байхыг хэлэх бөгөөд энэ нь эмнэлгийн болон эмчийн дүгнэлт магадлагаагаар тогтоогдсон байвал зохино.

23.Хуулийн 91.1.2 дахь заалтын “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн төрөл, садан” гэдэгт, шүүгч нь зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлсэн эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчийн аль нэгний эхнэр, нөхөр, тэдэнтэй хамтын амьдралтай гэр бүлийн гишүүн буюу нэг гэр бүлд амьдардаггүй гэр бүлийн гишүүн бус эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхэд байхыг;

“…шүүх бүрэлдэхүүнд хоорондоо төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон…” гэдэгт тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн дэх шүүгч хоорондоо дээр дурдсан төрөл садангийн холбоотой байхыг тус тус ойлгоно.

24.Хуулийн 161.3 дахь заалтын “…хэргийг бүхэлд нь хянана” гэдэг нь зохигч талын нэг нь давж заалдсан, мэтгэлцэж байгаа нөгөө тал нь хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд давж заалдах журмаар хянан шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ уг хэргийн нотлох баримт хийгээд үйл баримт, түүнд үнэлэлт дүгнэлт өгсөн байдал, шүүхийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг бүхэлд нь хянан шийдвэрлэхийг хэлнэ. Түүнчлэн хуулийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан эсэх талаар хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

25.Хуулийн 161.5 дахь заалтын “шинэ нотлох баримт” гэдэгт хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхэд зохигчид мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан, шүүхэд гаргах ба мэдүүлэх бололцоотой байсан боловч хуулийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дээд шатны шүүхэд нөхөн ирүүлсэн нотлох баримтыг ойлгоно.

26.Хуулийн 163.1 дэх заалтын “Давж заалдах гомдлыг …хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ гомдлын өргөдлийг хүлээн авсан шүүгч буюу нарийн бичгийн дарга гомдол гаргах, бичих эрх бүхий этгээд гаргасан буюу бичсэн эсэх, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх, хуульд заасан давж заалдах хугацаанд гарсан эсэхийг нарийн шалган хүлээн авч зохигчид буюу тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид заавал танилцуулж, үүнийгээ баталгаажуулан гарын үсэг зуруулсан байвал зохино. Харин зохигчид буюу тэдний төлөөлөгч, өмгөөлөгч хариу тайлбар гаргах эсэх нь тэдний эрх учир заавал тайлбар гаргуулахаар шаардахгүй. Харин ийм эрхтэй болохыг тайлбарлаж өгнө.

Мөн зүйл, хэсгийн “…шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна” гэдгийг давж заалдах гомдол нь шүүхийн шийдвэрт заасан гуравдагч этгээдийн эрх, үүргийг хөндсөн тохиолдолд түүнийг гуравдагч этгээдэд зохигчийн нэгэн адил танилцуулж, өөрийн тайлбарыг гаргах эрхтэйг тайлбарлахыг ойлгоно.

27.Хуулийн 165.1 дэх заалтын “…давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл…” гэдэгт давж заалдах шатны хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, өргөдөл, захидал, албан бичиг, утас, цахилгаан, телекс, телефаксаар болон биечлэн ирж мэдэгдсэн байхын аль аль нь хамаарна. Энэ нөхцөлд давж заалдах шатны шүүх, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг энэ хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргагчид заавал мэдэгдэнэ.

28.Хуулийн 168.1.2 дахь заалтын “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэдэгт шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдэнд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мэдэгдсэн ч хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзаагүй, шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх /өвчлөх, хорио цээрийн дэглэмд орох гэх мэт/ шалтгаантайг мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг авч хэлэлцээгүй зэрэг тохиолдол хамаарна

29.Хуулийн 168.1.4 дэх заалтын “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэдэгт шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй тухай хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцсэн буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр, эсхүл шүүн таслах эрх олгогдоогүй буюу эрх нь дуусгавар болсон, шүүн таслах эрхийг түдгэлзүүлсэн хүнийг шүүгчээр оролцуулан хэлэлцсэнийг ойлгоно.

Түүнчлэн хууль зөрчиж шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын аль нэгийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл байхад тэд татгалзан гараагүй, татгалзан гаргах хүсэлт гарсан боловч хууль бусаар хүлээн аваагүй бол хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ.

30.Хуулийн 168.1.5 дахь заалтын “шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан” гэдэг нь шүүхийн шийдвэр /тогтоол/-т хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүх бүрэлдэхүүн бүгд гарын үсэг зурах бөгөөд түүнд шүүх бүрэлдэхүүн бүхэлдээ буюу аль нэг шүүгч нь гарын үсэг зураагүй, шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгчийн гарын үсгийг өөр шүүгч орлож зурсан байхыг хэлнэ.

Шүүх бүрэлдэхүүний гарын үсэг шийдвэрийн албан ёсны эх хувьд зурагдана. Энэ журам давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд нэгэн адил хамаарна.

31.Хуулийн 168.1.6 дахь заалтын “хуурамч нотлох баримт”-д анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг баталсан буюу үгүйсгэсэн нотлох баримт хуурамч болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл худал гэрчилсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, эд мөрийн баримтыг сольсон, нуусан, гэмтээсэн, худал орчуулсан зэргийг хамааруулан ойлгоно.

32.Хуулийн 171.1 дэх хэсгийн “…магадлал гаргана” гэснийг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн 170.1-д заасан зүйлүүдэд зааснаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэврийн талаар гаргасан гомдлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх хянан хэлэлцээд 171.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа хуулийн 170.2 дахь хэсэгт заасны дагуу “тогтоол гаргана” гэж ойлгож хэрэглэнэ.

33.Хуулийн 173.1 дэх заалтын “Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авна” гэснийг хэрэгжүүлэхдээ хэргийг хянуулах тухай гомдол өргөдлийг зөвхөн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхэд өгөх бөгөөд дээд шатны шүүх болон бусад байгууллага албан тушаалтанд хандаж гаргасан тохиолдолд хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр өргөдлийг буцаах буюу анхан шатны шүүхэд нь хүргүүлнэ гэж ойлгож хэрэглэнэ. Гомдлыг хүлээн авсан шүүгч буюу нарийн бичгийн дарга зохигч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчид танилцуулж, тайлбар гаргах эсэхийг тодруулж гарын үсэг зуруулах ба улсын тэмдэгтийн хураамж төлүүлнэ.

Харин энэ заалтын “хяналтын журмаар гаргасан гомдол” гэдэгт хуулийн 172.1-д заасан гомдол гаргах эрх бүхий буюу тухайн хэргийн зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг хамааруулна.

34.Хуулийн 176.6 дахь заалтын дагуу “Танхимын шүүх хуралдааны тогтоолд гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч хэргийн хамт Улсын Дээд шүүхэд ирүүлэх”-дээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163.1 ба 173.2 дахь заалтын дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, бусад өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулан, тэдгээрээс хүсвэл зохих тайлбарыг авч хавсаргана. Харин улсын тэмдэгтийн хураамж авахгүй.

35.Хуулийн 179.1.1 дэх заалтын “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл” гэдгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх үед зохигч, гуравдагч этгээд буюу тэдний төлөөлөгчид, өмгөөлөгчид мэдээгүй, мэдэх боломжгүй байсны улмаас шүүхэд гаргаж өгөөгүй, түүнийг бүрдүүлэх талаар хүсэлт тавиагүйн улмаас шүүх хуульд заасны дагуу гаргуулж аваагүйгээс шалтгаалан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд мэдэгдээгүй бөгөөд мэдэгдэх боломжгүй байсан, тухайн хэргийн хувьд шинэ нөхцөл байдал тогтоосон нотлох баримт шүүхийн шийдвэр гарсны дараа илэрч мэдэгдсэнийг ойлгоно. Энэ нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, анхан шатны журмаар зайлшгүй дахин хянан хэлэлцэхэд хүргэхээр шинжтэй байна.

Харин хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учир зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй байсны улмаас болон туршилт, үзлэг, шинжилгээ хийлгэх, гэрчийг байцаалгах зэрэг зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлбэл зохих үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гарсны дараа уг нотлох баримтыг гаргаж ирүүлсэн, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэж болно.

36.Хуулийн 179.1.2 дахь заалтын “шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч…” гэдэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хуурамч байсан, орчуулга худал ташаа байсан, эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь зохих журмын дагуу шалгагдан тогтоогдож гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байхыг; мөн энэ заалтын “…шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон” гэдэг нь шүүгч, зохигч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэргийн бусад оролцогчдын тухайн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ хууль бус байсны улмаас хууль бус буюу үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсныг тус тус хамааруулан ойлгоно. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өршөөл үзүүлсэн зэргээс гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болсон бол тэдний гэм буруутай үйлдлийг мөрдөн байцаалтаар тогтоосноор шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж болно.

37.Хуулийн 179.1.3 дахь заалтын “шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон” гэдэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, захирамж, шийтгэвэр, төр, захиргааны болон бусад байгууллагын тогтоол, захирамж, тушаал зэрэг шийдвэр зөвхөн хууль бус байсны улмаас түүнийг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан зохих журмын дагуу хүчингүй болгосон байхыг ойлгоно.

38.Хуулийн 181.1 дэх заалтын “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт”-эд шүүхийн нэр, хүсэлт гаргагчийн нэр, хаяг, шийдвэрийг нь хянуулах шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, шинээр илэрсэн нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтуудыг хавсаргасан буюу тэдгээрийн байгаа газар, илэрсэн хугацааг заасан байвал зохино.

39.Хуулийн 195.2 дахь заалтын “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг тухайн шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг дараахь байдлаар ойлгож хэрэгжүүлнэ. Үүнд:

а/2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл анхан шатны шүүхэд хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1994 оны хуулийг хэрэглэнэ.

б/2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд аймаг, нийслэлийн шүүх хүлээн авсан давж заалдах гомдолтой иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1994 оны хуулийг хэрэглэнэ.

в/Аймаг, нийслэлийн шүүх 2002 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө хяналтын журмаар хүлээн авсан өргөдөл, эсэргүүцэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1994 оны хуулиар шийдвэрлэж дуусгана.

г/2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө шийдвэр, магадлал нь хүчин төгөлдөр болсон Дээд шүүхийн хяналтын шатанд анх удаа гомдол гаргаж ирүүлсэн иргэний хэргийг танхимын хуралдаанаар хянан хэлэлцэж тогтоол гаргана. Энэ тохиолдолд гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч, улсын тэмдэгтийн хураамж төлүүлж, хуулийн 173.2-т заасан журмын дагуу Улсын Дээд шүүхэд ирүүлнэ. Харин энэ гомдолд хуулийн 120.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа хамаарахгүй.

д/Мөн хугацааны өмнө шийдвэр, магадлал нь хүчин төгөлдөр болсон, Дээд шүүхийн хяналтын шатанд урьд өмнө нь гомдол гаргаж хянагдсан хэргийн талаар дахиж гомдол гарвал Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч танилцаж шийдвэрлэнэ. Уг хэргийг хянахдаа хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхий шүүгч дүгнэлт бичиж Улсын Дээд шүүхийн хуралдаанд хэлэлцүүлнэ. Энэ тохиолдолд гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч, зохигчид мэдэгдэн хэргийг Улсын Дээд шүүхэд хүргүүлэх боловч улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхгүй. Энэ талаар гарсан гомдолд Хуулийн 120.2 ба 176.3 дахь заалтын 30 хоногийн хугацаа хамаарахгүй.

40.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн дараахь тогтоолыг хүчингүй болсонд тооцож, 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш үүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн харилцаанд үйлчлэхгүй байхаар тогтоосугай. Үүнд:

1/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг зохицуулсан зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай 1995 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар тогтоол,

2/Давж заалдах болон хяналтын журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолын 9-өөс бусад заалт,

3/Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 1998 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаар тогтоолын 13 дахь заалтаас бусад заалт.

 

                                                                                             

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ч.ГАНБАТ

                                                                                                       

                                                                                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН

                                   ШҮҮГЧ                                               Р.ЖАМЪЯНЧОЙЖИЛ

                                                                                                                     ШҮҮГЧ                                               А.ДОРЖГОТОВ