Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМЫН ТУХАЙ /Ухаа худагийн нүүрсний орд газраас Гашуунсухайтын боомт хүртэлх/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТО ЗАМЫН ТУХАЙ /Ухаа худагийн нүүрсний орд газраас Гашуунсухайтын боомт хүртэлх/


2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 83



"Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 22 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого", Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, говийн бүсийн эко системийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худагийн нүүрсний орд газраас Гашуунсухайтын боомт хүртэлх хатуу хучилттай 245 км авто замыг өөрийн хөрөнгөөр барихыг "Говийн зам" ХХК-нд зөвшөөрсүгэй.


2. "Говийн зам" ХХК-тай "Барих ашиглах шилжүүлэх" нөхцөл бүхий гэрээ байгуулан, гэрээнд уг хуулийн этгээд нь замыг ашиглалтад хүлээн авснаас хойш 10 жилийн хугацаанд эзэмшиж ашиглах, засвар арчлалтыг хариуцах, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх зорилгоор хүнд даацын тээврийн хэрэгслээс зам ашиглалтын төлбөр авч байх нөхцөлүүдийг тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.


3. Ухаа худагийн нүүрсний орд газраас Гашуунсухайтын боомт хүртэлх чиглэлийн хатуу хучилттай 245 км авто замыг барихад шаардагдах зурвас газрын асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраад даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                С.БАТБОЛД


Зам,тээвэр,барилга, хот 


    байгуулалтын сайд                                                                             Х.БАТТУЛГА