A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 256

Улаанбаатар хот

АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ, ОРОН ТОО НЭМЭХ ТУХАЙ (ГХЯ-нд)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс даргалах болсонтой холбогдуулан өдөр тутмын ажлыг хариуцах ажлын албыг Гадаад харилцааны сайдын дэргэд 2 жилийн хугацаагаар байгуулж, орон тооны хязгаарыг 4 (дөрөв) байхаар тогтоосугай.

2. Варшавт байрлах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газар болон Вашингтон хотод байрлах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төвтэй тогтмол харьцан ажиллах шаардлагыг харгалзан Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яаманд 2 жилийн хугацаагаар тус бүр нэг орон тоо нэмж ажиллуулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт зөвшөөрсүгэй.

3. Энэхүү тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасан ажлын алба, ажилтны үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төсөвт тусган санхүүжүүлэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ