Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТО ЗАМЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 47



Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.6-д заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны хөтөлбөрийн заалт, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх авто замын барилгын болон технологийн хяналт хийх зөвлөхийн ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэ тогтоолын хавсралтад заасан ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид даалгасугай.


3. Дараахь арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай:


3.1. Шууд гэрээ байгуулан гүйцэтгэх ажлын санхүүжилтэд шаардагдах 292.8 (хоёр зуун ерэн хоёр тэрбум найман зуун сая) тэрбум төгрөгөөс эхний ээлжинд 2012 онд 87.8 (наян долоон тэрбум найман зуун сая) тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх;


3.2. Банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээний дагуу гүйцэтгэх ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцон санхүүжүүлж байх.


4. Авто замын барилгын ажилд гадаадаас авч ажиллуулах ажиллах хүчний асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                  С.БАТБОЛД


Зам, тээвэр, барилга, хот 


    байгуулалтын сайд                                                                                 Ц.ДАШДОРЖ