A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

БАРИЛГЫН САЛБАРТ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН БЭЛТГЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "100 мянган орон сууц"-ны төслийн хүрээнд 2009 онд мэргэжилтэй ажилчин бэлтгэх төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2. "100 мянган орон сууц" төслийн хүрээнд барилгын мэргэжлээр ажилчин бэлтгэх захиалга, төлөвлөлт, зохицуулалт, мэргэжлийн зэрэг олгох сургалт болон ажлын байрны мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан алба ажиллуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрсүгэй.

3. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах сургалтад ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа иргэд, хугацаат цэргийн албан хаагчдыг хамруулах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт тус тус даалгасугай.

4. Дараахь зардлыг дор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай:

а) мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтын байгууллага болон үйлдвэр дээрх сургалтаар барилгын салбарын мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд шаардагдах зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас;

б) барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулж, мэргэжилтэй ажилчин дадлагажуулахад болон энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан үйл ажиллагаанд шаардагдах зардлыг барилгын төсвийн үнийн төлөвлөгөөт хуримтлалаас.

5. "100 мянган орон сууц"-ны төслийн хүрээнд мэргэжилтэй ажилчин бэлтгэх төлөвлөгөөг жил бүр шинэчлэн баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, холбогдох тусгай зориулалтын сан, зээл, тусламжийн эх үүсвэрээс бүрдүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Ялтанд хөдөлмөрийн дадлага олгох, мэргэжил эзэмшүүлэх зорилгоор төвлөрсөн хорих ангиудын дэргэд мэргэжлийн түр сургалт зохион байгуулж ажиллуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА