A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

БИРЖИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ, ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3, 8.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг 1 дүгээр хавсралт ёсоор томилж, зөвлөлийн дүрмийг 2 дугаар, үйл ажиллагааны журмыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор энэ тогтоолын 1-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон. ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор 2, 3-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан/

2. Засгийн газрын 2011 оны 235 дугаар тогтоолоор байгуулсан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах, сургалт зохион байгуулах, хууль сурталчлах чиг үүрэг бүхий нэгжийг 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын алба болгон өөрчлөн зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгаж, тус албаны орон тооны дээд хязгаарыг 15 байхаар тогтоосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3. Биржийн зохицуулах зөвлөл, түүний ажлын албаны 2012 оны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас гаргаж, 2013 оноос холбогдох зардлыг улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

4. "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 235 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ