Хэвлэх DOC Татаж авах
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын тухай хууль тогтоомж

2.1.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын тухай хууль тогтоомж нь Газрын тосны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Барилгын тухай хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“газрын тосны бүтээгдэхүүн” гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг;

4.1.2.“тоног төхөөрөмж” гэж газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах, чанарын шалгалт хийхэд ашиглах шахуурга, түгээгүүр, хэмжих, тохируулах, ачих, буулгах хэрэгсэл, хадгалах сав, дамжуулах хоолой, хаалт зэрэг механик болон автомат ажиллагаатай техник хэрэгслийг;

4.1.3.”агуулах” гэж газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолборыг;

4.1.4.“түгээх станц” гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг;

4.1.5.“компанийн нөөц” гэж газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хангамж, худалдааны хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардагдах хэмжээний тухайн этгээдийн эзэмшлийн агуулах, саванд хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг;

4.1.6.“газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа” гэж газрын тосны бүтээгдэхүүнийг нэг удаад тээврийн хэрэгслийн нэг торхны хэмжээнээс багагүй хэмжээгээр борлуулалт хийхийг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ТЭЭВЭРЛЭЛТ, ХАДГАЛАЛТЫН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

5 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаархи Засгийн газар болон газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

5.1.Газрын тосны бүтээгдэхүүний талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

5.1.2.газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам батлах;

5.1.3.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийн хэмжээ, нөөц бүрдүүлэх журмыг батлах;

5.1.4.газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх;

5.1.5.импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг хилийн боомтуудад хийх бодлогыг хэрэгжүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх.

5.2.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний талаар дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, хөрөнгө оруулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.2.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.3.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын асуудалтай холбогдсон дүрэм, журам, нормыг баталж, мөрдүүлэх;

5.2.4.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөөцийн талаар санал боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлж хэрэгжүүлэх.

5.2.5.газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг баталж мөрдүүлэх.

/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.3.Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагыг тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран тогтооно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

6.1.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.газрын тосны бүтээгдэхүүний талаархи бодлогыг хэрэгжүүлэх;

6.1.2.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалахтай холбоотой стандарт, дүрэм, журам, нормын төслийг боловсруулах;

6.1.3.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр, агуулах, түгээх станц барьж байгуулах, шинэчлэх зураг төсөлд техник, технологийн талаар дүгнэлт гаргах;

6.1.4.газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход мэргэжлийн дүгнэлт гаргах;

6.1.5.газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд ажиллах;

6.1.6.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаар мэдээллийн сан бүрдүүлэх, бодлого зохицуулалтад шаардлагатай нэмэлт судалгаа, мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

6.1.7.газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай мэдээллийг Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14.1.5-д заасны дагуу холбогдох байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх, энэ талаар санал гаргах;

6.1.8.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах талаар сургалт явуулах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх;

6.1.9.газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчийн нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах.

6.2.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТЛОХ ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ

7 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох

7.1.Бүх төрлийн шатахууныг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр импортлох бөгөөд импортлогч дор дурдсан үүрэг хүлээнэ:

/Энэ хэсэгт 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.1.чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох;

7.1.2.импортолсон бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцсэн эсэх талаар итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулах;

7.1.3.бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эзэмшилдээ стандартын шаардлага хангасан агуулахтай байх;

/Энэ заалтад 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.4.газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр импортлох.

7.2.Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.

Хэвлэх

8 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх 

8.1.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

8.2.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж олон улсын стандартад нийцсэн байна.

8.3.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:

8.3.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн дүгнэлт;

8.3.2.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл;

8.3.3.мэргэжлийн байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийн зураг төсөл, газар эзэмших зөвшөөрөл;

8.3.4.газрын хөрсний геологийн дүгнэлт;

8.3.5.мэргэжлийн хяналтын байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуйн дүгнэлт;

8.3.6.галын аюулгүй байдлын дүгнэлт.

8.4.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:

8.4.1.үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

8.4.2.газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээ, туршилт хийх итгэмжлэгдсэн лабораторитой байх;

8.4.3.үйлдвэрийн хаягдлыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхээргүй орчинд хадгалах, зайлуулах, устгах нөхцөлийг бүрдүүлэх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах

9.1.Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.Энэ хуулийн 9.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргагч нь энэ хуулийн 5.2.5-д заасан журам болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:

/Энэ хэсэгт 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.1.хэмжих хэрэгсэл, шингэний тоолуурыг Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу загварын туршилтад хамруулсан бичиг баримт;

9.2.2.стандартын шаардлага хангасан агуулах, түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эдгээрийн түрээсийн гэрээ.

9.3. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ:

9.3.1.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч бүтээгдэхүүн борлуулах тухай бүрдээ худалдан авагчид чанарын гэрчилгээ олгох;

9.3.2.чанарын баталгаатай газрын тосны бүтээгдэхүүн худалдах;

9.3.3.газрын тосны бүтээгдэхүүнийг улсын баталгаатай түгээгүүрээр худалдах;

9.3.4.газрын тосны бүтээгдэхүүнийг баталгаагүй түгээгүүр, авто болон вагонцистернээс шууд худалдахгүй байх;

9.3.5.газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан саванд хадгалж, зөвшөөрөгдсөн талбай, орчинд худалдах;

9.3.6.тос, тосолгооны материал, тусгай шингэнийг зөвхөн зориулалтын саванд үйлдвэрийн аргаар технологийн дагуу савлаж худалдах;

9.3.7.бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторитой байх.

Хэвлэх

10 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх

10.1.Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

10.2.Зориулалтын саванд савласан тос, тосолгооны материал, хийг аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тэвш, чингэлэгт тээвэрлэнэ.

10.3.Тээвэрлэгч тээвэрлэлтийн талаар эрх бүхий байгууллагаас батлан гаргасан техникийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн нөхцөлтэй холбогдсон дүрэм, журам, стандартын үзүүлэлт, шаардлагыг хангана.

10.4.Тээвэрлэгч зориулалтын тээврийн хэрэгсэлд тогтоосон журмын дагуу таних тэмдэг тавина.

10.5.Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч тээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан зориулалтын зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд тавина.

10.6.Тээвэрлэгч тээвэрлэж байгаа газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг тодорхойлсон гэрчилгээ бөөний худалдаа эрхлэгчээс авна.

10.7.Газрын тосны бүтээгдэхүүнийг нийтийн тээврийн хэрэгсэл болон стандартын шаардлага хангаагүй зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах

11.1.Газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, саванд хадгална.

11.2.Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулах эзэмшигч хуулийн этгээд дор дурдсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:

11.2.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх;

11.2.2.газрын хөрсний геологийн дүгнэлтийг эрх бүхий байгууллагаар хийлгэх;

11.2.3.эрх бүхий мэргэжлийн байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн зураг, төслийн дагуу барьсан байх, газар эзэмших зөвшөөрөлтэй байх;

11.2.4.мэргэжлийн хяналтын байгууллагаар ариун цэвэр, эрүүл ахуйн дүгнэлт гаргуулах;

11.2.5.галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах;

11.2.6.агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан тухай улсын комиссын акт, барилга байгууламжийн үндсэн бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөв байдлыг тодорхойлсон техникийн дүгнэлттэй байх.

11.3.Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг өмчлөгч савыг улсын бүртгэлд бүртгүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэх журмыг газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

11.4.Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад дараах зүйлийг хориглоно:

11.4.1.зориулалтын бус барилга байгууламжид, мөн улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжид газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах;

11.4.2.стандартын шаардлага хангаагүй саванд хадгалах;

11.4.3.нэвчилт, шүүрэлттэй дамжуулах хоолой ашиглах;

11.4.4.аянга зайлуулагч, газардуулгын байгууламжгүй, уг байгууламжийн эсэргүүцлийг нь мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хэмжүүлж баталгаажуулаагүй сав, тоног төхөөрөмж ашиглах;

11.4.5.газрын тосны бүтээгдэхүүнийг автоцистернээс газардуулгагүй буулгах;

11.4.6.газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын буулгах байгууламжгүй саванд буулгах.

Хэвлэх

12 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний холбоотой үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг үүрэг

12.1.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдагч, бүтээгдэхүүн хадгалж байгаа этгээд дахин ашиглахаа больсон агуулах, сав, тоног төхөөрөмжийг зайлуулах, газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэх, газрыг тэгшилж хөрсийг хэвийн байдалд оруулан хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй болгох, бохирдсон болон эвдэрч гэмтсэн газрын хөрсийг нөхөн сэргээж ургамалжуулах үүрэгтэй.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ

13 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний нөөц

13.1.Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ.

13.2.Улсын нөөцийг Засгийн газраас баталсан журмын дагуу бүрдүүлнэ.

13.3.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу компанийн нөөцийг бүрдүүлнэ.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ТЭЭВЭРЛЭЛТ, ХАДГАЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТ, ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

14 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтад тавих хяналт

14.1.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдалд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.

14.2.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтад тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг баримтална.

Хэвлэх

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

15.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ