A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр, далд уурхайн 2 дугаар босоо амны цамхаг, цэвэршүүлээгүй усны хоолой, уурхайн дэд бүтцийн бусад барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэх болон далд уурхайн 1 дүгээр босоо амны хөндлөн малталт, нэвтрэлт дээр ажиллах "Оюутолгой" төслийн инженер техникийн болон мэргэжлийн 6949 гадаадын ажилтанд 2011 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

2. Оюутолгойн ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто интернэшнл Холдинг Лимитед" компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан хувь хэмжээг баримтлан Монгол Улсын иргэдийг "Оюутолгой" төсөлд авч ажиллуулах арга хэмжээг хамтран зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2011 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ