Хэвлэх DOC Татаж авах
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр
Улаанбаатар хот

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

2 дугаар зүйл. Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж

Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хэвлэх

З дугаар зүйл. Газрын төлбөр төлөгч

Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.
Хэвлэх

4 дүгээр зүйл. Төлбөр ногдуулах газар

Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 1О дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.
Хэвлэх

5 дугаар зүйл. Газрын суурь үнэлгээ, түүнийг тогтоох зарчим

1. Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно.

2. Газрын суурь үнэлгээг тогтооход дараахь зарчмыг баримтална:

1/ хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээг тэдгээрийн зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзах;

2/ энэ хэсгийн 1-д зааснаас бусад газрын үнэлгээг ашиглах зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр тогтоох.

3. Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

Хэвлэх

6 дугаар зүйл. Газрын төлбөр тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох

1.Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараахь байдлаар тооцож тодорхойлно:

1/ бэлчээрийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг уг бэлчээрийн нэгж талбайн суурь үнэлгээний хувиар хонин толгойд шилжүүлсэн малын толгой тутамд;

2/ Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан зам, шугам сүлжээний газрын километр тутмаас;

3/ энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний хувиар.

2. Бэлчээрийн газраас авах газрын төлбөрийг хонин толгойд шилжүүлсэн малын толгойн тоонд ногдуулахдаа өмнөх жилийн эцэст тоологдсон адууг 6,О, үхрийг 6,О, тэмээг 5,О, ямааг О,9 гэсэн итгэлцүүрээр тус тус үржүүлж тооцно.

З. Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

4. Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно.

5. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрын төлбөрийг тогтоохдоо шаардлагатай гэж үзвэл тухайн оронтой харилцан адил байх зарчим баримтална.

Хэвлэх

7 дугаар зүйл. Газрын төлбөрийн хувь, хэмжээ

1. Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно:

1/ нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар О,О1-О,О3 хувь;

2/ эзэмшиж, ашиглаж байгаа нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар О,О1-О,О3 хувь;

3/ эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь;

4/ зам, шугам сүлжээний газрын километр тутмын газрын төлбөрийн доод хязгаар 15ОО төгрөг, дээд хязгаар 75ОО төгрөг;

5/ энэ хэсгийн 1-4-т зааснаас бусад газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03 хувь.

2. Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно.

3. Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газрын төлбөрийг тухайн нутаг дахь хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёр дахин багасгаж тооцно.

4. Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг уг газар нь уурхайн эдэлбэрт олгохоос өмнө хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байсныг харгалзан хоёр дахин өсгөж тооцно.

5. Ойн болон усан сан бүхий газрын төлбөрийг ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёр дахин өсгөж тооцно.

6. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно.

7. Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.

8. Эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр атаршуулсан болон өнжөөсөн газрын төлбөрийг тухайн тойргийн тариалангийн талбайн төлбөрийн хэмжээгээр тооцно.

Хэвлэх

8 дугаар зүйл. Газрын төлбөрөөс чөлөөлөх

1. Дараахь төлбөр төлөгчийг дор дурдсан газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө:

1/ малчин өрхийг бэлчээр, хадлангийн газрын;

2/ Монгол Улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй О,О7 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 9О хувиар;

3/ Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хилийн зурвас газрын;

4/ Монгол Улсын иргэнийг түүнд байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалахад зориулан эзэмшүүлсэн газрын;

5/ өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг эзэмшиж, ашиглаж буй газрынх нь;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд;

7/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэний талбай эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац өгөх хүртэлх хугацаанд;

8/ сууц өмчлөгчдийн холбоог түүнд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газрын.

/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

9/үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын.

/Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

10/ алслагдсан суурин газар, орон нутагт өндөр технологийн үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

11/худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар;

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12/чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар.

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

2. Газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн болон байгаль орчинд ивээлтэй технологиор ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

3.Үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрийн газарт хохирол учруулсан тохиолдолд гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн талаар холбогдох байгууллагаас дүгнэлт гаргасан нөхцөлд газрын төлбөрөөс чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

9 дүгээр зүйл. Газрын төлбөр ногдуулах

1. Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага / албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ.

2. Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.

Хэвлэх

10 дугаар зүйл. Газрын төлбөрийг төлөх, тайлагнах

1. Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна.

2. Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна. Тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын төлбөрөөс орох орлогыг харгалзан газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.

3. Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага / албан тушаалтан/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон газрын төлбөрийн тухайн шатны тайлангийн нэг хувийг татварын албанд тушаана.

4. Татварын алба Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Газрын төлбөртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх

1. Газрын төлбөртэй холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ:

1/ төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан;

2/ төлбөр төлөгч болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны байгууллага, албан тушаалтан;

3/ төлбөр төлөгч болон татварын албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан.

2. Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл. Хариуцлага

Газрын төлбөр төлөгчид хүлээлгэх хариуцлагыг Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасантай нийцүүлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгана.
Хэвлэх

13 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1997 оны 7 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ