Хэвлэх DOC Татаж авах
ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/  
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр                                                                                                                Улаанбаатар хот

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ  



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ  
Нийтлэг үндэслэл  

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

            2 дугаар зүйл. Галт зэвсгийн  тухай хууль тогтоомж

            2.1. Галт зэвсгийн тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

            3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

                        3.1.1. "галт зэвсэг" гэж дарьны шаталтын хийн даралтаар сумны хошуу буюу үрлийг гол төмрөөс их хурдтай гаргаснаар сумны хошуу нь хүний амь бие,  эрүүл мэндэд хохирол учруулах, ан агнах,  бусад зүйлийг хөнөөх  чадвар бүхий хэрэгслийг;

                        3.1.2. "байлдааны зориулалттай галт зэвсэг" гэж  зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллага хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсгийг;         

3.1.3. ”гар буу” гэж 100 метр хүртлэх зайд хөнөөх чадалтай, 20 сантиметр хүртлэх урт гол төмөртэй галт зэвсгийг.

Хэвлэх

                        4 дүгээр зүйл.  Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих, авлигатай тэмцэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон  харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.2. Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад байгууллага, иргэн галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон  харилцааг энэ хуулиар зохицуулна.

4.3. Байлдааны зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.4. Энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг өөрийн оронд зохион байгуулах үед улсын хилээр оруулж буй галт зэвсэгтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


  ХОЁРДУГААР БҮЛЭГ  
Галт зэвсэг өмчлөх            

5 дугаар зүйл. Галт зэвсэг өмчлөх

            5.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр галт зэвсэг өмчлөх эрхтэй.

            5.2. Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт, эсхүл галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, ял шийтгэлгүйд тооцогдоогүй байгаа болон архаг архичин, мансуурах донтой  гэж тооцогдсон этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй.

5.3. Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд байлдааны зориулалттай галт зэвсэг  өмчлөхийг хориглоно.

5.4. Хуульд өөрөөр заагаагүй бол дипломат болон олон улсын байгууллагад  ажиллаж байгаагаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөхийг хориглоно.

5.5. Иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэг өмчлөх зөвшөөрөл олгох журмыг цагдаагийн төв байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

6 дугаар зүйл. Галт зэвсэг өмчлөх зориулалт

6.1. Иргэн ан агнуур, спорт-сургалт, цуглуулгын зориулалтаар галт зэвсэг өмчилж болно.

6.2. Хуулийн этгээд харуул хамгаалалт, спорт-сургалт, цуглуулга, үзмэр, урлагийн тоглолтын зориулалтаар галт зэвсэг өмчилж болно.

6.3. Цуглуулга, үзмэр, урлагийн тоглолтын зориулалтаар өмчлөх галт зэвсгийг хөнөөх чадваргүй болгосон байна.

6.4. Энэ хуулийн 6.1, 6.2-т зааснаас бусад зориулалтаар галт зэвсэг өмчлөхийг хориглоно.

6.5. Галт зэвсгийн  хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэх, ийм галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно.

Хэвлэх

            7 дугаар зүйл. Галт зэвсэг бүртгүүлэх

 7.1. Шинээр галт зэвсэг худалдан авсан иргэн, хуулийн этгээд түүнийг 14 хоногийн дотор байнга оршин байгаа сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ба дараахь  баримт бичгийг  бүрдүүлнэ:

                         7.1.1. иргэний  үнэмлэхийн  хуулбар, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

                         7.1.2. галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

             7.1.3. цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрөл.

7.2. Спорт - сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөх хуулийн этгээд нь галт зэвсэг бүртгүүлэх тухай хүсэлтдээ сургалт  явуулах тоног төхөөрөмж, байр, байршлын тодорхойлолт,  зураглалыг хавсаргасан байна.

7.3. Сум, дүүргийн цагдаагийн байгууллага галт зэвсгийг анх бүртгэхдээ уг галт зэвсгээр буудсан сумны  хоёр хонгио, буудсан сумны хошууг авах ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж, санд авна.

            7.4. Галт зэвсэг өмчлөгч иргэн нь оршин суугаа газраа өөрчлөх бол галт зэвсгээ бүртгэлээс хасуулж, шилжин очсон газрын цагдаагийн байгууллагад ажлын 5 хоногийн дотор бүртгүүлнэ. Галт зэвсгийг бүртгэлээс хассан цагдаагийн байгууллага шилжин очсон сум, дүүргийн цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.

Хэвлэх

8 дугаар зүйл. Галт зэвсгийн гэрчилгээ

            8.1. Иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг өмчлөх эрх нь цагдаагийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар үүснэ.

           

8.2. Галт зэвсгийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгасан байна:

                        8.2.1. галт зэвсэг өмчлөгч иргэний овог, нэр, иргэний үнэмлэхийн  болон регистрийн дугаар, хаяг, эсхүл галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, хаяг;

                         8.2.2. галт зэвсгийн төрөл, марк, дугаар, үйлдвэрлэсэн он;

                         8.2.3. галт зэвсэг өмчлөх зориулалт.

8.3. Иргэнд олгосон галт зэвсгийн гэрчилгээнд  түүний  зургийг нааж, тэмдэг дарсан  байна. Галт зэвсгийн гэрчилгээнд тухайн галт зэвсгийг хамтран эзэмших этгээдийн нэрийг тусгаж болно.

 8.4. Галт зэвсгийн гэрчилгээний  загвар, гэрчилгээ олгох журмыг  цагдаагийн төв байгууллагын дарга  батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            9 дүгээр зүйл. Галт зэвсэг  эзэмших

 9.1. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь энэ хуулийн 5.1-д заасан шаардлага хангасан харуул хамгаалалтын ажилтанд гэрээний үндсэн дээр зөвхөн албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.

9.2. Энэ хуулийн 9.1-д заасны дагуу байгуулсан галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг  сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.

                       

Хэвлэх

             10 дугаар зүйл.  Галт зэвсэг ашиглах

            10.1. Галт зэвсгийг ан агнуурын зориулалтаар хот, суурин газраас бусад газарт ашиглана.

10.2. Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр золбин нохой, муур зэрэг амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгаж болно.

           

10.3. Нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 10.2-т заасны дагуу гаргасан шийдвэрээ цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ослоос сэргийлэх арга хэмжээ авна.

10.4. Галт зэвсэг өмчлөгч иргэн энэ хуулийн 5.2-т үл хамаарах, 5.1-д заасан шаардлага хангасан этгээдэд галт зэвсгийг итгэмжлэлийн үндсэн дээр ашиглуулж болно.

10.5. Эрүүл мэнд, бие эрхтнийх нь байдлыг харгалзан зарим иргэний галт зэвсэг ашиглах эрхэд хязгаарлалт тогтоож болно. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, бие эрхтний байдлын жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Хэвлэх

            11 дүгээр зүйл. Галт зэвсэг хадгалах

            11.1. Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд, өөрийн оршин суугаа гэр, сууцандаа сумнаас тусад нь хадгална.

             

11.2. Харуул хамгаалалт, спорт-сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын шүүгээнд, сумнаас тусад нь  хадгална.

           

11.3. Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд, зориулалтын шүүгээнд хадгална.

           

 11.4. Галт зэвсгийг хаясан болон бусад байдлаар үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор түүнийг бүртгүүлсэн цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ    Бусад зүйл  

             12 дугаар зүйл. Галт зэвсэг, сум нийтэд худалдах

/Энэ зүйлийн гарчигт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.1. Галт зэвсэг, сум нийтэд худалдах эрхийг зөвхөн тусгайлан зөвшөөрөл авсан хуулийн этгээд эдэлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.2. Галт зэвсэг, сум нийтэд худалдах зөвшөөрлийг энэ хуулийн 15.2-т заасан комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.3. Галт зэвсэг, сум нийтэд худалдах төв /цаашид “Төв” гэх/ нь Монгол Улсад нэг байх бөгөөд нийслэлд байрлана.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.4. Төв нь орон нутагт салбар байгуулж болно. Салбар байгуулах, тэнд худалдаж болох галт зэвсгийн зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

12.5. Галт зэвсгийн сум, эд ангийг нийтэд зориулан Төв, түүний салбарт худалдана.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.6. Төв, түүний салбар нь цагдаагийн байгууллагын хяналтад байх бөгөөд буудлагын зориулалтын байртай, аюулгүй байдлыг хангасан, дохиолол, хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

             

           

Хэвлэх

13 дугаар зүйл. Галт зэвсэг худалдаж авах

             

            13.1. Иргэн, хуулийн этгээд галт зэвсэг худалдаж авах тухай хүсэлтээ Төв, түүний салбар оршин байгаа газрын цагдаагийн байгууллагад бичгээр гаргана.

13.2. Энэ хуулийн 13.1-д заасан хүсэлт хүлээж авсан цагдаагийн байгууллага 14 хоногийн дотор тухайн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээг хянан үзэж, энэ хуулийн 5.1-д заасан шаардлага хангасан, 5.2-т заасан харшлах шалтгаан байхгүй бол зөвшөөрөл олгоно.

13.3. Энэ хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан Төв, түүний салбараас галт зэвсэг, сум худалдаж авна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13.4. Төв, түүний салбар худалдсан галт зэвсгийн тоо, төрөл, марк, дугаарын тэмдэглэл бүхий тодорхойлолтыг худалдан авагчид олгоно.

13.5. Энэ зүйлд заасны дагуу галт зэвсэг худалдаж авсан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, 8 дугаар зүйлд заасны дагуу гэрчилгээ авна.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд

                   байгаа галт зэвсэг худалдах, өвлөх, бэлэглэх

14.1. Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд байгаа галт зэвсэг худалдах бол энэ тухайгаа галт зэвсгийн гэрчилгээ олгосон цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэрчилгээгээ хураалгаж, бүртгэлээс хасуулна. Галт зэвсгийг бүртгэлээс хассан цагдаагийн байгууллага худалдан авагчийн оршин суугаа сум, дүүргийн цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэнэ. 

14.2. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг худалдан авах иргэн оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авч, бүртгүүлж гэрчилгээ авна.

14.3. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг өвлөх, бэлэглэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулиар1 зохицуулна.

14.4. Галт зэвсэг өвлөх, бэлэглэх тохиолдолд энэ хуулийн 14.1, 14.2-т заасан журмыг баримтална.

Хэвлэх

15 дугаар зүйл. Галт зэвсэг болон сумыг улсын  хилээр

оруулах зөвшөөрөл олгох

15.1. Хуулийн этгээд нь нийтэд худалдах зорилгоор галт зэвсэг болон сумыг улсын хилээр оруулахдаа үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тусгайлан зөвшөөрөл авсан байх бөгөөд түүнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Сонгон шалгаруулалтын журмыг хууль зүйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

           

15.2.Төсөл сонгон шалгаруулах комисс нь хууль зүйн, батлан хамгаалахын, байгаль орчны, үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон цагдаа, тагнуулын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдэнэ. Дарга нь цагдаагийн төв байгууллагын хэв журмын албаны дарга байна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-нийөдрийн  хуулиар өөрчлөлт оруулсан/

           

15.3. Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь улсын хилээр оруулах галт зэвсэг болон сумны төрөл, марк, үнэ, тоо, техникийн болон бусад үзүүлэлтийг тусгасан танилцуулга бүхий материалыг цагдаагийн байгууллагад ирүүлнэ.

           

15.4.Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсэг улсын хилээр оруулах эрхтэй.

           

Хэвлэх

16 дугаар зүйл. Ан агнуур, уралдаан тэмцээний зориулалттай галт

                                     зэвсэг улсын хилээр оруулах, гаргах

16.1. Ан агнах, уралдаан тэмцээнд оролцох зорилготой гадаадын иргэнийг урьсан иргэн, хуулийн этгээд нь түүний галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргах бөгөөд түүнд галт зэвсгийн төрөл, марк, тоо, дугаар болон оруулах, буцаан гаргах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг дурдана.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

16.2. Цагдаагийн төв байгууллага уг хүсэлтийг 7 хоногийн дотор хянан үзэж, галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн хуудсыг олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

16.3. Энэ хуулийн 16.2-т зааснаар зөвшөөрөгдсөн галт зэвсгийг улсын хилээр оруулахад гаалийн байгууллага зөвшөөрлийн хуудас дээр тэмдэглэл хийж, улсын хилээр буцааж гаргахад зөвшөөрлийн хуудсыг хураан авч, цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

16.4. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гадаадад ан агнах, уралдаан тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсэг улсын хилээр гаргах бол түүний төрөл, марк, тоо, дугаар болон улсын хилээр гаргах, буцаан оруулах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг дурдсан хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргана. Цагдаагийн төв байгууллага хүсэлтийг хянан үзэж, 7 хоногийн дотор зөвшөөрлийн хуудас олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

16.5. Энэ хуулийн 16.4-т заасны дагуу галт зэвсэг улсын хилээр гаргахад гаалийн байгууллага зөвшөөрлийн хуудас дээр тэмдэглэл хийж, буцаан оруулсан даруй зөвшөөрлийн хуудсыг хураан авч, цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

16.6. Энэ хуулийн 16.1, 16.2–т заасан журмаар улсын хилээр оруулсан галт зэвсэг өмчлөгч нь худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлж болно. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгүүлж, зөвшөөрлийн хуудас дээр тэмдэглэл хийлгэсэн байна.

16.7. Энэ хуулийн 16.2, 16.4-т заасан зөвшөөрлийн хуудасны загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            17  дугаар зүйл. Галт зэвсэг авч явахад тавих шаардлага

           

            17.1. Галт зэвсгийг агаарын хөлөг, усан онгоц, галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр авч явахад хөлгийн болон галт тэрэгний дарга, эсхүл жолоочид  хадгалуулна.

17.2. Хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсэг авч явахыг хориглоно.

            17.3. Галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах ба аюулгүй байдлыг хангаж, сумнаас тусад нь зориулалтын гэрэнд хийсэн байна.

Хэвлэх

             18 дугаар зүйл. Галт зэвсгийн тооллого

            18.1. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан цагдаагийн байгууллага явуулна.

           

18.2. Галт зэвсгийн тооллого явуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

             19 дүгээр зүйл. Галт зэвсэг хураах

            19.1. Дор дурдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, гаалийн байцаагч галт зэвсгийг хурааж, 30 хоногийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ:

                        19.1.1. энэ хуулийн 5.2, 5.4-т заасан этгээд галт зэвсэг  өмчилж байсан нь тогтоогдсон;

19.1.2. энэ хуулиар хориглосон галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд өмчилж байгаа нь тогтоогдсон;  

                        19.1.3. эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсэг бол;

                        19.1.4. гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэхэд ашигласан.

                       

19.2. Галт зэвсэг өмчлөгч иргэн нас барсан, эсхүл хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хураах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

19.3. Байлдааны зориулалттай галт зэвсэг хураагдсан бол түүнийг энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын эзэмшилд шилжүүлнэ.

           

19.4. Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

19.5. Энэ хуулийн 19.1-д заасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тухайн этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

Хэвлэх

 20 дугаар зүйл. Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн

                                                    хэрэгжилтэд тавих хяналт

            20.1. Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавина.

       

20.2. Галт зэвсгийг ан агнуурын зориулалтаар эзэмших, ашиглахад байгаль орчны хяналтын байгууллага хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

           

Хэвлэх

21 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            21.1. Галт зэвсгийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдэд дараахь шийтгэл ногдуулна:

                        21.1.1. иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 4.1-д заасан галт зэвсэг хууль бусаар олж авсан, эзэмшсэн, ашигласан бол иргэнийг 30000-50000, хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;

                        21.1.2. энэ хуулийн 5.1-д заасан шаардлага хангаагүй, түүнчлэн 5.2, 5.4-т заасан галт зэвсэг өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан бол 30000-50000 төгрөгөөр торгох; 

                        21.1.3. энэ хуулийн 6.4-ийг зөрчсөн иргэнийг 25000-50000, албан тушаалтныг 45000-60000, хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;

 21.1.4. энэ хуульд заасан журмын дагуу галт зэвсгийг бүртгүүлж гэрчилгээ аваагүй иргэнийг 10000-30000, албан тушаалтныг 30000- 60000,  хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;

21.1.5. энэ хуулийн 5.1-д заасан шаардлага хангаагүй этгээдэд галт зэвсэг эзэмшүүлсэн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгох;

21.1.6. энэ хуулийн 10.2-т зааснаас бусад тохиолдолд хот суурингийн газарт галт зэвсэг ашигласан бол 30000-50000 төгрөгөөр торгох;

21.1.7. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан галт зэвсэг хадгалах журам зөрчсөн иргэнийг 10000-25000, хуулийн этгээдийг 20000-40000 төгрөгөөр торгох;

21.1.8. галт зэвсэг худалдах, худалдан авах журам зөрчсөн иргэнийг 10000-30000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000  төгрөгөөр торгох;

            21.1.9. галт зэвсэг авч явах журам зөрчсөн иргэнийг 5000-10000 төгрөгөөр торгох;

 21.1.10. галт зэвсэг болон сумыг улсын хилээр оруулах, гаргах журам зөрчсөн иргэнийг 10000-20000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000- 250000 төгрөгөөр торгох.

           

           

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                           Ж.БЯМБАДОРЖ


1 Иргэний хууль.”Тєрийн мэдээлэл”-ийн  1995 оны № 1 дугаарт нийтлэгдсэн. 

Хэвлэх