A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДИПЛОМАТ БОЛОН КОНСУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН БАЙРШИЛ, ОРОН ТООНЫ ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 56

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн З, "Зарим Элчин сайдын яамыг татан буулгах, шинээр байгуулах тухай" Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Румын Улсад суугаа Элчин сайдын яамыг 1997 оны эхний хагаст багтаан татан буулгаж, Бүгд Найрамдах Турк Улсад 1997 оны 4 дүгээр сарын 1-нээс, Тайландын Вант Улсад 1997 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Элчин сайдын яамдуудыг тус тус шинээр байгуулахыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд үүрэг болгосугай.

2.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газруудын орон тоог хавсралтын ёсоор баталсугай.

З.Дипломат болон консулын төлөөлөгчийн газруудын төсөв, цалингийн сан, холбогдох бусад зардлын лимит, түүнчлэн татан буугдах Элчин сайдын яамдын төсвийг баталж өгөхийг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Сангийн сайд П.Цагаан нарт зөвшөөрсүгэй.

4.Дипломат болон консулын төлөөлөгчийн газарт ажиллах элчин сайд, байнгын төлөөлөгч, ерөнхий консулаас бусад ажилтанг батлагдсан орон тоонд багтаан томилж байх, шаардлагатай үед аж ахуйн нэгжийн төлөөлөгчийг тэдний өөрсдийнх нь зардлаар ажиллуулахаар томилж байхыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд зөвшөөрсүгэй.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Зарим оронд дипломат төлөөлөгчийн газар, худалдааны төлөөлөгчийн товчоо шинээр байгуулах болон орон тоог нь өөрчлөн тогтоох тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11 дүгээр тогтоол, "ЗСБНХУ дахь дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 191 дүгээр тогтоол, "Зарим улсад Элчин сайдын яам байгуулах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 68 дугаар тогтоол, "Гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам болон бусад дипломат төлөөлөгчийн газрын худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтны орон тооны тухай" Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 143 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

/Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9 –ны өдрийн 168 дугаар тогтоолоор 1 дүгээр зүйлээс бусдыг нь хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ш.АЛТАНГЭРЭЛ