A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ГЭР БYЛИЙН ХYЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд

Хэвлэх

3.1.Энэ хуулийн зохицуулалтад Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн хамаарна.

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүмүүс, түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлсний, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны үр дүнд тухайн иргэний асрамжид байгаа этгээд нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

4.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авах, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх зарчимд үндэслэнэ.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж гэр бүлийн хүрээнд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.2."болзошгүй хүчирхийлэл" гэж тухайн нөхцөл байдал нь гэр бүлийн хүчирхийлэлд хүргэхээр, эсхүл хүчирхийлэл дахин үйлдэгдэхээр байгааг;

5.1.3."хамгаалах байр" гэж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл болзошгүй хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж, хохирогчид үйлчилгээ үзүүлэх газрыг;

5.1.4."хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт" гэж хүчирхийлэл үйлдэгчид гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанаас үүссэн асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зохих хөтөлбөрийн дагуу явуулах сургалтыг;

5.1.5."хохирогчид үзүүлэх үйлчилгээ" гэж хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь төр хямарсан үед эмчилгээ хийх, нөхөн сэргээх ажиллагааг;

5.1.6."эрх хязгаарлах арга хэмжээ" гэж хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх албадлагыг.

6 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

Хэвлэх

6.1.Энэ хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хэлбэртэй байж болно.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүрэг

7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

7.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи бодлого, хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх;

7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг улсын төсвийн төсөлд тусгаж, Улсын Их Хуралд оруулах.

7.2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.2.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хохирогчид үзүүлэх нийгмийн үйлчилгээг зохион байгуулах;

7.2.2.хамгаалах байранд тавигдах наад захын шаардлагыг тодорхойлох.

7.3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулах;

7.3.2.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, мөрдүүлэх.

8 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

8.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.харьяа нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг мэдээ, судалгаанд үндэслэн өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлэх;

8.1.3.хууль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих;

8.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи цагдаагийн байгууллагын үүрэг

Хэвлэх

9.1.Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох талаар дараахь үүрэг хүлээнэ:

9.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол хүлээн авч, бүртгэх, хүчирхийлэл үйлдэгдсэн газар дээр хүрэлцэн очиж хохирогч, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж,тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах;

9.1.2.энэ хуульд заасны дагуу хохирогчид түүний эдлэх эрх болон хүчирхийлэл үйлдэгчид эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авахуулахаар шийдвэр гаргуулах журмын талаар тайлбарлан өгөх;

9.1.3.хүчирхийлэл үйлдэгчид захиргааны болон эрүүгийн шийтгэл ногдуулж болох тухай сануулах;

9.1.4.шаардлагатай тохиолдолд хохирогчийг эмнэлэгт, эсхүл хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садангийн хүний нь түр хамгаалалтад өгөх;

9.1.5.шаардлагатай гэж үзвэл хүчирхийлэл үйлдэгчийг хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар албадан саатуулах;

9.1.6.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хууль тогтоомжийн дагуу эрүүлжүүлэх байранд хүргэх;

9.1.7.хохирогчийг энэ хуулийн 5.1.5-д заасан үйлчилгээнд хамруулах талаар нийгмийн ажилтанд мэдэгдэх;

9.1.8.хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах;

9.1.9.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

10 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи нийгмийн ажилтны үүрэг

Хэвлэх

10.1.Нийгмийн ажилтан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

10.1.1.тухайн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар үнэлгээ өгөх, орчны сөрөг нөлөө, аюулын зэргийн түвшинг цагдаагийн ажилтантай хамтран тогтоох;

10.1.2.хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж, энэ хуулийн 7.3.2-т заасан хөтөлбөрийн дагуу явуулах;

10.1.3.хохирогчид үзүүлэх үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын туслалцаатайгаар явуулах;

10.1.4.хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи тайлан мэдээ гаргаж, гэр бүлийн хүчирхийллийн холбоотой мэдээллийн сүлжээ бий болгоход оролцох.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд төрийн бус байгууллагын оролцоо

11 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд төрийн бус байгууллагын оролцоо

Хэвлэх

11.1.Хохирогчийг хамгаалах байраар хангах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт явуулах, хохирогчид үзүүлэх үйлчилгээ болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаархи бусад үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

11.2.Төрийн бус байгууллага нь энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааг дүрмийнхээ зорилгод нийцүүлэн явуулж болно.

12 дугаар зүйл.Итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хэвлэх

12.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.

12.2.Итгэмжлэгдсэн төлөөлөгч дараахь эрх эдэлнэ:

12.2.1.хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, бусад этгээдтэй харилцах;

12.2.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олж авах, судалгаа явуулах;

12.2.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаархи саналаа эрх бүхий байгууллагад оруулах.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл өгөх, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ

13 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл

Хэвлэх

13.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ биелүүлж байх үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй байгаа нь илэрхий болсон тохиолдолд цагдаагийн байгууллага, боломжгүй бол нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

13.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй байгаа тухай цагдаагийн буюу нутгийн захиргааны байгууллагад мэдээлж болно.

13.3.Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээд мэдээллээ цахилгаан холбоо, шуудан, мэдээллийн хэрэгслийг ашиглан өгч болно.

13.4.Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн байнга буюу түр оршин сууж байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгдсэн газрын, хэрэв хохирогч нь эрүүл мэндийн байгууллага, хамгаалах байранд болон хүчирхийлэл үйлдэгч нь энэ хуулийн 5.1.4-т заасан албадан сургалт явуулдаг байгууллагад байгаа бол уг байгууллагын оршин байгаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүлээн авч, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авна.

14 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох талаархи сум, багийн Засаг даргын үүрэг

Хэвлэх

14.1.Тухайн харьяалах нутаг дэвсгэртээ сум, багийн Засаг дарга гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

14.1.1.хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж, шаардлага тавих;

14.1.2.шаардлагатай гэж үзвэл хохирогчийн байгаа гэр, орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, эсхүл боломжтой бол хохирогчийг төрөл, садангийн хүний нь төр хамгаалалтад өгөх;

14.1.3.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах.

15 дугаар зүйл.Хохирогчийг хамгаалах арга, түүний нууцыг задруулахгүй байх талаар бусад этгээдийн хүлээх үүрэг

Хэвлэх

15.1.Хохирогчийг хамгаалах зорилгоор дараахь аргыг хэрэглэж болно:

15.1.1.хамгаалах байранд хүргэх;

15.1.2.эцэг, эх, төрөл, садны хүн, эсхүл хамт олны нь түр хамгаалалтад өгөх;

15.1.3.шаардлагатай гэж үзвэл хүүхэд асран хүмүүжүүлэх, эсхүл нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлэх;

15.1.4.энэ хуулийн 5.1.5-д заасан үйлчилгээнд хамруулах.

15.2.Хохирогч нь эрх зүйн асуудлаар хууль зүйн туслалцаа авах, хүчирхийлэл үйлдэгчээс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэжээн тэтгүүлэх, эсхүл хууль тогтоомжийн дагуу эдийн болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

15.3.Нийгмийн ажилтан болон энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан этгээд зөвлөгөө өгөх явцдаа итгэмжлэлээр олж мэдсэн зүйлээ бусдад задруулахыг хориглоно.

15.4.Ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой эсэхээс үл хамааран хамгаалах байрны байршлын талаар мэдсэн этгээд энэ тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

16 дугаар зүйл.Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ

Хэвлэх

16.1.Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах зорилгоор дараахь арга хэмжээ авч болно:

16.1.1.тусдаа амьдрахыг даалгах;

16.1.2.хамгаалах байранд, эсхүл энэ хуулийн 15.1.3-т заасны дагуу өөр газарт байгаа хохирогчтэй уулзах болон уулзахаар оролдохыг хориглох;

16.1.3.хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг хориглох;

16.1.4.асрамжиндаа байгаа насанд хүрээгүй хүнтэй харилцахыг түр хориглох;

16.1.5.зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах;

16.1.6.шаардлагатай гэж үзвэл согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар албадан эмчилгээ хийлгэх, эсхүл албадан хөдөлмөрлүүлэх.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан арга хэмжээ авагдсан этгээд хохирогчийг хуулийн дагуу асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ чөлөөлөгдөхгүй.

17 дугаар зүйл.Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр

Хэвлэх

17.1.Хохирогчийн гомдол, цагдаагийн байгууллагын ажилтны, эсхүл өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тухай шийдвэрийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.8-д заасны дагуу гаргана.

17.2.Хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шүүх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай гомдол хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор энэ хуулийн 16.1.1-16.1.5-д заасан арга хэмжээ авах тухай шийдвэр гаргаж болно.

17.3.Энэ хуулийн 16.1-д заасан хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээг тухайн нөхцөл байдалд нь тохируулж нэг жил хүртэл хугацаагаар авч болно.

17.4.Талууд энэ хуулийн 17.1-д заасан шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй. Ийнхүү гомдол гаргасан явдал тухайн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй.

17.5.Энэ хуулийн 17.1-д заасан шийдвэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн талаар захиргааны зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

17.6.Шүүх энэ хуулийн 17.1-д заасны дагуу шийдвэрээ гаргахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

17.6.1.хохирогчтой удаа дараа хэрцгий хандсан, заналхийлсэн, хүч хэрэглэсэн;

17.6.2.хүчээр бэлгийн харьцаанд оруулсан буюу оруулахыг завдсан;

17.6.3.хохирогчийг төрөл садан, хамт олноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан;

17.6.4.тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн буюу хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж байсан;

17.6.5.согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга буюу удаа дараа хэрэглэж хохирогчийг айдас, түгшүүрт байдалд оруулсан;

17.6.6.гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдийн хэн нэгний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа.

18 дугаар зүйл.Хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам

Хэвлэх

18.1.Шүүхийн шийдвэрт энэ хуулийн 16.1.2, 16.1.4-т заасан арга хэмжээ тусгагдаагүй бөгөөд уг шийдвэр хүчинтэй байх хугацаанд хохирогч өөрөө буюу насанд хүрээгүй болон иргэний эрх зүйн чадамжгүй хохирогчийн хувьд асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол нийгмийн ажилтны зөвшөөрлөөр хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулж болно.

18.2.Шүүхийн шийдвэрт энэ хуулийн 16.1.2, 16.1.4-т заасан арга хэмжээ тусгагдсан бөгөөд зайлшгүй шаардлагаар насанд хүрээгүй этгээдийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах бол нийгмийн ажилтны зөвшөөрлөөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан уулзуулж болно.

18.3.Энэ хуулийн 18.1,18.2-т заасан уулзалтыг цагдаагийн эрх бүхий ажилтан зохион байгуулж болно.

ТАВДУГААР БYЛЭГ

Бусад зүйл

19 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

19.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд түүний үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанар, зөрчлийн байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

20.1.Энэ хуулийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР