Хэвлэх DOC Татаж авах
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь гүйцэтгэх ажил, түүнийг эрхлэх төрийн байгууллага /цаашид "гүйцэтгэх байгууллага" гэх/, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлж тэдгээрт тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

2 дугаар зүйл.Гүйцэтгэх ажил

Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ.
Хэвлэх

3 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж

Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

4 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын зарчим

Гүйцэтгэх ажилд үндэсний болон нийгэм, төр, иргэний аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, тасралтгүй байх, нууц хамгаалах зарчмыг удирдлага болгоно.
Хэвлэх

5 дугаар зүйл.Гүйцэтгэх ажил явуулах ерөнхий нөхцөл

Хувь хүний иргэний харьяалал, яс үндэс, хүйс, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, ажил, албан тушаалын байдал нь түүний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад саад болохгүй.
Хэвлэх

6 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

6.1."гадаад тагнуулын үйл ажиллагаа", "сөрөх тагнуулын үйл ажиллагаа", “гадаадын тусгай алба”, "нууц арга, хэрэгсэл", "халхавчлах", "нууц гүйцэтгэх ажилтан", "туслагч", "туслах ажилтан" гэсэн нэр томъёог Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2."Эрэн сурвалжлах ажил" гэж Тагнуулын байгууллага цагдаа, хорих ял эдлүүлэх байгууллагад Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагааг хэлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.3.“Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

7 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын явцад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах

7.1.Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хувь хүн, хуулийн этгээд зохих дээд шатны байгууллага, албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй.

7.2.Гүйцэтгэх байгууллага, түүний ажилтан нь хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглаж хууль бусаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан байгууллага, албан тушаалтан болон шүүх зөрчигдсөн эрхийг нь сэргээж, учирсан хохирлыг арилгах арга хэмжээг тус тусын чиг үүрэг, хууль тогтоомжид заасны дагуу авна.

Хэвлэх

8 дугаар зүйл.Гүйцэтгэх ажилд хориглох зүйл

8.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтан, хувь хүн гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, аливаа техник хэрэгслийг гүйцэтгэх ажлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.2.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас бусад үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.

8.З.Гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг ажиллуулахдаа хуулиар өөрт нь зөвшөөрөгдөөгүй эрх эдлүүлэх буюу харьяалуулснаас өөр асуудал шалгуулах, түүнчлэн хууль тогтоомжоор хориглосон техник хэрэгсэл ашиглуулж болохгүй.

8.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга нь нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтан байж болохгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.5.Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн, шүүгч, прокурор, өмгөөлөгчийн үнэмлэхийг халхавчийн баримт бичиг болгон ашиглахыг хориглоно.

8.6.Нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг нэгээс илүү гүйцэтгэх байгууллагад ажиллуулах, хуульд зааснаас бусад зорилго, үндэслэлээр ажиллуулах болон хууль бус үйлдэлд татан оролцуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.7.Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах, гүйцэтгэх ажлын үр дүнг хууль бусаар ашиглах, гүйцэтгэх ажлын мэдээ, баримт сэлтийг хуурамчаар үйлдэх, хуульд зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажлын явцад олсон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.8.Хуулиар эрх олгоогүй хувь хүн, байгууллага, албан тушаалтан гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА, ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ЯВУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ХҮРЭЭ

9 дүгээр зүйл.Гүйцэтгэх байгууллага

9.1.Дараахь байгууллага дор дурдсан зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй:

9.1.1.тагнуулын байгууллага нь гадаад тагнуул, цэрэг-стратегийн болон хилийн тагнуул, сөрөх тагнуулын чиглэлээр гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий бусад мэдээ олох, дэмжлэг үзүүлэх, үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй гадаад, дотоод эрсдэл, аюул, занал, хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.2.цэргийн тагнуулын байгууллага- олон улсын болон бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал, үүсч болзошгүй цэргийн аюул заналыг судалж, түүнээс Монгол Улсад учирч болох хор аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн дээд болон зэвсэгт хүчний удирдлагыг энэ чиглэлийн мэдээллээр хангах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.З.цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад далд аргаар үйлдэгдсэн, эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох, түүнчлэн сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон прокурор, шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олох;

9.1.4.шүүхийн шийдвэр биелүүлэх газрын гүйцэтгэх алба хоригдол оргох, үймээн гаргах, бусдыг барьцаанд авах, хорлон сүйтгэх зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдгээрийн урьд үйлдсэн болон хорих анги дотор гарсан хэргийг илрүүлэх, түүнчлэн оргосон хоригдлыг баривчлах түүнчлэн энэ хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.6-д заасан байгууллагын гүйцэтгэх ажилд дэмжлэг үзүүлэх.

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.5.Хилийн тагнуулын алба нь хил зөрчих, хилийн бүс, зурваст үүсч болох зэвсэгт мөргөлдөөн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, зэвсэгт халдлага болон хилийн дэглэм зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэм буруутай этгээдийг олж тогтоох, улсын хил хамгаалахад шаардлагатай мэдээллээр хил хамгаалах байгууллага, түүний харьяа анги, салбарын удирдлагыг хангах.

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

9.1.6.Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гэм буруутай этгээдийг олж тогтоох, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах.

/Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.1.7.тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, шүүх, шүүгч, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.2.Гүйцэтгэх ажилд хууль тогтоомжийг чанд сахиулах, нууцыг хангуулах зорилгоор Тагнуулын байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас гадна дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.2.1.гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, энэ талаарх холбогдох журмыг баталж мөрдүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.2.гүйцэтгэх ажилд дагаж мөрдөх журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;

9.2.3.гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглахад зөвшөөрөл олгох, гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.4.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл зохион бүтээх, олж авах, ашиглах талаар нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.5.нууцлалыг задруулахгүй байх бүх талын арга хэмжээ авсны үндсэн дээр гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн биелэлтийг цагдаа, авлигатай тэмцэх болон хорих ял эдлүүлэх байгууллага дээр хянан шалгах, тэдгээрт байгаа гүйцэтгэх ажлын хэрэгтэй танилцах, шаардлагатай мэдээ баримтыг гаргуулж авах.

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.3.Гүйцэтгэх ажлыг хуульд заасан тус тусын чиглэлээр бие даан буюу харилцан ажиллах, хувь хүн, хуулийн этгээдийн туслалцаа авах замаар хэрэгжүүлнэ.

9.4.Гүйцэтгэх ажил явуулахдаа холбоо, мэдээллийн систем, гэрэл зураг, кино, дүрс, дууны болон бусад бичлэг хийх, хүний амь бие, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюулгүй бусад техник хэрэгсэл ашиглана.

Хэвлэх

10 дугаар зүйл.Халхавчийн баримт бичиг, бусад зүйл

10.1.Халхавчийн баримт бичиг болон бусад зүйлд гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны ажиллагаа, байр, эд хөрөнгө, тээврийн хэрэгслийг далдлах баримт бичиг, нэр хаяг, дүрэмт хувцас орно.

10.2.Халхавчийн баримт бичиг, бусад зүйлийг халхавчилж байгаа байгууллагын даргын шийдвэрээр олгоно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажил явуулах үндэслэл

11.1.Гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагааг тагнуулын байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажлыг дор дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал гүйцэтгэнэ:

11.2.1.хуулиар харьяалуулсан гэмт хэргийг далд аргаар үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэл бүхий мэдээллийг ердийн арга хэрэгслээр шалгах боломжгүй;

11.2.2.хуулиар харьяалуулсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өөр арга, хэрэгслээр олж тогтоох боломжгүй;

11.2.3.эрүүгийн хэргийн нотолгоог бүрэн гүйцэд шалгах зорилгоор шүүх, прокурор, мөрдөн байцаагчаас даалгавар ирүүлсэн;

11.2.4.барьцаанд байгаа хүнийг суллах, сураггүй алга болсон хүнийг эрж олох талаар байгууллага, иргэдээс ирүүлсэн хүсэлт буюу өөрт байгаа баримтыг үндэслэн;

11.2.5.энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан баримт бичиг, эд зүйлийг эрж олох талаар байгууллага, иргэдээс хүсэлт ирүүлсэн;

11.2.6.эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Монгол Улстай байгуулсан гадаад улс, олон улсын байгууллагаас хүсэлт ирүүлсэн.

11.3.Тагнуулын байгууллага өөрт нь хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийн тухай мэдээлэл, эрүү үүсгэсэн хэргийг шалгахдаа энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, З, 5, 6-д заасан үндэслэлээр эрэн сурвалжлах ажил явуулах эрхтэй.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.4.Хорих ял эдлүүлэх байгууллага энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоригдлын дунд, түүнчлэн оргосон ялтныг баривчлах зорилгоор эрэн сурвалжлах ажил явуулна.

11.5.Гүйцэтгэх ажилтан, туслах ажилтнаар ажиллуулах хүнийг шилж сонгох, төрийн нууц хариуцах ажилтныг судалж шалгах, Харьяатын тухай хуулийн 2О дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үүднээс дүгнэлт гаргах зорилгоор гүйцэтгэх ажил явуулж болно.

11.6.Хилийн тагнуулын алба хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, З, 5, 6-д заасан үндэслэлээр эрэн сурвалжлах ажил явуулах эрхтэй.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.7.Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг болон хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт энэ хуулийн 11.2.1-11.2.3, 11.2.5-11.2.6-д заасан үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.

/Энэ хэсгийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.8.Тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

12 дугаар зүйл.Гүйцэтгэх ажил явуулах хүрээ

12.1.Гүйцэтгэх ажил дараахь хүрээгээр хязгаарлагдана:

12.1.1.гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бусад мэдээ олох гадаад тагнуулын үйл ажиллагаа;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон//Энэ 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.2.Монгол Улсын эсрэг гадаадын улс, байгууллага, иргэн, тэдгээрийн төлөөний этгээдийн зүгээс явуулж байгаа тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа болон тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн сөрөх тагнуулын үйл ажиллагаа;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.3.энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т зааснаас бусад гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход чиглэсэн эрэн сурвалжлах ажил;

12.1.4.оргон зайлсан гэмт этгээдийг баривчлах, барьцаанд байгаа хүнийг суллах, сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүнийг эрж олох ажил;

12.1.5.алдагдсан нууц бичиг баримт, эд зүйл, галт хэрэгсэл, зэвсэг, тэсрэх болон хүчтэй хордуулах, цацраг идэвхт, мансууруулах бодис, түүх, соёлын дурсгалт зүйл, нуугдмал эд хөрөнгийг эрж олох;

12.1.6.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд шаардлагатай нотлох баримтын эх сурвалжийг олж тогтоох.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА, АЖИЛТНЫ БҮРЭН ЭРХ, ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ

13 дугаар зүйл.Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны бүрэн эрх

13.1.Гүйцэтгэх байгууллага өөрийн орон тооны ажилтан /цаашид "гүйцэтгэх ажилтан" гэх/, түүнчлэн нууц гүйцэтгэх ажилтан, туслах ажилтан, туслагч /цаашид "туслах ажилтан" гэх/-аар дамжуулан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

13.2.Гүйцэтгэх байгууллага, ажилтан дараахь эрх эдэлнэ:

13.2.1.хуулиар харьяалуулсан болон энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу гүйцэтгэх ажил явуулах;

13.2.2.шаардлагатай бол байгууллага, иргэдийн байр, орон сууц, тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслийг зохих хөлстэйгээр ашиглах;

13.2.3.сэжигтэн, яллагдагч, ялтан болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх прокурорын байгууллагад шалгагдаж байгаа оргосон этгээд нуугдаж байна гэж үзэх үндэслэл байвал байгууллага, иргэдийн байр, орон сууцанд саадгүй орох, иргэний баримт бичгийг шалгах;

13.2.4.өөрийн болон гүйцэтгэх, туслах ажилтан, тэдгээрийн үйл ажиллагааг далдлах зорилгоор халхавчийн баримт бичиг, бусад зүйл ашиглах, халхавчийн байгууллага байгуулах;

13.2.5.гүйцэтгэх ажилд хууль тогтоомжоор хориглоогүй техник хэрэгсэл ашиглах, тэдгээрийг зохион бүтээх.

13.2.6.ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зэвсэг, тусгай хэрэгслийг тогтоосон журмын дагуу биедээ авч явах, хэрэглэх.

13.З.Гүйцэтгэх байгууллага, ажилтан дор дурдсан үүрэгтэй:

13.З.1.хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

13.З.2.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж завдаж байгаа тухай, түүнчлэн улс, нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл авмагц гарч болох аюул хохирлыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус тусын чиг үүргийн дагуу шуурхай авах;

13.3.3.өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн болон нууц арга хэрэглэж зохиосон ажлын тоо бүртгэл хөтөлж, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллуулах, гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.З.4.өөрийн болон гүйцэтгэх, туслах ажилтны аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж тэдгээрт учирч болох халдлагаас урьдчилан сэргийлэх;

13.З.5.шалгаж төгс шийдвэрлээгүй мэдээ баримтыг задруулахгүй байх, гүйцэтгэх ажлын явцад мэдсэн буюу илэрхий болсон мэдээ баримтыг хууль бусаар хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх;

13.З.6.гүйцэтгэх ажлын холбогдолтой төрийн нууцыг чанд хамгаалах, нууцлалыг сахих;

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар энэ заалтын “төрийн нууцыг” гэснийг “төрийн болон албаны нууцыг” гэж гэж өөрчлөхөөр заасан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

13.З.7.шаардлагатай бол гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагатай мэдээлэл солилцох, хамтарч харилцан ажиллах;

13.З.8.гүйцэтгэх ажлын хэргийн шалгалтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, хэргийн мэдээ, баримтыг хууль тогтоомжид заасан үндэслэл журмыг зөрчиж устгахгүй байх, архивыг зохих журмын дагуу хөтлөх;

13.З.9.гүйцэтгэх ажлын зориулалтаар төсвөөс олгосон хөрөнгийг зохих зориулалт, журмын дагуу зарцуулж тайланг тогтоосон хугацаанд гаргах;

13.3.10.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

13.4.Гүйцэтгэх байгууллага, ажилтнаас энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас саад учруулахыг хориглоно.

13.5.Гүйцэтгэх ажилтны албан тушаалд иргэнийг судлах, сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулахтай холбогдох харилцааг Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.2-т заасан журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

14 дүгээр зүйл.Туслагч, туслах ажилтан ажиллуулах

14.1.Гүйцэтгэх байгууллага нь эрх зүйн чадамжтай энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад хүнийг өөрийн нь зөвшөөрснөөр иргэний харьяалал, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан туслагч, туслах ажилтнаар ажиллуулж болно.

14.2.Шаардлагатай тохиолдолд туслагч, туслах ажилтантай бичгээр гэрээ байгуулах бөгөөд гэрээнд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.3.Туслагч, туслах ажилтныг зөвхөн гэрээ байгуулсан байгууллагад хуулиар харьяалуулсан асуудлыг шалгахад оролцуулах бөгөөд гэрээнд гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.4.Туслагч, туслах ажилтныг нэгээс илүү гүйцэтгэх байгууллагад ажиллуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.5.Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, түүний эрх бүхий ажилтнаас энэ хуулийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлнэ. Өгсөн үүрэг нь тухайн байгууллагын харьяалалд хамаарахгүй, энэ хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзвэл туслагч, туслах ажилтан уг үүргийг биелүүлэхээс татгалзаж болно.

14.6.Туслагч, туслах ажилтанд хууль зөрчсөн үүрэг өгч гүйцэтгүүлсэн гүйцэтгэх ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

15 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын санхүүжилт

15.1.Гүйцэтгэх ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

15.2.Гүйцэтгэх ажлын зайлшгүй шаардлагаар зохих хууль тогтоомжийн дагуу байгуулсан халхавчийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны орлогыг гүйцэтгэх ажлын зардалд ашиглаж болно.

15.3.Гүйцэтгэх ажлын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг Төрийн аудитын тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан шалгана.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.4.Гүйцэтгэх ажлын зардлыг салбар нэгжид хуваарилах, зарцуулалтад тавих хяналтыг тухайн гүйцэтгэх байгууллагын дарга хариуцна.

15.5.Гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих салбар, нэгжийн үйл ажиллагааны төсвийг төлөвлөх, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг нь тайлагнахад баримтлах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тагнуулын төв байгууллагын даргатай хамтран батална.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

15.6.Гүйцэтгэх ажлын зориулалттай эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрлэх, эргэлтийн хөрөнгөд бүртгэх, захиран зарцуулах, шилжүүлэх, устгахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

16 дугаар зүйл.Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтны үйл ажиллагааны эрх зүйн баталгаа

16.1.Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтан албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулж амь бие, эрүүл мэнд, нэр төр, түүний гэр бүл, эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна.

16.2.Хуулийн хүрээнд явуулсан гүйцэтгэх ажлын улмаас хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр хариуцна.

16.3.Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу туслагч, туслах ажилтнаар ажиллаж байгаа буюу ажиллаж байсан тухай мэдээ төрийн нууцад хамаарна.

16.4.Гүйцэтгэх байгууллага нь туслагчийг ажлын үр дүнгээр урамшуулж, туслах ажилтанд зохих хөлс олгоно.

16.5.Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, ажилтнаас өгсөн үүргийг биелүүлэх үедээ амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон бол гүйцэтгэх ажилтанд тухайн тохиолдолд олгодогтой ижил хэмжээний нэг удаагийн буцалтгүй болон бусад тусламж авах эрхтэй бөгөөд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу олгоно.

16.6.Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтнаас энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад иргэн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ЯВУУЛАХ

17 дугаар зүйл.Мэдээ, мэдээлэл шалгах

17.1.Гүйцэтгэх байгууллага нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуглуулсан, эсхүл иргэн, хуулийн этгээдээс холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн мэдээ, мэдээллийг судалж шалган шийдвэрлэнэ.

17.2.Мэдээ, мэдээлэл нь тухайн гүйцэтгэх байгууллагын харьяаллын асуудал биш байвал харьяалах гүйцэтгэх байгууллагад нэн даруй шилжүүлж, энэ тухай мэдээ, мэдээлэл ирүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хариу мэдэгдэнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын үр дүнг ашиглах

18.1.Гүйцэтгэх ажлын явцад авагдсан мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоог зөвхөн дараахь зорилгоор ашиглана:

18.1.1.үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн төрийн бодлого боловсруулах, тухайн байгууллагад хууль тогтоомжоор оногдуулсан үүргийг шийдвэрлэх;

18.1.2.гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн эх сурвалжийг олж тогтоох;

18.1.3.Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудад танилцуулах.

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар энэ заалтын “Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд” гэснийг “Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд” гэж өөрчлөхөөр заасан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

18.2.Гүйцэтгэх ажлын үр дүнгийн тухай мэдээ, баримт сэлтийг хүлээн авсан, танилцсан байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл, мэдээллийн эх сурвалжийг задруулахгүй байх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

18.3.Дараах тохиолдолд тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын үр дүнгийн тухай мэдээ, баримт сэлтийг тагнуулын төв байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг хориглоно:

18.3.1.гүйцэтгэх ажлын арга хэмжээнд оролцогчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй;

18.3.2.гүйцэтгэх ажлын хүч хэрэгсэл, арга, ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл задрах бодит нөхцөл байдал үүсч болзошгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

19 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын хэрэг нээх

19.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн судалгаа, шалгалтаар дараахь байдал тогтоогдвол гүйцэтгэх ажлын хэрэг нээнэ:

19.1.1.үндэсний болон улс орны аюулгүй байдалд хор уршиг учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэлтэй сэжиг тогтоогдсон;

19.1.2.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдсон.

19.2.Гүйцэтгэх ажлын хэрэг нээх тогтоолд тухайн гүйцэтгэх байгууллагын дарга гарын үсэг зурснаар хүчинтэй болох бөгөөд үүнийг цаашид шалгах үүргийг эрх бүхий ажилтанд хариуцуулна.

19.3.Хэрэг нээн шалгах явцад авагдсан мэдээ, мэдээллийг үрэгдүүлж, устгаж болохгүй.

Хэвлэх

20 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын хэрэг хаах

20.1.Дор дурдсан тохиолдолд гүйцэтгэх ажлын хэрэг шалгах ажиллагааг дуусгавар болгож, хэргийг хаана:

20.1.1.шалгасан үндэслэл батлагдан эрүүгийн хэрэг үүсгэсэн, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан;

20.1.2.оргосон этгээд баривчлагдсан, барьцаанд авагдсан хүн суллагдсан, сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүн, эсхүл алдагдсан эд зүйл олдсон;

20.1.3.гүйцэтгэх ажлын үр дүнг энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаар ашигласан;

20.1.4.хэргийн холбогдогч нас барсан буюу Монгол Улсын нутгаас бүрмөсөн гарсан нь тогтоогдсон.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын нууцыг хамгаалах, хадгалах

21.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, баримт бичигтэй Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана.

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар энэ хэсгийн “Төрийн нууцад” гэснийг “Төрийн болон албаны нууцад” гэж, мөн хэсгийн “Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд” гэснийг “Төрийн болон албаны нууцын тухай хуульд” гэж өөрчлөхөөр заасан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

21.2.Төрийн нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийг итгэмжлэн хариуцсан гүйцэтгэх ажилтан, албан тушаалтан нь уг ажил, албан тушаалд томилогдох буюу халагдахдаа нууц хадгалах баталгааг бичгээр гаргана.

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар энэ хэсгийн “Төрийн нууц” гэснийг “Төрийн болон албаны нууц” гэж өөрчлөхөөр заасан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

21.3.Гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээлэл, баримт бичигтэй танилцах эрх олгогдсон албан тушаалтан, тэдгээртэй танилцахдаа нууц хадгалах баталгаа гаргана.

21.4.Туслагч, туслах ажилтантай гэрээ байгуулах үедээ нууц хадгалах баталгааг бичгээр гаргуулна.

21.5.Энэ зүйлийн 2, З, 4 дэх хэсэгт заасан баталгаа гаргасан этгээд нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийн нууцыг хуульд заасны дагуу ил болгох хүртэл хадгалах үүрэгтэй.

21.6.Нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийг ил болгоогүй байхад задруулбал эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

21.7.Энэ хуулийн 17, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу авагдсан мэдээ, мэдээлэл, баримт бичиг, шалгалтын материалыг Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд заасан нууцлах хугацаа дуустал архивт хадгална.

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар энэ хэсгийн “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” гэснийг “Төрийн болон албаны нууцын тухай” гэж өөрчлөхөөр заасан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

21.8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан хугацаа дуусмагц гүйцэтгэх ажлын материалыг зохих журмын дагуу устгах бөгөөд түүх, судалгааны ач холбогдол бүхий мэдээ, баримт бичиг, хэргийг гүйцэтгэх байгууллагын архивт үргэлжлүүлэн хадгална.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛД ТАВИХ ХЯНАЛТ

22 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын хяналт

22.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай танилцана.

22.2.Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай гэж үзвэл өөрийн бүтэц дэх зохих нэгж, албан тушаалтнаар дамжуулан гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

22.3.Гүйцэтгэх байгууллагын дарга нь гүйцэтгэх ажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.

Хэвлэх

23 дугаар зүйл.Гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналт

23.1.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан прокурорын хяналтыг Улсын Ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор хэрэгжүүлнэ.

23.2.Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэлд прокурор хяналт тавина.

23.3.Гүйцэтгэх байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд дор дурдсан ажиллагаа явуулахад прокурор бичгээр урьдчилан зөвшөөрөл өгнө.

23.3.1.харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.3.2.шуудан харилцааг хянах;

23.3.3.орон байр, барилга байгууламж, газар, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, эд зүйлд нууц үзлэг хийх;

23.3.4.нууцаар ажиглалт явуулах;

23.3.5.хяналтын худалдан авалт;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.3.6.нууцаар сонсох, харах тусгай техник хэрэгсэл ашиглах.

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.4.Хойшлуулшгүй тохиолдолд тухайн гүйцэтгэх байгууллагын даргын шийдвэрээр энэ зүйлийн З дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг 24 цагийн дотор прокуророос авна.

23.5.Прокурор гүйцэтгэх ажлын явцад авагдаж, эрүүгийн хэргийн нотлох баримт болгосон баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулсан эсэхэд хяналт тавина.

23.6.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах зөвшөөрөл олгосон прокурор нь уг ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх, шаардлагатай бол эдгээр ажиллагааны үр дүн болон гүйцэтгэх ажлын холбогдох материалтай танилцаж болно.

23.7.Прокурорын зөвшөөрөл нь энэ зүйлийн З дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах тухай гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг батламжлах хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шийдвэрт дараахь зүйлийг тодорхой тусгасан байна:

23.7.1.зохиох арга хэмжээ, түүний үндэслэл, зорилго, холбогдох хүний тухай мэдээ, хянах утасны дугаар, шуудан харилцааны төрөл буюу үзлэг хийх орон байрны хаяг, шаардагдах хугацаа, ашиглах тусгай техник хэрэгсэл;

23.7.2.тухайн үйлдэл, үйл ажиллагааг бусад аргаар илрүүлэх, баримтжуулах боломжгүй буюу бэрхшээлтэй болох тухай үндэслэл бүхий тайлбар;

23.7.3.уг арга хэмжээг тухайн хүнд холбогдуулж урьд зохиож байсан эсэх тухай лавлагаа.

23.8.Зохиосон арга хэмжээ дуусмагц гүйцэтгэх байгууллага зөвшөөрөл олгосон прокурорт энэ тухайгаа мэдэгдэнэ.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

“24.1.Албан тушаалтан гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараах хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

24.1.1.энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 18.2, 21.5-д заасныг зөрчсөн, 9.2.1, 9.2.3-т заасныг хэрэгжүүлэхэд саад учруулсан этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

24.1.2.энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 18.2, 21.5-д заасныг удаа дараа зөрчсөн, эсхүл 9.2.1, 9.2.3-т заасныг хэрэгжүүлэхэд саад учруулсны улмаас мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан хориглосон хэм хэмжээ зөрчигдөх нөхцөл бүрдсэн бол гэм буруутай этгээдийг албан тушаал бууруулах, огцруулах, төрийн албанаас халах.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд тухайн албан тушаалтан холбогдох албан тушаалтандаа хариуцлага хүлээлгэж, энэ тухай 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад мэдэгдэнэ.

24.3.Энэ хуулийн 24.2-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тагнуулын байгууллага түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

24.4.Энэ хуулийг зөрчсөн бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ