A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

/Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцоно./

ДАВС ИОДЖУУЛЖ ИОД ДУТЛААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын оюуны чадамжийг хамгаалж, иод дутлаас сэргийлэх, хүнсний иоджуулсан давсыг үйлдвэрлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."иод дутал"-гэж хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай иод зохистой хэмжээнд хүрэхгүй байхыг;

3.1.2."иоджуулсан давс" гэж хүнсний давсыг тусгай технологи, стандартын дагуу иодоор баяжуулсныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИОД ДУТЛААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

4.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүн амыг иод дутлаас сэргийлэх, иод дуталтай тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.хүн амыг иод дутлаас сэргийлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

4.1.2.хүнсний давс болон бусад бүтээгдэхүүнийг иоджуулахад шаардлагатай иодын зохистой хэмжээг тогтоож, үндэсний стандартад тусгах;

4.1.3.иод дутлын эмгэгийн тархалтын судалгаа тандалт, хяналт, үнэлгээ хийх, эмчлэх, сэргийлэх арга хэмжээ авах.

4.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүн амыг иод дутлаас сэргийлэх, иод дуталтай тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.2.1.иоджуулсан давсны үйлдвэрийн тоног төхөөрөмж, баяжуулах бодисын нийлүүлэлт, хангамжийн бодлого боловсруулах;

4.2.2.иоджуулсан давсны үйлдвэрлэл, хангамжийн асуудлаар улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох;

4.2.3.иоджуулсан давсны чанарыг сайжруулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.

5 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

5.1.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь хүн амыг иод дутлаас сэргийлэх, иод дуталтай тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.иод дутлаас сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

5.1.2.нутаг дэвсгэрийнхээ хүн амыг иоджуулсан давсаар хангах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд иоджуулсан давс ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих;

5.1.3.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд иод дутлаас сэргийлэх, иоджуулсан давсыг хэрэглэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах.

6 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг

Хэвлэх

6.1.Давс иоджуулах, борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд иоджуулсан давс худалдаж, хэрэглэж байгаа эсэхийг иргэн хянах эрхтэй.

6.2.Иргэн иод дутлаас сэргийлэх, иод дуталтай тэмцэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

6.2.1.хүнсэндээ иоджуулсан давс, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэх;

6.2.2.иод дутлаас сэргийлэх талаар зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох, дэмжих.

7 дугаар зүйл.Иоджуулсан давсны үйлдвэрлэл

Хэвлэх

7.1.Хүнсний давсыг үйлдвэрлэлийн аргаар, стандартын дагуу иоджуулна.

7.2.Иоджуулсан давсыг үйлдвэрлэх, борлуулах, хэрэглэх, хадгалах шатанд иодын агууламжийг эрх бүхий байгууллага хянана.

7.3.Иоджуулсан давс үйлдвэрлэгч этгээд Хүнсний тухай хуулийн гуравдугаар бүлгийн 8, 9 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг, хариуцлага хүлээнэ.

8 дугаар зүйл.Иоджуулсан давсны импорт, борлуулалт

Хэвлэх

8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний иоджуулсан давс борлуулна.

8.2.Хүнсний хэрэглээнд зориулсан, жижиглэн савласан иоджуулсан давс нь стандартад тохирсон шошго бүхий сав, баглаа, боодолтой байна.

8.3.Монгол Улсад хүнсний иоджуулсан давс импортлоно.

8.4.Импортын иоджуулсан давсны иодын агууламж нь улсын стандартын шаардлагад тохирсон байна.

9 дүгээр зүйл.Иоджуулсан давсны хэрэглээ

Хэвлэх

9.1.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд хоол, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэхдээ иоджуулсан давс хэрэглэнэ.

9.2.Айл өрх хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэнэ.

10 дугаар зүйл.Иоджуулсан давсны чанарт тавих хяналт

Хэвлэх

10.1.Давс иоджуулах, борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам, хэм хэмжээ, шаардлагыг хангасан байна.

10.2.Иоджуулсан давсны чанарт тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага Хүнсний тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

11 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

11.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

11.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР