A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮШ ТӨГСӨГЧДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 127

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.1996/1997 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн IХ ангид 36,2 мянга, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 9,8 мянган суралцагчдыг тус тус элсүүлэхээр бодож, аймаг, нийслэлийн холбогдох сургуулиудын материаллаг бааз, бодит боломжид зохицуулан хуваарь гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/-д даалгасугай.

2.Ерөнхий боловсролын сургуулийн 1Х ангид суралцагчид, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд элсэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан багшлах боловсон хүчнээр хангах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, ашиглалтыг нь дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, боловсролын сайд С.Төмөр-очир, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Ерөнхий боловсролын сургуулийн 1Х ангийн элсэлтийг нэмэгдүүлж байгаатай холбогдон гарах зардлыг орон нутгийн 1996 оны батлагдсан төсвөөсөө болон хэмнэлт гаргах, нэмэгдэл орлого олох, хуримтлал буй болгох замаар шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Ерөнхий боловсролын сургууль төгсөөд ажил, сургуульгүй үлдсэн хүүхдүүдийг урт, богино хугацаатай сургалтад хамруулж, мэргэжил эзэмшүүлэн, ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж, холбогдох зардлыг нь 50,0 сая төгрөгт багтаан захиалагч аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулах, ажил эрхлэлтэд туслах сангаас зарцуулах арга хэмжээ авахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

5.Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу 1996 онд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд нэмж элсүүлэх 5,1 мянган суралцагчдын сургалтын зардлын 30 хувийг сургуулийнхаа зардлыг хэмнэх, орлогыг нэмэгдүүлэх замаар нөхөхийг холбогдох сургуулийн захирлуудад, үлдэх 70 хувийг энэ онд нийтийн ерөнхий үйлчилгээний зардалд зориулан төлөвлөсөн хөрөнгийн зарим зардлыг хэмнэх, өөрийн орлогыг нь нэмэгдүүлэх, төвлөрсөн төсвийн орлогыг давуулан биелүүлэх замаар 100,0 сая төгрөгт багтаан олж нөхөх арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Шинжлэх ухаан, боловсролын сайд С.ТӨМӨР-ОЧИР

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ