Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр
Улаанбаатар хот

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Монгол Улсын хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж

2.1. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Эрүүл мэндийн тухай2, Ариун цэврийн тухай3, Эмийн тухай4, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль5, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”халдварт өвчний эсрэг дархлаажуулалт” /цаашид "дархлаажуулалт" гэх/ гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог;

3.1.2. ”заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг;

3.1.3. ”нөхөн дархлаажуулалт” гэж заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.4. ”нэмэлт дархлаажуулалт” гэж хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.5. ”сайн дурын дархлаажуулалт” гэж иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.6. ”сэргийлэх тарилга” гэж хүн амд халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлалыг бий болгохын тулд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.7. ”тарилгын дараахь хүндрэл” гэж сэргийлэх тарилгын улмаас хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг;

3.1.8. ”дархлаажуулах бэлдмэл” гэж халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал бий болгохын тулд хэрэглэх вакцин, анатоксин болон сэргийлэх бусад эмийн зүйлийг;

3.1.9. ”сэргийлэх тарилгын гэрчилгээ” гэж сэргийлэх тарилгад хамрагдсаныг баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.10. ”тархвар судлалын заалт” гэж халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлийг;

3.1.11. "үндэсний товлол" гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хууль нь нийт иргэн болон хуулийн этгээдэд үйлчилнэ.

4.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Дархлаажуулалтын талаархи төрийн бодлого,

дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх,

хүлээх үүрэг

5 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаархи төрийн бодлого

5.1. Хүн амын дархлаажуулалт нь төрийн  ивээлд байх бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээрийн тархалтыг хязгаарлах, өвчнийг устгахад  төрөөс дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:

5.1.1. иргэн бүрт сэргийлэх тарилга хийлгэх боломжийг бүрдүүлэх;

5.1.2. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар эрүүл мэндийн байгууллагаас хийж байгаа сэргийлэх тарилгын зардлыг улсын төсвөөс гаргах;

5.1.3. сэргийлэх тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдолд иргэдэд ердийн өвчний адил тэтгэмж олгох;

5.1.4. улс, орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын зорилтот хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

5.1.5. дархлаажуулалтад үр ашигтай нь тогтоогдсон дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэх;

5.1.6. дархлаажуулах бэлдмэлийн чанар, үр ашиг, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлыг төрөөс хянах;

5.1.7. дархлаажуулах бэлдмэлийг өөрийн улс оронд үйлдвэрлэгчдэд төрөөс туслаж, энэ чиглэлийн шинэ бэлдмэл боловсруулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих;

5.1.8. эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх боловсролын стандартад дархлаажуулалтын асуудлыг тусгах;

5.1.9. халдварт өвчний тархалтыг тандах, дархлаажуулалтын түвшинг үнэлэх, хянах тогтолцоог боловсронгуй болгож, улсын хэмжээнд мэдээллийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх.

5.2. Дархлаажуулалтын талаархи төрийн бодлогыг төв, орон нутгийн төрийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ.

5.3. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэртээ дархлаажуулалтыг зохион байгуулах талаар дараахь үүрэг хүлээнэ:

5.3.1. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

5.3.2. нутаг дэвсгэрийнхээ хүн амыг дархлаажуулах тусгай хөтөлбөр батлах.

Хэвлэх

6 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаар иргэний эдлэх  эрх, хүлээх үүрэг

6.1. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь эрх эдэлнэ:

6.1.1. сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах;

6.1.2. сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох;

6.1.3. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг  төлбөргүй хийлгэх;

6.1.4. тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад  төлбөргүй эмчлүүлэх;

6.1.5. эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.

6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь үүрэг хүлээнэ:

6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;

6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;

6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас  хоцрохгүй байх;

6.2.4.Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.

/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

7 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

7.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтад дурдсан албан тушаалд уг тарилгад хамрагдаагүй иргэнийг ажилд авах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх эдэлнэ.

7.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн  ажиллагчдыг сэргийлэх тарилгад бүрэн хамруулах үүрэг хүлээнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Дархлаажуулалтын талаархи үйл ажиллагааны

зохион байгуулалтын үндэс

8 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаархи үйл ажиллагааны зохион байгуулалтын үндэс

8.1. Дархлаажуулалтын ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулна.

8.2. Монгол Улсын зэвсэгт хүчин, бусад цэргийн нэгтгэл, анги, байгууллагад дархлаажуулалтын ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн эмнэлгийн алба зохион байгуулна.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн  байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим

9.1. Дархлаажуулалтын ажлын төлөвлөлт, халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг тандах, өвчлөл гарсан үед тархалтыг хязгаарлах, таслан зогсоох үйл ажиллагааг халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн төв байгууллага /цаашид "халдварт өвчин судлалын төв  байгууллага" гэх/ зохион байгуулна.

9.2. Халдварт өвчин судлалын төв байгууллага нь халдварт өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх, улсын стандарт, нэгдсэн аргачлал боловсруулах, халдварт өвчний тархалт, дархлаажуулалтын үр дүнг тархвар судлалын болон лабораторийн шинжилгээний аргаар тандан судлах, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөх, дархлаажуулах бэлдмэлийг захиалах, хадгалах, тээвэрлэх, нөөцлөх, хуваарилах ажлыг хариуцаж, дархлаажуулалтын санг зориулалтын дагуу сангийн зөвлөлийн зөвшөөрсөн хэмжээгээр захиран зарцуулна.

Хэвлэх

10 дугаар зүйл. Заавал хийх дархлаажуулалт

10.1.Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2. Заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд хийх өөрчлөлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

10.3. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу хэрэгжүүлнэ.

10.4.Эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгоно.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.5. Үндэсний товлолын сэргийлэх тарилгаас эмнэлгийн заалтаар түр чөлөөлөгдсөн хүүхдийг тогтоосон журмын дагуу нөхөн дархлаажуулалтад хамруулна.

10.6. Нөхөн дархлаажуулалт хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилга

11.1. Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд  нэмэлт дархлаажуулалт хийнэ.

11.2. Тархвар судлалын заалтаар сэргийлэх тарилга хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хэвлэх

12 дугаар зүйл. Сайн дурын дархлаажуулалт

12.1. Халдварт өвчний эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж, хэрэглэж болно. Энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн хариуцна.

12.2. Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.

Хэвлэх

13 дугаар зүйл. Сэргийлэх тарилгыг зохион байгуулахад тавих шаардлага

13.1. Магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллага сэргийлэх тарилгыг гүйцэтгэнэ.

13.2. Эрүүл мэндийн орон нутгийн байгууллага нь сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг нутаг дэвсгэртээ оршин сууж байгаа иргэн бүрт албан ёсоор мэдэгдэнэ.

13.3. Сэргийлэх тарилгыг хүүхэд болон иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр хийнэ.

13.4. Сэргийлэх тарилгыг эмнэлгийн харшлах өвчингүй иргэнд хийнэ. Сэргийлэх тарилга хийхэд харшлах өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13.5. Сэргийлэх тарилгыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн зохион байгуулна.

13.6. Сэргийлэх тарилгын үр дүнг тухайн тарилгад хамрагдсан байдал, тархвар судлалын болон лабораторийн шинжилгээний аргаар тогтоох ажлыг халдварт өвчин судлалын төв байгууллага зохион байгуулна.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Дархлаажуулах бэлдмэлд тавих шаардлага

14.1. Дархлаажуулалтад өөрийн орон болон гадаад улсад үйлдвэрлэгдсэн албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэнэ.

14.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг эмчийн захиалга буюу жороор эмийн сан, эрүүл мэндийн байгууллагаас сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах иргэнд олгоно.

Хэвлэх

15 дугаар зүйл. Дархлаажуулах бэлдмэлийг хадгалах, тээвэрлэх

15.1. Үндэсний товлолын дархлаажуулах бэлдмэлийг улсын хэмжээнд гурван сарын, аймаг, нийслэлийн хэмжээнд хоёр сарын, сумын хэмжээнд нэг сарын нөөцтэйгээр зориулалтын байранд эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгална.

15.2. Дархлаажуулах бэлдмэлийг хэм заагуур, дагалдах баримт бичгийн хамт зориулалтын саванд баталгаат тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

Хэвлэх

16 дугаар зүйл. Дархлаажуулах бэлдмэлд тавих  улсын хяналт

16.1.Дархлаажуулах бэлдмэлийн чанар, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлын талаар тавих улсын хяналтыг холбогдох эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага болон тухайн эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналтаар хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

17 дугаар зүйл. Дархлаажуулах бэлдмэлийн хангамж

17.1. Төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийгдэх сэргийлэх тарилгад зориулагдсан дархлаажуулах бэлдмэлээр хангах ажлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ, захиалгыг үндэслэн халдварт өвчин судалын төв байгууллага зохион байгуулна.

17.2.Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

18 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаархи статистикийн мэдээлэл

18.1. Сэргийлэх тарилга, тарилгын дараахь хүндрэл, сэргийлэх тарилгаас татгалзсан тухай мэдээ нь статистикийн албан ёсны мэдээлэлд орно.

18.2. Сэргийлэх тарилга, тарилгын дараахь хүндрэл, тарилгаас татгалзсан тухай баримтыг бүртгэх журам, эмнэлгийн баримт бичиг, сэргийлэх тарилгын гэрчилгээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Дархлаажуулалтын санхүүжилт

19 дүгээр зүйл. Дархлаажуулалтын үйл ажиллагааг төрөөс дэмжих

19.1.Дархлаажуулалтын зориулалтаар урьдчилан сэргийлэх тарилга хийх, эм, бэлдмэл, зүү, тариур бэлтгэх зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ.

/Дээрх 19 дүгээр зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
Тарилгын дараахь хүндрэл

20 дугаар зүйл. Тарилгын дараахь хүндрэл

20.1. Тарилгын дараахь хүндрэлийг эм биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын улсын алба, эмчилгээний чанарын хяналтын байцаагч магадлан тогтооно.

20.2. Тарилгын дараахь хүндрэлийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

21 дүгээр зүйл. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж  зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч дараахь шийтгэлийг  ногдуулна:

21.1.1. энэ хуулийн 6.2.1-ийг зөрчсөн бол иргэнийг 20000-30000 төгрөгөөр торгох;

21.1.2. энэ хуулийн 6.2.3-ыг зөрчсөн бол заавал нөхөн дархлаажуулалтад хамруулан, гарсан зардлыг тухайн иргэнээр төлүүлж, иргэнийг 20000-30000 төгрөгөөр торгох;

21.1.3. энэ хуулийн 7.1.-ийг зөрчсөн албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр торгох;

21.1.4. энэ хуулийн 13.2,-13.5, 14, 15 дугаар зүйлийг зөрчсөн албан тушаалтныг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох.

21.2. Иргэний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу гэм буруутай этгээд нөхөн төлнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                     Р.ГОНЧИГДОРЖ



1 Їндсэн хууль-"Тєрийн мэдээлэл"-ийн 1992 оны 1 дїгээрт;

2 Эрїїл мэндийн тухай хууль."Тєрийн мэдээлэл"-ийн 1998 оны 7 дугаарт;

3 Ариун цэврийн тухай хууль."Тєрийн мэдээлэл"-ийн 1998 оны 153 дугаарт;

4 Эмийн тухай хууль."Тєрийн мэдээлэл"-ийн 1998 оны 6 дугаарт;

5 Хїїхдийн эрхийг хамгаалах тухай хууль."Тєрийн мэдээлэл"-ийн 1996 оны 8 дугаарт тус тус нийтлэгдсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих