A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

/Энэ хууль 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Донорын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон./

ДОНОРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эд эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2 дугаар зүйл. Донорын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Донорын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "хүний эд, эрхтэн" гэж хүний цус, нөхөн үржихүйн эд /өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн/-ээс бусад эд, эрхтэнг;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.2. "амьд донор" гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан түргэн нөхөн төлждөг эд /арьс, чөмөг/, эрхтэн эсхүл хос эрхтнийхээ нэгийг өгөгчийг;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.3.”цусны донор” гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг;

3.1.4.”амьгүй донор” гэж тархины үйл ажиллагаа эргэшгүй алдагдаж, нас барсан нь тогтоогдсоны дараа хэвийн үйл ажиллагаатай байгаа болон зохих шаардлага хангасан зарим эд, эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцсыг;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.5.“эдийн тохироо” гэж донор болон реципиентийн эд, эс удам зүйн шинжээрээ тохирох зэрэглэлийг

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.6.”реципиент” гэж амь насыг нь аврах, эрүүл мэнд, гоо сайхныг нь сайжруулах зорилгоор донорын цус сэлбүүлэх, эд, эрхтэнг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай хүнийг;

3.1.7.“цусны байнгын донор” гэж жилд хоёр ба түүнээс дээш удаа цусаа өгөгчийг;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.8. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.1.9.“донорын цус сэлбэх” гэж эмчилгээний зориулалтаар реципиентэд цусны донороос авч бэлтгэсэн цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхийг.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Донор, реципиент, эрүүл мэндийн байгууллагын ажилтанд тавих шаардлага

4 дүгээр зүйл. Донорт тавих шаардлага

Хэвлэх

4.1. Донор нь бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан цус, эд, эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө бус, сайн дурын байх зарчмыг баримтлах бөгөөд донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгохыг хориглоно.

4.2. Донор болгохоор тулган шаардаж үл болно.

4.3. Донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

4.4. Цусны донорт дараахь ерөнхий шаардлага тавигдана:

4.4.1. өөрийн эрүүл мэндийн байдал, донорын шаардлагад харшлах гаж зуршлуудыг үнэн зөвөөр мэдэгдэх;

4.4.2. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон донор сонголтын заавартай танилцаж, зөвшөөрлөө бичгээр өгөх;

4.4.3.өөрийн эрүүл мэндэд байнга анхаарал тавьж шаардлагатай үзлэг, шинжилгээнд тогтоосон хугацаанд хамрагдах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.4.4. донорын эрүүл мэндэд шаардлагатай үзлэг шинжилгээний төрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

4.5. Донорын эд, эрхтэнг худалдах, худалдан борлуулахаар сурталчлахыг хориглоно. Энэ нь эмнэлгийн мэргэжилтнээс хүний эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврах зорилгоор донорын цус, эд, эрхтэн бэлтгэхийн ач холбогдлыг сурталчлах, тохироо бүхий цус, эд, эрхтэн хайх үйл ажиллагаа явуулахад хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл. Донор сонгох зарчим

Хэвлэх

5.1. Донорт болон донорын цус, эд, эрхтэнд дараахь зорилгоор холбогдох шинжилгээ хийнэ. Үүнд:

5.1.1. цус, эд эрхтнээ өгснөөс донорын эрүүл мэндэд аюул учруулж болох эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, гарч болзошгүй хүндрэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх;

5.1.2.донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн болон эд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан реципиентийн эрүүл мэндэд аюул учруулж болох эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, эдийн тохироог тогтоох.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2. Донорын цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохирч байгаа эсэхийг холбогдох шинжилгээгээр тогтооно.

5.3. Донорын эрүүл мэндийн шалгуур, донорын цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохирч байгаа эсэхийг тогтоох үзүүлэлт, хориглох заалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6 дугаар зүйл. Донорын эрх

Хэвлэх

6.1. Донор нь дараахь эрхийг эдэлнэ:

6.1.1. цус, эд, эрхтнээ өгөх явцдаа өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх эрхээр бүрэн хангагдах;

6.1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 64.1.-д заасны дагуу донорын үүргээ гүйцэтгэх үед дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах.

6.2. Цус, эд, эрхтнээ өгсөн донорын эрүүл мэндэд учирсан хохирол, гарсан хүндрэл цус сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэх ажилбарын технологийн заавар зөрчсөнөөс үүдсэн нь тогтоогдсон бол тухайн донор нь цус сэлбэсэн, эд, эрхтэнг шилжүүлэн суулгасан буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлнэ.

6.3.Донор нь цус, эд, эрхтэн өгөхдөө тухайн ажилбарыг гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулахаас бусад даатгалд хамрагдаж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл. Реципиентэд тавих шаардлага

Хэвлэх

7.1. Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол харгалзахгүйгээр иргэн эрүүл мэндээ сайжруулах, амь насаа аврах, гоо сайхныхаа хэрэгцээг хангах зорилгоор донорын цус сэлбүүлэх, эд, эрхтэн шилжүүлэн суулгуулах ажилбарыг хийлгүүлж болно.

7.2. Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах, цус сэлбэхдээ 18 насанд хүрсэн реципиент бол өөрийнх нь, харин хүүхэд болон эрхийн бүрэн чадамжгүй иргэн бол эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг тус тус бичгээр авсны үндсэн дээр гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3. Реципиент нь цус сэлбүүлэх, донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбарын дараа амь нас нь аврагдах буюу эрүүл мэнд, гоо сайхан нь сайжрах найдвартай болохыг зохих шалгуурыг баримтлан мэргэжлийн эмч нарын комиссын шийдвэрээр тогтооно. Мэргэжлийн эмч нарын комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын ажилтанд тавих шаардлага

Хэвлэх

8.1.Донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх ажилбарыг магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан нөхцөлд Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3-т заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.2. Цус, цусан бүтээгдэхүүн, шилжүүлэн суулгах эд, эрхтэн нь ашиг олох зорилгоор бэлтгэгдсэнийг холбогдох байгууллагаас нотолсон тохиолдолд тэдгээрийг хэрэглэхийг хориглоно.

8.3.Эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрөөс давсан төлбөр, урамшуулал авахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.4. Эмч, эрүүл мэндийн ажилтан нь донор болон реципиентийн эрүүл мэндийн нууцыг хадгалж, донорын шинжилгээний явцад илэрсэн эмгэг өөрчлөлтийг зөвхөн шинжлүүлэгчид мэдээлнэ.

8.5. Реципиентэд тавих нөхцөл, шаардлага хангасан хүмүүсийг олон улсын шалгуур үзүүлэлтийн дагуу хүлээх жагсаалтанд авч, харилцан мэдээлэх ажлыг эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн баг, эрүүл мэндийн байгууллага хариуцна.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Донороос цус, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах

                            /Гуравдугаар бүлгийн гарчигт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9 дүгээр зүйл. Эд, эрхтэн шилжүүлэн суулгахад тавих үндсэн шаардлага

Хэвлэх

9.1.Донор, реципиент нарын эдийн тохироог үзэх, донороос авсан эд, эрхтэнг шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн баг гүйцэтгэнэ.

9.2.Мэргэжлийн багийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг холбогдох эрүүл мэндийн байгууллагын удирдлагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.3.Шилжүүлэн суулгах эд, эрхтэнг амьгүй донороос авбал зохино. Хэрэв амьд донороос эд, эрхтэнг авах тохиолдолд эдийн тохироо нь нийцсэн ихрүүд, ах, дүү, ураг, төрлийн хүмүүс болон эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн, тухайн эд, эрхтэн нь ямар нэг эмгэг өөрчлөлтгүй хүнийг сонгоно.

9.4.Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цуснаас бусад эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.

10 дугаар зүйл. Амьд донороос эд, эрхтэн авах

Хэвлэх

10.1. Сэтгэцийн хувьд эрүүл, 18 насанд хүрсэн, шаардлагатай шинжилгээ хийлгэсэн, эд, эрхтнээ өгөх зөвшөөрлөө бичгээр өгсөн донорын эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд түүний эд, эрхтэнг авна.

10.2. Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийн болон эцэг, эх. харгалзан дэмжигчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг тус тус авна.

11 дүгээр зүйл. Амьгүй донороос эд, эрхтэн авах

Хэвлэх

11.1. Амьгүй донор болохыг тархины үхлийн эмнэлзүйн шалгуурыг тодорхойлсон Монгол Улсын стандартыг баримтлан мэргэжлийн эмч нарын комисс тогтооно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.2. Тархины үхлийн эмнэлзүйн шалгуурыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

11.3. Амьгүй донороос эд, эрхтэн авахдаа нас барагчийн өөрийн гэрээслэл, эсхүл түүний төрөл, садангийн зөвшөөрлийг бичгээр авах буюу шаардлагатай бол хуулийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ.

11.4. Амьгүй донороос эд, эрхтэн авахдаа зарим эрхтэн, эсхүл эрхтнүүдийн ажиллагааг зохиомлоор хэвийн байлгаж болно.

11.5. Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч нь энэ хуулийн 11.1-д заасан мэргэжлийн эмч нарын комиссын бүрэлдэхүүнд орохыг хориглоно.

11.6. /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.7. Амьгүй донороос эд, эрхтэн авсны дараа донорын гадаад байдлыг анхны янзанд нь оруулахыг эд, эрхтэн авсан эрүүл мэндийн байгууллага хариуцна.

12 дугаар зүйл. Донорын цус, эд, эрхтэнг эмчилгээний зориулалтаар авах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах

Хэвлэх

12.1. Донороос цус, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, шилжүүлэн суулгах нөхцөл, технологийн болон шаардлага хангахгүй цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэнг устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Энэ ажлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 19.2-т заасны дагуу холбогдох зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага эрхэлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

12.2.Тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага нь донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг авч зохих журмын дагуу шинжлэх, хадгалах, тээвэрлэх бөгөөд энэ хуулийн 8.1, 9.1-д заасан этгээдэд захиалгаар нийлүүлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13 дугаар зүйл. Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг улсын хилээр нэвтрүүлэх

Хэвлэх

13.1.Ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн экспортолж, импортлохыг хориглоно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.2. Эд, эрхтэн бэлтгэж хадгалдаг олон улсын байгууллагатай байгуулсан Монгол Улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсан эд, эрхтэн экспортолж, импортолж болно.

13.3. Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг улсын хилээр нэвтрүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох бусад байгууллагатай хамтран тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Донорын эгнээг өргөжүүлэх

14 дүгээр зүйл. Донорын үйлсийг сурталчлах

Хэвлэх

14.1. Донорын эгнээг өргөжүүлэхийн тулд донорын хөдөлгөөнийг сурталчлах ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэг нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэнэ.

14.2. Бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын төлөө иргэд сайн дураараа цус, эд, эрхтнээ өгөхийн ач холбогдол, донорын үйлсийг сурталчлах мэдээлэл сурталчилгааны ажлын зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.3.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн нь донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа, донорын үйлсийг сурталчлах, тэдгээрт зориулсан сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл. Донорын үйлсэд идэвхтэй оролцсон иргэн, байгууллагыг урамшуулах

Хэвлэх

15.1.Хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлээр донорын үйлсэд идэвхтэй оролцсон донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цусаа 35-аас дээш удаа өгсөн цусны донор хүнийг жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр сувилуулах журмыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.2.Энэ заалт Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.4-т заасан цусны донорт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.3.Донорыг урамшуулах, алдагдсан эрч хүчийг нөхөн сэргээх үүднээс байгууллага, хамт олон, хувь хүн эд материал, санхүүгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлж болно.

/Энэ хэсгийн дугаарыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар 15.2 байсныг 15.3 болгож өөрчлөлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

16 дугаар зүйл. Санхүүжилт

Хэвлэх

16.1. Донороос цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, тохирсон донор хайх үйл ажиллагааны зардлыг төр хариуцна.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.2. Донорын цус, цусан бүтээгдэхүүний боловсруулалт болон аюулгүйн баталгааг хангах арга хэмжээний зардал, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбарын үйлчилгээний үнийн жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад албадтай хамтран тогтооно.

17 дугаар зүйл. Донорын үйлчилгээний хяналт

Хэвлэх

17.1. Донороос цус, эд, эрхтэнг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгахтай холбогдсон хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын хэрэгжилтэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага болон мэргэжлийн хяналтын алба нар хяналт тавина.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

171дүгээр зүйл. Гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх

Хэвлэх

171.1.Гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг Засгийн газар хариуцна.

171.2.Гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хамтран ажиллана.

/171 дүгээр зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ