Хэвлэх DOC Татаж авах
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдын нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль тогтоомж

2.1.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“дээд боловсролын сургалтын байгууллага” гэж Боловсролын тухай хуулийн 15.1-д заасан байгууллагыг;

3.1.2.“суралцагч” гэж Дээд боловсролын тухай хуулийн 15.1-д заасан этгээдийг;

3.1.3.“сургалтын төлбөр” гэж Боловсролын тухай хуулийн 34.1, 36.11.4-т заасны дагуу Удирдах зөвлөлөөс тогтоосон суралцагчийн төлөх төлбөрийн хэмжээг;

3.1.4.”суралцагчийн тэтгэлэг” гэж дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн суралцах болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг;

3.1.5.”сургалтын зээл” гэж Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу элсэн суралцаж байгаа иргэний сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох зээлийг;

3.1.6.”санхүүгийн дэмжлэг” гэж дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид буцалтгүй мөнгөн тусламж болон хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгийг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧИД ҮЗҮҮЛЭХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ

4 дүгээр зүйл.Дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчим

4.1.Дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:

4.1.1.дээд боловсролыг санхүүжүүлэхэд төр, суралцагч, ажил олгогч, дээд боловсролын сургалтын байгууллага тус тус хууль тогтоомжид заасны дагуу оролцох;

4.1.2.дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа нь сургалтын чанар, шударга өрсөлдөөнийг дэмжиж байх;

4.1.3.санхүүгийн дэмжлэг нь суралцагчийн амжилттай сурах, эзэмшсэн мэдлэг, чадвараа үр дүнтэй ашиглах боломж, чадварт нийцэж байх;

4.1.4.дээд боловсролын сургалтын байгууллага болон суралцагчид зориулсан зээлийн нөхцөл нь хөнгөлөлттэй, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн байх.

4.2.Дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангахад дараах үйл ажиллагааг хориглоно:

4.2.1.дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа нь нээлттэй биш, хөрөнгө орлого, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байх, согтууруулах ундаа, мансууруулах бодис, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж авах, тэдний үйл ажиллагааг сурталчлах, дэмжих, хувьцааг нь худалдан авах;

4.2.2.дээд боловсролын сургалтын байгууллага нь улс төр, шашны байгууллагаас тусламж, хандив авах, улс төрийн намыг хөрөнгө, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллах;

4.2.3.суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох агуулгатай сонгуулийн амлалт өгөх.

Хэвлэх

5 дугаар зүйл.Дээд боловсролын санхүүжилт

5.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

5.1.1.үүсгэн байгуулагчаас шилжүүлсэн хөрөнгө;

5.1.2.улсын төсвийн хөрөнгө;

5.1.3.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилтэд зориулсан хөрөнгө;

5.1.4.сургалтын төлбөр;

5.1.5.гэрээт ажил, үйлчилгээ, аж ахуйн бусад үйл ажиллагаанаас олсон орлого;

5.1.6.аж ахуйн нэгжээс эдийн засгийн сонирхолгүйгээр шилжүүлсэн хөрөнгийг эргэлтэд оруулснаас олсон орлого;

5.1.7.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хандив, тусламж, бэлэг;

5.1.8.зээлийн хөрөнгө;

5.1.9.бусад эх үүсвэр.

5.2.Дээд боловсролын сургалтын байгууллага нь бүх орлогоо санхүүгийн нэгдсэн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана.

5.3.Дээд боловсролыг санхүүжүүлэхэд зориулан улсын төсвөөс бүрдүүлэх хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Боловсролын зээлийн санд төвлөрүүлэн дараах зориулалтаар зарцуулна:

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.3.1.төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, Боловсролын тухай хуулийн 43.1.4–т заасан зардлыг санхүүжүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.3.2.Засгийн газраас тодорхойлсон чиглэл, шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.3.3.улсын төсвөөс хуваарилсан хэмжээгээр Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг санхүүжүүлэх;

5.3.4.дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах зардлыг санхүүжүүлэх.

/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.4.Дээд боловсролын сургалтын байгууллагад энэ хуулийн 11.3-т заасан зориулалтаар улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээ нь дээд боловсролын салбарын нийт орлогын 20 хувиас багагүй байна.

/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.5.Дээд боловсролын сургалтын байгууллагыг үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зориулалтын барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжөөр хангах, шинэчлэх, өргөтгөхтэй холбогдох хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх үүргийг үүсгэн байгуулагч хариуцна.

5.6.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөрөнгийг бүрдүүлэх, шинэчлэх, өргөтгөхтэй холбогдох хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

5.7.Энэ хуулийн 5.3, 5.4-т заасны дагуу санхүүжилт, санхүүгийн дэмжлэг авсан дээд боловсролын сургалтын байгууллага жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэж, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн тайланг олон нийтэд ил тод мэдээлнэ.

5.8.Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөлөөр санхүүжүүлэх дээд боловсролын сургалтын байгууллагыг сонгон шалгаруулахад дараах шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзана:

/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.8.1.улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах бүтэц, хариуцлагын тогтолцоо бүрдүүлсэн, үйл ажиллагааныхаа чанарын төвшинд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж баталгаажуулсан байх;

5.8.2.төгсгөгчдийнх нь ажил эрхлэлт нэмэгдсэн байх;

5.8.3.суралцагчдын сурлагын үнэлгээний бодитой байдал, шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг хангасан байх;

5.8.4.суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, сурталчлах үйл ажиллагаа нь тогтворжсон байх;

5.8.5.удирдлагын мэдээлэл, бүртгэлийн тогтолцоо бүрдсэн байх;

5.8.6.сургуулийнхаа суралцагчид суралцагчийн тэтгэлэг, тусламж олгож хэвшсэн, үүнд шаардагдах хөрөнгийн тогтсон эх үүсвэртэй байх;

5.8.7.сургалтын төлбөрөө төлөх талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй суралцагчид хариуцлага хүлээлгэх тогтолцоо хэвшсэн байх;

5.8.8.дээд боловсролын үйлчилгээний чанарыг сургалтын бусад байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрч багц цагийг дүйцүүлэх, шилжүүлэх, харилцан тооцох зохицуулалтыг бий болгон мөрдөж хэвшсэн байх;

5.8.9.сургалтын төлбөр төлөх нөхцөлийг уян хатан байлгах боломж бүрдүүлсэн байх.

5.9.Дээд боловсролын сургалтын байгууллага нь эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, нийгмийн баталгаатай холбогдох мэдээллийн цахим сантай байх бөгөөд түүний мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод байна.

Хэвлэх

6 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилго

6.1.Энэ хууль нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, дэмжих, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, иргэнээс суралцагчид үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлно.

6.2.Төрөөс суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангахад дараах зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

6.2.1.суралцагчид чанартай боловсрол, мэргэжил эзэмшихэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, урамшуулал, нийгмийн үйлчилгээний олон төрлийн эх үүсвэрийг бий болгох;

6.2.2.дээд боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх.

Хэвлэх

7 дугаар зүйл.Төрөөс санхүүгийн дэмжлэг авах суралцагчид тавих нийтлэг шаардлага

7.1.Санхүүгийн дэмжлэгийг энэ хуульд заасан шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа дараах шаардлагын аль нэгийг хангасан суралцагчид олгоно:

7.1.1.дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч элсүүлэх шаардлагыг бүрэн хангаж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан;

7.1.2.тодорхой мэргэжлийн чиглэлээр суралцаж, тогтоосон газар нутагт ажиллах гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн;

7.1.3.сургалтын зээл олгох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн.

7.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад хамрагдсан гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад хувийн зардлаар амжилттай суралцан төгсгөж эх орондоо ирж тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэнд суралцах хугацаандаа гаргасан зардлын тодорхой хувийг төрөөс буцаан олгож болно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан иргэнд суралцах хугацаандаа гаргасан зардлын тодорхой хэсгийг буцаан олгох журмыг Засгийн газар батална.

7.4.Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах гадаадын иргэнд суралцагчийн тэтгэлэг, тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл, журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Засгийн газар тогтооно.

Хэвлэх

8 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэлбэр

8.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

8.2.Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан үндэсний тэтгэлэг олгож болно. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3.Суралцагчид улсын төсвөөс олгох суралцагчийн тэтгэлэг нь үндэсний тэтгэлэг, нэрэмжит тэтгэлэг гэсэн хэлбэртэй байна.

8.4.Сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа суралцагчид, түүнчлэн тодорхой шалгуур хангасан дээд боловсролын сургалтын байгууллагад болон Засгийн газраас тодорхойлсон эрэлт ихтэй мэргэжлээр суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.5.Орон нутгийн мэргэжилтэй ажилтны хэрэгцээг хангах зорилгоор нутгийн захиргааны байгууллагаас дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид зориулсан санхүүгийн дэмжлэг олгож болох бөгөөд уг дэмжлэгийн төрөл, хэмжээ, олгох нөхцөл, журмыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, тухайн жилийн төсөвтөө тусган санхүүжүүлнэ.

8.6.Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэн болон сургалтын байгууллага тодорхой нөхцөл, болзол хангасан суралцагчид өөрийн нэрэмжит тэтгэлэг олгож болох бөгөөд уг тэтгэлгийн болзол, нөхцөлийг тэтгэлэг олгогч этгээд тогтооно.

8.7.Гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл олгож болно.

8.8.Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг Улсын Их Хурал тогтооно.

8.9.Суралцагчид олгох сургалтын зээлийн нийт хэмжээ нь суралцагчийн суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардлын нийлбэрээс хэтрэхгүй байх бөгөөд сургалтын зээлийг буцаан төлүүлэхдээ зээлдэгчийн амьжиргаанд нь дарамт үүсгэхгүйгээр суутгал хийхээр журамлана.

8.10.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид улсын төсвөөс олгох сургалтын зээл нь хөнгөлттэй, эргэн төлөгдөнө.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын зохион байгуулалт

9.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байна.

9.2.Дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт, хуваарилалтыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

9.3.Суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх байгууллага нь Боловсролын зээлийн сан байх бөгөөд суралцагчид төрөөс олгосон санхүүгийн дэмжлэгийг чанартай боловсролд сонгон хэрэглэх боломж нь нээлттэй байна.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Төрөөс санхүүгийн дэмжлэг авсан суралцагчдын бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг Боловсролын зээлийн сан эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.5.Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлэг, суралцагчид улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс олгох санхүүгийн боломжит туслалцаа, хөдөлмөр эрхлэх асуудлаар мэдээлэл түгээх, сургалтын зээлийн гэрээ байгуулахад шаардагдах зөвлөгөө, лавлагаа өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
СУРАЛЦАГЧИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ

10 дугаар зүйл.Суралцагчийн нийгмийн баталгааг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

10.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийг дадлага хийх, цагийн хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, хичээлийн байр, номын сан, нийтийн хоол, биеийн тамир, спортын танхимаар үйлчлүүлэх нөхцөлөөр хангана.

10.2.Суралцагчид мэдээлэл, нийгэм, соёл, эрүүл мэнд, биеийн тамирын үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэхийг дэмжих нэгдсэн бодлогыг Засгийн газар боловсруулж, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангана.

10.3.Дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцна.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.4.Байнгын ажил эрхэлж байгаа суралцагчид шалгалт, шүүлгийн үеэр болон төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж ажил олгогч нь цалинтай чөлөө олгоно. 

10.5.Гадаад улсаас Монгол Улсад ирж суралцагчид дэмжлэг, тусламж үзүүлэх нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, мэдээллээр хангах, тайлагнах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

10.6.Гадаад улсад суралцаж байгаа Монгол Улсын иргэний бүртгэлийг хөтөлж, түүнд холбогдох мэдээллээр үйлчлэх, шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх үүргийг тухайн оронд суугаа, эсхүл тухайн орныг хамаарагч Монгол Улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар хариуцна.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРӨӨС СУРАЛЦАГЧИД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

11 дүгээр зүйл.Дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

11.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд уялдуулан зохицуулж дэмжих, тэднийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

11.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны бусад байгууллага болон дотоод, гадаадын байгууллага, иргэнтэй санхүүгийн дэмжлэг олгох, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана.

11.3.Засгийн газраас тодорхойлсон дээд боловсролын салбарын талаар баримтлах чиглэл, шаардлагад нийцүүлэн төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

/Энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

12 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх, үүрэг

12.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдаа санхүүгийн дэмжлэгт хамруулах, өөрийн нэрэмжит тэтгэлэг олгох, санхүүгийн эх үүсвэр, хуримтлал бүрдүүлэх, түүнийг ашиглах талаар бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх бүрэн эрхийг эдэлнэ. 

12.2.Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.2.1.суралцагч нь санхүүгийн дэмжлэг авах нөхцөл, болзол хангасан бол түүнийг олгох ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулах;

12.2.2.суралцагчид санхүүгийн дэмжлэг олгох ажлын үр дүнг санхүүжүүлэгч байгууллага, этгээдэд тайлагнах;

12.2.3.санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, болзлын талаар суралцагчид мэдээлэл, зөвлөгөө өгөх;

12.2.4.суралцагчийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан байдлын талаар тайлан мэдээ тогтмол гаргаж, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;

12.2.5.суралцагчид олгох санхүүгийн дэмжлэгийн талаар иргэдэд сурталчлах;

12.2.6.суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор сургуулийн нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэгдсэн барааны тэмдэг гаргах, бусдад ашиглуулах, түүний борлуулалтаас орлого олох арга хэмжээг зохион байгуулж болно.

12.3.Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.3.1.цагийн, түр хугацааны болон гэрээт ажлын байр, ажиллуулах нөхцөлийн тухай мэдээллээр хангах;

12.3.2.суралцагчийн цагийн, түр хугацааны болон гэрээт ажил, үйлчилгээний цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажлын орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдээлэх, сургалт, зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулж, хуульд заасан эрхээ эдлэхэд нь туслах;

12.3.3.суралцагчид цагийн болон гэрээт ажил, үйлчилгээ гүйцэтгэхэд анхаарах хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны сахилга бат, ёс зүй, онцлогийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;

12.3.4.суралцагчид суралцаж байх хугацаандаа ажлын байр олоход нь туслалцаа үзүүлж, ажил олгогчийн зүгээс тавьж байгаа нөхцөл, болзол, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;

12.3.5.суралцагчийг ажил олгогчидтой уулзуулах, ирээдүйн ажлын байртай нь танилцуулах, мэргэжлийн дадлага хийхэд нь туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах.

12.4.Дээд боловсролын сургалтын байгууллага санхүүгийн хувьд бие даасан байдлаа хадгалах талаар дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

12.4.1.судалгаа, шинжилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны үр дүн, бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах зорилгоор гарааны компани байгуулж ажиллуулах;

12.4.2.хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, сургалтын материаллаг орчныг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авах;

12.4.3.суралцагчид төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх;

12.4.4.сургалт, судалгааны санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор тодорхой төрлийн дэд сан байгуулах, сангийн хөрөнгөө арвижуулах талаар хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхлэх.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

13 дугаар зүйл.Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчийн эрх

13.1.Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагч дараах эрх эдэлнэ:

13.1.1.санхүүгийн дэмжлэг авах нөхцөл, болзол, шалгуур үзүүлэлтийн талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах;

13.1.2.санхүүгийн дэмжлэг авах шаардлага хангасан бол хүсэлтээ гарган сонгон шалгаруулалтад оролцох;

13.1.3.санхүүгийн дэмжлэг үзүүлэх байгууллагыг сонгох, тэднээс татгалзах, гэрээ байгуулах, цуцлах зэрэг холбогдох асуудлаар мэдээлэл авах.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

14 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

14.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

14.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

15 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

15.1.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ