Хэвлэх DOC Татаж авах
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 5 дугаар сарын 30-ны өдөр


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий зүйл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдах аливаа зар сурталчилгаанд энэ хуулийг хэрэглэнэ.

2.2.Энэ хууль улс төр, шашин, сүм хийдийн сурталчилгаа, түүнчлэн худалдаа, арилжаа, аж ахуйн үйл ажиллагаатай холбоогүй мэдээ, мэдээлэл зарлалд хамаарахгүй.

2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг;

3.1.2.”зар сурталчилгаа захиалагч” гэж өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг;

3.1.3.”зар сурталчилгаа бүтээгч” гэж захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээдийг;

3.1.4.”зар сурталчилгаа түгээгч” гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг;

3.1.5.”мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Зар сурталчилгаанд оюуны үнэт зүйлийг ашиглах

4.1.Зар сурталчилгаанд оюуны үнэт зүйлийг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу ашиглана.

4.2.Зар сурталчилгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тохиолдолд бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн оюуны өмчийн эрхийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдана.

Хэвлэх

5 дугаар зүйл. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон зар сурталчилгаанаас хамгаалах

5.1.Зар сурталчилгаа нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, энэ хуулийн 21.1, 21.2-т заасан журмыг зөрчсөн, бусдын бүтээгдэхүүнийг муутган өөрийн бүтээгдэхүүнийг давуутай гэж харьцуулан сурталчилсан, түүнчлэн энэ хуулийн 7.2.1, 7.2.3-т заасан үйлдэл хийсэн бол иргэн, хуулийн этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу няцаалт хийлгэх, учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ  
Зар сурталчилгаа, түүнд тавих ерөнхий шаардлага, хориглох зҮйл

6 дугаар зүйл. Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлага  

6.1.Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна.

6.2.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна.

6.3.Зар сурталчилгаанд статистик мэдээ, судалгааны дүн, баримтыг ашиглахдаа тухайн эх сурвалжийг нь заавал тусгасан байна.

6.4.Xортой, галын аюултай барааны зар сурталчилгаанд тухайн барааны эдгээр шинж чанарын талаар заасан байна.

6.5.Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:

6.5.1.тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах;

6.5.2.Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчлах;

6.5.3.тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг сурталчлах;

6.5.4.хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах;

6.5.5.Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;

6.5.6.хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх төслийг үнэлгээ хийлгэхээс өмнө, эсхүл үнэлгээ хийгдсэн боловч төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан бол уг төслийг сурталчлах;

6.5.7.айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;

6.5.8.хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчилах.

Хэвлэх

7 дугаар зүйл.Хууль бус зар сурталчилгаа

7.1.Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна.

7.2.Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно:

7.2.1.өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан;

7.2.2.бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд харш сурталчилгаа;

7.2.3.хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан.

7.3.Дараахь зүйлийн талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцно:

7.3.1.бүтээгдэхүүний зориулалт, бүтэц, найрлага, үйлдвэрлэсэн арга, огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг, чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал үүсэл;

7.3.2.зар сурталчилгаанд заасан орон зай, цаг хугацаанд тухайн бүтээгдэхүүний тоо, хэмжээ, олдоц, түүнийг худалдан авах боломж, зах зээл дээрх бодит эрэлт, нийлүүлэлт;

7.3.3.тухайн зар сурталчилгааг түгээх үед мөрдөж байгаа үнэ;

7.3.4.төлбөр тооцооны нэмэлт нөхцөл;

7.3.5.бүтээгдэхүүнийг нийлүүлэх, тээвэрлэх, суурилуулах, угсрах, тохируулга хийх, ашиглалтын явцад засварлах, үйлчилгээ үзүүлэх, солих нөхцөл;

7.3.6.баталгаат эдэлгээний болон ашиглах хугацаа;

7.3.7.оюуны үнэт зүйлийг ашиглах, захиран зарцуулах эрх;

7.3.8.зар сурталчилгаа захиалагч, түүний бүтээгдэхүүнд олгосон шагнал, үнэмлэх, гэрчилгээ болон бусад хэлбэрээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдал;

7.3.9.зар сурталчилгаа захиалагч, түүний бүтээгдэхүүний талаар бусдаас өгсөн үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжөөс татсан ишлэл;

7.3.10.судалгаа, шинжилгээ, туршилтын дүн, түүнчлэн шинжлэх ухааны нэр томъёо болон бусад бүтээлээс татсан ишлэл;

7.3.11.зар сурталчилгаа захиалагч, түүний хаяг, үйл ажиллагааны зорилго, чиглэл, туршлага, дадлага.

7.4.Дараахь зар сурталчилгааг ёс суртахуунд үл нийцсэнд тооцно:

7.4.1.бусдын бүтээгдэхүүнийг гутаан доромжилсон;

7.4.2.Монгол Улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон;

7.4.3.төрийн тусгай алба хаагчийн дүрэмт хувцас, билэгдлийг дүрмийн бус, гаж хэлбэрээр ашигласан;

7.4.4.үндэсний болон түүх, соёлын үнэт зүйлсийн бүртгэлд орсон урлагийн бүтээлийг гутаан доромжилсон;

7.4.5.үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан;

7.4.6.хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн.

7.5.Энэ хуулийн 6.1-д заасныг зөрчсөн, хэрэглэгчийн ухамсарт шууд бусаар нөлөөлөх зар сурталчилгааг далд зар сурталчилгаа гэж тооцно.

7.6.Шүүх энэ хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн энэ хуулийн 7 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр зар сурталчилгааг хууль бус гэж тооцож болно.

7.7.Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно.

Хэвлэх


  ГУРАВДУГААР БҮЛЭГ  
Зар сурталчилгаанд тавих тусгай шаардлага

8 дугаар зүйл. Тээврийн хэрэгслээр түгээх зар сурталчилгаа

8.1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эсхүл түүний нэрийн өмнөөс эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр автотээврийн хэрэгсэл ашиглан зар сурталчилгааг түгээж болно.

8.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албатай тохиролцсоны үндсэн дээр тээврийн хэрэгслээр зар сурталчилгаа түгээхэд тавих аюулгүйн ажиллагааны болон стандартын шаардлагыг тогтоож болно.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Гадна зар сурталчилгаа

9.1.Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулахад тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна.

9.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох улсын хяналтын албаны саналыг үндэслэн гадна зар сурталчилгааг байрлуулахад тавих аюулгүй ажиллагааны болон стандартын шаардлагыг тогтоож болно.

9.3.Гадна зар сурталчилгаа нь замын хөдөлгөөн зохицуулах дохио, тэмдэг, тэмдэглэлтэй төстэй байх, тэдгээрийг халхлах, далдлах болон бусад хэлбэрээр замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

9.4.Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно.

9.5.Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр байрлуулсан зар сурталчилгааны төлбөрийг тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулна.

9.6.Хуулийн этгээдийг татан буулгах ажлыг гүйцэтгэх этгээд тухайн хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааг түгээсэн хэрэгслийг хураах ажлыг зохион байгуулна.

Хэвлэх

10 дугаар зүйл. Харилцуур утасны болон бусад лавлахаар түгээх зар сурталчилгаа

10.1.Харилцуур утасны лавлахаар үйлчлүүлэгчид зориулж мэдээ, лавлагаагаар үйлчилсний дараа зар сурталчилгаа нэвтрүүлж болно.

10.2.Төлбөртэй харилцуур утасны болон бусад лавлахаар зар сурталчилгааг гагцхүү үйлчлүүлэгч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд нэвтрүүлж болно.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Радио, телевизээр түгээх зар сурталчилгаа

11.1.Уран сайхны болон баримтат кино, радио жүжгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ зохиогч, эсхүл зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрлийг авсан байна.

11.2.Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлж болно.

11.3.Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

11.4.Сургалтын нэвтрүүлгийн дундуур зөвхөн сургалттай холбоотой бөгөөд 5 минутаас илүүгүй хугацаанд 30 секундээс дээшгүй үргэлжлэх зар сурталчилгааг нэвтрүүлж болно.

11.5.Үргэлжлэх хугацаа нь 20 минутаас дээшгүй нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

11.6.Орон нутгийн цагаар 22 цагаас 6 цаг хүртэл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нэвтрүүлж болно.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

12 дугаар зүйл.Интернэтээр түгээх зар сурталчилгаа.

12.1.Зар сурталчилгаа түгээгч нь бусдын эзэмшилд байгаа интернэтийн хуудсанд өөрийн зар сурталчилгаагаа зөвшөөрөлгүй байрлуулахыг хориглоно.

12.2.Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна.

12.3.Хэрэв тухайн зар сурталчилгааг байрлуулсан хаягаар ороход тусгай төлбөр авдаг бол энэ талаархи санамжийг тухайн хаягаар орохоос өмнө хэрэглэгчид харагдахуйцаар байрлуулсан байна.

Хэвлэх

 13 дугаар зүйл.Эрүүл мэндийн салбар дахь зар сурталчилгаа

13.1.Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно.

13.2.Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна.

13.3.Эмийг сурталчлахдаа тэдгээрийг хэрэглэх заавартай танилцахыг заавал сануулна.

13.4.Эм, эмийн зүйлс (цаашид “эм” гэх)-ийн зар сурталчилгаанд дараахь зүйлийг хориглоно:

13.4.1.улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах;

13.4.2.зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг эмийн сан, бусад нөхцөлд борлуулахаар сурталчлах;

13.4.3.тухайн эмийн гаж үйлчлэл, хориглох заалтыг нуун далдлах зорилгоор сурталчлах;

13.4.4.тухайн эмийн үйлчлэлийн талаар урьдчилсан баталгаа гаргах;

13.4.5.эмийн ерөнхий нэршилгүй, зөвхөн худалдааны нэршлээр сурталчлах;

13.5.Аймаг, нийслэлийн хүн, мал эмнэлгийн удирдах болон мэргэжлийн байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй эм хангамжийн байгууллага (эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан)-ыг сурталчлахыг хориглоно.

13.6.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эрүүл мэндийн байгууллага, эмчлэх эрхгүй мэргэжилтэн, эрх, зөвшөөрөл аваагүй буюу баталгаажаагүй эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлахыг хориглоно

13.7.Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана.

13.8.Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Байгаль орчны салбар дахь зар сурталчилгаа

14.1.Нэн ховор, ховор ургамал, амьтны жагсаалтад орсон болон тэдгээрийн үндэс, иш, мөчир, навч, бугын цусан эвэр, чив, засаа, согооны сүүл, сав, хүдрийн заар, баавгайн доньд зэрэг эрхтэнийг бэлтгэх, худалдах, худалдан авах тухай зар сурталчилгааг хориглоно.

14.2.Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаанд агнах, бэлтгэхийг хориглосон амьтан, ургамлын эд эрхтэн, түүхий эдийг худалдах, худалдан авах тухай зар сурталчилгаа явуулахыг хориглоно.

Хэвлэх

141 дүгээр зүйл.Хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа

141.1.Нийтийн хэвлэл захиалгад орсон сонин, сэтгүүл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг дор дурдсан нөхцөлөөр нийтэлж болно:

141.1.1.өдөр тутмын сонин нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр

долоо хоногт 1 удаа;

141.1.2.энэ хуулийн 14.1.1-д зааснаас бусад сонин нэг удаагийн дугаарын хэвлэлийн нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр сард 1 удаа;

141.1.3.сэтгүүл нэг удаагийн дугаарын нэг нүүрнээс хэтрэхгүй хэмжээгээр сард 1 удаа.

141.2. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу интернэтээр түгээж болно.

141.3. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй бөгөөд уг зар сурталчилгаанд “Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой” гэсэн санамж, анхааруулгыг заавал хэрэглэсэн байна.

141.4. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архийг үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгж нь нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, дэмжих зорилгоор ивээн тэтгэсэн, санхүүжүүлсэн, хандив өгсөн бол уг арга хэмжээг зохион байгуулж байгаа газарт тухайн бүтээгдэхүүнээ сурталчилсан ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад сурталчилгааны хэрэгслийг байрлуулж болно.

/Дээрх 141 дүгээр зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

15 дугаар зүйл. Нийгмийн зар сурталчилгаа

15.1.Иргэн, хуулийн этгээдээс нийтийн болон улсын эрх ашигт нийцсэн ашиг тустай үйлс, иргэдэд хог хаягдлын талаар боловсрол олгохыг дэмжин тэтгэх зорилгоор зар сурталчилгааг бүтээх, түгээх, эсхүл өөрийн хөрөнгийг энэхүү зар сурталчилгааг бүтээх, түгээхэд зориулан бусдад хариу төлбөргүйгээр шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг нийгмийн зар сурталчилгаанд хамааруулж, хууль тогтоомжид заасны дагуу хөнгөлөлт үзүүлж  болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

16 дугаар зүйл. Зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд хүүхдийн эрхийг хамгаалах

16.1.Зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд дараахь зүйлийг хориглоно:

16.1.1.эцэг, эх, асран хүмүүжүүлэгчийн нэр хүндийг бууруулах;

16.1.2.тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахыг эцэг, эх болон бусад этгээдээс шаардахыг хүүхдэд шууд зөвлөх, ухуулах, бусад хэлбэрээр нөлөөлөх;

16.1.3.тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан, эсхүл аваагүйгээс бусад хүүхдээс давуутай буюу дор байдалд орно гэсэн ойлголтыг хүүхдэд бий болгох;

16.1.4.хүүхдийг аюултай орон зай, нөхцөл байдалд дүрсэлсэн дүрс, дуу авиа, эсхүл үг хэллэгийг зар сурталчилгаанд ашиглах;

16.1.5.тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын төвшинг бууруулж буюу өсгөж сурталчлах:

16.1.6 бүтээгдэхүүний үнийн талаар буруу ойлголт хүүхдэд бий болгох.

16.1.7.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.8-д зааснаас бусад нялх, балчир хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн хүнс болон хооллох хэрэгслийг сурталчлах;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.1.8.чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулах.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

17 дугаар зүйл. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйл ажиллагаа, үнэт цаасны зар сурталчилгаа

17.1.Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаа нь тухайн банкны төлбөрийн чадварын болон банкны хуулиар заагдсан бусад үзүүлэлтүүдэд үндэслэсэн, үнэн зөв байна. Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаанд мөнгөн хадгаламжийн гэрээний гол нөхцлүүдийн талаар заавал мэдээлнэ.

17.2.Хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд болон үнэт цаас гаргагч, банк, санхүү, даатгалын болон бусдын мөнгөн хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахтай холбоотой бусад үйлчилгээ, үйл ажиллагаа, түүнчлэн үнэт цаасны зар сурталчилгааг бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээхэд дараахь зүйлийг хориглоно:

/Энэ хэсэгт 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.2.1.сурталчилж буй бүтээгдэхүүнд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах;

17.2.2.нэрийн үнэт цаасны төрөлд хамаарах энгийн хувьцаанд төлөх ногдол ашгийн тодорхой хувь хэмжээг заах;

17.2.3.үнэт цаасны танилцуулгад Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан, дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй буюу бүртгэхээс татгалзсан, түүнчлэн бүртгэлийг хүчингүй болгосон үнэт цаасыг нийтэд сурталчилсан;

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 17.2.4.үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны үр дүнд олох ашиг, үнэт цаасны ногдол ашиг, өгөөжийн талаар үндэслэлгүй таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх.

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.2.5.зохих журмын дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх эрх, эсхүл зөвшөөрлийг авахгүйгээр буюу хуулиар хориглосон төрөл, хэлбэрээр санхүүгийн үйлчилгээг үзүүлэх тухай сурталчилах.

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ  
Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчийн эрх, үүрэг

18 дугаар зүйл. Зар сурталчилгааны төлбөр

18.1.Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авахыг хориглоно.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Ивээн тэтгэгчийн зар сурталчилгаа

19.1. Ивээн тэтгэгч нь гэрээний үндсэн дээр зар сурталчилгаа түгээгчид эд хөрөнгө шилжүүлэх, оюуны үнэт зүйл ашиглуулах, ажил гүйцэтгэх зэргээр үйл ажиллагаанд нь хандив өргөн (ивээн тэтгэж) өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно.

19.2. Энэ хуулийн 19.1-д заасны дагуу өргөсөн хандив нь зар сурталчилгааны төлбөрт тооцогдоно.

19.3. Ивээн тэтгэгч зар сурталчилгаа түгээгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

Хэвлэх

20 дугаар зүйл. Зар сурталчилгаатай холбоотой баримтыг хадгалах

20.1.Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч зар сурталчилгаатай холбоотой баримт болон тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Зар сурталчилгаанд хамаарах мэдээллийг шаардах

21.1.Зар сурталчилгаа бүтээгч, түгээгч тухайн зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг зар сурталчилгаа захиалагчаас шаардах эрхтэй.

21.2.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны хувьд зар сурталчилгаа захиалагч нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулахдаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг үзүүлэх үүрэгтэй.

21.3.Зар сурталчилгаа бүтээгч, түгээгч нь энэ хуулийн 21.2-т заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ буюу зохих ёсоор баталгаажсан баримт үзүүлэхийг шаардах эрхтэй.

21.4.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах нотлох баримт, тайлбар, видео болон аудио бичлэг, бусад мэдээллийг зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчээс шаардан авах эрхтэй.

21.5.Энэ зүйлд заасны дагуу зар сурталчилгаа бүтээгч, түгээгчийн талаар мэдээлэлтэй болсон этгээд тэдгээрийн нууцыг хууль тогтоомжид заасны дагуу хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

21.6.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу шаардсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй бол зар сурталчилгаа бүтээгч, түгээгч холбогдох гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг захиалагчаас шаардах эрхтэй.

Хэвлэх

22 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж болох нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэх

22.1.Зар сурталчилгаа бүтээгч нь зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу урьдчилан мэдээлсэн боловч зар сурталчилгаа захиалагч өөрийн захиалга, даалгаврыг өөрчлөөгүй тохиолдолд зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа бэлтгэхээс татгалзах үүрэгтэй.

Хэвлэх

23 дугаар зүйл. Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд хувь хүн, хуулийн этгээдийн оролцоо

23.1.Зар сурталчилгаанд хувь хүн, түүний нэр, алдар хүнд, амьдрал ахуй, эд хөрөнгө, уран бүтээлийг үзүүлэх, дүрслэх, хэлсэн үгнээс нь ишлэл татах болон бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хүн, эсхүл өв залгамжлагч, эрх залгамжлагчийн зөвшөөрлийг урьдчилан авна.

 23.2.Нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад энэ хуулийн 23.1-дэх хэсгийн заалт нэгэн адил хамаарна.

Хэвлэх


  ТАВДУГААР БҮЛЭГ  
Зар сурталчилгааг хянах, зохицуулах

24 дүгээр зүйл.Төрөөс зар сурталчилгаанд тавих хяналт

24.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.2.Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зар сурталчилгаанд тавих хяналттай холбогдуулан дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.2.1.зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

24.2.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг тогтоож, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

24.2.3.хууль бус зар сурталчилгаанаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.

24.3.Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.3.1.өөрийн санаачилгаар, эсхүл бусад этгээдээс ирүүлсэн санал, хүсэлт, шаардлага, мэдээллийг судалсны үндсэн дээр зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээх ажилд шалгалт хийх;

24.3.2.тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зар сурталчилгаанд хяналт тавих орон нутгийн байгууллага, албан тушаалтныг арга зүйн удирдлагаар хангаж;

24.3.3.зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд баримтлах зөвлөмж, гэрээний үлгэрчилсэн загварыг батлах;

24.3.4.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл цуцлах саналыг уг зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллагад тавих;

 24.3.5.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах;

 24.3.6.тухайн зар сурталчилгаа хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэхийг тогтоох, түүнийг бүтээх, түгээхийг түдгэлзүүлэх, зөрчлийг арилгахыг шаардах.

 24.3.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

 24.4.Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагч, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.4.1.зар сурталчилгааг хуульд заасан шаардлагад нийцүүлэхийг шаардах;

24.4.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх;

24.4.3.илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

24.4.4.хууль тогтоомж зөрчсөн зар сурталчилгааг түгээхийг зогсоох;

24.4.5.зар сурталчилгааны тухай хууль зөрчигчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.4.6. хуульд заасан бусад эрх, үүрэг.

24.5.Тухайн орон нутгийн хэмжээнд мэдээлэл тараадаг мэдээлэх хэрэгслээр түгээсэн зар сурталчилгаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний томилсон байцаагч хяналт тавих бөгөөд энэ хуулийн 24.4-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

24.6.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд эм, био бэлдмэл, эрүүл ахуй, байгаль орчин, чанар, стандартчилал, барилга, тээвэр, гааль, татвар, худалдаа, үйлчилгээ зэрэг мэргэжлийн хяналтын алба, нутгийн захиргааны байгууллага, түүнчлэн энэ хуулийн 6.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага тус тусын чиг үүргийн дагуу хяналт тавих, бүрэн эрхийнхээ хүрээнд арга хэмжээ авах үүрэгтэй.

24.7.Энэ хуулийн 24.6-д заасан хяналтын алба, байгууллага нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээллийг тодорхой үндэслэл, саналын хамт зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад шуурхай ирүүлэх үүрэгтэй.

Хэвлэх

 25 дугаар зүйл. Зар сурталчилгаанд тавих олон нийтийн хяналт

 25.1.Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болон түүнтэй холбоотой мэдээллийг тодорхой үндэслэл, саналын хамт эрх бүхий байгууллагад тавих, шаардлагатай бол мэдээлэх хэрэгслээр нийтийг сэрэмжлүүлж болно.

 25.2.Хэрэглэгчийн эрх ашиг, түүнчлэн зар сурталчилгаа бүтээх, түгээх үйл ажиллагаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага зар сурталчилгаанд хяналт тавих чиглэлээр дараахь эрх эдэлнэ:

 25.2.1.хэрэглэгчийн нэрийн өмнөөс зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах;

 25.2.2.тухайн зар сурталчилгаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж буй эсэх талаар зөвлөмж гаргах;

 25.2.3.зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчид зар сурталчилгаатай холбогдох санал тавих, зөвлөмж өгөх.

 25.3.Зар сурталчилгааны хяналттай холбоотой тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн улсын төсвөөс санхүүжүүлж болно.

Хэвлэх

26 дугаар зүйл. Зар сурталчилгаанд тавих хамтын хяналт.

 26.1.Оюуны өмчийн улсын хяналтын алба энэ хуулийн 24.6, 25 дугаар зүйлд заасан этгээдтэй харилцан мэдээлэл солилцох, шаардлагатай хяналт, шалгалт, судалгаа хамтран явуулах зэргээр ажиллаж болно.

Хэвлэх

27 дүгээр зүйл. Зар сурталчилгааны хяналтын байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах

 27.1.Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааг зөвшөөрөөгүй этгээд зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллагын даргад гомдол гаргана.

 27.2.Оюуны өмчийн улсын хяналтын албаны дарга гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл өдрөөр сунгаж болно.

 27.3.Гомдол гаргах, хүлээн авах, хянах, шийдвэрлэхэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтална.

Хэвлэх

28 дугаар зүйл. Зар сурталчилгааны хяналтын албаны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол, нэхэмжлэл гаргах

28.1.Энэ хуулийн 25.1, 27.1-д заасан этгээд Оюуны өмчийн улсын хяналтын албаны шийдвэр, үйл ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж болно.

28.2.Энэ хуулийн 27.1, 28.1-д заасны дагуу нэхэмжлэл, гомдол гаргасан нь хариуцлага хүлээлгэх болон Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх