Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Малчдаас ноолуур худалдан авах...)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Малчдаас ноолуур худалдан авах...)


2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 260



“Мах, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай“ Улсын Их Хурлын 2008 оны 51 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Малчдаас зах зээлд борлуулаагүй монгол ямааны ноолуурын үлдэгдлийн талаархи мэдээг сум бүрээр гаргаж 2008 оны 6 дугаар сарын 25-ны дотор Үйлдвэр, худалдааны яаманд ирүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Малчдаас ноолуур худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, ноолуурын зах зээлийн үнийг тогтворжуулахад хяналт тавих комиссыг нутгийн захиргааны үйлдвэрлэгч байгууллага, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч, малчдын төлөөлөлтэйгээр аймаг бүрт байгуулан ажиллуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


4. Монгол ямааны ноолуурын чанар, зэрэглэлийг харгалзан нэг килограммыг нь 30000-32000 мянган төгрөгөөр малчдаас худалдан авах үйл ажиллагааг шалгарсан үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран нэн даруй эхлүүлж 2008 оны 8 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


5. Сонгон шалгарсан үндэсний аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгөөр тааламжтай нөхцөлөөр хангахад чиглэсэн гурван талт санамж бичгийг Монголын банкуудын холбоо, Монголын ноос, ноолуурын холбоотой зөвшилцөн байгуулж ажиллах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарт даалгасугай.


6. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                               С.БАЯР


Сангийн сайд                                                                                                                                          Ч.УЛААН


Үйлдвэр, худалдааны сайд                                                                                                                   Х.НАРАНХҮҮ