A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2016 оны 240-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 247

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.2.2, 4.2.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүс, хяналтын бүс, шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүс тогтоох, уг бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, аймгийг шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүсэд, Архангай, Булган, Өвөрхангай, Орхон аймгууд, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумдыг хяналтын бүсэд, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Төв аймаг, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэрвэй сумаас бусад сумд, Улаанбаатар хотыг шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүсэд тус тус хамруулсугай.

3. Бусад бүсээс мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүсэд нэвтрэхээс сэргийлэх зорилгоор Завхан, Архангай аймгийн зааг "Солонготын даваа", Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Гуртын гүүр", Төв аймгийн Лүн сумын "Гүүрний ам"-нд хяналтын цэг тус тус байгуулахыг Булган, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Хяналтын цэг байгуулахтай холбогдон гарах зардлыг 2011 оны төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.

5. Дээрх бүсүүд болон хяналтын цэгт мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардлыг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Дамдиндорж нарт тус тус үүрэг болгосугай.

6. Шүлхий өвчнийг устгах талаар авч байгаа арга хэмжээний ач холбогдлыг малчдад сурталчилж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгэрүүлэх ажлыг зохион байгуулахад хариуцлагагүй хандаж цаг хугацаа алдах явдлыг бүх шатанд таслан зогсоох талаар холбогдох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.