Хэвлэх DOC Татаж авах
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ

/Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 05 дугаар сарын 16-ны өдөрУлаанбаатар хот     ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ  


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ  
Нийтлэг үндэслэл  

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын зэвсэгт хүчин, түүний чиг үүрэг, байгуулалтын үндэс, бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт, зэвсэгт хүчний талаархи төрийн байгууллага, албан тушаалтны болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

 2 дугаар зүйл. Зэвсэгт хүчний тухай хууль тогтоомж

2.1. Зэвсэгт хүчний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах тухай хууль, Төрийн цэргийн бодлого, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Монгол Улсын зэвсэгт хүчин

            3.1. Монгол Улсын зэвсэгт хүчин нь улс орныг цэргийн хүчээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллагуудын тогтолцоо мөн.

            3.2. Зэсвэгт хүчнийг Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний  чиг үүрэг

            4.1. Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах явдал мөн.

           

4.2. Зэвсэгт хүчин энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зэвсэгт хүчний үндсэн чиг үүргээс гадна тайван цагт дараахь үүрэг хүлээнэ:

4.2.1. эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах;

4.2.2. улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих;

4.2.3. гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио, цээрийн дэглэмийг сахиулахад туслах;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.2.4. дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх;

4.2.5. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад дэмжлэг үзүүлэх;

4.2.6. улсын онц чухал обьектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

4.2.7. хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

4.2.8. энхийг дэмжих ажиллагаанд оролцох;

/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.2.9. аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.2.10. хуулиар тогтоосон бусад үүрэг гүйцэтгэх.

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

            4.3. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрөл, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно.

Хэвлэх

5 дугаар зүйл. Зэвсэгт хүчний байгуулалтын үндэс, зарчим

            5.1. Зэвсэгт хүчний байгуулалтын үндэс нь төрийн хууль тогтоомж,  Төрийн цэргийн бодлогоор тодорхойлогдоно.

            5.2. Зэвсэгт хүчний байгуулалт нь дараахь зарчимд тулгуурлана:

                        5.2.1. зэвсэгт хүчин нь иргэний хяналтад байх;

5.2.2. зэвсэгт хүчнийг төрөөс удирдах;

5.2.3. зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь түүний тайван цагт болон дайны байдлын үед гүйцэтгэх үүрэгт зохицсон байх;

                        5.2.4. зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх;

5.2.5. зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг төрөөс баталгаажуулах;

5.2.6. зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэрэг татлагаар болон гэрээгээр сайн дурын үндсэн дээр нөхөн хангах;

                        5.2.7. цэргийн албан хаагч бүр цэргийн мэргэжилд заавал сурах;

5.2.8. хууль дээдлэх, чанд сахилга, өндөр зохион байгуулалттай байх;

                        5.2.9. төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах;

                        5.2.10. зэвсэгт хүчин нэгдмэл байх.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ  
Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт,

бие бүрэлдэхүүн

6 дугаар зүйл. Зэвсэгт хүчний бүтэц

            6.1. /Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            6.2. Тайван цагт ерөнхий зориулалтын, хилийн цэрэг мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулна.

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            6.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллага хууль бусаар байгуулахыг хориглоно.

Хэвлэх

            7 дугаар зүйл. Зэвсэгт хүчний зохион байгуулалт

             

            7.1. Зэвсэгт хүчин нь зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн штабууд, төрөл, мэргэжлийн цэргийн болон барилга инженер, ар тал, техникийн нэгтгэл, ангиуд, цэргийн сургууль, сургалт-эрдэм шинжилгээ, соёл, урлаг, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, аж ахуй, үйлчилгээний байгууллагатай байна.

/Энэ хэсэгт 2010 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            7.2. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нь тайван цагт бүрэн, хураангуй, нэн хураангуй зохион байгуулалттай байж  болно.

            7.3. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын тайван цагийн болон дайны байдлын үеийн орон тоо, зохион байгуулалтыг зэвсэгт хүчний Жанжин штаб тогтооно.

            7.4.Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар ажиллана.

/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            8 дугаар зүйл. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн

            8.1. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь цэргийн албан хаагч болон цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсадаас бүрдэнэ.

            8.2. Цэргийн алба хаахтай холбогдсон харилцаа, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар зохицуулна.

            8.3. Цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн байршил

            9.1. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн байршлыг Засгийн газар тогтооно.

           

9.2. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагад тэдний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах газрыг тусгай зориулалтаар олгоно.

           

9.3. Зэвсэгт хүчний тусгай хэрэгцээний газрыг бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ  
Зэвсэгт хүчний удирдлага  

10 дугаар зүйл. Зэвсэгт хүчний удирдлага

            10.1. Зэвсэгт хүчний удирдлага нь ерөнхий болон цэргийн мэргэжлийн удирдлагаас бүрдэнэ.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний ерөнхий удирдлага

11.1. Зэвсэгт хүчний ерөнхий удирдлагыг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж, иргэний хяналт тавина.

11.2. Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт нь төрийн хууль тогтоомжийн биелэлт,  зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн удирдлагын үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалтыг нээлттэй, ил тод хянах үйл ажиллагаа мөн.

Хэвлэх

12 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

12.1. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            12.1.1. зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;

                        12.1.2. зэвсэгт хүчинд тайван цагт алба хаах цэргийн албан хаагчийн тооны дээд хязгаарыг Засгийн газрын саналыг үндэслэн тогтоох;

                        12.1.3.онц байдлын үеийн зэвсэгт хүчний гүйцэтгэх үүргийг тодорхойлох;

            12.1.4. зэвсэгт хүчний анги, салбарыг энхийг сахиулах олон улсын хамтын ажиллагаанд оролцуулах шийдвэр гаргах;

/Энэ заалтыг 2010 оны 05 дугаар сарын 20-ны өрдийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

           

            12.1.5. цэргийн тангарагийг батлах;

            12.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

13 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

13.1. Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1. зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвчийг батлах;

13.1.2. зэвсэгт хүчнийг дайнд ашиглах төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын дээд зэргүүдэд шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах;

13.1.3. зэвсэгт хүчнийг дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлэх шийдвэр гаргах;

13.1.4. зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг батлах;

13.1.5. зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг батлах;

13.1.6. зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох;

13.1.7. улсын хил, онц чухал обьектын хамгаалалтад ерөнхий зориулалтын цэргээр дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах;

13.1.8. зэвсэгт хүчний анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох;

13.1.9. хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

14.1. Монгол Улсын Засгийн газар Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1. зэвсэгт хүчинд тайван цагт алба хаах цэргийн албан хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

14.1.2. жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, дайчилгааны сургууль, цугларалтад оролцуулах хүний тоо, цэрэг татлага явуулах хугацааг зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн тогтоох;

14.1.3. цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд бусад улсын Засгийн газартай гэрээ байгуулах;

14.1.4. зэвсэгт хүчнийг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах арга хэмжээ авах;

14.1.5. гадаад улсаас авах цэргийн зэвсэг, байлдааны техникийн төрөл, тоог тогтоох, Улсын Их Хурлын зөвшөөрснөөр санхүүжүүлэх;

14.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

15 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын 

                            гишүүний бүрэн эрх

15.1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Батлан хамгаалах тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1. зэвсэгт хүчний байгуулалтын нийгэм, эдийн засаг, эрх зүйн үндсийг хангах бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.1.2. зэвсэгт хүчнийг бэхжүүлэх саналыг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах, зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх;

15.1.3. ерөнхий зориулалтын цэргийн зэвсэг, техник, материал хэрэгслээр нөхөн хангах ажлыг зохион байгуулах;

15.1.4. ерөнхий зориулалтын цэргийн зэвсэг, техникийг шинэчлэн сайжруулах саналыг Засгийн газарт өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх;

15.1.5. ерөнхий зориулалтын цэргийн батлагдсан төсвийн ангилал хооронд зохицуулалт хийх;

15.1.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх;

15.1.7. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах талаар баримтлах бодлогын үндсийг тодорхойлох, үйл ажиллагааг нь улсын хэмжээнд удирдан чиглүүлэх.

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

16 дугаар зүйл. Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн удирдлага

16.1. Зэвсэгт хүчний Жанжин штаб нь улс орныг цэргийн хүчээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллагуудыг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага мөн.

16.2. Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн удирдлагыг зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн болон төрөл мэргэжлийн цэргийн дарга, штабууд, нэгтгэл, ангийн захирагч, штаб, аймаг, нийслэл, сум, дүүргийн цэргийн штабууд тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлнэ.

16.3. Тайван цагт ерөнхий зориулалтын, хилийн цэргийн харилцан ажиллагааг зэвсэгт хүчний Жанжин штаб, хилийн цэргийн штабууд хамтран шийдвэрлэж хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

17 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын чиг үүрэг

17.1. Зэвсэгт хүчний Жанжин штаб нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1. цэргийн бодлогыг боловсруулахад оролцож, хэрэгжүүлэх, зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах;

17.1.2. зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах, тэдгээрийг дайнд ашиглах, улсын хил халхлах болон орон нутгийн хамгаалалтын ерөнхий төлөвлөгөөнүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх бэлтгэлийг нь хангах;

17.1.3.цэргийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.1.4. ерөнхий зориулалтын цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх;

17.1.5. цэргийн алба, сургалт бэлтгэлийг зохион байгуулж, ерөнхий зориулалтын цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, байлдах чадварыг хангах;

17.1.6. ерөнхий зориулалтын цэргийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, түүнийг бэхжүүлэх болон тэдгээрийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангах талаар санал боловсруулах;

17.1.7. орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах;

17.1.8. ерөнхий зориулалтын цэргийн анги, салбарыг хил хамгаалах болон иргэний хамгаалалтын чиглэлээр томилон сургаж, ашиглах;

17.1.9. хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх журам тогтоож, биелэлтийг хянах;

17.1.10. цэрэг татах, халах ажлыг зохион байгуулах;

17.1.11. хууль тогтоомжийн хүрээнд төрийн ба байгууллагын нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах;

17.1.12. цэргийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, цэргийн урлагийг хөгжүүлэх;

17.1.13. цэргийн дайчилгааны даалгаврыг боловсруулж, биелэлтийг нь хангуулах арга хэмжээг зохион байгуулах;

17.1.14. ерөнхий зориулалтын цэргийн зэвсэг, техник, бусад материал хэрэгслээр хангах асуудлыг боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

17.1.15. цэргийн төлөвлөгөөт сургууль, дайчилгааны цугларалтын үед Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийг нөхөх олговортойгоор дайчлах ажлыг зохион байгуулах;

17.1.16. зэвсэгт хүчний бэлэн байдал, байлдах чадварт хамаарах асуудлаар Монгол Улсын хууль, бусад эрх зүйн актын төсөлд санал өгөх.

17.2. Зэвсэгт хүчний Жанжин штабын бусад эрх, зэвсэгт хүчний бүтцэд байгаа төрөл, мэргэжлийн цэргийн удирдлагатай харилцах хэм хэмжээг зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмээр тогтооно.

Хэвлэх

18 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрх

18.1. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нь цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагыг удирдаж, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлага дор ажиллана.

18.2. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.2.1. батлан хамгаалах бодлогыг боловсруулахад оролцон, цэргийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

18.2.2. зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг батлуулахаар зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх;

18.2.3. ерөнхий зориулалтын цэрэгтэй холбоотой асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэл оруулах, зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх;

18.2.4. цэргийн тагнуулын байгууллагын дүрмийг Тагнуулын ерөнхий газрын даргатай хамтарсан тушаалаар батлах;

18.2.5. ерөнхий зориулалтын цэргийн боловсон хүчнийг томилох, чөлөөлөх;

18.2.6. цэргийн бэлтгэл албаны офицер, ахлагч нарыг цэргийн жинхэнэ албанд татах;

18.2.7. ерөнхий зориулалтын цэргийн бие бүрэлдэхүүн, зэвсэг, техник, материал хэрэгслээр нөхөн хангах ажлыг удирдан зохион байгуулах;

18.2.8. зэвсэгт хүчний Жанжин штабын чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар цэргийн удирдах байгууллагууд, төрөл, мэргэжлийн цэргийн дарга, аймаг, нийслэлийн цэргийн штабуудад тушаал, үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;

18.2.9. албаа үлгэр жишээчээр хааж, цэргийн зохих мэргэжил эзэмшсэн байлдагч, түрүүчийг цэргийн албаны хугацаа дуусахаас гурав хүртэл сарын өмнө халах;

18.2.10. ерөнхий зориулалтын цэргийн төсөв, хөрөнгийг захиран зарцуулах.

18.2.11. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар нэмсэн/

18.3. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

18.4. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нь төрийн тусгай албан хаагч байна.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ  
Бусад зүйл  

            19 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний санхүүжилт

            19.1. Зэвсэгт хүчнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

           

Хэвлэх

20 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            20.1. Зэвсэгт хүчний тухай хууль тогтоомж зөрчигчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                         С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх