A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ,ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоолын 1, 3 дугаар зүйлийн "баталгаат" гэснийг "аюулгүй" гэж өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын хавсралтын нэрийг "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөр гэж өөрчлөн, хөтөлбөрт дор дурдсан агуулга бүхий дараахь заалтыг нэмсүгэй:

1/ 11 дэх хэсгийн 11.9, 11.10, 11.11 дэх заалт:

"11.9. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, тухайн аймаг, сумын хөдөө аж ахуйн эдэлбэр газарт эзлэх хувийг тогтоох, тариалангийн газрыг ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх нөхцөл, тариалангийн талбай, ургацыг малаас хамгаалах талаар холбогдох хуульд нэмэлт оруулах төсөл боловсруулах;

11.10. Тариалангийн даатгалын хэлбэр, тогтолцоог бий болгох, уул уурхайн салбараас олж байгаа орлогын тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах;

11.11. Хүнсний үйлдвэрлэлд мөрдөж байгаа стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулж батлуулах."

2/12 дахь хэсгийн 12.7, 12.8 дахь заалт:

"12.7. Хүнсний органик бүтээгдэхүүний шинэ нэр төрлийг бий болгосон, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрийг урамшуулах арга хэлбэрийн талаар судалж, санал боловсруулах.

12.8. Бордоо, бага оврын техник, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх, угсрахыг дэмжих."

3/13 дахь хэсгийн 13.7 дахь заалт:

"13.7. Газар тариалангийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн холбоог өргөтгөх."

4/ 14 дэх хэсгийн 14.7, 14.8, 14.9, 14.10 дахь заалт:

"14.7. Баруун болон зүүн бүсэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг сэргээн хөгжүүлэх, түүний дотор Халх голын бүс нутагт тариалангийн зориулалтаар ашиглаж болох атаршсан болон атар газрыг эргэлтэд оруулах зорилго бүхий "Халх гол" төслийг хэрэгжүүлэх;

14.8. Газар тариалангийн үйлдвэрлэлд байгаль орчинд халгүй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашиж хамгаалах, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

14.9. Таримал ургамлын шинэ сортыг бий болгох, нутагшуулах, сорт сорилт, судалгааны ажлыг эрчимжүүлж, үрийн чанар, хангамжийг сайжруулах, хүнсний гол нэрийн таримлын үр үржүүлэг, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг боловсронгуй болгох;

14.10. Нэг болон олон наст тэжээлийн ургамал, техникийн таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах замаар таримал тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэх, хөдөлмөрөө хоршин ажиллахыг дэмжих."

5/17 дахь хэсгийн 17.6, 17.7, 17.8 дахь заалт:

"17.6. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бүс нутаг болон бүтээгдэхүүн, үйлчилгээний салбар бүрээр тэргүүлэх чиглэлийг тогтоож хэрэгжүүлэх;

17.7. Монгол брэндийн болон органик бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ-эко маркетийг бий болгох, энэ чиглэлээр гадаад, дотоод зах зээлийн судалгаа явуулж, сурталчлах арга хэмжээ авах;

17.8. Органик бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чиглэгдсэн шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгаа, шинжилгээний ажилд нэн тэргүүнд дэмжлэг үзүүлэх."

6/18 дахь хэсгийн 18.11, 18.12 дахь заалт:

"18.11. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаа, хаяг, шошготойгоор зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах;

18.12. Хүнсний зориулалттай түүхий эд, бүтээгдэхүүнд хүнд металл, цацраг үүсгүүр, ургамал хамгааллын бодис, малын эм зэрэг бодисын үлдэгдлийн тандалт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тогтмолжуулах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах."

7/25 дахь хэсгийн 25.16 дахь заалт:

"25.16. Тариаланд шаардагдах нийт үрийн 60-80 хувийг I-III зэргийн үрээр тариалдаг болж, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 54.0 мянган га-д хүргэж, нийт ургацын 15-аас доошгүй хувийг усалгаатай талбайгаас авдаг болно."

3. Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийн 11.7 дахь заалтын "хүнсний бүтээгдэхүүн" гэсний дараа "органик хүнс," гэж, 12.2 дахь заалтын "татаас" гэсний дараа ",урамшуулал" гэж, 14.2 дахь заалтын "иргэдэд" гэсний дараа "зуны болон өвлийн хүлэмж," гэж, "санхүүгийн болон" гэсний дараа "мэргэжил," гэж, 14.6 дахь заалтын "шар буурцгийн" гэсний дараа "болон мөөг, бусад түгээмэл биш хүнс, тэжээлийн ашигт таримлын" гэж, 15.2 дахь заалтын "бий болгоход" гэсний дараа "болон сүү цуглуулах, хөргөх төв байгуулах, технологи эзэмшүүлэхэд" гэж, 17.3 дахь заалтын "хүнсний ногоо" гэсний дараа ", жимс жимсгэнэ, ургамлын тос" гэж, 18.3 дахь заалтын "үйлдвэрт хэрэглэх" гэсний дараа "цэвэр өсгөврийн хөрөнгө," гэж, 22.6 дахь заалтын "жимс жимсгэнэ" гэсний дараа "шар буурцаг," гэж, 25.11 дэх заалтын "өндөгний" гэсний өмнө "Хүнсний ногоо," гэж, 26.1 дэх заалтын "сүүний" гэсний дараа "болон төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний" гэж тус тус нэмсүгэй.

4. "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийн 9 дэх хэсэг, 7.1, 7.6, 11.4, 12.1, 14.4, 14.5, 17.4, 25.3, 25.5, 25.6 дахь заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 9 дэх хэсэг:

"9. Хөтөлбөрийн зорилго нь иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршино."

2/ 7.1 дэх заалт:

"7.1. "хүнсний аюулгүй байдал" гэж хүн ам амьдралынхаа туршид эрүүл ахуйн баталгаатай хүнсийг нийгэм, эдийн засгийн нөхцөлөөс үл хамааран жигд, тогтвортой, хүртээмжтэй хэрэглэх боломж бүрдсэн байхыг;"

3/ 7.6 дахь заалт:

"7.6. "хүнсний эрүүл ахуй" гэж хүнс бэлтгэх, боловсруулах, савлах, хадгалах, тээвэрлэх, экспортлох, импортлох, худалдах, үйлчлэх явцад хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байх нөхцөл хангагдсан байхыг;"

4/ 11.4 дэх заалт:

"11.4. Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, Монгол хүний хоол тэжээлийн физиологийн нормыг мөрдүүлэх."

5/ 12.1 дэх заалт:

"12.1. Импортоор хангаж байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эд болон хүнсний боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны болон зоорийн тоног төхөөрөмж, хүлэмж, элеватор, бордоо, ургамал хамгааллын болон хөрсний чийг хадгалагч бодисийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж, санал боловсруулах; "

6/ 14.4 дэх заалт:

"14.4. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамлын тос, өндөг, загасны хангамжийг тогтворжуулах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх."

7/ 14.5 дахь заалт:

"14.5. Тариалангийн техник шинэчлэл, усалгаатай тариалан, бордоо, ургамал хамгаалал, механикжсан зоорь, үр тарианы агуулах, зуны болон өвлийн хүлэмж, үрийн шинэчлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон урамшуулал олгох; "

8/ 17.4 дэх заалт:

"17.4. Органик хүнсний үйлдвэрлэлийг урамшуулан дэмжиж, тэдгээрийг эрх бүхий олон улсын байгууллагаар баталгаажуулах, үндэсний болон олон улсын түвшинд Монголын газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэх арга хэмжээ авах."

9/ 25.3 дахь заалт:

"25.3. Хүн амын мах, сүү, гурил, буудай, төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 80, өндөгний 65-70, цөцгийн тосны 15, загасны 15, ургамлын тосны 5-10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болсон байна."

10/ 25.5 дахь заалт:

"25.5. Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 42.0 мянган га-д хүргэж, нийт ургацын 10-аас доошгүй хувийг усалгаатай талбайгаас авдаг болно."

11/ 25.6 дахь заалт:

"25.6. Тариаланд шаардагдах нийт үрийн 30-40 хувийг I-III зэргийн үрээр тариалдаг болж, таримлын нэр төрөл, сэлгээний ээлжийн тоо нэмэгдэнэ."

5. Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийн 10.1.8 дахь заалтын "чанар, аюулгүй байдлыг" гэснийг "эрүүл ахуйн баталгааг" гэж, 10.1.10 дахь заалтын "аюулгүй байдлыг" гэснийг "эрүүл ахуйг" гэж, 10.2 дахь заалтын "аюулгүй" гэснийг "эрүүл ахуйн баталгаатай" гэж, 10.3 дахь заалтын "эрүүл ахуй, аюулгүй байдлыг" гэснийг "эрүүл ахуйн баталгааг" гэж, 11.3 дахь заалтын "эрүүл, экологийн цэвэр," гэснийг "органик," гэж, 13.2 дахь заалтын "аюулгүй байдлын" гэснийг "эрүүл ахуйн" гэж, 13.6 дахь заалтын "хангамж, тэжээллэг чанар, аюулгүй байдлын асуудлыг" гэснийг "аюулгүй байдлыг" гэж, 14.6 дахь заалтын "төсөл хэрэгжүүлж" гэснийг "зорилгоор" гэж, 18.9 дэх заалтын "Чанар, аюулгүй байдлын" гэснийг "Эрүүл ахуйн" гэж, 19.1 дэх заалтын "аюулгүй байдлын" гэснийг "эрүүл ахуйн" гэж, 22.4 дэх заалтын "аюулгүй" гэснийг "эрүүл ахуйн баталгаатай" гэж, 23.1 дэх заалтын "баримтлах бодлого" гэснийг "дэд хөтөлбөр" гэж, 24.1 дэх заалтын "баталгаат" гэснийг "аюулгүй" гэж, 24.6 дахь заалтын "баталгаат" гэснийг "аюулгүй" гэж, 26.6 дахь заалтын "аюулгүй байдлын" гэснийг "эрүүл ахуйн" гэж тус тус өөрчилсүгэй.

6. Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийн 10.1, 10.1.1 дэх заалтуудын "хангамж, чанар," гэснийг, 10.1.9, 11.5 дахь заалтуудын "чанар," гэснийг, 19.4 дэх заалтын "чанар, аюулгүй байдал" гэснийг, 24.3 дахь заалтын "бүтэц, зохион байгуулалтын" гэснийг тус тус хассугай.

7. Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийн 12.3, 12.4, 12.5, 14.3, 18.1 дэх заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

8. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан "Засгийн газрын комисс, үндэсний хороо, ажлын хэсэг, тэдгээрийн дарга" гэсэн 20 дугаар хавсралтын 48 дугаар зүйлийн "Хүнсний баталгаат байдал" гэснийг "Хүнсний аюулгүй байдал" гэж өөрчилсүгэй.

9. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоол, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаар тогтоол, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 239 дүгээр тогтоол, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 283 дугаар тогтоол, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ