A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ,ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 67

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/иргэдээс яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны бусад байгууллагад амаар, бичгээр болон цахим сүлжээгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журмыг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж 2005 оны эхний хагас жилд багтаан баталж мөрдүүлсүгэй;

б/иргэдээс амаар, бичгээр болон цахим сүлжээ, радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр, түүнчлэн тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шалгах, шийдвэрлэлтийн явцыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг нийтэд зарлан сурталчлах зэрэг ажлыг дээрх журамд тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай;

в/иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд тусгагдсан асуудлуудыг өөрийн байгууллагын хэрэгжүүлэх бодлого, авах арга хэмжээнд тусган ажилласугай;

г/төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн болон шийдвэрлүүлж хариу өгүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, мэдээлэл, танилцуулга бэлтгэн улирал, хагас жилийнхийг 4, 7, 10 дугаар сарын 10-ны дотор, жилийн эцсийнхийг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байсугай

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулахтай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (С.БАЯРЦОГТ)-т үүрэг болгосугай:

а/Засгийн газарт иргэдээс амаар, бичгээр, цахим сүлжээгээр Засгийн газрын вэб сайтад ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэн авч, судалж шийдвэрлэн хариу өгч, Засгийн газраас явуулж байгаа бодлого, шийдвэрийн талаархи ажил хэрэгч саналыг холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад байгууллагатай хамтран судалж дүгнэлт хийсний үндсэн дээр төр, засгийн бодлого, шийдвэрт тусгуулах арга хэмжээ авсугай;

б/Засгийн газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын агуулга, бүтэц, чиг хандлага, шийдвэрлэлтэд судалгаа хийж, тойм танилцуулга, мэдээлэл бэлтгэн Засгийн газрын гишүүдэд сар бүр, Засгийн газрын хуралдаанд улирал, хагас, бүтэн жилээр танилцуулан нийтэд мэдээлж байсугай;

в/иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангаж байсугай;

г/иргэдээс төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдолд тусгагдсан асуудлуудыг тухайн байгууллагаас явуулах бодлого, авах арга хэмжээнд тусгасан байдалд хяналт тавьж байсугай;

д/шийдвэрлүүлж хариу өгүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас уламжилсан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт бэлтгэн Засгийн газрын хуралдаанд улирал, хагас, бүтэн жилээр танилцуулан нийтэд мэдээлэх, мөн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт улирал тутам мэдээлж байсугай

3.Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлэн шийдвэрлүүлж, дүнг нэгтгэн улирал, хагас, бүтэн жилийн мэдээлэлд оруулж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 222 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ