Хэвлэх DOC Татаж авах
АГААРЫН  ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын агаарын зайг нисэхэд ашиглах, Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдалд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль тогтоомж

2.1.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсын агаарын зайг иргэний болон улсын нисэхэд ашиглахад үйлчилнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.”Монгол Улсын агаарын зай” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс дээшхи хийн мандлын агаарын давхрагын орон зайг;

4.1.2.”хилийн агаарын бүс” гэж улсын хилийн шугамаас дотогш 30 км-ын өргөнтэй нутаг дэвсгэр дээрх агаарын зайг;

4.1.3.“аюултай бүс” гэж тусгайлан заасан хугацаанд нислэгийн үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

4.1.4.”хязгаарлалттай бүс” гэж агаарын хөлгийн нислэгийг хязгаарлах зорилгоор тогтоосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

4.1.5.”хориотой бүс” гэж агаарын хөлгийн нислэгийг хориглосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

4.1.6.“цэргийн зориулалтын бүс” гэж цэргийн үйл ажиллагаа явуулахад зориулан тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

4.1.7.“агаарын зайн аюулгүй байдал” гэж Монгол Улсын агаарын зайн халдашгүй дархан байдлыг хөндлөнгийн, хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээг.

4.2.Энэ хуульд заасан бусад нэр томъёог Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан нэр томъёотой нэгэн адил утгаар ойлгоно.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ

5 дугаар зүйл.Агаарын зайг нисэхэд ашиглах зохицуулалт

5.1.Монгол Улсын Засгийн газраас агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журмыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавина.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан журмаар дараахь үйл ажиллагааг зохицуулна:

5.2.1.нисэхэд ашиглах агаарын зайн ангиллыг тогтоох;

5.2.2.агаарын зайн хяналт;

5.2.3.нисэхэд ашиглах агаарын зайн аюулгүй байдлыг хангах;

5.2.4.агаарын зайн ашиглалтын зохицуулалт хийх;

5.2.5.Монгол Улсын агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд зориулан ашиглуулах;

5.2.6.хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа.

5.3.Монгол Улсын агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журмын хэрэгжилтийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тусын чиг үүргийн дагуу хангана.

Хэвлэх

6 дугаар зүйл.Нисэхэд ашиглах агаарын зайг тогтоох

6.1.Иргэний нисэхэд ашиглах агаарын зайг олон улсын хэм хэмжээ, иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийцүүлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6.2.Улсын нисэхэд ашиглах агаарын зайг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6.3.Монгол Улсын агаарын зайд улсын нисэхэд ашиглах агаарын зам тогтоох, агаарын хаалгыг шинээр нээх, хаах асуудлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

6.4.Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.3-т заасны дагуу тогтоох бөгөөд уг асуудлаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авсан байна.

Хэвлэх

7 дугаар зүйл.Агаарын зайн аюулгүй байдлын хяналт

7.1.Агаарын зайн аюулгүй байдлын хяналт нь агаарын зайн зөрчлийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагаанаас бүрдэнэ.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага хэрэгжүүлнэ.

7.3.Монгол Улсын агаарын зайн зөрчлийг илрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ радиолокаци бүхий хяналтын хэрэгслээр гүйцэтгэнэ.

Хэвлэх

8 дугаар зүйл.Агаарын зайн зөрчил

8.1.Дараахь үйлдлүүдийг агаарын зайн зөрчил гэнэ:

8.1.1.нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.2.аргагүйдсэнээс бусад тохиолдолд агаарын хөлөг нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй буулт үйлдэх;

8.1.3.тогтоогдсон журмыг зөрчин Монгол Улсын агаарын хаалгаар нэвтрэх;

8.1.4.Монгол Улсын хилийн агаарын бүсэд зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.5.хориотой, хязгаарлалттай, аюултай, цэргийн зориулалтын бүсэд нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.6.агаарын хилээр орж ирсэн тагнуулын зориулалттай нисэх хэрэгслүүдийн нислэг.

8.2.Энэ хуулийн 8.1.2 дахь заалт байлдааны үүргийн нислэгт хамаарахгүй.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Нисэхэд ашиглах агаарын зайн аюулгүй байдлыг хангах

9.1.Монгол Улсын агаарын зайд цэргийн зориулалттай буудлага, дэлбэлэлт хийх, пуужин харвах зэргээр нислэгт аюул учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулахад цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага Иргэний нисэхийн ерөнхий газартай зөвшилцөнө.

9.2.Агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор байлдааны зориулалтаар пуужин харвах, буудлага үйлдэхэд энэ хуулийн 9.1 дэх заалт хамаарахгүй.

9.3.Аливаа агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх үедээ хууль бус үйлдэлд өртөж, бусдын эрхшээлд орсон тохиолдолд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1.агаарын хөлгийг булаан авч, нисэх багийг эрхшээлдээ оруулсан этгээдэд агаарын хөлгийг ойролцоох нисэх буудалд буулгахыг шаардах;

9.3.2.хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлгийн асуудлаар иргэний нисэхийн удирдлага болон нислэг хөдөлгөөний үйлчилгээний албанд үүрэг, даалгавар өгөх;

9.3.3.агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийг харьяалал харгалзахгүйгээр ойролцоох нисэх буудалд яаралтай буулгах арга хэмжээ авах;

9.3.4.аюулд нэрвэгдсэн гадаад орны агаарын хөлөгт тусламж үзүүлэх бололцоотой арга хэмжээг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу авч хэрэгжүүлэх;

9.3.5.хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөг ойролцоох нисэх буудалд осол эндэлгүй буух шаардлагыг үл хэрэгсэн нислэгээ үргэлжлүүлбэл дараагийн учирч болзошгүй уршиг, үр дагавраас сэргийлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах;

9.3.6.зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах анги, салбаруудын жижүүрлэлтийн хүч хэрэгслийг нэмэгдүүлэх.

Хэвлэх

10 дугаар зүйл.Дайны байдлын үеийн зохицуулалт

10.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дайны байдал зарласан үед нисэх хэрэгслийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчний мэдэлд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг Дайчилгааны тухай хуулиар зохицуулна.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

11 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

11.1.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дор дурдсан хариуцлагыг хүлээлгэнэ:

11.1.1.агаарын зайг нисэхэд ашиглах журмыг зөрчсөн албан тушаалтныг 50000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр тус тус торгох;

11.1.2.агаарын зайн хяналтын үед илэрсэн зөрчлийг таслан зогсоох ажиллагааг хэтрүүлэн хэрэгжүүлснээс бусдад хохирол учруулсан бол гэм буруутай албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгох;

11.1.3.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан агаарын хөлгийн багийн даргыг 50000-60000 төгрөгөөр торгох.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

11.1.Энэ хуулийн 5.2, 8.1-д заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

11.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР