A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2004 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Дорноговь аймгийн зарим сумдын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ, Айраг сумын нутаг дэвсгэрт 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хорио цээрийн онцгой дэглэм тогтоон нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй /1 дэх хэсгийг ЗГ-ын 2004-69-р хүчингүйд тооцсон/

2. Дорноговь аймгийн Сайншанд, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Эрдэнэ, Сайхандулаан, Улаанбадрах, Замын-Үүд; Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо, Сүмбэр, Баянтал; Хэнтий аймгийн Галшар, Дархан, Дундговь аймгийн Өндөршил, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумдын нутаг дэвсгэрт 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй. /2 дахь хэсгийг ЗГ-ын 2004-90-р хүчингүйд тооцсон/

3. Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт даалгах нь:

а/гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн сумдад хорио цээрийн онцгой дэглэмийг чанд мөрдүүлэх замаар шүлхий өвчний тархалтыг таслан зогсоох, сэргийлэх, голомтыг устгахад чиглэгдсэн удирдлага, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

б/хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт иргэд, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсугай;

в/хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон нутагт орох, гарах гол зам дээр шалган нэвтрүүлэх пост, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг зохих заавар, журмын дагуу байгуулан ажиллуулсугай;

г/шүлхий өвчний ил шинж тэмдэг илэрсэн мал, амьтан, бохирдсон бүтээгдэхүүн, түүхий эдийг устгах, халдварын голомтод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг зохих журмын дагуу шуурхай хэрэгжүүлсүгэй;

д/мал сүргийг байнгын хариулга маллагаатай болгон эмнэл зүйн үзлэгийг 2004 оны 2 дугаар сарын 18-ны дотор хийж өвчний сэжиг илэрсэн тохиолдолд шуурхай штабт мэдээлж халдвар тархахаас хамгаалах арга хэмжээг тухай бүр авсугай;

е/гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлсэн нутаг дэвсгэрт уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн арга хэмжээний тухай мэдээллийг иргэдэд хүргэн таниулах ажлыг зохион байгуулсугай;

ж/хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэм тогтоосон сум, багийн холбоог 24 цагийн ажиллагаанд оруулж, шуурхай штабтай байнгын холбоотой ажиллуулах арга хэмжээ авсугай.

4. Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймгийн Засаг дарга нарт даалгах нь:

а/энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан хязгаарлалтын дэглэм тогтоосон сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн зохих дэглэмийг мөрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажилласугай;

б/мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг үндэслэн хязгаарлалтын дэглэм бүхий нутгийн зааг, уг бүсэд орох, түүнээс гарах, дамжин өнгөрөх цэг, зурвасыг нарийвчлан тогтоож, анхааруулсан тэмдэг, дохио, санамж тавиулах, харуул хамгаалалт гарган ажиллуулах, иргэд, бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, журамлах арга хэмжээ авсугай;

в/гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд 2004 оны 2 дугаар сарын 17-ны дотор тодотгол хийж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах арга хэмжээ авсугай;

г/малын гоц халдварт өвчин гарсан үед шуурхай штаб дэлгэх, шаардагдах эм, ариутгалын бодисыг нөөцлөх, ажиллах хүч, хэрэгслийг томилгоожуулах ажлыг зохион байгуулсугай.

5. Нийслэл, аймгийн төв болон экспортод бүтээгдэхүүн нийлүүлдэг суурин газрын шүлхийгээр өвчлөмтгий мал, гэрийн тэжээвэр амьтныг вакцинжуулан, мал эмнэлэг, ариун цэвэр, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авах, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгахыг Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Төв аймаг болон нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжсэн аймгуудад шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, холбогдох арга хэмжээг иж бүрнээр авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ цагийн байдлын талаар Засгийн газарт тогтмол мэдээлж байхыг Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга П.Дашид даалгасугай.

7. Шүлхий өвчинтэй тэмцэх мэргэжил, арга зүйн удирдлага, шаардагдах вакцин, зүү, тариураар хангаж ажиллах, оношилгоог баталгаажуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

8. Шүлхий өвчнөөр өвчлөмтгий ан амьтны байршил, хөдөлгөөнд тандалт хийж, өвчний сэжиг илэрсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн болон нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

9. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлсэн аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг чандлан сахиулж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн чанар, хэрэгжилтийн байдалд хяналт тавьж шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатарт даалгасугай.

10. Шүлхий өвчний тархалтаас сэргийлэх арга хэмжээ болон вакцинжуулалтад шаардагдах хөрөнгийн эхний ээлжийн 1760.5 (нэг тэрбум долоон зуун жаран сая таван мянган) сая төгрөгийн 1300.0 (нэг тэрбум гурван зуун сая) сая төгрөгийг улсын төсвөөс, 460.5 (дөрвөн зуун жаран сая таван зуун мянган) сая төгрөгийг эрсдэлийн сангаас санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

11. Халдварын голомтод хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан шүлхийн вакцин, оношлуурыг шуурхай нийлүүлэх болон шуурхай штабын зардлын тооцоог хянан шийдвэрлүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга П.Даш нарт даалгасугай.

12. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгах нь:

а/хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа улсын чанартай авто болон төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад авч, шалган нэвтрүүлэх пост, халдварын голомт бүхий бүс нутгаас гарах зорчигч, авто тээврийн хэрэгслийг шуурхай штабын зөвшөөрөл, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай баримтыг үндэслэн нэвтрүүлж байх арга хэмжээ авсугай;

б/ хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс нутагт нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсугай.

13. Хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт харуул хамгаалалт гаргах, өвчтэй мал, зээрийг устгах, үхсэн мал, амьтны сэг, зэмийг зааврын дагуу булшлах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчнээс шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг гарган ажиллуулах асуудлаар санал боловсруулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид тавьж шийдвэрлүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаад даалгасугай.

14. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эм, бэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх, хүн амыг мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад даалгасугай.

15. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын хөдөлгөөнд зохицуулалт хийж Дорноговь аймгийн Айраг, Өргөн, Эрдэнэ сумын төмөр замын өртөө, Айраг-Сайншандын хоорондох зөрлөгүүдэд зорчигч буулгах, суулгахыг хориглох, Сайншанд өртөөнөөс зөвхөн ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамрагдсан зорчигчийг суулгах,Замын-Үүд-Улаанбаатар, Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн суудлын галт тэргээр зорчигчдыг ариутгах цэгийг нийслэлээс Замын-Үүд хүртэлх төмөр замын буудлуудад байгуулан ажиллуулах арга хэмжээ авахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай. /15 дахь хэсгийг ЗГ-ын 2004-69-р хүчингүйд тооцсон/

16. Малын гоц халдварт өвчний гарсан шалтгааныг тогтоох арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга М.Батсайхан нарт даалгасугай.

17. Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнгийн талаар иргэдийг бодит мэдээллээр цаг тухайд нь шуурхай хангаж ажиллахыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ

/Засгийн газрын 2004 оны 65, 69, 90 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./