A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2004 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Дундговь аймгийн Баянжаргалан, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран, Онгон сумын нутаг дэвсгэрт 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хорио цээрийн онцгой дэглэм тогтоон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй /1 дэх хэсгийг ЗГ-ын 2004 оны 104-р тогтоолоор хүчингүйд тооцсон/

2. Дундговь аймгийн Цагаандэлгэр, Гурвансайхан, Говь-Угтаал, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Халзан, Дарьганга, Асгат сумын нутаг дэвсгэрт 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоож нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй. /2 дахь хэсгийг ЗГ-ын 2004 оны 104-р тогтоолоор хүчингүйд тооцсон/

3. "Малын гоц халдварт өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллахыг Дундговь аймгийн Засаг дарга Ж.Адьяа, Сүхбаатар аймгийн Засаг дарга Т.Дашсүрэн нарт даалгасугай.

4. "Малын гоц халдварт өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тогтоолын 2 дугаар зүйлээс ".. Дундговь аймгийн Өндөршил, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр..." гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ

/Засгийн газрын 2004 оны 90, 104 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./