A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

МАРДАЙН УРАНЫ ЭРДЭС ҮЙЛДВЭР, ТОСГОН, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан "БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны ордуудыг ашиглах тухай" 1981 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хэлэлцээрийг цуцалж Мардайн ураны Эрдэс үйлдвэрийн үндсэн хөрөнгө, дэд бүтэц, уурхай, нийгэм соёлын объектууд болон Мардайн бүлэг ордуудын геологийн баримт бичгүүдийг Монголын талд хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Мардайн ураны Эрдэс үйлдвэрийн үндсэн хөрөнгө, дэд бүтэц, уурхай, нийгэм соёлын объектуудыг ураны үйлдвэрлэлд хөрөнгө оруулж хамтран ажиллах асуудлыг шийдэх хүртэл түр хамгаалж хадгаламжийн горимд бүрэн бүтэн байлгах, нийгмийн хэв журмыг сахиулах зорилгоор цагдаагийн тусгай анги зохион байгуулж ажиллуулахыг Хууль зүйн сайд Д.Ганболд, Дорнод аймгийн Засаг дарга Л.Сүхбаатар нарт даалгасугай.

2.Мардайгаас ОХУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгааны шугам, дэд станцыг дотоод шугам сүлжээний хамт, мөн төмөр замыг хүлээж авч ашиглалтын болон хадгалалт хамгаалалтын горимд мэргэжлийн байгууллагаар хяналт, үйлчилгээ хийлгэж ажиллах буюу шаардлагатай гэж үзвэл уг байгууламжийн зарим хэсгийг буулгаж материалыг нөөцөнд түр хадгалах, худалдах арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Мардайн ураны хүдрийн ил, далд уурхай, уусгахаар бэлтгэгдсэн овоолго, талбай болон тэдгээрийн холбогдолтой байгууламжуудыг хадгаламжийн горимд байлгаж мэргэжлийн хяналт тавих байнгын төлөөлөгч ажиллуулахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт тус тус даалгасугай.

З.Мардайн ураны бүлэг ордод хайгуул хийхээс эхлэн Эрдэс үйлдвэрийг байгуулж хүдрийг олборлох үйл ажиллагааг явуулснаас байгаль орчинд үзүүлсэн нөлөөлөл, үүнээс цаашид үүсч болох аливаа сөрөг үр дагавар, хадлан бэлчээр, мал аж ахуй, хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох талаар нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтийг 2000 оны эхний хагаст багтаан гаргуулж, байнгын хяналт ажиглалт хийж ажиллахыг Байгаль орчны сайд С.Мэндсайхан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт даалгасугай.

4.Мардай орчмын газар нутгийн байршил, дэд бүтцэд түшиглүүлэн зүүн бүсийн хилийн худалдааны чөлөөт бүсийг байгуулах, сум дундын соёл, үйлчилгээний төвийг байгуулах болон засаг захиргааны тусгай нэгжийг буй болгох боломж нөхцөлүүдийг судалж санал, төсөл боловсруулж Мардайн тосгонд байгаа усан хангамжийн систем, мазутын зуух, дулааны шугам, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын ордон, дэлгүүр зэрэг нийгэм соёл, ахуй хангамжийн объектуудыг ашиглах, хадгалж хамгаалахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай санал, тооцооны хамт энэ онд багтаан Засгийн газарт оруулахыг Дорнод аймгийн Засаг дарга Л.Сүхбаатарт даалгасугай.

5.Монгол-Орос-Канадын аж ахуйн байгууллагуудын хооронд хийсэн гэрээний дагуу байгуулагдсан хамтарсан "Төв Азийн уран" компанийн статус, гэрээ хэлэлцээрийн хууль эрх зүйн үндэслэл, Эрдэс үйлдвэрийн бүх өмчийг Монголын талд хүлээж авахтай холбогдуулан компанийн дүрмийн сан, талуудын хувь оролцоо, хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг асуудлаар судалгаа дүгнэлт гаргах, Канадын талаас оруулсан хөрөнгийн зарцуулалтыг энэ онд багтаан албан ёсоор нарийвчлан гаргуулж авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Гадаад харилцааны сайд Н.Туяа, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгасугай.

6.Мардайн тосгонд байгаа дээр дурдсанаас бусад барилга байгууламж, үндсэн хөрөнгийг Монголын талд хүлээж авсны дараа хувьчлах, худалдах, түрээслэх, хадгаламжид түр байлгах болон бусад хэлбэрээр зохицуулах, Батлан хамгаалах яамны хүсэлтийг үндэслэн Мардайн тосгонд байгаа "БАМ"-ын хийцийн байшингуудаас шаардлагатай тооны байшинг Хилийн цэргийг удирдах газрын балансад шилжүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, энэ тогтоолын 2 дугаар заалтад дурдсан өмч хөрөнгийг холбогдох газруудад балансаар хүлээлгэн өгч ашиглалт, хамгаалалтын байдалд хяналт тавьж ажиллах, шаардлагатай гэж үзвэл энэ ажлыг хариуцсан төлөөлөгчийн газар буюу ашиглалтын өмнөх захиргааг байгуулж ажиллуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод зөвшөөрсүгэй.

7.Мардайн тосгон, дэд бүтэц, уурхай, үндсэн хөрөнгийг ашиглах, хамгаалах, түр хадгалах, хувьчлахад гарах зардлыг түр санхүүжүүлэх зорилгоор 1999-2000 онд хувьчлах төлөвлөгөө, төсөвт тусгагдаагүй объектыг хувьчлахаас улсын төсөвт орох орлогын болон Мардайн зарим үндсэн хөрөнгийг худалдаж хувьчлахаас орох орлогын тодорхой хувийг хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ