Хэвлэх DOC Татаж авах
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мал, тэжээвэр амьтны /цаашид “мал” гэх/ удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж

2.1.Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:

3.1.1.“үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг” гэж хүний урьдчилан төлөвлөсөн ухамсарт үйл ажиллагаагаар бий болсон, нэг гарал үүсэлтэй, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай, биологи, морфологи, аж ахуйн ашигтай шинжээрээ тухайн төрлийн малын бусад үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсгээс ялгагдах өвөрмөц онцлогтой, үржлийн үнэт чанараа үр төлдөө баттай удамшуулдаг бүлэг малыг;

3.1.2.“цөм сүрэг” гэж тухайн үүлдэр, омог, хэвшлийн малын шилмэл хэсгийн жишигт тэнцэж үржлийн зориулалтаар шилэгдсэн сүргийн зохистой бүтэц бүхий бүлэг малыг;

3.1.3.“гойд ашиг шимт мал” гэж тухайн үүлдэр, омог, хэвшлийн малын стандартыг бүрэн хангахын зэрэгцээ үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцгой давуу болох нь баталгаажсан малыг;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.1.4.“мал эмнэлгийн ажил, үйлчилгээ” гэж малын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа оношлогоо, шинжилгээ, тарилга, туулгалт, боловсруулалт, угаалга, эмчилгээ, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлд хийж байгаа чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалт, орчны эрүүл ахуйн үнэлгээ болон мэргэжлийн зааварчилга, зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангах, малын эм, биобэлдмэл үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, эмийн сангийн болон бусад үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.5.“малын өвчинтэй тэмцэх” гэж өвчин үүсгэх шалтгааныг илрүүлэн оношлох, өвчний халдварын хязгаарыг тогтоох, түүнийг таслан зогсоох, шинжлэн хянах, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй малыг ялган тусгаарлах, эмчлэх, нядлах болон устгах, халдварын голомтод цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, шавьж, мэрэгчдийн устгал хийх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, голомтот болон сэжигтэй бүсэд байгаа малыг урьдчилан сэргийлж зохиомлоор дархлаа үүсгэх, паразитын эсрэг угаалга, туулгалт, боловсруулалт хийх зэрэг арга хэмжээг;

3.1.6.“урьдчилан сэргийлэх” гэж мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах, гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагааг;

3.1.7.“хорио цээр тогтоох” гэж богино хугацаанд тархан дэлгэрч үлэмж хохирол учруулдаг өвчин гарсан үед халдварын тархалтыг голомтод нь хязгаарлан зогсоох, устгахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг;

3.1.8.“гоц халдварт өвчин” гэж улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх халдварт өвчнийг;

3.1.9.“өвчтэй болон халдварын голомтод байгаа малыг зайлшгүй шаардлагаар нядлах, устгах” гэж нийтийн болон тухайн өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор малын халдварт болон гоц халдварт өвчний гаралтыг таслан зогсоох, цаашид тархан дэлгэрэхээс сэргийлэхийн тулд өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах магадлал бүхий малыг холбогдох дүрэм, зааврын дагуу нядлах, устгахыг;

3.1.10.“генийн сан” гэж малын удмын санг хамгаалах буюу үржилд ашиглах зорилгоор нөөцлөн хадгалж байгаа үр, хөврөл үрийг;

3.1.11.“ийлдсийн сан” гэж халдварт өвчин үүсгэгчийн хөдөлгөөнийг олон жилээр харьцуулан хянах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүх хэсэг, малын төрөл, нас, хүйсийг төлөөлүүлэн малаас авч хадгалан жил бүр нөхөн сэлбэж байх цусны ийлдсийн цомгийг;

3.1.12.“үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж цөм сүргээс үржилд зориулж бойжуулсан өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч, тэдгээрийн үр, хөврөл үр, өндгөн эсийг;

3.1.13.“малын үржлийн ажил, үйлчилгээ” гэж малын удмын санг хамгаалан сайжруулах зорилгоор цөм сүргийг шилэн сонгох, тохируулан сонгох, малд зохиомол болон гардан хээлтүүлэг явуулах, удам гарваль, үржил, ашиг шимийн чанарыг тодорхойлж бүртгэлжүүлэх, баталгаажуулах, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үржлийн малыг улсын хилээр нэвтрүүлэх, малын үржлийн ажлын талаархи мэдээ мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэх зэргийг;

3.1.14.“мөхөхөд хүрч буй мал” гэж тооны хувьд хэт цөөрч тухайн үүлдэр, омог, хэвшлийн малын хээлтэгч нь 1000-д, төрлийн малын хээлтэгч нь 20000-д хүрэхгүй болсон тохиолдлыг;

3.1.15.“мал эмнэлгийн лаборатори” гэж малын төрөл бүрийн өвчнийг оношлох, эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, биологийн идэвхт бодист чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, сорилт хийх эрх бүхий этгээдийг;

3.1.16.“Цөм сүргийн үржлийн төв” гэж тодорхой үүлдэр, омог, хэвшлийн малын цөм сүргийг үржүүлж, аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг баталгаажуулах, улсын болон бүсийн хэмжээнд үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үржлийн ажил, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг.

/Дээрх 3.1.12-3.1.16 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

4.1.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудлаар Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндсийг тодорхойлох, хэрэгжилтэд нь хяналт тавих;

4.1.2.малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийг төрийн санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих.

4.2.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.2.1.малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх цогцолбор арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, энэ хуульд заасан зардлыг санхүүжүүлэх;

4.2.2. мал сүргийг гамшиг, аюулт үзэгдэл, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, ашиг шим, удамшлын чадавхийг нь сайжруулах арга хэмжээ авах;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.2.3.төрөл, зүйлийн хувьд мөхөхөд хүрч байгаа малыг тусгайлан хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.2.4.малын өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эм, бэлдмэлийн нөөц бий болгох, зарцуулах журам тогтоох;

4.2.5.малын гоц халдварт өвчин болон малаас хүнд халдварлах өвчний үүсгэгчээр үйлдвэрлэл, туршилт явуулдаг байгууллагад хаалттай бүс, биологийн аюулын зэрэглэл тогтоох;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4.2.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт урьд өмнө нь гарч байгаагүй, нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулахуйц өвчин болон онош, үүсгэгч нь тодорхойгүй өвчин гарсан тохиолдолд түүнтэй тэмцэх арга хэмжээ авах;

4.2.7.төрийн өмчийн цөм сүргийн удмын санг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4.2.8.малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журмыг батлах;

4.2.9.Малын удмын сангийн төвийн бүтэц, үйл ажиллагааны дүрмийг батлах.

/Дээрх 4.2.8, 4.2.9 дэх заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.3.1.малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангуулах;

4.3.2.мал эмнэлэг, үржлийн албыг бодлогын болон мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдамжаар хангах;

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4.3.3.шинжлэх ухаан, технологийн төслийг захиалах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

4.3.4.мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн болон малын үржлийн ажил, маллагаа, тэжээллэгийн технологийн холбогдолтой дүрэм, журам, норм, нормативыг батлах;

4.3.5.хорио цээр, хязгаарлалт тогтоох болон заавал мэдээлэх малын өвчний жагсаалт батлах;

4.3.6.малын шинэ үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшил, өвчин үүсгэгчийн омог, эмчилгээний аргыг зохион бүтээсэн тухай асуудлыг хянан баталгаажуулах;

4.3.7.энэ хуулийн 4.3.6-д заасны дагуу баталгаажуулсан болон Монгол Улсад үржүүлж байгаа үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн малыг бүртгэх, хяналт тавих, олон улсын малын удмын сангийн нэгдсэн сүлжээнд оруулах;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4.3.8.малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдол бүхий мэдээллийн тогтолцоо бий болгож ажиллуулах;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.3.9.малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.3.10.гадаад улсын мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.3.11.улсын хилээр нэвтрүүлэх мал, тэдгээрийн үр, хөврөл үр, өндгөн эс, нутгийн ба лавлагаа омогт тавих мал эмнэлгийн болон удам зүй, ашиг шим, биологийн шаардлагыг тогтоож мөрдүүлэх;

4.3.12.малын эмч, мал зүйчийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах;

4.3.13.Цөм сүргийн үржлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны дүрмийг батлах.

/Дээрх 4.3.11-4.3.13 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.4.1.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, үйлчилгээний хөлсний норматив батлах, малын өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эм, бэлдмэлийн нөөц бий болгох, энэ хуульд заасан болон бусад зардлыг баталж, хэрэгжилт, зарцуулалтад нь хяналт тавих.

4.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.5.1.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээнд тухайн нутаг дэвсгэр дэх малыг бүрэн хамруулах, ажил, үйлчилгээг гэрээ, захиалгаар гүйцэтгүүлэх;

4.5.2.энэ хуулийн 15.2-т заасан зардлыг орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;

4.5.3.энэ хуулийн 15.1.2-т заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх болон 6.4.4, 6.4.5-д заасан арга хэмжээнд хамруулах малын төрөл, тоо, шаардагдах зардлыг нэгтгэн төлөвлөх, энэ заалтад заасан арга хэмжээг орон нутгийн үйлчилгээний нэгж, албадтай гэрээ байгуулж хэрэгжүүлэх;

/Дээрх 4.5.2, 4.5.3 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.5.4.малаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах;

4.5.5.цөм сүргийг бүрдүүлэх, үржлийн мал бойжуулах, борлуулахад дэмжлэг үзүүлэх, хяналтад авах;

4.5.6.мал эмнэлэг, үржлийн холбогдолтой тайлан мэдээ гаргуулж, хяналт тавих;

4.5.7.малын хорио цээртэй халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх;

4.5.8.сум, дүүргийн дотор болон тэдгээрийн хоорондох малын шилжилт хөдөлгөөнд хорио цээрийн хяналт тавих арга хэмжээг зохион байгуулах;

4.5.9. гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин зэрэг малд хор хөнөөл учруулах нөхцөл бий болсон үед түүнээс сэргийлэх, гарсан үр дагаврыг арилгахад иргэн, хуулийн этгээдийг дайчлах;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.5.10.малын өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эм, бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх, зарцуулах;

4.5.11.орон нутгийн өмчийн цөм сүргийн удмын санг хамгаалах;

4.5.12.өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлах, устгах ажлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулах бөгөөд энэ хуулийн 14.1.4; 14.1.5; 14.2.1; 14.2.9-д заасан үүргийн биелэлтийг үндэслэн 15.1.4; 15.2.2-т заасан хөрөнгийг олгох эсэх тухай шийдвэр гаргана;

4.5.13.нутаг дэвсгэртээ гадаадаас оруулж ирж буй малыг мал эмнэлгийн байгууллагын хяналтын дор хорио цээрийн дэглэмд 30 хоног байлган, лабораторийн шинжилгээнд хамруулах.

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

5 дугаар зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага

5.1.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, бүс, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, орон нутгийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лаборатори, Цөм сүргийн үржлийн төв тус тус хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус байгуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.3.Сум, дүүрэгт мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж ажиллах бөгөөд нэгж нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж болно:

5.3.1.мал эмнэлэг, үржлийн;

5.3.2.мал эмнэлгийн;

5.3.3.малын үржлийн.

/Дээрх 5.3 дахь хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.4.Мал эмнэлэг, үржлийн орон нутгийн үйлчилгээний нэгжүүд нь өмчийн аль ч хэлбэрийн хуулийн этгээд байж болно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллагын эрх, үүрэг

6.1.Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллага нь харъяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна:

6.1.1.малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээг төлөвлөх, төсөл боловсруулах, захиалга хэрэгжүүлэх, анхан шатны мэдээ тайлан, акт баримтыг зааврын дагуу үнэн зөв хөтлөх;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

6.1.2.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллах;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

6.1.3.мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал үүсэл, чанарыг тодорхойлж гэрчилгээ олгох;

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.1.4.малын өвчний оношийг зохих журмын дагуу тогтоох;

6.1.5.малын удмын сан, эрүүл мэндийн холбогдолтой мэдээ, судалгаа гаргаж хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сургалт явуулах;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

6.1.6.мал бүхий иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрүүлэх;

6.1.7.малын эм, биобэлдмэл, омгийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангуулах;

6.1.8.малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үржлийн мал бойжуулах, борлуулах үйлчилгээ эрхлэх.

/Дээрх 6.1.7, 6.1.8 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.2.Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

6.2.1.аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

6.2.2.мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй болон лаборатори, малын үржлийн ажил, маллагаа, тэжээллэг, эм, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналт болон бусад үйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон дүрэм, журам, норм, нормативын төсөл боловсруулж төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;

6.2.3.малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдол бүхий мэдээллийн тогтолцоо бий болгож ажиллуулах;

6.2.4.малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх;6.2.5.төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор гадаад орны мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх.

/Дээрх 6.2 дахь хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Дээрх 6.2 дахь хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.3.Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, Цөм сүргийн үржлийн төв нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

6.3.1.орон нутгийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

6.3.2.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах;

6.3.3.гадаад, дотоодын хэрэгцээнд бэлтгэгдсэн мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаажуулах; 

6.3.4.орон нутгийнхаа малд сайжруулагчаар ашиглах үүлдэр, омгийн цөм сүргийг бүрдүүлэх, удмын санг хамгаалах;

6.3.5.цөм сүргийн удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгох, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардагдах багаж хэрэгслээр орон нутгийн үйлчилгээний нэгжийг хангах. 

/Дээрх 6.3.3-6.3.5 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.4.Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

6.4.1.орон нутагтаа мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг тогтмол эрхлэх;

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.4.2.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллах;

6.4.3.малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ, тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хэрэгжүүлэх;

6.4.4.нийт мал сүрэгт үзлэг хийж цөм сүрэг, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах, малын чанар сайжруулах, удмын санг хамгаалах;

6.4.5.цөм сүрэг, хээлтүүлэгч, гойд ашиг шимт малыг бүртгэлд авч гэрчилгээ олгон баталгаажуулах, ашиг шимийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

6.4.6.өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх, шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах, устгуулах үндэслэлээ сум, дүүргийн Засаг даргад уламжлах;

6.4.7.цөм сүргээс стандартын шаардлага хангасан үржлийн мал бойжуулах, үржүүлгийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчлэх.

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

7 дугаар зүйл. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

7.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.4, 15.11.7-д заасан мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг зориулалтын техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчин бүхий иргэн, өмчийн аль ч хэлбэрийн хуулийн этгээдэд олгоно.

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ хэсэгт 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.8-д заасан мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг тогтмол эрхлэх иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх болон хүчингүй болгох тухай шийдвэрийг дараахь байдлаар гаргана:

7.2.1.улсын болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бол мэргэжлийн хяналтын төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага;

7.2.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бол мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн шатны мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга;

7.2.3.сум, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бол аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба болон тухайн шатны мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга.

/Дээрх 7.2 дахь хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.Тусгай зөвшөөрөл авахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1 - 11.1.4 дэх хэсэгт зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

7.3.1.улсын болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын төв албаны, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт.

7.4.Мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээг малын эмч, мал зүйч гүйцэтгэнэ. Малын эмч нь мэргэжлээрээ ажиллах итгэмжлэлтэй байна.

7.5.Тусгай зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон тэдгээртэй холбогдон гарсан маргааныг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-6.4 дэх хэсэг, 12, 13, 14, 17 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

7.6.Энэ хуулийн 7.2 -т заасан тусгай зөвшөөрөл нь олгосон өдрөөс хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

/Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.7.Энэ хуулийн 7.4-т заасан итгэмжлэл олгох журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Итгэмжлэл олгох багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн төв болон сургалт, судалгаа, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.8.Малын эмчийн итгэмжлэлийг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон итгэмжлэл олгох баг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛСЫН ХЯНАЛТ

8 дугаар зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны улсын хяналтын байгууллагын тогтолцоо

8.1.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын төв байгууллага, орон нутагт мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.2.Бүх шатны байцаагчдыг томилох, чөлөөлөх болон тэдгээрт эрх олгох, цуцлахтай холбогдсон харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4, 10.5, 10.7-д заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.3.Орон нутгийн хяналтын алба нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албад, сум, дүүрэгт ажиллах мал эмнэлэг болон үржлийн хяналтын улсын байцаагчдаас бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.4.Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-6 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.5.Хилийн боомт, гүний хяналтын салбар зэрэг шаардлагатай газар хяналтын тусгай алба ажиллана. Энэхүү тусгай алба нь Хяналтын төв албанд шууд харъяалагдана.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Улсын хяналт, түүний зохион байгуулалт

9.1.Улсын хяналт нь малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар гарсан хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлт, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний технологийн мөрдөлтийг хянан шалгаж, хангуулахад чиглэгдэнэ.

9.2.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах улсын хяналтыг бүх шатны мэргэжлийн хяналтын байгууллага зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.3.Улсын хяналтыг улсын хэмжээнд улсын ахлах байцаагч, улсын байцаагч; аймаг, нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч; сум, дүүрэгт болон хилийн боомт, гүний хяналтын салбар зэрэг газарт улсын байцаагч тус тус хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Улсын байцаагч нь дээд боловсролтой, малын эмч буюу мал зүйч мэргэжилтэй байна.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

10 дугаар зүйл.Хяналтын албаны эрх, үүрэг

10.1.Хяналтын албаны улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-т заасан бүрэн эрхээс гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.1.1.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний технологийн мөрдөлтөд хяналт тавих;

10.1.2.халдварт өвчнөөр тайван бус нутгийн мал, тэдгээрийн байр, хашаа хороо, ус, бэлчээр, өвс тэжээлд болон малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, худалдах явцад мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээ хийлгэсэн эсэхэд шалгалт хийх;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

10.1.3.хүний эрүүл мэндэд хор учруулах малын өвчин тараах нь тогтоогдсон малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, эдгээр зүйлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг таслан зогсоох, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, шаардлагатай үед хурааж устгуулах буюу халдваргүйжүүлэх арга хэмжээ авахуулах;

10.1.4.мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байранд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах, хадгалахыг хориглох;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

10.1.5.малын эм, бэлдмэл, өвчин үүсгэгч болон бүтээгдэхүүний омог, эмийн түүхий эд, үр, хөврөл үрийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, хэрэглэх явцад хяналт тавих, дүгнэлт гаргах;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

10.1.6.халдвар тараах өвчтэй малыг үржилд ашиглахыг хориглох;

10.1.7.мал бүхий иргэн, хуулийн этгээдийн цөм сүрэг, гойд ашиг шимт малыг сонгон шалгаруулж баталгаажуулсан байдалд шалгалт хийх;

10.1.8.цөм сүргийн малын үүлдрийн ашиг шимийн чиглэлийг өөрчлөх, үржлийн мал, түүний үр, хөврөл үр, өвчин үүсгэгч омгийг улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл авсан эсэхийг шалгах;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.1.9.жишигт тэнцээгүй хээлтүүлэгчийг үржлийн зориулалтаар ашиглах, удам угсаа доройтуулах үйл ажиллагааг хориглох;

10.1.10.цөм сүрэг, хээлтүүлэгч, гойд ашиг шимт малд үржлийн бүртгэл хөтөлж, баяжилт хийсэн байдлыг хянан шалгах;

10.1.11.малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний чанарт хяналт тавих;

10.1.12.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ болон малын үр, хөврөл үр, эм, бэлдмэл, мал эмнэлгийн зориулалттай багаж хэрэгсэл, өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх үйлдвэрлэл эрхлэх, малын тэжээл үйлдвэрлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэл явуулах талаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг хянан үзэж дүгнэлт гаргах;

10.1.13.эм, бэлдмэл, мал эмнэлгийн зориулалттай багаж хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл, малын эмчийн мэргэжлийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах үндэслэл, дүгнэлтээ тусгай зөвшөөрөл, итгэмжлэл олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.14.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.5, 5.1.7 дахь заалт, 6-9 дүгээр зүйл, 10.1-д заасан журмын хэрэгжилтэд хяналт тавих.

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.2.Хяналтын төв алба нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.2 дахь хэсэг, энэ хуулийн 11.1 -д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.2.1.төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор мал эмнэлэг, үржлийн ажил, ариун цэвэр, хорио цээрийн талаар гадаадын байгууллага, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах;

10.2.2.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг импортлох эрсдэлийн үнэлгээ хийх;

10.2.3.аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.3.Улсын хяналтын албаны байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11.1, 11.2-т заасан баталгаагаар хангагдана.

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.4.Улсын хяналтын албаны байцаагч хяналтын төв байгууллагаас баталсан ялгах тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

11 дүгээр зүйл.Мал эмнэлгийн хорио цээр тогтоох

11.1.Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд энэ хуулийн 5.1, 8.1-д заасан холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хорио цээр тогтооно.

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11.2.Хоёроос дээш аймгийн нутаг дэвсгэрт болон төмөр зам, нисэх, усан замын буудал, хилийн боомт, улсын чанартай авто болон мал тууврын замд гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захииргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар хорио цээр тогтооно.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11.3.Хорио цээр тогтоосон нөхцөлд тухайн шатны Засаг дарга хүн хүч, хөрөнгө гаргаж малын өвчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

11.4.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс зайлшгүй шаардлагаар гарах хүн, тээврийн хэрэгсэлд хяналтын албанаас зөвшөөрөл авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэнэ.

11.5.Малын гоц халдварт болон халдварт өвчний гаралтыг бүрэн таслан зогсоож, мал эмнэлэг, ариун цэвэр, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авсны дараа хорио цээрийг мэргэжлийн албадын дүгнэлтийг үндэслэн түүнийг тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр цуцална.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.6.Мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, ариун цэврийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

12 дугаар зүйл.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх

12.1.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, ариун цэврийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ зүйлийг 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найрулсан/

/Энэ зүйлийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

13 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн эрх

13.1.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд дараахь эрх эдэлнэ:

13.1.1.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу эрхлэх;

13.1.2.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ хийлгэх, үйлчлүүлэх албаа сонгох;

13.1.3.гойд ашиг шимт мал болон цөм сүргээс үржлийн мал бойжуулах, үр, хөврөл үр үйлдвэрлэх, худалдан борлуулах;

13.1.4.малаа зайлшгүй шаардлагаар нядлуулсан, устгуулснаас учирсан хохирлын асуудлыг сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

13.1.5.мал эмнэлгийн магадлан шинжилгээ хийлгэх;

13.1.6.малын ашиг шимийн чанарыг тогтоолгох, үүлдэрлэг байдлыг сайжруулахад мэргэшсэн мэргэжилтний үйлчилгээг авах.

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

14 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдийн үүрэг

14.1.Иргэн, хуулийн этгээд дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

14.1.1.малыг нядлах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах ажлыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, агуулах, орчинд хийж гүйцэтгэх;

14.1.2.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах;

14.1.3.мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг биелүүлэх;

14.1.4.малын өвчинтэй тэмцэх, удмын санг хамгаалах ажлыг зохион байгуулахад төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэр, дүрэм, журмыг биелүүлэх;

14.1.5.малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор хорогдсон тохиолдолд орон нутгийн үйлчилгээний нэгж, баг, хорооны удирдлагад 12 цагийн дотор мэдэгдэх;

14.1.6.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.4, 15.11.7-д заасан ажил, үйлчилгээг эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх;

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.7.улсын бүртгэлтэй, сорилтын дүгнэлт, тохирлын гэрчилгээтэй эм, биобэлдмэл түүний омгийг гадаадаас оруулах, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, худалдан борлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах.

/Дээрх 14.1.6, 14.1.7 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

14.2.Мал бүхий иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

14.2.1.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулах;

14.2.2.малын байр, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, арчилгаа, маллагаа, тэжээллэг, эдэлгээ нь технологийн шаардлага хангасан байх;

14.2.3.малынхаа ашиг шим, үүлдэрлэг байдлыг бүс нутгийн бодлого, чиглэлд нийцүүлэн сайжруулах;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

14.2.4.эрүүл мал, баталгаажуулсан хээлтүүлэгчийг үржилд ашиглах;

14.2.5.цөм сүргийн болон гойд ашиг шимт малд хувьсийн дугаар тавьж, удмын болон үржил, ашиг шимийн бүртгэл хөтлөх;

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2.6.сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийг цөм сүргээс бойжуулж, орон нутгийн үйлчилгээний нэгжээр үзлэг, шинжилгээ хийлгэж, магадлагаа авсны дараа үржилд ашиглах, хээлтүүлгийн нас гүйцсэн малыг нийлүүлэгт оруулах;

14.2.7.цөм сүргийн малын үүлдрийн ашиг шимийн чиглэлийг өөрчлөх, үржлийн мал, түүний үр, хөврөл үр, өвчин үүсгэгч омгийг улсын хилээр нэвтрүүлэхэд хяналтын төв албанаас дүгнэлт гаргуулах;

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2.8.зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх арга хэмжээнд малаа тогтоосон хугацаанд нь хамруулаагүйгээс учирсан хохирол, энэ шалтгааны улмаас уг арга хэмжээг нөхөн авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах;

14.2.9.малаа гамшгаас хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлж, тухайн бүс нутагт мөрдөх бэлчээр, тэжээлийн нөөцийн зохистой хэм хэмжээг хангасан байх;

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.2.10.бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлан маллах;

14.2.11.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг эрх бүхий байгууллага, мэргэжилтнээр гүйцэтгүүлэх.

/Дээрх 14.2.10, 14.2.11 дэх заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

15 дугаар зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт

15.1.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.1.1.шүлхий, үхрийн мялзан, гахайн мялзан, хонь, ямааны цэцэг, үхрийн цээж, шувууны томуу зэрэг олон улсын байгууллагаас тогтоосон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгө;

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.2.малын боом, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, цусан халдвар, сүрьеэ, лейкоз, томуу, цусан суулга, листериоз, үхрийн дуут хавдар, хорт салст халуурал, эфемер чичрэг, адууны ям, халдварт цус багадах, уушиг гялтангийн хавьталт халдварт үрэвсэл, сахуу, бог малын дотрын халдварт хордлого, энтеробактериоз, брадзот, сохор догол, шөвөг яр, колибактериоз, ямааны годрон, гахайн ёлом, нохойн гударга өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах эм, биобэлдмэлийн үнэ;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

15.1.3.малын цусны шимэгчээр үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэхэд хэрэглэх эмийн үнэ;

15.1.4.өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд тухайн үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлөх, устгахад шаардагдах хөрөнгө /Устгагдсан малын нөхөн төлбөрийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор олгоно/;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

15.1.5.малын генийн болон ийлдсийн санг бий болгож ажиллуулахад шаардагдах зардал;

15.1.6.энэ хуулийн 4.2.3, 4.2.6, 4.2.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

15.1.7.мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий мал эмнэлгийн лаборатори, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албаны үйл ажиллагааны зардал, ажилтны цалин;

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.8.цөм сүрэг болон хээлтүүлэгч малд ангилалт хийх, баталгаажуулах, удам гарвалийн бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ бий болгон ажиллуулахад шаардагдах зардал.

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.2.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон дараахь зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

15.2.1.энэ хуулийн 15.1.2-т заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах үйлчилгээний хөлс;

15.2.2.өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлуулсан тохиолдолд орон нутгийн дундаж үнийн 40 хувийг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгө;

15.2.3.цөм сүргийн малын удмын санг хамгаалах, аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг нь бататган сайжруулах, малд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнг хянан магадлахад шаардагдах зардал;

15.2.4.орон нутгийн өмчит Цөм сүргийн үржлийн төвийн үйл ажиллагааны зардал, ажилтны цалин.

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.3.Энэ хуулийн 15.1, 15.2-т зааснаас бусад тохиолдолд мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний төлбөрийг ажил, үйлчилгээг хэрэглэгч иргэн, хуулийн этгээд хариуцна.

15.4.Малын эмч, мал зүйч нь дараахь нийгмийн баталгаагаар хангагдана:

15.4.1.төрийн үйлчилгээний албан тушаалд болон мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжид мэргэжлээрээ 25 буюу түүнээс дээш жил ажилласан малын эмч, мал зүйч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүний албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажил олгогч олгох;

/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.4.2. голомтын бүс болон гамшгийн үед дайчилгаагаар ажиллах малын эмч, мал зүйчийг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр хангах, тэдний томилолтын зардлыг ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлж дайчилгааг зохион байгуулсан байгууллага олгох;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 15.4.3.малын эмч, мал зүйч малын гоц халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас буюу албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал түүний ар гэрт албан тушаалынх нь 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажил олгогч олгох;

15.4.4.малын эмч, мал зүйч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авч байсан хугацаанд ажил олгогч олгох.

/Дээрх 15.4 дэх хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Л.ЭНЭБИШ