Хэвлэх DOC Татаж авах
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж

2.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг;

3.1.2.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг;

3.1.3.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх” гэж байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг;

3.1.4.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг;

3.1.5.“мансуурах дон” гэж мансууруулах төрлийн бодисоос хамааралтай сэтгэцийн өвчнийг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, түүнд тавих хяналт

4 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх

/Дээрх 4 дүгээр зүйлийн гарчигт 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараахь байгууллага ашиглаж болно:

4.1.1.эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага;

/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.2.лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага;

4.1.3.харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага;

/Энэ заалтыг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.4.эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж.

/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.2. Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.

4.3. Шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын болон байгууллагын жагсаалт, ашиглах журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

5 дугаар зүйл.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх

5.1.Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг улсын стандартын шаардлага хангасан жороор олгоно.

5.2.Хүн амын тоог харгалзан мансууруулах эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сангийн тоо, байршлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тогтооно.

/Дээрх 5 дугаар зүйлийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

6 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх

 6.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.

 6.2.Экспортлогч, импортлогч талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийн өмнө харилцан гэрээ байгуулна.

 6.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг экспортлогч, импортлогч талуудын байгуулсан гэрээ, тусгай зөвшөөрлийг үндэслэн Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг энэ хуулийн 6.3-т заасан тусгай зөвшөөрлийг үндэслэн Засгийн газраас тусгайлан тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.

 6.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тухай бүрд энэ тухай хилийн мэргэжлийн хяналтын алба мэргэжлийн хяналтын төв байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 6.6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтын тусгай журмыг гаалийн удирдах төв байгууллага баталж мөрдүүлнэ.

Хэвлэх

7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалах, устгах

 7.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зохих шаардлага хангасан байр, агуулахад хадгалах бөгөөд сав, баглаа боодол нь түүний бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр хийгдсэн байна.

 7.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг дараахь тохиолдолд устгана:

 7.2.1.эрх бүхий байгууллагын хяналтын үйл ажиллагааны явцад хууль бусаар ашиглаж байгааг илрүүлэн хурааж авсан бөгөөд цаашид ашиглах чанарын шаардлага хангахгүй бол;

 7.2.2.эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглаж байсан болон нөөцөлж хадгалсан боловч хэрэглэх хугацаа дууссан, чанараа алдсан;

 7.2.3. сав, баглаа боодол нь шошго, нэр хаяггүй бол.

 7.3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг хадгалах, устгах журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

8 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгох

 8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.

 8.2.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, эм ханган нийлүүлэх байгууллагын худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.

8.3.Энэ хуулийн 4.1-д заасан зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг гарган авахад ашигладаг химийн бодисыг ашиглах, импортлох тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.3-т заасны дагуу олгоно.

8.4.Энэ хуулийн 8.2-т заасан тусгай зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах шаардлага, тусгай нөхцөлийг хангасан агуулахтай байх бөгөөд уг агуулахын талаар мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргана.

 8.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.

8.6.Тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулна. 

/Дээрх 8 дугаар зүйлийг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

9 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн ашиглалт, зарцуулалтын тайлан

 9.1.Тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, импорт, ашиглалт, зарцуулалт, хэрэгцээний тайланг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө гарган эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаагийн төв байгууллага болон энэ хуулийн 14.5-д заасан Үндэсний хороонд тус тус ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх

10 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх нийтлэг үүрэг

10.1.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх нийтлэг үүрэгтэй.

10.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа

11.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, түүнчилэн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага сурталчилгаа явуулах үүрэгтэй.

11.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт тусгайлан тусгана.

 11.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар Монгол Улсын хилээр нэвтрэх гаалийн мэдүүлэгт монгол, орос, хятад, англи хэл дээр хэвлэмэлээр бичсэн байна.

 11.4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд агуулсан сав, баглаа боодлын шошго дээр түүний хор аюултайг анхааруулсан тусгай санамж бичиг байна.

 11.5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар эрх бүхий байгууллагаас бэлтгэж, хянасан сурталчилгааны материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмчийн хэлбэр харгалзахгүй түгээх үүрэгтэй.

Хэвлэх

12 дугаар зүйл. Мансуурах донтой этгээдийг эмчлэх

 12.1.Мансуурах донтой этгээд сайн дураараа эмчлүүлэх хүсэлт гаргавал ердийн журмаар эмчилнэ.

 12.2.Мансуурах донтой нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрээр албадан эмчилнэ.

Хэвлэх

 13 дугаар зүйл. Хориглох зүйл

 13.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь үйл ажиллагааг хориглоно:

 13.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг шуудангийн илгээмжээр явуулах;

 13.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерийн сүлжээг ашиглан сурталчлах;

/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 13.1.3. мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг жоргүйгээр болон хүчингүй жороор олгох, түүнчлэн жоронд заасан тоо, хэмжээнээс илүү олгох;

/Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 13.1.4.эмчилгээнд хэрэглэх жагсаалтад орсноос бусад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх;

/Энэ заалтыг 2011 оын 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 13.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;

 13.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх;

/Энэ заалтыг 2011 оын 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 13.1.7.тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж хоёр талын гэрээнд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг төстэй өөр зүйлээр орлуулах болон зөвшөөрсөн тоо, хэмжээг хэтрүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;

 13.1.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;

/Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 13.1.9.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг насанд хүрээгүй хүнд худалдах, олгох;

 13.1.10.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхдийн бусад байгууллага байрладаг нутаг дэвсгэрт үйлдвэрлэх, худалдах, хадгалах.

Хэвлэх

 14 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих

 14.1.Мэргэжлийн хяналтын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бүртгэл, хуваарилалт, үйлдвэрлэл, зарцуулалт, хадгалалт, худалдаа, хэрэглээ хуульд заасан журамд нийцэж байгаа эсэхэд болон түүхий эдийн олборлолт, ургамлын тархацад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 14.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийн олборлолтод хяналт тавина.

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 14.3.Гаалийн болон хил хяналтын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох үүрэгтэй.

 14.4.Цагдаа, тагнуул, хил хяналтын болон холбогдох бусад байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтийг таслан зогсоох, энэ төрлийн зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

14.5.Энэ хуулийн 14.1-14.4-т заасан байгууллагын авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд уул Үндэсний хороо орон тооны ажлын албатай байна.

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.6.Энэ хуулийн 14.5-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

15 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлтэй хийх тэмцэлд дэмжлэг үзүүлэх

15.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагад зайлшгүй шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргана.

15.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор амьтан сургах, хяналтын болон лабораторийн шинжилгээний техник хэрэгслээр хангахад төрөөс зохих дэмжлэг, хөнгөлөлт үзүүлнэ.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

16 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан захиргааны дараахь шийтгэл ногдуулна:

 16.1.1.энэ хуулийн 13.1.7, 13.1.8, 13.1.10 дахь заалтыг зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;

/Энэ заалтыг 2011 оын 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 16.1.2.энэ хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4, 13.1.5 дахь заалтыг зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтыг 2011 оын 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 16.1.3.энэ хуулийн 13.1.3, 13.1.6, 13.1.9 дэх заалтыг зөрчсөн этгээдийг 30000-50000 төгрөгөөр торгох.

 16.2. Тусгай зөвшөөрөл олгох журам зөрчсөн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 16.3.Энэ хуулийн 16.1-д заасан зөрчил гаргасан гадаадын иргэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

Хэвлэх

16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

17 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах

17.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтээс орлого олсон, илт хууль бусаар олж авсан орлого гэдгийг мэдсээр байж санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагаанд оруулсан хуулийн этгээдийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхийн шийдвэрээр татан буулгана.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

18 дугаар зүйл. Улсын орлого болгох

18.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий төрийн байгууллагаас олгосон зөвшөөрөл болон экспортлогч,импортлогч талуудын байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс илүү байвал хурааж, хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын орлого болгоно.

18.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтээс олсон орлогыг хурааж, хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын орлого болгоно.

18.3.Хураагдсан ба илэрч олдсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эд, тэдгээрийг бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх зориулалтын тоног төхөөрөмжийг мэргэжлийн болон холбогдох бусад байгууллага цаашид ашиглах боломжтой тухай дүгнэлт гаргасан нөхцөлд улсын орлого болгож, энэ хуулийн 8.2–т заасан байгууллагын хүсэлтээр ашиглуулж болно. 

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР