A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 200

Улаанбаатар хот

МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /"40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2005 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалт, зээл, санхүүгийн асуудлыг цогцоор шийдвэрлэх үүрэг бүхий "Орон сууцны санхүүжилтийн корпораци" компанийг 2006 оны Ш улиралд багтаан байгуулах арга хэмжээг зохих журмын дагуу авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг 2006-2009 онд хэрэгжүүлэхтэй уялдуулан орон сууц, түүний дэд бүтэц, нийгэм, соёлын барилга байгууламжийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, бусад хөрөнгийн эх үүсвэрээс шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт даалгасугай.

4. Шинэ хотхон, хороолол барих зарим газрыг улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн харьяаллаас гаргах асуудлыг судлан зохих журмын дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарт даалгасугай.

5. Мастер төлөвлөгөөнд тусгагдсан шинэ хотхон, хороолол баригдах газрын хэмжээ, байршил, эзэмшигчийг тогтоож, зураг төсөл боловсруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлд баригдахаар төлөвлөгдсөн орон сууцны газрын асуудлыг 2006 оны Ш улиралд багтаан шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

6. "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 21 дүгээр хавсралт болгон 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

7. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан ""40000 орон сууц" хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дүгээр тогтоолын 5 дугаар зүйл, "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтын 40 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ