A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Энэ хуулийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан, шувуу, загас /цаашид "ан амьтан" гэх/ агнах, барих зөвшөөрлийн хураамж ногдуулах, уг төлбөр, хураамжийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зүйлд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2 дугаар зүйл.Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах,барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Агнуурын нөөц ашигласны төлбөр /цаашид "төлбөр" гэх/ ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж /цаашид "хураамж" гэх/-ийн тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Ан агнуурын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Төлбөр, хураамж төлөгч, түүнийг бүртгэх

Хэвлэх

1.Дор дурдсан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага төлбөр, хураамж төлөгч байна:

1/ан амьтныг үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнах, барих болон амьдаар нь барьж гадаад оронд гаргах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага;

2/ан амьтныг амьдаар барьж эзэмшин, гаршуулан үржүүлж ашиглах болон төрөөс худалдан авч өмчлөх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага;

3/ан амьтныг тусгай зөвшөөрөлтэйгээр агнах, барих гадаадын иргэн. /Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Дор дурдсан иргэн хураамж төлөгч байна:

1/ахуйн зориулалтаар ан амьтныг агнах, барих Монгол Улсын иргэн;

2/ахуйн зориулалтаар загас барих Монгол улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох асуудлыг Ан агнуурын тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Агнуурын нөөц ашиглах үйл ажиллагааг байнга эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн татварын албанд бүртгүүлнэ.

4 дүгээр зүйл.Төлбөр, хураамжийг тооцох үзүүлэлт

Хэвлэх

1.Төлбөрийг дараахь үзүүлэлтээр тооцно:

1/үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограммаар;

2/ан амьтныг амьдаар нь барьж эзэмшин, гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоор;

3/ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээгээр;

4/гадаадын иргэнд агнуулсан болон гадаад оронд амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр.

2.Хураамжийг дараахь үзүүлэлтээр тооцно:

1/ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих иргэнээс хураамжийг нэг удаагийн эрхийн бичгээр;

2/иргэний ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны хураамжийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээгээр.

3/энэ хэсгийн 1, 2-д зааснаас бусад зориулалтаар ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр.

5 дугаар зүйл.Төлбөр, хураамжийн хэмжээ

Хэвлэх

1.Агнуурын нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хязгаарыг дараахь байдлаар тогтооно:

1/үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограмм тутамд 700-1000 төгрөгөөр; /Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;

3/ан амьтныг амьдаар барьж эзэмшин, гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг уг түүхий эдийн борлуулалтын орлогын 10-20 хувиар;

4/ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 90-100 хувиар;

5/гадаадын иргэнд агнуулсан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 60-70 хувиар;

6/амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар;

2.Ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн дээд, доод хязгаарыг дараахь байдлаар тогтооно:

1/ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих зөвшөөрлийн хураамжийг нэг удаагийн эрхийн бичигт 8000-10000 төгрөг; /Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;

3/энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-д заасан ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээний 2-4 хувиар;

4/энэ зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 2О-30 хувиар;

5/энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8 хувиар.

3.Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ, ан олзворын жишиг үнэ, түүнчлэн агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тодорхой хувь хэмжээг тухайн ан амьтны нөөц, тархац, экологи-эдийн засгийн ач холбогдол, эрэлт хэрэгцээ, зориулалтыг харгалзан энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар"Засгийн газар" гэснийг "аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6 дугаар зүйл.Төлбөр, хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх

Хэвлэх

1.Төлбөр, хураамжаас дараахь тохиолдолд чөлөөлнө:

1/ан амьтныг нутагшуулан үржүүлэх зориулалтаар барих;

2/халдварт өвчний голомтыг устгах зорилгоор эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ан амьтныг мэргэжлийн байгууллагаас зохион байгуулалттай агнаж устгах;

3/мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор чоно агнах;

4/сорьц, дээж авах, хэмжилт хийх, им тэмдэг тавих, бөгжлөх, судалгааны хэрэгсэл зүүх зорилгоор ан амьтныг эрдэм шинжилгээний зориулалтаар түр барих.

2.Тодорхой нутаг дэвсгэрт ан амьтны тоог сийрэгжүүлэх, хүйсийн харьцааг зохицуулах, заазлах зорилгоор болон соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнахад төлбөр, хураамжийг хөнгөлж болно. Төлбөр, хураамжийг хөнгөлөх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл.Төлбөр, хураамж төлөх, тайлагнах, зарцуулах

Хэвлэх

1.Төлбөр, хураамжийг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ан амьтныг агнах, барих гэрээ хийх, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авах бүрдээ бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлнө. /Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Ан амьтныг үйлдвэрлэлийн зориулалтаар агнаж барьснаас болон энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-д зааснаас бусад төлбөр, хураамжийг ан амьтан агнах, барих гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгох эрх бүхий байгууллагын шийдвэрээр томилогдсон албан тушаалтан хурааж авна.

3.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5,6-д болон 2 дахь хэсгийн 4, 5-д заасан төлбөр, хураамжийг гадаадын иргэнд ан амьтан агнуулах болон ан амьтанг амьдаар гадаад оронд гаргах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төлнө. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг төлбөр, хураамж зохих дансанд орсноос хойш хуанлийн 15 хоногт багтаан төлбөрийг улсын төсөвт, хураамжийг холбогдох сум, дүүргийн төсөвт тус тус шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4-д болон 2 дахь хэсгийн 1-З-д заасан төлбөр, хураамжийг сум, дүүргийн төсөвт төлнө.

Төлбөр, хураамж хураах эрх бүхий албан тушаалтан төлбөр, хураамжийг бэлнээр хураан авсан тухай бүр сум, дүүргийн төсөвт тушаана.

5.Ан амьтныг үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих болон амьдаар барьж эзэмшин, гаршуулан үржүүлж ашиглах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-3-д заасан төлбөрийн улирлын хэмжээг өөрөө тодорхойлон, дараа улирлын эхний сарын 10-ны дотор сум, дүүргийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалах

татварын албанд тушааж, эцсийн тооцоо хийнэ. /Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.Төлбөр, хураамжийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

1/ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох, төлбөр, хураамж хураан авах эрх бүхий байгууллага, албан тушаалтан төлбөр, хураамжийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд;

2/сум, дүүргийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

3/аймаг,нийслэлийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад; /Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4/татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөр, хураамжийн улсын нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор. /Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.Төлбөр, хураамжийн тайлангийн маягтын загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална. /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Төлбөр, хураамжийн зохих хувийг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах арга хэмжээнд зориулан зарцуулж болно.

9.Улсын төсөвт орсон төлбөрийн 1О хувийг байгаль хамгаалах санд төвлөрүүлнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8 дугаар зүйл.Төлбөрийг буцаан олгох

Хэвлэх

1.Төлбөрийг дараахь тохиолдолд буцаан олгоно:

1/төлбөл зохих хэмжээнээс илүү төлсөн;

2/агнуур хийх нутаг дэвсгэрт хүн, мал, амьтны халдварт өвчин гарсны улмаас хорио цээр тогтоогдож, агнуур хийх боломжгүй болсон;

3/хууль, гэрээнд заасан бусад нөхцөл.

2.Энэ хуулийн З дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллагад төлбөрийг буцаан олгох асуудлыг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.

9 дүгээр зүйл.Төлбөр, хураамжийн талаар гомдол гаргах

Хэвлэх

Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага төлбөр, хураамжтай холбогдсон гомдлоо төлбөр, хураамж төлснөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргана. Зохих шатны татварын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ зүйлд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төлбөр, хураамж хураах эрх бүхий албан тушаалтанд татварын байцаагч дараахь шийтгэл ногдуулна:

1/төлбөр, хураамжийг аваагүй буюу дутуу авсан, төлбөр, хураамжийн данс бүртгэл, баримтыг будлиантуулсан,хураан авсан төлбөр, хураамжийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. /Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Энэ хуульд заасан төлбөр, хураамж төлөгчид хариуцлага хүлээлгэх асуудлыг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.

11 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

Хэвлэх

Энэ хуулийн хэрэгжилтэд Улсын татварын алба, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина.

12 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ