Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2002 оны 7 дугаар сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 133



Нийслэлд мал аж ахуй эрхлэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдах явдлыг эмх цэгцтэй болгох, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. “Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого” хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан мал, амьтны гаралтай түүхий эд боловсруулах, худалдах, мал эмнэлэг, ариун цэврийн талаар гарсан журмуудад холбогдох өөрчлөлт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Нийслэлийн Засаг дарга М.Энхболд нарт үүрэг болгосугай.


3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрсдийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрийг аль болох өргөнөөр ашиглахыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболд, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт тус тус даалгасугай.


4. Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод даалгах нь:


а/нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлсүгэй;


б/мал, амьтны гаралтай түүхий эд борлуулах захыг нийслэлийн суурьшсан хэсгээс гаргаж хотын ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хотын баруун болон зүүн хэсэгт шилжүүлэн байршуулах арга хэмжээ авсугай;


в/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ