A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/-ийн бүрэн эрх, халдашгүй байдал, тэдгээрийн баталгааг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Ерөнхийлөгчийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Ерөнхийлөгч

Хэвлэх

1.Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.

2.Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.

З.Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

4 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийг сонгох

Хэвлэх

1.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй, 60-аас дээшгүй хоногийн өмнө явуулна.

2.Ерөнхийлөгчийг Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу сонгоно.

5 дугаар зүйл.Ерөнхийлөгч тангараг өргөх

Хэвлэх

1.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

2.Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно.

3.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно.

6 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

1.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.

2.Үндсэн хуулийн гучин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

3.Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

1/биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;

2/Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;

3/нас нөгчсөн.

7 дугаар зүйл.Ерөнхийлөгч ажлаа хариуцах

Хэвлэх

1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл.Ерөнхийлөгч хавсарч болохгүй ажил, албан тушаал

Хэвлэх

Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

9 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж

Хэвлэх

1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.

2.Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө.

3.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх зарлиг түүнд өөрөөр заагаагүй бол төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.

4.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

10 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг нийтлэх

Хэвлэх

1.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвшөөрснөөр төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэхээс гадна хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

2.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлэхдээ төрийн төв хэвлэлд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтална.

11 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх

Хэвлэх

1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.Дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийг түр эзгүй гэж үзнэ:

1/эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг эмнэлгийн дүгнэлт үндэслэн Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

2/өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

3/түр эзгүй гэж Ерөнхийлөгч өөрөө албан ёсоор үзсэн.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, З-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тохиолдолд болон Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.

6.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурна.

7.Ерөнхийлөгч ажилдаа эргэж орсон тухай Улсын Их Хуралд мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн түр эзгүй байдал дуусгавар болно.

8.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

2.Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана.

/Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

6.Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

7.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

9.Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

10.Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

11.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

12.Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

13.Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

14.Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

15.Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

17.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

18.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19.Төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13 дугаар зүйл.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.

2.Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавина.

3.Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс шаардлагатай гэж үзвэл Тагнуулын байгууллагын тодорхой үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авна.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.Батлан хамгаалах, улсын болон эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын эрх баригчдын илтгэл, мэдээллийг сонсоно.

5.Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгнө. Энэ тухай Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй ард нийтэд зарлан мэдэгдэнэ. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

7.Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

8.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно.

/Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хууль, 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгааг хууль тогтоомжид заасны дагуу зарлана.

10.Зэвсэгт хүчний нийтлэг дүрмүүдийг батална.

11.Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэр гаргана.

12.Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно.

14 дүгээр зүйл.Гадаад харилцааны талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

1.Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна.

2.Гадаад улсад айлчлах болон айлчлалын дүнгийн талаар Улсын Их Хуралд мэдээлэл хийнэ.

3.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

4.Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.

5.Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна.

15 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх

Хэвлэх

1.Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна.

2.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ.

3.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

4.Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргасан тохиолдолд Монгол Улсад орогнох эрх олгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

5.Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

6.Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах тодорхой бүрэн эрх олгох талаар саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАТАЛГАА

16 дугаар зүйл.Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа

Хэвлэх

1.Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/түүний бие, нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй дархан байна;

2/нийслэл хотод ордон, өвөл, зуны өргөөтэй байх бөгөөд тэдгээрийн зардал, үйлчилгээг улс хариуцна;

З/албан ёсны айлчлал, бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон төрийн ёслол, хүндэтгэлийн болон бусад арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Түүний цалин, жилийн зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно;

4/тусгай зориулалтын холбоо, аюулгүй байдлыг хангахаар тоноглогдсон уналгын хэрэгслээр хангагдана;

5/түүний амь бие, ордон, өргөө, холбоо, уналгын хэрэгсэл улсын хамгаалалтад байх бөгөөд эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхдийг нь шаардлагатай үед улсын хамгаалалтад авна;

6/түүний эрүүл мэндийг онцлон хамгаална.

2.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд албан татвараас бусад албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

3.Ерөнхийлөгч хамтарсан болон дагнасан хувийн үйлдвэр, аж ахуйн бусад нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэг бол бүрэн эрхийнхээ хугацаанд уул нэгжийн ажлыг эрхлэн удирдаж болохгүй.

4.Ерөнхийлөгч өөрийн хувийн аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотойгоор орсон орлогыг жил бүр, албан үйл ажиллагаатай нь холбогдуулан бусдаас өгсөн сарын цалингаас илүү үнэтэй бэлгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тухай бүр мэдэгдэнэ.

5.Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

6. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.

/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.Хуулиар бусад баталгаа тогтоож болно.

17 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн ажлын алба

Хэвлэх

1.Ерөнхийлөгчийн ажлын алба нь Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн.

2.Тамгын газрын дүрэм, бүтцийг зардлынхаа төсөвт багтаан Ерөнхийлөгч баталж тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.Ерөнхийлөгч Тамгын газрын дарга, зөвлөхийг томилно.

4.Зөвлөх нь Ерөнхийлөгчид захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд Тамгын газарт харьяалагдана.

5.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан нь Тамгын газрын дарга, зөвлөхөөс бусад ажилтныг ажлаас нь өөрчлөх үндэслэл болохгүй.

6.Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулж болно. Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бусад асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хамтлагаар судалгаа хийлгэж болно. Үүнд холбогдох хөрөнгийг Ерөнхийлөгчийн жилийн зардалд тусгана.

7.Тамгын газрын ерөнхий менежер нь Тамгын газрын орон тоо, цалингийн санг Ерөнхийлөгчийн зардлын төсөвт багтаан тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

18 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн тамга, хэвлэмэл хуудас

Хэвлэх

Ерөнхийлөгч тогтоосон журмаар үйлдсэн тамга, төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 199З оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ