A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 5

Улаанбаатар хот

НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2009 оны 1 дүгээр сараас эхлэн орон даяар "Биеийн тамир-эрүүл мэнд" уриан дор зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө, хариуцан ажиллах байгууллагыг хавсралтын ёсоор баталсугай.

2. "Биеийн тамир-эрүүл мэнд" уриан дор зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн удирдамжийг баталж, мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор нарт даалгасугай.

3. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад дааалгасугай:

3.1. "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр", Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчид, түүний дасгалжуулагч, багийн бусад гишүүдэд мөнгөн шагнал олгох журмын төслүүдийг боловсруулж Засгийн газарт оруулах;

3.2. 2010 оны өвлийн, 2012 оны зуны Олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах тодорхой хөтөлбөр боловсруулж 2009 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулах;

3.3. үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтыг хангах өвлийн спортын цогцолбор болон "Тамирчдын хотхон" байгуулах зураг төслийг холбогдох яам, Засгийн газрын агентлагтай хамтран боловсруулах;

3.4. биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг магадлан итгэмжлэх талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэх;

3.5. олон улсын чанартай тэмцээн, уралдааныг эх орондоо зохион байгуулах боломж бүрдүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн зарим дүүрэгт баригдах спортын цогцолборыг спортын тодорхой төрлөөр төрөлжүүлэх, усан бассейнтай болгох талаар арга хэмжээ авах.

4. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай:

4.1. бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх, хүүхдийн бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилыг сургалтын хөтөлбөрт оруулах;

4.2. хичээлийн бус цагаар спортын секц, дугуйлан ажиллуулах, гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж хичээллүүлэх, сургуулийн болон дотуур байрны гадна талд дасгал, хөдөлгөөн хийх талбай байгуулах зэрэг боловсролын байгууллагын санал санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллах.

5. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт үүрэг болгосугай:

5.1. бүх шатны сургуулийн биеийн тамирын тэнхим, заах аргын нэгдлийн багш нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах асуудлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх талаар журам боловсруулж мөрдүүлэх;

5.2. биеийн тамирын багш, дасгалжуулагчийг сургалтын төрийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр гадаад оронд мэргэжил дээшлүүлэх, урт, богино хугацааны сургалтад хамруулах;

5.3. ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор спортын заал, танхим, хэрэглэл, материалын стандартыг шинэчлэн боловсруулж, биеийн тамирын заал, танхим, гадна талбайн ашиглалтыг сайжруулах, биеийн тамирын багш нарыг холбогдох сурах бичиг, гарын авлагаар хангах.

6. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай:

6.1. иргэд биеийн тамир, спортоор хичээллэхэд зориулан гүйлт, алхалтын зам, дасгал, хөдөлгөөн хийх ногоон байгууламж бүхий ил талбай байгуулж, өвлийн улиралд байгалийн болон хиймэл мөс, цасан талбайг харьяа нутаг дэвсгэрийнхээ орон сууц, гэр хорооллын орчимд байгуулж, тогтмол ажиллуулах;

6.2. биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллах;

6.3. аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, чадавхийг нь дээшлүүлэх арга хэмжээ авах;

6.4. сумын соёл-спортын төв, аймаг, дүүргийн спортын ордонд иргэд биеийн тамир, спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах таатай орчин бүрдүүлэх арга хэмжээ авах;

6.5. улсын хэмжээнд ашиглагдаж байгаа нийтийн биеийн тамир, спортын заал, танхим, гадна талбайн ашиглалтыг сайжруулах, цаашид зориулалтыг өөрчлөх, бусдад шилжүүлэх, худалдахыг хориглох чиглэлээр тодорхой арга хэмжээ авах.

7. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

8. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг жил бүрийн 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА