Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2006  оны  12  сарын 15  өдөр 
Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА,

НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,

ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл  

1 дүгээр зүйл. Хуулийн зохицуулалт

            1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

Хэвлэх

2 дугаар зүйл. Хууль тогтоомж                      

            2.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

3 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж

           

            3.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

            3.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

            3.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулна.

            3.4.Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг

                                          байгуулах, өөрчлөх, татан буулгах

4.1.Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын  байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

            4.2.Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

            4.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг батлах, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

4.4.Хилийн цэсийн асуудлаар аймаг, нийслэл харилцан адилгүй саналтай байсан нь уг асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахад саад болохгүй. 

4.5.Ээлжит сонгуулийн жил шинээр баг, хороо, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            5 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн

                                        эдийн засгийн үндэс

            5.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, байгалийн нөөц баялаг, орон нутгийн өмч, бүх төрлийн өмчийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсөв

            6.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөвтэй байна.

            6.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ  
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн

 удирдлагын тогтолцоо

7 дугаар зүйл. Удирдлагын тогтолцоо

            7.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:

          7.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

7.1.2.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал;

          7.1.3.энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчид; 

7.1.4.аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга.

Хэвлэх

8 дугаар зүйл. Удирдлагын үндсэн зарчим

            8.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална.

           

8.2.Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага

            9.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна:

           9.1.1.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

            9.1.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

           9.1.3.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал.

9.2.Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.

            9.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй.

           9.4.Аймаг, нийслэл, сумын Хурлын төлөөлөгч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч байна.

9.5.Дүүргийн Хурлын төлөөлөгч нь тухайн дүүрэгт байнга оршин суугч, эсхүл уг дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхлэгч байна.

            9.6./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.7./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.8.Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно.

           

Хэвлэх

10 дугаар зүйл.Хурлын төлөөлөгчдийн тоо

10.1.Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна.

           

            10.2.Аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоо N-ийг хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах томьёогоор тодорхойлогдох n гэсэн  тоонд үндэслэн n41 бол N=41, бусад тохиолдолд N=n гэж тогтооно:

            n=a+b+)+d, Үүнд:             a нь аймгийн төвийн сумын багийн тоо;

            b нь аймгийн төвийн сумаас бусад сумын тоо;

            c нь а+b сондгой бол 1, тэгш бол 0-тэй тэнцүү;

            d нь  a+b+) сондгой бол 0, тэгш бол 1-тэй тэнцүү.

10.3.Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно: 

            10.3.1.сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;

            10.3.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21;

            10.3.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27;

            10.3.4.сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31.

10.4.Дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно: 

           

                        10.4.1.дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17;

                        10.4.2.дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25;

                        10.4.3.дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35;

                        10.4.4.дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41.”

/Энэ зүйлийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

11 дүгээр зүйл. Хурлын даргыг сонгох

            11.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

            11.2.Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.

            11.3.Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.

            11.4.Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн  буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.

11.5.Энэ хуулийн 11.4-т заасан нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ.

            11.6.Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.

Хэвлэх

12 дугаар зүйл. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх

12.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

12.1.2.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах;

12.1.3.Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;

12.1.4.Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах;

12.1.5.Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах;

           12.1.6.хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах;

12.1.7.хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах;

12.1.8.хуралдааны шийдвэрийн биeлэлтийг тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах;

12.1.9.сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах.

12.1.10.Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргах.

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

13 дугаар зүйл. Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах

            13.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

                        13.1.1.нас барсан;

                        13.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

                        13.1.3.хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

                        13.1.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;

                        13.1.5.тухайн орон нутгаас шилжсэн. 

13.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 13.1.4-т заасан тохиолдолд  огцруулах тухай тогтоол гаргах бөгөөд  13.1.1-д заасан тохиолдолд шууд орон гарсан гэж үзэж шийдвэр гаргахгүй.

13.3.Нөхөн сонгогдсон Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа

14.1.Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид батална.

14.2.Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана.

            14.3.Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

           

            14.4.Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна.

Хэвлэх

15 дугаар зүйл. Хурлын бүрэн эрх хугацаанаас

       өмнө дуусгавар болох

15.1.Дор дурдсан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын бүрэн эрх энэ хуулийн 9.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

        

          15.1.1.Хурлын нийт төлөөлөгчийн гуравны хоёроос доошгүй нь тухайн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тухай санал гаргасан;

          15.1.2.тухайн нутаг дэвсгэрийн нийт сонгогчийн дийлэнх олонхи нь Хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нь зүйтэй гэж санал гаргасан;

          15.1.3.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, татан буулгах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан.

15.2.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан тохиолдолд Хурал өөрөө тарах тухай тогтоол гаргаснаар тухайн Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. 

15.3.Хурал өөрөө тарах тухай тогтоолын төслийг илээр санал хурааж шийдвэрлэнэ.

15.4.Багийн Хурлаар энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан асуудлыг хэлэлцэхээр бол тухайн багийн нийт өрхийн гуравны хоёроос доошгүйн төлөөлөл оролцсон тохиолдолд Хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.

15.5.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т  зааснаар Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан бол 30 хоногийн дотор сонгууль зарлана.

            15.6./Энэ хэсгийг 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

16 дугаар зүйл. Хурлын төсөв, тамга, тэмдэг      

16.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хурал, Тэргүүлэгчид, Хурлын дарга,

тэдгээрийн бүрэн эрх

17 дугаар зүйл. Баг, хорооны Хурлын бүрэн эрх

17.1.Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх;

17.1.2.баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн  Засаг даргад уламжлах;

17.1.3.Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

17.1.4.баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт  өгөх;

17.1.5.баг, хорооны иргэдийг шагнаж урамшуулах, дэмжлэг, тусламж үзүүлэх саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад уламжлах;

17.1.6.өрхийг албан татвар, бусад ногдол үүргээс түр чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх тухай  саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад оруулах;

17.1.7.харьяалах баг, хорооны иргэний үндсэн ба журамт үүргийн биелэлтийг хангуулах;

17.1.8.иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах;

                        17.1.9.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

                        17.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.     

/Энэ заалтын дугаарт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.Баг, хорооны Хурлын энэ хуулийн 17.1.1-17.1.3, 17.1.8-д зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл. Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх

           

18.1.Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:

         18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар:

                                    а/Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;

б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх;

            в/тухайн Хурлын хороо, түр хороо байгуулах, түр хороог татан буулгах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх, ажлынх нь тайланг хэлэлцэх;

          г/Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах;

          д/сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

          е/тухайн Хурлын төлөөлөгчөөс Засаг даргад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гаргах;

        ж/тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох;

/Энэ дэд заалтад 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

          з/хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх;

/Энэ дэд заалтад 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                    к/ хууль тогтоомжийн хүрээнд Хурлын төсвийг батлах.

18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар:

          а/нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

         б/Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;

          в/орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн сан байгуулах, уг сангийн эх үүсвэр, зориулалтыг тогтоох, сангийн хөрөнгийн зарцуулалтын журам, тайланг батлах;

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

          г/тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоох;

          д/хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;

          е/ бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

          ж/бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах;

          з/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах;

         к/нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх;

          л/тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын  мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх;

18.1.3.орон нутгийн өмчийн талаар:

          а/орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;

          б/орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

          в/орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах;

          г/орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн тогтоох;

          д/орон нутгийн өмчийн эд хөрөнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг тогтоох;

          е/орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, хувьцааны өөрт ногдох хувийг тодорхойлох, түүнчлэн тухайн орон нутгийн төсвийн хөрөнгө, бэлтгэл нөөц, бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох;

          ж/орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах;

          з/орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу  шийдвэрлэх;

          к/орон нутгийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх журам, төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг тогтоох;

          л/орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг зохион байгуулах;

          м/орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бий болгох талаар тухайн Хурлаас Засаг даргад олгох эрх хэмжээг тогтоох, хяналт тавих;

          н/орон нутгийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах журмыг тогтоох.

            18.2.Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.

 /Энэ хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар/

18.3.Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

19 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрх

19.1.Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            19.1.1.үнэт цаас гаргах тухай аймаг, нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх;

            19.1.2.орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх;

            19.1.3.орон нутгийн өмчийг хувьчлах  бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах;  

            19.1.4.хууль тогтоомжид заасан бусад бурэн эрх.

19.2.Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно.

Хэвлэх

20 дугаар зүйл. Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх

20.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:

20.1.1.Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх;

20.1.2.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах, үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгуулагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх;

          20.1.3.нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;

20.1.4.иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу  судлан шийдвэрлэх;

20.1.5.Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын сонгууль явуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

20.1.6.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн төсөл, төр, нийгмийн амьдралын чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

20.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

20.1.8.төрийн дээд шагналд тодорхойлох;

20.1.9.иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;

20.1.10.олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага, сүм хийдтэй харилцах;

20.1.11.Хурлын хороо болон түр хорооны ажлыг зохицуулан зохион байгуулах, өөрийн дэргэдэх байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах;

20.1.12.гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, нэрэмжит шагнал бий болгох, түүх, соёлын дурсгалт, үнэт зүйлсийг тогтоож хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, энэ талаар нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх журам тогтоох;

20.1.13.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбогдсон асуудлаар Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, төсвийн байгууллагын удирдлагад асуулга тавих, түүний хариуг хэлэлцэж санал,  дүгнэлт өгөх;

                        20.1.14.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

20.2.Аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид нь сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

20.3.Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно.

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

20.4.Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна.

20.5.Хурлын Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тухайн Хуралд жилд 1-гээс доошгүй удаа тайлагнана.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Хурлын хороо болон түр хороо

21.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана.

21.2.Хороог Хурлын бүрэн эрхийн хугацаагаар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд Хорооны даргыг тухайн хорооны төлөөлөгчдийн дотроос сонгоно. 

21.3.Хороо  тухайн Хуралд ажлаа хариуцан тайлагнана.

21.4.Хурал нь цаг үеийн асуудлыг судлах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

            21.5.Хорооны тоо, бүрэлдэхүүн, түүнчлэн Хороо болон түр хороо, ажлын хэсэг  байгуулах, түр хороог татан буулгах, тэдгээрийн ажиллах журмыг Хурал өөрөө тогтооно.

Хэвлэх

            22 дугаар зүйл. Хурлын даргын нийтлэг бүрэн эрх

22.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;

22.1.2.тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

22.1.3.Тэргүүлэгчид, хороо, түр хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;

22.1.4.эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

22.1.5.Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;

22.1.6.Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;

           22.1.7.Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

22.1.8.тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах;

22.1.9.нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

           22.1.10.тухайн орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах;

22.1.11.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

22.1.12.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах;

22.1.13.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

22.1.14.тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх;

22.1.15.төрийн дээд болон бусад шагналаар шагнуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж зохих дээд байгууллагад уламжлах;

                         22.1.16.иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцээд гаргасан баг, хорооны Хурлын санал, сум, дүүргийн Хурлын шийдвэрийг Засаг даргад хүргүүлэх;

22.1.17.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

22.2.Аймаг, нийслэлийн Хурлын дарга нь сум, дүүргийн Хурлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

            22.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

23 дугаар зүйл. Хурлын хуралдаан

23.1.Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

23.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна.

23.3.Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно.

23.4.Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй  Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.

23.5.Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн  бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

            23.6.Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана. 

23.7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт  төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол  хүчинтэйд тооцно.

            23.8.Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу  түүнийг орхиж гарахыг хориглоно.

23.9.Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.

23.10.Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.

23.11.Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд  багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно.

23.12.Баг, хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно.

            23.13.Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна.

23.14.Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Хуралд асуудал оруулах эрх

24.1.Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.

            24.2.Төрийн болон төрийн бус байгууллага, аж  ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны  Хуралд  асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно.

24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.

Хэвлэх

25 дугаар зүйл. Хурлын тогтоол

25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.

25.2.Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна.

25.3.Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй.

25.4.Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.

/Энэ хэсгийн “... , эсхүл дээд шатны” гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний хуулиар өөрчлөлт оруулсан/

25.5.Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.

/Энэ хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
       Засаг дарга, түүний бүрэн эрх

26 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

26.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн.

26.2.Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.3.Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд,  сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус  4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.

26.4.Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд  томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй. 

26.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:

          26.5.1.дээд боловсролтой;

          26.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;

          26.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

            26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

            26.5.5.ялгүй байх.

26.6.Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:

           26.6.1.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

            26.6.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

            26.6.3.ялгүй байх.

26.7.Засаг даргыг өөр ажилд томилох шаардлага гарвал томилох эрх бүхий албан тушаалтан зохих шатны Хурлын Тэргүүлэгчидтэй урьдчилан зөвшилцөнө.

26.8 Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.

26.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус тус жил бүр тайлагнана.

Хэвлэх

27 дугаар зүйл. Хурлын шийдвэрт хориг тавих

27.1.Тухайн Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчсөн, эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй. 

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.2.Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг нь тодорхой заана.

27.3.Хурал хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэх бөгөөд түүнийг нийт төлөөлөгчийн олонхи нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.       

27.4.Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг уг шийдвэрийг Хурлын дарга хүлээн авснаас хойш хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно.

27.5.Засаг даргыг  чөлөөлөх, огцруулах асуудлаар гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй. 

27.6.Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

Хэвлэх

28 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

28.1.Баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

28.1.2.хадлан, тэжээл бэлтгэх, отор нүүдэл, малын урьдчилан сэргийлэх угаалга, тарилга хийх, ноос ноолуур авах, хашаа саравч барих, худаг ус гаргах, тариа ногоо тарих, хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах зэрэг цаг үеийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

28.1.3.хүн амын эрүүл мэндийн байдалд ажиглалт хийж, өвчтэй хүмүүсийг эмчлүүлэх, сувилуулах, эмнэлгийн яаралтай тусламжийг цаг тухайд нь үзүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

28.1.4.хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад орон нутгийн нөөц бололцоог илрүүлж ашиглах ажлыг зохион байгуулах, энэ талаар иргэдээс гаргасан санаачилгыг дэмжих;

28.1.5.хүн амын боловсролын түвшинг судлах, сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд нь сургуульд  оруулах, сургууль  завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;

28.1.6.шаардлагатай иргэдийг асрамжийн болон халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

28.1.7.нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судлах;

28.1.8.хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах;

28.1.9.ган, зуд зэрэг байгалийн гамшиг, гэнэтийн бусад  аюул  тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах ажлыг зохион байгуулах, энэ хуулийн 29.1.6.”б”-д заасан тохиолдолд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд  зохион  байгуулах;

28.1.10.статистикийн мэдээллийг зохих журмын дагуу гаргах;

           28.1.11.хүн ам, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх;

28.1.12.захиргааны журмын биелэлтэд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;

28.1.13.байгалийн баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн  биелэлтэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих;

28.1.14.гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион  байгуулах;

28.1.15.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулга явуулах, түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хуулийн төсөл, төр нийгмийн амьдралын чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

28.1.16.иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;

28.1.17.нутаг дэвсгэрийнхээ үйлчилгээний байгууллагын тайланг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

28.1.18.нутаг дэвсгэрт нь байнга буюу түр оршин суугч иргэд иргэний үндсэн ба журамт үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;

28.1.19.нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан газар, байгууллага, түүнчлэн байнга буюу түр оршин суугч иргэдэд захиргааны журам, дээд шатны болон иргэдийн Нийтийн  Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүрэг, чиглэл өгч биeлэлтийг нь хангуулах, тэдгээрээс дэмжлэг туслалцаа авах;

28.1.20.иргэнийг шагнаж урамшуулах, гачигдалтай иргэнд тусламж дэмжлэг үзүүлэх тухай саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

28.1.21.хууль  тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

28.2.Баг, хорооны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

28.3.Баг, хорооны Засаг даргын захирамж хууль тогтоомжид  нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг дарга өөрчлөх буюу хүчингүй болгоно.

28.4.Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна.

28.5.Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

28.6.Баг, хорооны Засаг дарга тогтоосон журмаар үйлдсэн тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

28.7.Баг, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

28.8.Баг, хорооны Засаг дарга иргэдэд урамшил, дэмжлэг тусламж үзүүлэх, ажлаа хэвийн явуулах нөхцлийг хангах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сантай байж болох бөгөөд зарцуулалтынх нь дүнг сум, дүүргийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хуралд тайлагнана.

Хэвлэх

29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг

                                 даргын нийтлэг бүрэн эрх

29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1.төлөвлөлт, төсөв, санхүү, бүртгэл тооцооны талаар:

        

                             а/нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                             б/харьяалах нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төрийн эрх бүхий байгууллагаас батлах төсөл, хөтөлбөрт санал өгөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

    в/харьяалах нутаг дэвсгэрийнхээ санхүүгийн байдал, хүн амын  орлого, хөдөлмөрийн нөөц, газрын төлөв байдлын удирдлага, төлөвлөлтийг хангахад шаардагдах тайлан тэнцэл гаргах;

                            г/харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан тайлан мэдээг хугацаанд нь хариуцан гаргуулж, хяналт тавих, хүн ам, орон сууц, газар, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах;

              д/орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн санг бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

   е/нутаг дэвсгэрийнхээ татварын албыг удирдлагаар хангах, татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах.

          29.1.2.орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар:

  а/төрийн болон тухайн орон нутгийн өмчийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

  б/тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

  в/тухайн орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөх, татан буулгах санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

  г/орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг тогтоох;

  д/орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллого явуулж, дүнг Хуралд танилцуулах, шаардлагатай бол зохих шийдвэр гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулах;

  е/орон нутгийн өмчийн эд хөрөнгийг хувьчилсан ажлын дүнг Хуралд тайлагнах.

29.1.3. хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар:

/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

   а/төрийн бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал сүргийг өсгөн үржүүлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн ажлыг зохион байгуулах, байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх;

/Энэ  дэд заалтад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

   б/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх,   байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

   в/хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах;

   г/газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах;

   д/газрын нэгдмэл сангийн данс бүртгэлийг хөтлөх, тайлан гаргах, нутаг дэвсгэртээ газар зохион байгуулалт хийх тухай шийдвэр гаргаж, Засгийн газраас тогтоосон журмын дагуу хэрэгжүүлэх;

   е/нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх;

   ж/газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх;

   з/газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж Хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

   к/хуульд заасан зориулалтаар тухайн орон нутгийн чанартай барилга байгууламжийг газар дор барих, ашиглахад зориулан газрын хэвлийг олгох;

   л/цэцэрлэгт хүрээлэн, зүлэгжүүлсэн талбай байгуулах, мод, бут сөөг тарьж ургуулах ажлыг зохион байгуулах;

             м/нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн Хурлын  шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

   н/нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах.

29.1.4.дэд бүтцийн талаар:

   а/харьяалах нутаг дэвсгэрийнхээ болон засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын, түүнчлэн бүс нутгийн чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгэм-соёлын зориулалттай барилга байгууламж барьж байгуулахад орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжиж, зохион  байгуулах;

   б/өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биeлэлтийг хангуулах;

   в/орон нутгийн чанартай зам, гүүр, үер усны хамгаалалт, далан суваг барих, засварлах, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

   г/нутаг дэвсгэртээ харилцаа холбоог хөгжүүлэх, харилцаа холбооны үйлчилгээгээр хүн амыг хангах, шуудан солилцох, хүргэх хуваарь, чиглэлийг батлах;

   д/нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, хот тосгоны орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

29.1.5.хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар:

   а/нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

   б/хуульд өөрөөр заагаагүй бол Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн орон нутгийн өмчит eрөнхий боловсролын болон мэргэжлийн сургууль, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах;

   в/нутаг дэвсгэрийн ариун цэвэр-халдваргүйжилтийн байдалд хяналт тавьж, хүн амыг гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчин гарч болох нөхцөл бүрдсэн буюу гарсан тохиолдолд нутаг дэвсгэртээ бүхэлд нь буюу хэсэгчлэн онцгой дэглэм тогтоох;

    г/хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллагууд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих;

    д/нутаг дэвсгэрийнхээ хүн амын  нийгмийн хамгааллын хөтөлбөрийг боловсруулж Хурлаар шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн зэрэг хууль тогтоомжид заасан санг бүрдүүлэх, захиран зарцуулах ажлыг ерөнхий удирдлагаар хангах;

    е/нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэлийн ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга технологи, шаардлагыг хэрхэн сахиж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулах.

29.1.6.хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар:

    а/хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;

    б/байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул  тохиолдсон үед хүн, мал амьтныг аврах, нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, гэнэтийн аюулын бусад үр дагаврыг арилгахтай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу түүний тодорхой хэсэгт түр хугацаанд дагаж мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох, хүн хүч дайчлах, төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тээвэр, холбооны хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчилж нөхөх олговор, үнийг төлөх;

    в/тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг хууль тогтоомжийн хүрээнд удирдах;

    г/иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

    д/тухайн нутаг дэвсгэр дэх шүүх, прокурорын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

    е/нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах;

    ж/худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг баталж, мөрдүүлэх;

    з/дотоод, гадаадад тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх;

               к/Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг даргаас сум, дүүргийн Засаг даргад хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

               л/нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах.

29.2.Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

29.3.Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол  өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.

29.4.Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй.

 29.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тогтоосон журмаар үйлдсэн  тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. 

Хэвлэх

30 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            30.1.1.сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах;

30.1.2.аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

30.1.3.харьяалах нутаг дэвсгэрийнхээ дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх бодлого боловсруулж Хурлаар батлуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

30.1.4.Хурлын шийдвэрийн үндсэн дээр орон нутгийн өмчийн оролцоотой гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэр байгуулах, тэдгээрт газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах;

30.1.5.газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу  хяналт тавих ажлыг зохион байгуулах;

30.1.6.нутаг дэвсгэртээ батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, нийгмийн хэв журам хамгаалах ажлыг удирдах, цэргийн анги, салбар, улсын аюулгүй байдлыг хангах болон хууль хяналтын бусад байгууллагатай харилцан ажиллах;

30.1.7.иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх, хяналт тавих;

30.1.8.Засаг даргын зөвлөл  байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь батлах;

30.1.9.сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих;

           

                        30.1.10.хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

30.1.11.хууль тогтоомжид заасан бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг Хуралтай зөвшилцөн томилох, чөлөөлөх;

30.1.12.нутаг, дэвсгэртээ тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай саналыг боловсруулж, Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

30.1.13.харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх;

           30.1.14.боловсролын асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллагаас тогтоосон аргачлалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг тус бүрээр нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тогтоож мөрдүүлэх;

30.1.15.шаардлагатай тохиолдолд тухайн орон нутагт хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа тахарын албанд шаардагдах хүн хүч, автомашин, техник, шатахуун, орон байр болон бусад хэрэгслээр туслах;

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        30.1.16.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

30.1.17.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

31 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

31.1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

           31.1.1.баг, хорооны Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах;

                        31.1.2.сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

31.1.3.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;

31.1.4.эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох;

31.1.5.албан татвар, төлбөр, хураамж хураах, зохих төсөвт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх арга хэмжээ авах;

31.1.6.нутаг дэвсгэрийнхээ үйлчилгээний байгууллагуудын эрүүл ахуй, ариун цэврийн байдалд хяналт тавьж, үйлчилгээний цагийн хуваарь тогтоох;

31.1.7.хот, тосгоны иргэдийг цэвэр усаар хангах, хог хаягдал, бохир ус зайлуулах, цэвэрлэх, мод, бут, сөөг, жимсний мод тарьж ургуулах, тохижуулах, гудамж талбайг гэрэлтүүлэх, үер усны хамгаалалт, далан суваг барих арга хэмжээ авах, түүнчлэн харьяалах нутаг дэвсгэрт нь барилга байгууламж барих, зам, холбооны шугам өөрчлөхөд оршин суугчдын санал авч шийдвэрлэх;

                        31.1.8.хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх;

                        31.1.9.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуулийн 64.4, 64.5-д заасан журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

31.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

32 дугаар зүйл. Засаг даргыг чөлөөлөх, огцруулах,

                                                Засаг дарга огцрох

    

32.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

32.2.Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.

            32.3.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын  5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

            32.4.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө.

32.5.Засаг дарга огцрох тухай хүсэлтээ  бичгээр гаргаж болно.

32.6.Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд  гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

32.7.Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын  орлогч  хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.

32.8.Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
Ажлын алба, Засаг даргаас бусад

байгууллагатай харилцах

33 дугаар зүйл. Засаг даргын ажлын алба

33.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

          33.1.1.харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;

          33.1.2.Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах;

          33.1.3.Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;

          33.1.4.хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;

          33.1.5.Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

          33.1.6.төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

          33.1.7.тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх.

33.2.Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна.

            33.3.Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно.

33.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.

33.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хэвлэх

34 дүгээр зүйл. Засгийн газартай харилцах

34.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газартай дор дурдсан журмаар харилцана:

           34.1.1.жил бүр үйл ажиллагааныхаа тайланг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг тайланг хуралдаанаараа хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх;

           34.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, эс дэмжвэл өөрийн саналыг Ерөнхий сайдад уламжлах;

           34.1.3.нутаг дэвсгэрийнхээ болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцолбороор хөгжүүлэх бодлого боловсруулахад Засгийн газраас зөвлөлгөө, дэмжлэг авах;

            34.1.4.нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлэх.

34.2.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийг бүрдүүлэх, захиран зарцуулах, бүс нутгийн хөгжлийг төлөвлөх зэрэг асуудлаар Засгийн газар аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад зарим эрх, чиг үүргээ шилжүүлж болно.

Хэвлэх

35 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагатай харилцах

35.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн захиргааны төв байгууллагатай дор дурдсан журмаар харилцана:

          35.1.1.төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;

          35.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн салбарын болон салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэхдээ харьяалах нутаг дэвсгэртээ төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шийдвэр гаргаж биелэлтийг зохион байгуулах;

          35.1.3.нутаг дэвсгэрийнхээ хэтийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын талаар Ерөнхий сайдтай шууд харилцах;

          35.1.4.орон нутгийн хүч, хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах;

          35.1.5.эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн буй орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх.

          35.2.Эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага саад учруулахыг хориглоно.

35.3.Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн  удирдлагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.

35.4.Сум, дүүргийн Хурал, Засаг дарга энэ хуулийн 35.1.3, 35.1.4-т заасан асуудлыг аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлнэ.

Хэвлэх

36 дугаар зүйл. Хурал, Тэргүүлэгчидтэй харилцах

36.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана:

          36.1.1.Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах;

          36.1.2.хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам Хуралд тайлагнах;

36.2.Сум, дүүргийн Хурал, Засаг даргын хооронд үүссэн маргааныг аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргатай зөвшилцөн, аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргын хооронд үүссэн маргааныг нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус шийдвэрлэнэ.

36.3.Засаг дарга хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад нь Хурал, Тэргүүлэгчид саад учруулж үл болно.

Хэвлэх

37 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж

                             хоорондын хамтын ажиллагаа

37.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг цогцолбороор хөгжүүлэх, хөрөнгө  хүч төвлөрүүлэх томоохон асуудлыг Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нар хамтран хэлэлцэж шийдвэрлэх буюу саналаа холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

37.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны явцад сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын хооронд үүссэн маргааныг харъяалах дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайд тус тус шийдвэрлэнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн

удирдлагын үйл ажиллагааны баталгаа

            38 дугаар зүйл. Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийн баталгаа

                                     

38.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно.

            38.2.Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.

38.3.Хурал, Тэргүүлэгчид, Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь тухайн нутаг дэвсгэр дэх байгууллага, албан тушаалтан бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

38.4.Хурал, Тэргүүлэгчид, Засаг дарга, тэдгээрийн ажлын албадын ажиллах нөхцөл бололцоог хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр баталгаажуулна.

38.5.Тухайн нутаг дэвсгэрт захиргааны журам зөрчсөн иргэд, байгууллага, албан тушаалтанд Засаг дарга зохих хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, эсхүл тийм хариуцлагыг хүлээлгэх саналыг  эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавина.

38.6.Баг, хорооны Хурлын даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар тутам олгоно.

Хэвлэх

39 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн

                                           удирдлагын шийдвэрийг биелүүлэх

39.1.Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ.

39.2.Хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.

Хэвлэх

40 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн

                                    нэгжийн удирдлага хууль ёсыг сахих

40.1.Хурал, Засаг даргаас хурал, жагсаал, цуглаан, санал асуулга явуулах талаар гаргасан шийдвэр зөвхөн хууль тогтоомжид нийцсэн байвал зохино.

40.2.Харьяалах нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллага, Хурал, Засаг даргын шийдвэрт харшилсан бол Засаг дарга уг шийдвэрийг хүчингүй болгоно.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

40.3.Засаг захиргааны тухайн нэгжид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээд шатны байгууллагад харьяалагддаг аж ахуйн нэгж, албан газар, байгууллагын гаргасан шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллага, Хурал, Засаг даргын хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрт харшилбал Засаг дарга түүнийг өөрчлөх буюу хүчингүй болгуулах саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах бөгөөд энэхүү саналыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

 41 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

                     нэгжийн удирдлагын хүлээх хариуцлага

41.1.Хурал, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

41.2.Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ.

Хэвлэх

42 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

42.1.Энэ хуулийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор нийтэлснээс хойш арав хоногийн дараа дагаж мөрдөнө.

42.2.Энэ хуулийн 26.5.1, 26.5.2 дахь заалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны ээлжит сонгууль явуулж шинээр сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн үеэс эхлэн дагаж мөрдөнө.

               МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Ц.НЯМДОРЖ

[1] Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.

Хэвлэх