Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах, эх орондоо буцаж ирэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ

1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах

1.Төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий нам, төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын шийдвэр, түүнчлэн гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж байгаа байгууллагын ажлаар явахаас бусдыг гадаадад хувийн хэргээр зорчих гэнэ.

2.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр байнга амьдран суухаар Монгол Улсаас гарч явахыг цагаачлах гэнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрх

1.Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй.

2.Гадаадад цагаачилсан Монгол Улсын иргэн хэдийд ч эх орондоо буцаж ирэх эрхтэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх

1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ:

1/гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл;

2/эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл;

3/хуулиар тогтоосон төрийн нууцыг мэдэж байгаа болон түүнийг шууд хариуцаж байгаа албан тушаалтан цагаачлах хүсэлт гаргасан бол уг ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн өдрөөс хойш З жилийн дотор;

4/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол шийдвэрт заасан хугацаагаар;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан, эсхүл 2 буюу түүнээс дээш удаа өөрийн буруугаас гадаад паспортаа гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар.

/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт цагдаагийн байгууллага хяналт тавина.

/Энэ хэсэгт 1997 оны оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Гадаад улсад гамшиг, аюулт үзэгдэл болон аюул, онц болон дайны байдал бий болсны улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учирч болзошгүй нөхцөл буй болсон бол Засгийн газар уг улсад зорчих, цагаачлах иргэдэд энэ тухай урьдчилан мэдээлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

6 дугаар зүйл.Гадаад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл олгох

1.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах иргэн тухайн улсын виз авахыг өөрөө хариуцна.

2.Визгүй зорчих гэрээ нөхцөл бүхий улсад Монгол Улсын иргэн өөрийн хүсэлтээр чөлөөтэй зорчиж болно.

3.Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно.

/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4./Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.Гадаадад цагаачлах иргэн гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дараахь баримт бичиг гаргаж өгнө:

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/цагаачлах хүсэлт;

/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон болон өмчийн өр авлагагүй болохыг нотолсон тодорхойлолт;

3/хөдөлмөр эрхлээгүй бол оршин суугаа нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/Тухайн орны цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөл.

/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.Гадаадад цагаачлах иргэн шаардлагатай тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас гадна дараахь баримт бичгийн аль нэгийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүрдүүлж өгнө:

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/гадаадын байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар байгуулсан гэрээ;

2/гэр бүл нь гадаадын иргэн бол энэ тухай баримт бичгийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3/гадаадад байнга оршин суудаг төрөл саднаас нь ирүүлсэн гэрчлэн нотлогдсон урилга.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.Нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба гадаадад хувийн хэргээр зорчих иргэний үндэсний гадаад паспорт авах хүсэлтийг 10 хоног, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цагаачлах хүсэлтийг 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуууллага үндэслэл бүхий хариуг бичгээр өгнө.

/Энэ хэсэгт 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон гомдлоо шүүхэд гаргана.

10.Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадад цагаачлан гарсан Монгол улсын иргэдийн тоо бүртгэлийг нэгтгэн хөтөлнө.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

7 дугаар зүйл. Насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах

1.Насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна.

2.Монгол Улсын 16-18 насны иргэн эцэг, эх, асран хамгаалагчийн хамт цагаачлах тохиолдолд түүний зөвшөөрлийг нь бичгээр авна.

3.Эцэг, эх буюу хууль ёсны хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхдийг Монгол Улсын хилээр авч гарах тохиолдолд хууль сахиулах байгууллага хяналт тавьж, хүүхэд хамгаалах байгууллагад мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

8 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад олгох баримт бичиг, үндэсний гадаад паспорт

1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах бол түүнд үндэсний гадаад паспорт олгоно.

2.Насанд хүрээгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах бол түүнд дор дурдсан баримт бичгийн аль нэгийг олгоно:

1/үндэсний гадаад паспорт;

2/эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн үндэсний гадаад паспортад зургийг нааж баталгаажуулах;

3/эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт түр хугацаагаар гадаадад зорчих хүүхдэд үндэсний гадаад паспортад хавсаргагдах үнэмлэх;

4/гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдэд гадаадад зорчиход нь үндэсний гадаад паспорт;

5/гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн хоёрын дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд Монгол Улсад ирсний дараа гадаадад зорчих бол иргэний бүртгэлийн байгууллагаас олгогдсон хүүхдийн гэрчилгээ, регистрийн /бүртгэлийн/ дугаарыг үндэслэн түүнд энэ хэсэгт заасан баримт бичгийн аль нэгийг олгоно

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Монгол Улсын үндэсний гадаад паспорт нь Монгол Улсын төрийн өмч мөн.

4.Монгол Улсын иргэн гадаадад байхдаа үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд түүнд үндэсний гадаад паспорт буюу Монгол Улсад буцах үнэмлэхийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар олгоно.

5.Монгол Улсын үндэсний гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, гадаадад дипломат төлөөлөгчийн болон консулын газар олгоно.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.Гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар үндэсний гадаад паспорт олгохдоо тухайн иргэний талаар иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас холбогдох лавлагаа авах ба олгосон гадаад паспортын талаар мэдээлэл ирүүлж байна.

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийн дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 6 байсныг 7 болгон өөрчилсөн/

8.Монгол Улсын үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэхийн загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийн дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 7 байсныг 8 болгон өөрчилсөн/

Хэвлэх

9 дүгээр зүйл.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэний эрх үүрэг

1.Монгол Улсын иргэн гадаадад байхдаа төрийнхөө ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах эрхтэй.

2.Монгол Улсын иргэн гадаадад цагаачлахдаа өөрт нь болон хамт цагаачлах гэр бүлийн гишүүдэд оногдох өмч, гадаад валютыг хууль тогтоомжийн дагуу авч гарах эрхтэй.

3.Гадаадад удаан хугацаагаар /6 сараас дээш/ болон цагаачлан суугаа иргэдийн өмчлөлийн болон өвлөх эрхтэй холбогдсон асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

4.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон аливаа зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй.

5.Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй.

Гадаадад хувийн хэргээр түр хугацаагаар зорчиж яваа Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл дипломат төлөөлөгчийн болон консулын газарт бүртгэл хийлгэж болно.

Хэвлэх

10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Н.БАГАБАНДИ