A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1992 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН

БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ

ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцаа, түүнчлэн цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоож зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын иргэний цэргийн үүрэг

Хэвлэх

1. Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаархи хууль тогтоомж, хуулиар олгосон бүрэн эрх бүхий төрийн байгууллагын гаргасан эрх зүйн бусад актаар тогтоосон журмыг байгууллага, иргэн, цэргийн албан хаагчаас сахиж биелүүлэхийг Монгол Улсын иргэний цэргийн үүрэгт тооцно.

2. Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ.

З дугаар зүйл. Цэргийн алба

Хэвлэх

1. Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл бөгөөд цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанаас бүрдэнэ.

2. Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэхийг цэргийн жинхэнэ алба гэнэ.

/Энэ хэсэгт 1993 оны 10 дугаар сарын 21 өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Цэргийн жинхэнэ алба нь байлдагч, түрүүчийн алба, ахлагчийн болон офицерийн албанаас бүрдэнэ. Харин цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд сайн дураараа офицер, ахлагчийн албыг хуулийн дагуу хааж болно.

З. Энэ хуульд заасан бэлтгэл албаны насны эрэгтэйчүүд, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд цэргийн тоо бүртгэлд байж дайчилгааны сургууль, цугларалтаар болон хууль тогтоомжид заасан цэргийн албаны бусад үүрэг гүйцэтгэхийг цэргийн бэлтгэл алба гэнэ. Цэргийн бэлтгэл алба нь нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний албанаас бүрдэнэ.

4 дүгээр зүйл. Цэргийн албан хаагч, цэргийн үүрэгтэн

Хэвлэх

1. Цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг цэргийн албан хаагч гэнэ.

2. Цэргийн бэлтгэл албанд байгаа иргэнийг цэргийн үүрэгтэн гэнэ.

Цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч, офицерийг нэгдүгээр зэргийн цэргийн үүрэгтэн гэнэ.

Бэлтгэлд байгаа цэргийн алба хаагаагүй эрэгтэйчүүд, мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийг хоёрдугаар зэргийн цэргийн үүрэгтэн гэнэ.

5 дугаар зүйл. Цэргийн тангараг

Хэвлэх

1. Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо:

"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ" гэж цэргийн тангараг өргөнө.

2. Цэргийн тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.

/Энэ зүйлийг 199З оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6 дугаар зүйл. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах

Хэвлэх

1. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэрээс нь үл хамааран цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албыг сайн дураар хаалгах журмаар нөхөн хангана.

/Энэ хэсэгт 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах журмыг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсэгт 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7 дугаар зүйл. Цэргийн албан тушаал, цол

Хэвлэх

1. Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, цэргийн бусад албан хаагчийнхыг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Цэргийн албан хаагч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн цолтой байна. Цэргийн цолыг Монгол Улсын хуулиар бий болгож, олгох, хэрэглэх, бууруулах, хураан авах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8 дугаар зүйл. Цэргийн албан хаагч, цэргийн үүрэгтний дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэг

Хэвлэх

1. Цэргийн албан хаагч цэргийн жинхэнэ алба хааж байхдаа, цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцох үедээ дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэг хэрэглэнэ.

Цэргийн дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдгийн загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

2. Цэргийн бэлтгэл үүрэгтэнг дайчилгааны сургууль, цугларалтад оролцох үед нь нэг удаа цэргийн дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдгээр хангах үүргийг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага хүлээнэ.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Цэргийн бэлтгэл үүрэгтэн олгосон дүрэмт хувцсыг дайчилгааны сургууль, цугларалтаар хэрэглэж нас хэтэрч бэлтгэл албанаас чөлөөлөгдөх хүртлээ хадгална. Хэрэв үрэгдүүлбэл зохих үнээр нь нөхөн олгоно.

3. Зэвсэгт хүчний цэргийн цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцсыг бусад байгууллага, иргэн хэрэглэх, тэдгээрийн загварыг ашиглахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цэргийн жинхэнэ албанд татах

9 дүгээр зүйл. Цэргийн жинхэнэ албаны татлага

Хэвлэх

1. Тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2. 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татна. Цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ албанд татагдагч гэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Цэргийн жинхэнэ албанд татагдагчийн цэрэг татлагын байранд ирсэн байх өдөр, цагийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтооно.

Цэргийн жинхэнэ албанд татагдагч тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.

Харин цэргийн насны иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэт аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.

4. Цэрэг татлагын үед байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн цэргийн хэлтэс /цэрэг татлагын байр/-т очиж бүртгүүлэх үүрэгтэй.

5. Байгууллагын эрх баригч цэргийн насны иргэнийг зохих хугацаанд нь ажил, сургуулиас түр чөлөөлөх, албан томилолт, амралтаар явсан бол яаралтай дуудаж, тогтоосон хугацаанд нь цэрэг татлагын байранд буюу товлосон газар ирүүлэх үүрэг хүлээнэ.

6. Цэргийн албанд татагдагчийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын байр хүргэхэд шаардлагатай тээвэр, хүнс, байрны зардлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, цэргийн албанд тэнцсэн иргэнийг цэрэг татлагын байран дээр түр байрлуулах, хооллох, цэрэг татлагын байрнаас цэргийн анги хүргэх зардлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар тус тус хариуцна.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнийг шаардлага гарсан тохиолдолд цэргийн жинхэнэ албанд татах ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.

/ Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

8. Цэрэг татлага явуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн өдрөөс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах өдөр хүртэл цэрэг татлагын насны иргэн тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчихыг хориглоно.

10 дугаар зүйл. Цэрэг татлагын товчоо

Хэвлэх

1. Цэргийн албаны ээлжит татлагыг эрхлэн явуулах цэрэг татлагын товчоог дарга, орлогч, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулна. Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллагын зохих албан тушаалтан болон шаардлагатай мэргэжлийн байгууллагын ажилтныг томилон ажиллуулна.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга цэрэг татлага явуулахад шаардлагатай байр, тээврийн хэрэгслээр хангаж, үйлчлэх хүмүүсийг гаргаж ажиллуулах үүрэгтэй.

11 дүгээр зүйл. Цэрэг татлагын товчооны эрх хэмжээ

Хэвлэх

1. Цэрэг татлагын товчоо нь дараахь үүрэг хүлээнэ:

1/ цэргийн жинхэнэ албанд татагдагчдад нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэх;

2/ цэргийн албанд тэнцэгчдийг цэргийн жинхэнэ алба хаалгах шийдвэр гаргаж, цэргийн анги, байгууллагад хуваарилах;

3/ цэрэгт татагдагчийн болон бусад иргэний өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;

4/ үүргээ шударгаар биелүүлэх.

2. Цэрэг татлагын товчоо цэрэгт татагдагчийг энэ хуулийн 12 дугаар зүйлийн заалтыг үндэслэн цэргийн жинхэнэ албанд татахаас тухайн жил түр чөлөөлөх эрхтэй.

З. Цэрэг татлагатай холбогдох асуудлыг товчооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, протокол гаргана.

4. Товчооны шийдвэрийн талаархи гомдол, маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга эцэслэн шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл. Тайван цагт цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлөх

Хэвлэх

1. Монгол Улсын иргэнийг цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр түр чөлөөлж болно:

1/ эцэг, эх нь хоёулаа, эсхүл ганц бие эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй /60-аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, энэ насанд хүрээгүй боловч тахир дутуугийн I, II зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцно/ бөгөөд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;

2/ хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;

3/ эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;

4/ эхнэр нь тахир дутуугийн I, II зэрэгт орсон;

5/ хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл 16-гаас дээш настай боловч тахир дутуугийн I, II зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй.

Дээр дурдсан гачигдлыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, иргэний паспорт, гэрлэгсдийн баталгаа, тахир дутуугийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг үндэслэн тогтооно.

2. Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэн, түүнчлэн эрүүл мэндээр тэнцэж, цэргийн алба хаах хүсэлт гаргасан хэдий ч хугацаат цэргийн албанд татах иргэдийн хяналтын тоонд багтаагүй иргэнийг хугацаат цэргийн албанд татахаас тухайн жилд түр чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

З. Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчийг суралцах хугацаанд нь цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлнө. Харин тэд сайн дураараа цэргийн жинхэнэ алба хааж болно.

4. Гэмт хэргийн учир мөрдөгдөж байгаа буюу үйлдсэн хэрэгтээ шүүхээр шүүгдэж байгаа, түүнчлэн ял эдэлж байгаа иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахгүй.

5. Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн шашин шүтлэг-ёс зүйн болон энэ хуульд заасан бусад шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж болно. Цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтэй иргэн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын аврах анги, отряд, салбар Хилийн цэрэгт туслах хүчин болон хүмүүнлэгийн бусад байгууллагад алба хаана. Уг албыг хаах хугацаа 24 сар байна. Гамшгаас хамгаалах ажиллагааны хойшлуулшгүй арга хэмжээ, улсын хил хамгаалалтын зайлшгүй шаардлагыг харгалзан Засгийн газар энэхүү хугацааг 3 хүртэл сараар сунгаж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам, алба хаах иргэний тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн 2, 4 дэх өгүүлбэрт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6. Захиргааны санаачлагаар буюу өөрийн хүсэлтээр алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар ажиллаж байгаа хоёрдугаар зэргийн цэргийн бэлтгэл үүрэгтэн иргэнийг байлдагч, түрүүчийн албыг хаах насны дээд хязгаарт хүрмэгц цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцно. Алслагдсанд тооцох сумдын нэрсийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

7. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хугацаат цэргийн ээлжит татлагаас түр чөлөөлөгдсөн иргэнд 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

8. Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана. Уг албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг Улсын Их Хурал батална. Мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно. Мөнгөн төлбөрийн орлогын 50 хүртэлх хувийг орон нутгийн төсөвт, үлдсэнийг улсын төсөвт төвлөрүүлэн батлан хамгаалах зорилгод зарцуулна.

/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн хоёр дахь өгүүлбэрийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Цэргийн жинхэнэ алба

1З дугаар зүйл. Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаар

Хэвлэх

1. Цэргийн албан хаагч нь:

1/ байлдагч, түрүүчийн албыг: -хугацаат цэрэг 27 нас хүртэл; -гэрээт цэрэг 31 нас хүртэл;

/Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ ахлагчийн албыг 45 нас хүртэл;

3/ офицерын албыг:

-дунд офицер 45 нас хүртэл;

-ахлах офицер 50 нас хүртэл;

-дээд офицер 55 нас хүртэл тус тус хааж болно.

Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл хааж болно.

2. Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээр зүйл. Байлдагч, түрүүчийн алба

Хэвлэх

/Энэ зүйлийн нэрийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1. Байлдагч, түрүүчийн алба нь хугацаат цэргийн алба, гэрээт цэргийн албанаас бүрдэнэ. Хугацаат цэргийн алба хаах хугацаа 12 сар, гэрээт цэргийн алба хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид 31 нас хүртэл үргэлжлүүлэн сунгаж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хугацаат болон гэрээт цэргийн албаны байлдагч нь байлдагч, ахлах байлдагч, түрүүч нь дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч цолтой байна.

Иргэн цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой нөхцөл бий болсон үед хугацаат албаны байлдагч, түрүүчийн цэргийн алба хаах хугацааг гурав хүртэл сарын хугацаагаар сунгаж болно.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

З. /Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан/.

3. Хугацаат албаны байлдагч, түрүүчийн цэргийн алба хааж эхэлсэн хугацааг тэднийг цэрэг татлагын байрнаас анги, байгууллагад хуваарилсан өдрөөс тооцно.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/.

4. Байлдагч, түрүүчийн цэргийн алба хааж дуусгасан хугацааг тэднийг бэлтгэлээр халах тухай ангийн захирагчийн тушаал гарсан өдрөөс тооцно.

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

5. Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагын өөрчлөлттэй уялдуулан байлдагч, түрүүч нарыг цэргийн албаны хугацаа дуусахаас өмнө нийтээр халах зөвшөөрлийг Улсын Их Хурал олгоно.

/Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн ба дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

15 дугаар зүйл. Байлдагч, түрүүчийг цэргийн албанаас халах

Хэвлэх

Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаагаар цэргийн алба хаасан байлдагч, түрүүчийг бэлтгэлээр хална.

16 дугаар зүйл. Байлдагч, түрүүчийг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх, хасах, нөхөн хаалгах

Хэвлэх

1. Байлдагч, түрүүчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө цэргийн жинхэнэ албанаас чөлөөлж болно.

Байлдагч, түрүүч цэргийн алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн бол хугацаанаас өмнө цэргийн албанаас хасна.

2. Хугацаанаас өмнө чөлөөлөх, хасах асуудлыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, цэргийн эмнэлгийн магадлагаа, шүүхийн шийдвэрийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Цэргийн алба хаах хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн буюу хасагдсан байлдагч, түрүүч энэ зүйлийн 1-д заасан шалтгаан арилмагц цэргийн жинхэнэ албаны үндсэн хугацааг нөхөн хаана.

4. Цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүчийн тээвэр, хоол, хүнс, байрны зардлыг аймаг, нийслэл хүртэл Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, сум, хорооны төв хүртэл аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус тус хариуцна.

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Харин хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн болон орон нутгийн чөлөөгөөр яваа байлдагч, түрүүчийн орон нутагтаа очих, буцах зардлыг цэргийн анги, байгууллага олгоно.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17 дугаар зүйл. Цэргийн сургуулийн сонсогч

Хэвлэх

1. Цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг сонсогч гэнэ.

Цэргийн сургуульд 17 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг сонсогчоор элсүүлэн суралцуулж болно. Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд тооцно.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Цэргийн сургуулийн сонсогчдод боловсрол, мэргэжил эзэмшүүлэх асуудлыг Монгол Улсын Боловсролын хуулийг үндэслэн батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Цэргийн сургуулийн дүрмийг хуульд өөрөөр заагаагүй бол батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18 дугаар зүйл. Ахлагчийн алба

Хэвлэх

1. Цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий иргэн сайн дураараа ахлагчийн албан тушаалд гэрээгээр цэргийн жинхэнэ алба хаахыг ахлагчийн алба гэнэ.

Гэрээний анхны хугацаа таваас доошгүй жил байна.

2. Ахлагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, сургагч ахлагч, тэргүүн ахлагч цолтой байна.

/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

З. Ахлагчийн албанд дараахь хүмүүсийг авч болно:

1/ цэргийн жинхэнэ албыг 8 сараас дээш хаасан байлдагч, түрүүч;

2/ З5 хүртэлх насны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн;

3/ З0 хүртэлх насны эмэгтэйчүүд.

4/ гэрээт цэргийн алба хаасан байлдагч, түрүүч.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

19 дүгээр зүйл. Офицерын алба

Хэвлэх

1. Офицерын цол бүхий иргэн Монгол Улсын Зэвсэгт хүчний зохих албан тушаалд цэргийн алба хаахыг офицерын алба гэнэ.

2. Офицерыг цолоор нь дунд, ахлах, дээд гэж ангилна. Дунд офицер нь дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, ахлах офицер нь хошууч, дэд хурандаа, хурандаа, дээд офицер нь бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолтой байна.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Офицер, ахлагчийн цэргийн алба хаах журмыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

4. Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2-т зааснаар сунгасан хугацаа нь дууссан офицер, ахлагчийг цэргийн албанаас бэлтгэлээр хална.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Офицер, ахлагчийг дараахь тохиолдолд нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно:

1/ цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний дүгнэлт гарсан;

2/ анги, байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан, эсхүл офицер, ахлагчийн тоог цөөрүүлсэн;

3/ мэргэжил, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон;

4/ цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн;

5/ гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн;

6/ ар гэрийн гачигдал, өөрийн хүсэлтээр.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Цэргийн бэлтгэл алба

20 дугаар зүйл. Цэргийн бэлтгэл албанд байх нас

Хэвлэх

Цэргийн бэлтгэл албанд дээд, ахлах офицер 60 нас , дунд офицер, ахлагч 55 нас , эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас хүртэл байж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21 дүгээр зүйл. Дайчилгааны сургууль, цугларалт

Хэвлэх

1. Цэргийн бэлтгэл үүрэгтний цэрэг, техникийн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор тэднийг дайчилгааны сургууль, цугларалтад дараахь хугацаагаар татан оролцуулна:

1/ бэлтгэл офицерыг 5 жилд нэг удаа, цэргийн чухал мэргэжил бүхий нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг З жилд нэг удаа тус бүр нэг сар хүртэл;

2/ хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнийг бэлтгэлд байх хугацаанд нь гурван сар.

2. Байлдааны цагийн орон тоонд оногдуулан данслагдсан бэлтгэл үүрэгтнийг энэ зүйлийн 1-ийн 1-д заасан хугацаагаар цугларалтад хамруулсан эсэхийг харгалзахгүйгээр цэргийн хээрийн сургуульд татан оролцуулна.

З. Төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл сургалтыг Засгийн газрын шийдвэрийн дагуу батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж явуулна.

4. Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб зохион байгуулж явуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Цэргийн бэлтгэл үүрэгтнийг дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуульд оролцох хугацаанд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалыг үндсэн байгууллага нь хэвээр хадгалж, дундаж цалин, хөлсийг олгоно.

Дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуульд оролцох хугацаанд ажиллаж байсан байгууллага нь татан буугдвал харьяалах дээд байгууллага болон тухайн байгууллагын үүргийг шилжүүлэн авсан байгууллага дээрх үүргийг хүлээнэ.

Харьяалах дээд буюу үүргийг шилжүүлэн авсан байгууллага байхгүй тохиолдолд тухайн байгууллагыг татан буулгах ажлын хэсэг уг асуудлыг шийдвэрлэнэ.

6. Цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуулийн үед өвчилж, түүнийг дуустал эдгэрээгүй бол цугларалт дууссан өдрөөс эхлэн ажиллаж байсан байгууллага эрхэлсэн ажил, албан тушаалыг хэвээр хадгалж, хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгоно.

7. Дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуулиас цэргийн бэлтгэл үүрэгтнийг чөлөөлөх асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб тухайн үед нь шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22 дугаар зүйл. Цэргийн үүрэгтэнд цэргийн цол олгох

Хэвлэх

Дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуульд оролцож цэргийн зохих мэргэжил эзэмшсэн цэргийн үүрэгтэнд цэргийн цол олгоно.

23 дугаар зүйл. Цэргийн бэлтгэл үүрэгтнийг чөлөөнд гаргах

Хэвлэх

Цэргийн бэлтгэл албанд байх нас хэтэрсэн, эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй гэж эмнэлгийн дүгнэлт гарсан бэлтгэл үүрэгтнийг чөлөөнд гаргаж, бүртгэлээс хасна.

24 дүгээр зүйл. Цэргийн тоо бүртгэл

Хэвлэх

1. Цэргийн тоо бүртгэл нь цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах үүрэг бүхий иргэний бүртгэл судалгааны нэгдсэн тогтолцоо мөн.

2. Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Бүртгүүлсэн тухай тэмдэглэлийг цэргийн үүрэгтний үнэмлэхэд хийнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмыг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага тогтоож, төрийн захиргааны орон нутгийн байгууллага тоо бүртгэлийг эрхлэн гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдал

25 дугаар зүйл. Цэргийн албан хаагчийн эрх эрх зүйн байдал

Хэвлэх

1. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын агуулгад Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар тогтоосон тэдний эрх, үүрэг, хууль зүйн хариуцлага болон эрх үүргээ хэрэгжүүлэх баталгаа багтана.

2. Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний чиг үүрэг, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зүйн байдлын зарим хязгаарлалт, хөнгөлөлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бусад харилцааг цэргийн дүрмээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26 дугаар зүйл. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдалд хамаарах хүмүүс Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдалд:

Хэвлэх

1/ Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албан хаагчид;

/Энэ заалтыг 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/.

2/ дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн тус тус хамаарна.

27 дугаар зүйл. Цэргийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох

Хэвлэх

Цэргийн албан хаагчийн ангидаа байх, ажилдаа ирэх, харих, ангийн байрлалын гадна албан үүргээ биелүүлэхийг цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.

28 дугаар зүйл. Цэргийн албан хаагчийн давуу эрх, хөнгөлөлт

Хэвлэх

1. Цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг иргэний ажилласан, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно.

2. Тайван цагт энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагч, нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, хилийн суман, хороонд болон тэдэнтэй адил нөхцөлд байрлаж байгаа радио-техникийн салбарын офицер, ахлагчийн алба хааж байгаа нэг жилийг 1 жил 4 сард дүйцүүлэн тооцно.

/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Офицер, ахлагч нь анги, байгууллагынхаа захирагч, даргын зөвшөөрснөөр ажлынхаа чөлөөт цагаар сурган хүмүүжүүлэх, зохион бүтээх, уран бүтээл, шинжилгээ, судалгааны ажлыг түр хавсран гүйцэтгэж болно.

4. Офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч жил бүр ажлын 15 өдөр, сонсогч ажлын 25 өдрийн амралтыг биеэр эдэлнэ. Замд зайлшгүй шаардагдах өдрийг амралтын хугацаанд тооцохгүй.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Офицер, ахлагч нарт цэргийн жинхэнэ алба хаасан 5 жил тутамд ажлын хоёр өдрийн нэмэгдэл амралт олгоно.

5. Цэргийн анги, байгууллагын мэдлийн орон сууцанд амьдарч байгаа офицер, ахлагчийн орон сууцны хөлсийг З0 хүртэл хувиар хөнгөлнө. Хэрэв цэргийн анги, байгууллага офицер, ахлагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууцны үнэлгээт хөлсний З0 хүртэл хувьтай тэнцэх тусламжийг анги, байгууллага олгоно.

6. Офицер, ахлагчид байнга оршин суух газартаа амины орон сууц барихад нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөлт үзүүлнэ.

7. Офицер, ахлагч нь ажлын нөхцөл, албан тушаал, мэргэжил, мэргэжлийн зэрэг, цэргийн цол, алба хаасан хугацаа зэргийг үндэслэн тогтоосон дүрэмт хувцасны болон мөнгөн хангамжтай байхаас гадна байлдааны жижүүрлэлт хийх, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, дадлага хийх үедээ хүнсний болон эдийн хангамж "түүнчлэн аймгийн төв, нийслэлээс бусад сум, суурин газарт байрлаж буй радиотехник, радиолокаторын анги, салбарын офицер, ахлагч нар албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг үл харгалзан хүнсний хангамж тус тусүнэгүй эдлэх эрхтэй.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23, 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт оруулсан/

8. Цэргийн албан хаагчийн хангалт, үйлчилгээний төрөл, тэдгээрийн хэмжээ, олгох журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

9. Цэргийн албан хаагчийн цалин, бусад хангамжаас хууль тогтоомжид зааснаас гадуур өөрийн нь зөвшөөрөлгүйгээр суутгал хийхийг хориглоно.

10. Хугацаат байлдагч, түрүүчийг эмнэлгийн үйлчилгээгээр төлбөргүй хангана.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээг Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн холбогдох хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11. / Энэ хэсгийг 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12. Офицер, ахлагч шилжин томилогдох, цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдах үед түүнийг гэр бүлийн гишүүд, ачаа тээшийн хамт оршин суух газарт нь хүргэх тээврийн хэрэгслийг анги, байгууллагаас гаргах буюу зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр олгоно.

13. Офицер, ахлагч өөр анги, байгууллагад шилжин алба хаах болсонтой холбогдож эхнэр /нөхөр/ нь хөдөлмөрийн гэрээ цуцлахад хүрсэн бол тэдэнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг ажиллаж байсан байгууллага нь олгоно.

14. Шаардлагатай тохиолдолд Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдарыг нөхөн сэргээх, сувилах зардлыг төр хариуцах бөгөөд энэхүү зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

15. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан иргэн төрийн болон төрийн бус өмчийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид элсэн суралцсан тохиолдолд төрийн сангийн зээлд эхний ээлжинд хамруулах ба энэхүү зээлд хамруулах журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

16. Алслагдсан цэргийн анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагчийн сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор тухайн гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно. Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар тогтоох бөгөөд тусламжид шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгана.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

29 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн эрхийн зарим хязгаарлалт

Хэвлэх

1. Цэргийн албан хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/ цэргийн албан хаагч улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбооны гишүүн байх;

2/ төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэх;

3/ захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр цэргийн дүрэмд зааснаас бусад жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох;

4/ байлдагч, түрүүч нь цэргийн жинхэнэ алба хаах хугацаандаа цэргийн анги, байгууллагын зохион байгуулснаас бусад сургууль, дамжаанд суралцах;

5/ анги, байгууллагын захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр гадаад улсад зорчих;

6/ цэргийн нууц баримт бичиг, зэвсэг, техниктэй холбогдох албан тушаалд ажиллаж байсан офицер, ахлагч цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах.

2. Цэргийн албан хаагчийг байлдааны жижүүрлэлт, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, цугларалтын үед болон хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актад зааснаар илүү цагаар ажиллуулж болно.

З. Анги байгууллагын захирагч даргын шийдвэрээр цэргийн албан хаагчийн амралтын цагийг цэргийн дүрэмд заасны дагуу хязгаарлаж болно.

4. Цэргийн албан хаагчийн алба хааж буй ангийн байршлаас шалтгаалан түүний оршин суух газрыг тухайн ангийн захирагч тогтоож болно.

5. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэж байхдаа эд хөрөнгийн хохирол учруулсан цэргийн албан хаагчид хууль тогтоомжид заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

6. Цэргийн албан хаагчийг цэргийн дүрэмд заасан шийтгэл оногдуулах журмаар сахилгын хорих байранд тусгаарлан саатуулж болно.

Захирагч /дарга/-ын тусгаарлан саатуулах эрх, цэргийн албан хаагчийг тусгаарлан саатуулах журмыг цэргийн дүрмээр тогтооно.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

291дүгээр зүйл. Галт зэвсэг хэрэглэх

Хэвлэх

1. Цэргийн хүрээ, хотхон, ангийн захирагч /дарга/-ийн тушаалаар томилогдсон жижүүр, харуул, манааны бүрэлдэхүүн, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, цэргийн тусгай ачаа хамгаалагч нь аливаа халдлага, гэмт этгээдийн үйлдэл, эсэргүүцлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй дараахь тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон галт зэвсэг хэрэглэх эрхтэй:

1/ цэргийн харуул хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдах;

2/ байлдааны зэвсэг, техникийг булаан авахаар оролдох;

3/ цэргийн албан хаагч болон иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц халдлага хийх;

4/ оргон зугтсан онц аюултай гэмт хэрэгтэнг баривчлахад дэмжлэг үзүүлэх.

2. Боломжтой бүх тохиолдолд зэвсэг хэрэглэхийн өмнө заавал урьдчилан анхааруулна.

3. Цэргийн албан хаагч аюулын дохио өгөх, тусламж дуудах, араатан амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болно.

4. Цэргийн албан хаагчийн зэвсэг авч явах, хэрэглэх журмыг цэргийн дүрмээр тогтооно.

/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Дайчилгаагаар цэргийн албанд татах, цэргийн албанаас халах

З0 дугаар зүйл. Цэргийн албанд дайчилгаагаар татах

Хэвлэх

1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгааг зарлан, цэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн албанд татаж З сар хүртэл хугацаагаар үүрэг гүйцэтгүүлж болно.

Шаардлагатай тохиолдолд дээрх хугацааг зөвхөн хуулиар сунгана.

2. Дайны үед дайчилгаагаар цэргийн албанд татах насны дээд, доод хязгаарыг Монгол Улсын Их Хурал өөрчлөн тогтоож болно.

З. Дайны үед ажиллах онц чухал үйлдвэрийн газар, байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор цэргийн албанд татахаас чөлөөлөх цэргийн үүрэгтний жагсаалтыг тайван цагт Монгол Улсын Засгийн газар урьдчилан тогтооно.

З1 дүгээр зүйл. Дайчилгаанаас халах

Хэвлэх

Бүх нийтийн болон хэсэгчилсэн Дайчилгаагаар ирсэн цэргийн албан хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр цэргийн албанаас хална.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

ДОЛДУГААР БҮЛЭГ

Албан тушаалтан, иргэнд хүлээлгэх хариуцлага

З2 дугаар зүйл. Захиргааны хариуцлага

Хэвлэх

1. Байгууллагын эрх баригч /албан тушаалтан/ цэрэг татлагын товчооны дарга, гишүүн, үзлэг хийсэн эмч энэ хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, түүнчлэн иргэнээс цэргийн үүргээ биелүүлэхэд саад хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүргийн Засаг дарга З0000 хүртэл төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Цэргийн тоо бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, цэргийн штабын дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэл төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн хуулийн этгээдийн хууль бусаар олсон орлого буюу эд хөрөнгийг хурааж, иргэн, албан тушаалтныг 10000-60000 төгрөгөөр, байгууллагыг 80000-250000 төгрөгөөр эрх бүхий улсын байцаагч тус тус торгоно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

32 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

33 дугаар зүйл. Албан тушаалтан, иргэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага

Хэвлэх

Албан тушаалтан, иргэн энэ хуулийн заалтыг зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол түүнд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

З4 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б. ЧИМИД