A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /энэ хуулийг 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын /цаашид "Улсын Их Хурал" гэх/ бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж

Хэвлэх

Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид "Үндсэн хууль "гэх/, энэ хууль болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрээс бүрдэнэ.

3 дугаар зүйл. Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, монголын ард түмний хүсэл зориг, эрх ашиг, эв нэгдлийг хангах, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлэх зарчимд үндэслэнэ.

4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

1.Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрх, хуулиар тогтоосон бусад бүрэн эрх эдэлж хэрэгжүүлнэ.

2.Энэ хуульд заасан "Улсын Их Хурлын нийт гишүүн" гэдгийг Үндсэн хуульд заасан ёсоор 76 гэж ойлгох бөгөөд тэдний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйн бүрэн эрх хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

5 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

1.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

2.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гишүүд Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

3.Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлд заасан онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

4.Улсын Их Хурал Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрөө тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл бүрэн эрхээ хэвээр эдэлнэ.

6 дугаар зүйл.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд баримтлах журам

Хэвлэх

1.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар тодорхой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хянан хэлэлцэх, санал хураалгах, батлах, Улсын Их Хурал шийдвэр гаргах, түүний биелэлтэд хяналт тавих зэргээр Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын хуралдааны дэгийг баримтална.

2.Улсын Их Хурлын хуралдааны дэгийг хуулиар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц

7 дугаар зүйл.Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр

Хэвлэх

1.Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, Байнгын болон түр, дэд хороо, намын бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган мөн.

3.Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийт гишүүний дийлэнх олонхи буюу гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

Энэхүү ирцийг Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлтийн хуралдаан, чуулганы өдөр бүрийн хуралдааныг эхлүүлэх, тухайн өдрийн хуралдаанаар шинэ асуудал хэлэлцэж эхлэх, санал хураахад заавал бүрдүүлсэн байвал зохино.

4.Чуулганы хуралдаан, Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан хуралдааныг чуулганы ажиллагаанд тооцно.

5.Улсын Их Хурал хууль, бусад шийдвэрийг гагцхүү чуулганы хуралдаанаар батлан гаргана.

8 дугаар зүйл.Улсын Их Хурлын анхдугаар чуулган

Хэвлэх

Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг Улсын Их Хурлын сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж товлон зарлана.

9 дүгээр зүйл.Ээлжит чуулган

Хэвлэх

1.Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр хуралдана. Улсын Их Хурлын намрын чуулганыг 10 дугаар сарын 1-ний өдөр, хаврын чуулганыг 4 дүгээр сарын 5-ны өдөр тус тус нээнэ. Улсын Их Хурлын ээлжит чуулган нээх өдөр нь амралт, баяр ёслолын өдөртэй давхцвал дараагийн өдөрт шилжүүлнэ.

2.Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын талаар Улсын Их Хурлын дарга ээлжит чуулган эхлэхээс 7-гоос доошгүй хоногийн өмнө захирамж гаргана.

10 дугаар зүйл.Ээлжит бус чуулган

Хэвлэх

1.Ээлжит чуулганы чөлөө цагт зайлшгүй шалтгаанаар ээлжит бус чуулган хуралдаж болно.

2.Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.

3.Улсын Их Хурлын дарга нь ээлжит бус чуулганыг товлон зарлаж, энэ тухай захирамж гаргана.

11 дүгээр зүйл.Онцгой чуулган

Хэвлэх

1.Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарласан бол түүнээс хойш 72 цагийн дотор Улсын Их Хурал онцгой чуулган товлохгүйгээр, тухайлбал Улсын Их Хурлын гишүүд зар мэдээ хүлээлгүйгээр хүрэлцэн ирж хуралдана.

2.Улсын Их Хурлын онцгой чуулганаар онц болон дайны байдал зарласан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор батлах, эсхүл хүчингүй болгох, түүнчлэн тухайн нөхцөл байдлаас үүссэн хойшлуулшгүй бусад асуудлыг шийдвэрлэнэ.

3.Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган хуралдаж байх үед онц болон дайны байдал зарлах онцгой нөхцөл үүсвэл тухайн чуулганаар хэлэлцэх аливаа асуудлыг хойшлуулж онц болон дайны байдал зарлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл.Улсын Их Хурлын Байнгын хороо, түүний бүтэц

Хэвлэх

1.Улсын Их Хурлын Байнгын хороо / цаашид "Байнгын хороо" гэх/ нь Улсын Их Хурлын ажлын зохион байгуулалтын хэлбэр мөн.

Байнгын хороо нь чуулганаар хэлэлцэх асуудал боловсруулах, урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, түүнчлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүрэгтэй.

2.Улсын Их Хурал Байнгын хороог үйл ажиллагааныхаа салбар, чиглэлээр байгуулах бөгөөд дараахь Байнгын хороодтой байна:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын;

2.Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн;

3.Нийгмийн бодлогын;

4.Төрийн байгуулалтын;

5.Төсвийн;

6.Хууль зүйн;

7.Эдийн засгийн. /Энэ хэсгийг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13 дугаар зүйл.Байнгын хорооны бүрэн эрх, эрхлэх асуудал

Хэвлэх

1.Байнгын хороо тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхтэй:

1/Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах;

2/Улсын Их Хурлаар хэлэлцэх тодорхой асуудлуудаар санал, дүгнэлт гаргах;

3/Улсын Их Хурлын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/-т санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр биелүүлэх талаар шаардлага тавих;

4/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтэд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;

5/Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагын эрх баригчдын мэдээллийг сонсож хэлэлцэх, асуулт, асуулга тавьж, хариулт авах, тэднийг томилох, сонгох, огцруулах тухай санал дүгнэлт гаргах;

6/Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, дүгнэлт зэрэг баримт сэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;

7/Улсын Их Хурлаас тавих хяналтыг хэрэгжүүлэх, хуулийн төслийн талаар дүгнэлт гаргахад туслалцаа авах зорилгоор мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авах, шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах.

2.Байнгын хороо дараахь эрхлэх асуудлын хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:

1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;

-Монгол Улсын аюулгүй байдлыг хангах бодлого;

-Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;

-Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;

-Монгол Улсын хил, түүний хамгаалалт;

-гадаад бодлого;

-гадаадад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох асуудал;

-Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал.

2/Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо:

-газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;

-ашигт малтмал, газрын тосны нөөц, эрэл хайгуул, судалгаа;

-улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;

-геологи, уул уурхай байгаль орчны төрийн хяналт;

-агаарын бохирдол, хорт бодис байгаль орчны асуудал;

-усны бодлого, нөөц, усны бохирдол;

-хог хаягдал, дахин боловсруулалт;

-байгаль орчны бодлого;

-байгаль орчны судалгаа, хөгжил;

-ан агнуур;

-газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, хангамж;

-хүнсний хяналт, аюулгүй байдал;

-үрийн аж ахуй;

-мал аж ахуйн бодлого;

-мал, мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт;

-малын өвчин;

-малын даатгал.

3/Нийгмийн бодлогын байнгын хороо:

-боловсрол;

-соёл, урлаг;

-шинжлэх ухаан, технологийн хөгжил;

-ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаархи бодлого;

-монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого;

-хүн амын бодлого;

-хүн амын эрүүл мэнд;

-хөдөөгийн нийгмийн бодлого;

-нийгмийн хамгаалал;

-нийтийн биеийн тамир, спорт;

-хөдөлмөр эрхлэлт;

-хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал.

4/Төрийн байгуулалтын байнгын хороо:

-төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн байгуулалт;

-Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс;

-төрийн алба;

-төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;

-ард нийтийн санал асуулга;

-төр, сүм хийдийн харилцаа;

-хэвлэл, мэдээллийн хэрэгслэл;

-улс төрийн нам, төрийн байгууллага;

-Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал;

-Улсын Их Хурлын гишүүний ёс зүй;

-Улсын Их Хурлын гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал;

-Улсын Их Хурал, нам, эвслийн бүлгийн болон Улсын Их Хурлын гишүүний төсвийн хяналт;

-Улсын Их Хурлын гишүүний орлогын мэдүүлэг;

-Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн биелэлт.

5/Төсвийн байнгын хороо:

-улсын төсөв, төсвийн орлого, зарлага;

-төсвийн нэгтгэл, гүйцэтгэл, хяналт;

-төрийн санхүү, зээл, албан татварын бодлого;

-төрийн зээлийн хэлцэл;

-Улсын Их Хурлын төсөв.

6/Хууль зүйн байнгын хороо:

-Монгол Улсын эрх зүйн бодлого;

-Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх бодлого;

-хэвлэл, мэдээллийн эрх чөлөө;

-хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;

-шүүх, прокурор, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага;

-нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;

-эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагаа;

-өршөөл үзүүлэх асуудал;

-патент, зохиогчийн эрх, худалдааны тэмдгийн асуудал;

-цагаачлал, иргэний харьяатын асуудал;

-архив;

-эрх зүйн сурталчилгаа;

-эрх зүйн туслалцаа;

-өмгөөллийн асуудал;

-үл хөдлөх хөрөнгийн бүртгэл.

7/Эдийн засгийн байнгын хороо:

-Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл;

-эдийн засгийн дотоод, гадаад бодлого;

-банк, Монголбанкны үйл ажиллагаа;

-эдийн засгийн тогтвортой байдал;

-төрийн өмчийн асуудал;

-гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн асуудал;

-дэд бүтцийн асуудал;

-газар, газрын тосны асуудал, байгалийн баялаг, ашигт малтмал;

-шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, худалдааг хамгаалах асуудал;

-төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;

-эрчим хүчний бодлого;

-хэмжил зүй, стандартчилал, чанарын баталгаажуулалт;

-статистик;

-стандартчилал хэмжил зүйн асуудал;

-барилга, хот байгуулалт, хотын хөгжил;

-аялал, жуулчлал. /Энэ хэсгийг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14 дүгээр зүйл. Байнгын хорооны ажлын зохион байгуулалт

Хэвлэх

1.Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.

2.Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааныг Байнгын хорооны нийт гишүүний дийлэнх олонхи буюу гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөрт тооцно.

3.Байнгын хороо шийдвэрлэсэн асуудлаараа дүгнэлт, тогтоол гаргана.

4.Байнгын хорооны хуралдааны явцыг протоколд нэг бүрчлэн тэмдэглэнэ.

15 дугаар зүйл.Улсын Их Хурлын дэд хороо

Хэвлэх

1.Улсын Их Хурал зохих Байнгын хороонд харьяалагдах дор дурдсан дэд хороотой байна:

1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд:

Тусгай хяналтын;

2/Төрийн байгуулалтын байнгын хороонд:

а/Ёс зүйн;

б/нутгийн өөрийн удирдлагын;

3/Төсвийн байнгын хороонд:

Төсвийн зарлагын хяналтын.

4/Хууль зүйн байнгын хороонд:

Хүний эрхийн. /Энэ хэсгийг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл өөр дэд хороо байгуулж болно.

3.Дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооныхоо эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж асуудал боловсруулах, санал, дүгнэлт гаргах, түүнийгээ харьяалагдах Байнгын хороогоороо уламжлан Улсын Их Хуралд оруулах болон хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.Дэд хороод дараахь асуудлыг эрхэлнэ:

1/Тусгай хяналтын дэд хороо:

-Улсын аюулгүй байдал;

-Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт.

2/Ёс зүйн дэд хороо:

-Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал;

-Улсын Их Хурлын гишүүний ёс зүй;

-Улсын Их Хурлын чуулганы дэгийн биелэлт;

-Улсын Их Хурлын гишүүний орлогын мэдүүлэг.

3/Нутгийн өөрийн удирдлагын дэд хороо:

-нутгийн өөрөө удирдах ёс;

-нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил, хөгжил;

-нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн байдал.

4/Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:

-төсвийн орлого, зарлага;

-төсвийн хяналт.

5/Хүний эрхийн дэд хороо:

-хүний эрх, эрх чөлөөний баталгаа;

-өршөөл үзүүлэх асуудал;

-цагаачлал, иргэний харьяаллын асуудал. /Энэ хэсгийг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Ёс зүйн болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өөрсдийн эрхэлж буй асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд бие даан оруулж болно.

6.Дэд хороо нь тухайн эрхэлсэн асуудлаараа шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээллийг авах, зохих албан тушаалтан, иргэд, байгууллагаас тайлбар авах, өөрийн байгуулсан дагнасан буюу хамтарсан бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгээр хяналт, шалгалт хийлгэх, эрхэлсэн асуудлаар тогтоол, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооныхоо, эсхүл Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх эрх хэмжээтэй байна.

7.Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын болон Ёс зүйн дэд хороодын даргыг Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэгт ордог Улсын Их Хурлын гишүүдээс сонгоно. Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба түүнийг улируулан сонгож болно.

8.Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн. Дэд хороо эрхэлсэн асуудлаа хуралдаанаараа хэлэлцэж гишүүдийнхээ олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааныг дэд хорооны гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөрт тооцно.

16 дугаар зүйл.Улсын Их Хурлын бусад хороо, ажлын хэсэг

Хэвлэх

1.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тодорхой асуудлыг судлан боловсруулах, шийдвэрлэх, дүнг Улсын Их Хуралд оруулах зорилгоор түр хороо байгуулан ажиллуулж болно. Түр хороо зөвхөн Улсын Их Хурлын гишүүнээс бүрдэх бөгөөд түүний тоог тухайн үед тогтооно. Түр хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хороотой адил эрх эдэлнэ.

2.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзсэн асуудлаар холимог болон дагнасан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

17 дугаар зүйл.Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг

Хэвлэх

1.Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудалтай нам / эвсэл/ бүлэг / цаашид "нам, эвслийн бүлэг" гэх/ байгуулж болно. Нам, эвслийн бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэрийг нь дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд орно.

Улсын Их Хурлын сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал эзэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар эвслийн нэг бүлэг байгуулна.

2.Улсын Их Хуралд 8-аас доош суудал эзэлсэн хэд хэдэн намыг төлөөлж буй гишүүд нийлж намын нэг бүлэг байгуулж болохгүй. Харин тэдгээр нь аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох бөгөөд хэрэв нам, эвслийн бүлгээс гарах, шилжих бол тухай бүр Улсын Их Хурлын даргад мэдэгдэнэ.

3.Аль нэг нам, эвслийн бүлгийн гишүүн уг нам, эвслийн бүлгийн харьяаллаас татгалзсан тохиолдолд эвслийн бүлгээс албан ёсоор гарч өөр бүлэгт нэгдэн орж болно. Ийнхүү нам, эвслийн бүлгээс албан ёсоор гарах тухайгаа тухайн нам, эвслийн бүлгийн ахлагчид урьдчилан мэдэгдсэн байна.

4.Нэрээ бие даан дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох боловч дангаараа бүлэг байгуулж болохгүй.

5.Нам, эвслийн бүлэг ахлагчаа гишүүдийнхээ дотроос сонгож энэ тухайгаа Улсын Их Хуралд албан ёсоор мэдэгдэнэ.

6.Нам, эвслийн бүлгийн ахлагч Улсын Их Хурлын анхдугаар чуулган дээр Улсын Их Хурлын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

7.Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлгээс өргөн мэдүүлсэн баримт бичгийг үндэслэн нам, эвслийн бүлгийг бүртгэж, энэ тухай Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр албан ёсоор зарлана. Шинээр нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн аль нэг нам, эвслийн бүлэгт эвсэн нэгдвэл, түүнийг тухайн нам, эвслийн бүлгийн ахлагч бүлэгтээ бүртгэн авч, энэ тухай шийдвэр гаргана. Уг шийдвэрийг гишүүний өргөдлийн хамт гишүүний бүрэн эрх нь эхэлснээс хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр албан ёсоор мэдээлнэ.

8.Улсын Их Хуралд суудал бүхий аль нэг нам тарах буюу намууд эвслээ цуцалбал тухайн нам, эвслийн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно. Нам тарсан буюу намууд эвслээ цуцалсан тухай шийдвэрийг, энэхүү шийдвэр гарснаас хойш 72 цагийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр, чуулган хуралдаагүй үед энэхүү шийдвэр гарвал ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш 72 цагийн дотор чуулганы хуралдаан дээр тус тус мэдэгдэнэ.

9.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг 2 гишүүнд орон тооны нэг ажилтан байхаар тооцож тогтоосон ажлын албатай байж болно. Ажилтнууд нь тухайн нам, эвслийн бүлгийн ажлын албанд харьяалагдана.

Нам, эвслийн бүлгийн гишүүдийн тоог харгалзан унаа, албан томилолт, бичиг хэргийн зардал, орон тооны ажилтны цалингийн санг Улсын Их Хурлын төсөвт тусгана.

10.Нам, эвслийн бүлэг батлагдсан төсвөө зохих журмын дагуу зарцуулах бөгөөд түүнд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.

11.Нам, эвслийн бүлгийг ажиллах нөхцөлөөр хангах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцна.

12.Аль ч нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй Улсын Их Хурлын гишүүнд Тамгын газрын хавсарган томилсон ажилтан туслалцаа үзүүлнэ.

13.Нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын бүтцийн хэсгийн хувьд эрхлэх ажлаа намынхаа төв байгууллагын удирдлагын өмнө шууд хариуцахгүй.

18 дугаар зүйл.Нам, эвслийн бүлгийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг дараахь эрх, үүрэгтэй:

1/Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үндэслэл, бодлогын талаар тус тусын санал, дүгнэлт гаргах;

2/чуулган, Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг татан оролцуулж, хуралдааны дэгийг чанд сахиулах;

3/чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;

4/Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах;

5/бүлгийн төсвийн гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;

6/Байнгын хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;

7/Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон саналаа Улсын Их Хурал, Байнгын хороонд оруулах;

8/чуулганаар хэлэлцэж буй асуудлаар нам, эвслийн бүлгийн байр суурийг боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллуулах.

2.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн бусад эрх, үүргийг Улсын Их Хурал хуулиар тогтоож болно.

3.Улсын Их Хуралд 8-аас доош суудал эзэлсэн нам, эвслийг төлөөлж байгаа Улсын Их Хурлын гишүүн дараахь эрх, үүрэгтэй:

1/Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны дэгийг чанд сахих;

2/Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох тухай асуудлаа Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;

3/Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон саналаа Улсын Их Хурал, харьяалагдах Байнгын хороонд оруулах.

19 дүгээр зүйл. Улсын Их Хурал дахь олонхи ба цөөнх

Хэвлэх

1.Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи буюу 38-аас дээш суудал авсан нам буюу эвслийг Улсын Их Хурал дахь олонхи / цаашид "олонхи"/ -д тооцно.

2.Улсын Их Хурлын нийт гишүүний 39-өөс доош суудал авсан нам буюу эвслийн бүлэг, гишүүнийг Улсын Их Хурал дахь цөөнх / цаашид "цөөнх"/ -д тооцно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

20 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

Хэвлэх

Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, З дахь хэсэгт зааснаар нэг танхимтай, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгосон 76 гишүүнээс бүрдэнэ.

21 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүн, түүний эрх, үүрэг

Хэвлэх

Улсын Их Хурлын гишүүний эрх, үүрэг, бүрэн эрхийн баталгааг Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

22 дугаар зүйл.Улсын Их Хурлын даргын чиг үүрэг

Хэвлэх

1.Улсын Их Хурлын дарга нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь уялдуулан зохицуулж, дараахь ажлыг биечлэн эрхэлнэ:

1/Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган зарлаж, бэлтгэлийг хангах;

2/чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;

3/чуулганы хуралдаан даргалж, хуулийн төсөл, бусад асуудал хэлэлцүүлэх;

4/бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын гишүүдэд туслах;

5/ Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6/Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;

7/Улсын Их Хурлаас нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай Засгийн газраар дамжуулан харилцах асуудлыг уялдуулан зохицуулах;

8/Улсын Их Хурлын гадаад харилцааны ажлыг зохицуулах;

9/Улсын Их Хурлын даргад хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хариуцуулж болно.

2.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг төлөөлнө.

3.Улсын Их Хурлын дарга төрийн хамгаалалтад байна. Улсын Их Хурлын даргын орон сууц, унааны зардлыг төрөөс хариуцах бөгөөд түүний бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.

4.Улсын Их Хурлын дарга эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

23 дугаар зүйл.Улсын Их Хурлын дэд даргын чиг үүрэг

Хэвлэх

Улсын Их Хурлын дэд дарга дараахь ажлыг биечлэн эрхэлнэ:

1/Улсын Их Хурлын даргын эзгүйд түүний үүргийг гүйцэтгэх;

2/Улсын Их Хурлын Байнгын хороод, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

3/Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад ажил.

24 дүгээр зүйл.Байнгын хорооны бүрэлдэхүүн

Хэвлэх

1.Байнгын хороо нь 12-оос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг 2 Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.

2.Байнгын хороог Улсын Их Хурлаас 1 жилийн хугацаатай сонгогдсон дарга тэргүүлнэ. Байнгын хорооны даргыг улируулан сонгож болно.

3.Байнгын хорооны дарга хорооныхоо өдөр тутмын ажлыг удирдаж, хуралдааныг даргална. Байнгын хорооны даргын эзгүйд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон нэг гишүүн үүргийг нь орлон гүйцэтгэнэ.

25 дугаар зүйл.Байнгын хорооны даргын эрх хэмжээ

Хэвлэх

Байнгын хорооны дарга дараахь ажлыг биечлэн эрхэлнэ:

1/Байнгын хорооны хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах;

2/Байнгын хорооны хуралдааныг удирдах;

3/Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харьцах;

4/Байнгын хорооны ажлын алба болон тодорхой төслийг боловсруулахаар Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

5/Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

26 дугаар зүйл.Улсын Их Хурлын ажлын нөхцөл

Хэвлэх

1.Улсын Их Хурал "Төрийн ордон"-д байрлана.

2.Улсын Их Хурал аж ахуй, санхүүгийн хувьд бие даасан байна.

3.Улсын Их Хурлын төсвийн зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.

4.Улсын Их Хурал нь өөрийн гишүүд, Байнгын болон бусад хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх болон ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий Тамгын газартай байна.

27 дугаар зүйл.Улсын Их Хурлын Тамгын газар, түүний эрхлэх ажил

Хэвлэх

1.Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурал, түүний гишүүд, Байнгын болон бусад хороодын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн туслалцаа болон бусад ажиллах нөхцөлөөр хангах;

2/Улсын Их Хурлын аж ахуй, санхүүг хөтлөн явуулах, түүний төсвийг зохих журмын дагуу зарцуулах;

3/Улсын Их Хурлын чуулганы бэлтгэл, хуралдааны хэвийн ажиллах нөхцөлийг хангах;

4/чуулганы болон хороо, ажлын хэсгийн хуралдааны танхим, шаардлагатай техник, хэрэгслийг бэлэн байлгах, танхимд журам сахиулах;

5/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, баримт бичгийг нийтлүүлэх, тараах ажлыг зохион байгуулах;

6/Улсын Их Хуралд иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;

7/Улсын Их Хурлын гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

8/Улсын Их Хурлын бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг хөтлөн явуулах;

9/Улсын Их Хурал, Тамгын газар, түүний харьяа байгууллагын гадаад харилцааны асуудлыг хариуцан шаардлагатай баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх төлөөлөгчдийг хүлээн авах, бэлтгэл хангах, гадаадын зочин, төлөөлөгчдөд үйлчлэх;

10/хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрээр даалгасан бусад үүргийг биелүүлэх.

2.Улсын төсвийн төсөл боловсруулах, батлах,түүний гүйцэтгэлд хяналт тавих, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Тамгын газарт байна.

3.Улсын Их Хурлын даргад туслах ажлын хэсэг Тамгын газарт багтах бөгөөд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэх/-ын шууд харьяанд байж Улсын Их Хурлын даргад үйлчилнэ.

4.Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажилтны цалинг Улсын Их Хурлаас баталсан санд багтаан Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн тогтооно.

5.Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд өөрийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

28 дугаар зүйл.Ерөнхий нарийн бичгийн дарга

Хэвлэх

1.Улсын Их Хурлын чуулган бэлтгэн явуулах, түүний өдөр тутмын ажлыг зохицуулахад Улсын Их Хурлын даргад туслах, Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдах үндсэн үүрэг бүхий Ерөнхий нарийн бичгийн даргыг Улсын Их Хурлаас томилно.

2.Ерөнхий нарийн бичгийн дарга нам бус байна.

3.Ерөнхий нарийн бичгийн дарга эрхлэх асуудлаараа захирамж гаргана.

29 дүгээр зүйл.Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх ажил

Хэвлэх

1.Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг зохион байгуулж хангах;

2/Улсын Их Хурлын чуулганы хуралдаан даргалагчид зөвлөх, хэлэлцэж буй асуудлын талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх;

3/Улсын Их Хурал, түүний даргад байгууллага, иргэдээс ирсэн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

4/Улсын Их Хурлын дарга, гишүүд иргэдийг хүлээн авах ажлыг зохион байгуулах;

5/Тамгын газар, түүний харьяа байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах;

6/Тамгын газрыг удирдаж, түүнд ажиллах боловсон хүчинг томилох, чөлөөлөх.

2.Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх бусад ажлын чиг үүргийг Улсын Их Хурал тогтооно.

30 дугаар зүйл.Улсын Их Хурлын шийдвэр

Хэвлэх

Улсын Их Хурал хууль, бусад шийдвэр гаргана. Улсын Их Хурлын бусад шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарах бөгөөд тогтоолоор дараахь асуудлыг шийдвэрлэнэ:

1/зохион байгуулалтын;

2/нэг удаагийн чанартай;

3/Засгийн газар болон бусад байгууллагад гүйцэтгэх асуудлаар үүрэг, даалгавар өгөх.

31 дүгээр зүйл.Улсын Их Хурлын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

Хэвлэх

Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ