Хэвлэх DOC Татаж авах
ОРОН НУТАГТ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОРОН НУТАГТ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 178



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийг хавсралт ёсоор баталсугай.


2. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт үүрэг болгосугай.


3. Монгол Улсын төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрийг “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх зорилгод нийцүүлэн зарцуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.


4. “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх ажлыг тухайн нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд боломжтой бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 


                      Монгол Улсын Ерөнхий сайд                                          С.БАЯР 


                         Монгол Улсын Тэргүүн 


                              шадар сайд                                                                   Н.АЛТАНХУЯГ


                      Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн 


                            үйлдвэрийн сайд                                                           Т.БАДАМЖУНАЙ