A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

ОРХОН ГОЛЫН БОХИРДОЛТЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орхон голын ай савд багтах Ар Улаан чулуут, Шийртийн голын өөрчилсөн гольдролыг сэргээх, сэтэрсэн даланг засварлах ажлыг нөхөн сэргээлтийн эрх авсан аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэхтэй холбогдон гарах зардлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны төсвийн багцад зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгасугай.

2. "Алтан Дорнод Монгол" ХХК, "Монгол газар" ХХК-ийн алт олборлолтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, нөхөн төлбөр, нөхөн сэргээлттэй холбоотой зардлыг эдгээр аж ахуйн нэгжээс гаргуулах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар, Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нарт даалгасугай.

3. Орхон голын дагуу амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ноцтой нөлөөлж болзошгүй байгааг харгалзан Орхон голын урсац бүрэлдэх эх, голын хөндий, ай сав газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нарт даалгасугай.

4. Гол, мөрний бохирдолтыг хянах, бохирдолтын эх үүсвэрийг тогтоох зориулалт бүхий явуулын лабораторийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад зориулан эхний ээлжинд 14.5 (арван дөрвөн сая таван зуун мянган) сая төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, тус лабораторийг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ