A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх /цаашид "ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах" гэх/, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Гадаадад хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох

Хэвлэх

3.1.Дараахь тохиолдолд гадаадад хөдөлмөр эрхлүүлэхээр зуучлахыг хориглоно:

3.1.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, 18 насанд хүрээгүй хүнийг;

3.1.2.химийн хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодистой харьцах, хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулах зэрэг олон улсын хэмжээнд хориглосон ажилд.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ

4 дүгээр зүйл.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

4.1.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын бүтцийн бодлоготой уялдуулан ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар бодлого, чиглэл тодорхойлох, хэрэгжилтийг хангуулах;

4.1.2.аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох;

4.1.3.гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон гадаадаас Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчийн нийгмийн хамгааллын талаар гэрээнд заасан үүргийн биелэлтэд хяналт тавьж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

4.1.4.эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газраар батлуулах;

4.1.5.ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, гадаадын холбогдох төрийн захиргааны болон төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах.

5 дугаар зүйл.Ажиллах хүч гадаадад гаргах тухай гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд

Хэвлэх

5.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид "байгууллага" гэх/ нь үндэсний ажиллах хүчний мэдлэг, мэргэжил, мэргэшлийн ур чадварыг ахиулах, хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, мэргэжил эзэмшүүлэх гэрээ байгуулж болно.

Энэхүү гэрээ нь энэ талаархи олон улсын эрх зүйн хэм хэмжээ, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, тухайн орнуудын хууль тогтоомжид нийцсэн байвал зохино.

5.2.Ажиллах хүч гадаадад гаргах гэрээнд гадаадад ажиллах иргэний хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудалтай холбогдсон гэрээний нөхцөлийг ажиллах хүч авч байгаа орны хууль тогтоомжид заасан хэм хэмжээнээс дордуулахгүйгээр тусгасан байна.

5.З.Ажиллах хүч гадаадад гаргах тухай гэрээнд дараахь нөхцөлийг тодорхой тусгана:

5.З.1.хөдөлмөрийн гэрээгээр ажиллах улс, хот, байгууллагын нэр;

5.З.2.ажил, мэргэжлийн чиглэл, гүйцэтгэх ажил, албан тушаал, ажиллах хүчний тоо;

5.З.З.гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, түүнийг цуцлах нөхцөл;

5.З.4.ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ;

5.З.5.хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цагийн горим;

5.3.6.орон сууц, нийгэм, ахуйн хангамжийн асуудал;

5.3.7.гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга, хэлбэр;

5.3.8.нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлт;

5.3.9.очих, буцах замын зардал, тээврийн нөхцөл;

5.3.10.цалин хөлс, хууль ёсны бусад орлогыг тухайн орноос гуйвуулах боломж.

6 дугаар зүйл.Ажиллах хүч гадаадад гаргах

Хэвлэх

6.1.Ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл /цаашид "зуучлах зөвшөөрөл" гэх/ бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ.

6.2.Зуучлах зөвшөөрлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. Зуучлах зөвшөөрлийн гэрчилгээ нь ялгагдах онцлог тэмдэг, улсын нэгдсэн дугаар бүхий албан ёсны баримт байх бөгөөд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр баталгаажигдсан байна. Гэрчилгээнд тухайн байгууллагын болон ажиллах хүч авах улсын нэр, зуучлах зөвшөөрөл олгосон шийдвэрийн дугаар, зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг заана.

6.3.Байгууллага нь ажиллах хүч гадаадад гаргах талаар гадаадын байгууллагатай гэрээ байгуулсны дараа Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл хүссэн өргөдлөө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

6.З.1.ажиллах хүч гадаадад гаргах талаар гадаадын байгууллагатай байгуулсан гэрээ;

6.3.2.аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.3.3.тухайн байгууллага нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор тавигдах шаардлагыг хангаж, хэвийн ажиллах боломжтой эсэх тухай татварын албаны тодорхойлолт;

6.3.4.зуучлах үйлчилгээ явуулах зорилго, чиглэл, гадаадад ажиллах иргэний өмнө хүлээх үүрэг, хариуцлага тэдэнд тавих шаардлагыг тусгасан тухайн байгууллагын албан бичиг;

6.3.5.гадаадад ажиллах иргэнийг сонгон шалгаруулах журам, зуучлагч байгууллагаас тэдэнтэй байгуулах гэрээний төсөл, зуучлалын хураамжийн хэмжээг тогтоосон шийдвэр;

6.3.6.байгууллагын санхүүгийн чадварын тухай үйлчлэгч банкны тодорхойлолт;

6.3.7.шаардлагатай гэж үзвэл тухайн улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар бусад холбогдох байгууллагын тодорхойлолт;

6.4.Ажиллах хүч гадаадад гаргах талаар хийсэн гэрээг үндэслэн зуучлах зөвшөөрлийг гурван жил хүртэл хугацаагаар олгох бөгөөд байгууллагын хүсэлт, үйл ажиллагааны тайлан, үр дүнг үндэслэн зуучлах зөвшөөрлийг сунгаж болно. Зуучлах зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

6.5.Зуучлах зөвшөөрөлд нэр заагдсанаас өөр улсад ажиллах хүч гаргах бол тухайн орны аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, байгууллагын хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зуучлах зөвшөөрөлд нэмэлт оруулах тухай шийдвэр гаргана.

6.6.Ажиллах хүч гадаадад гаргах талаар байгуулсан гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжтой зөрчилдсөн, энэ хуулийн 5.З; 6.З-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд зуучлах зөвшөөрөл олгох, сунгах, түүнд нэмэлт оруулахаас татгалзсан хариуг тухайн байгууллагын хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 хоногт багтаан бичгээр мэдэгдэнэ.

6.7.Байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллах хүч гаргах бүрдээ хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гаргуулна.

6.8.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадад ажиллахаар явсан иргэдийн нэрсийн жагсаалт, гэрээ, холбогдох материалын нэг хувийг тухайн оронд суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, консул, төлөөлөгчийн газарт хүргүүлнэ.

6.9.Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага нь иргэнийг хууран мэхэлсэн, тэдний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн болон эрүүл мэндийн баталгаа алдагдахад хүргэсэн, зуучлах зөвшөөрөлд заагдаагүй оронд дур мэдэн ажиллах хүч гаргасан, зуучлах үйл ажиллагаанаас өндөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй үнэ тогтоосон зэргээр иргэний эрх ашгийг хохироосон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг байгууллагын зуучлах зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

6.10.Монгол Улсын иргэн гадаадад гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нөхцөлд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага холбогдох хохирлыг барагдуулах бөгөөд ар гэрийнхэн нь хүсэлт гаргасан тохиолдолд амь алдсан иргэний цогцсыг Монгол Улсад авчрах зардлыг хариуцна.

6.11.Зуучлагч байгууллага нь ажиллах хүч гаргахдаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тухайн улсын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар гэрээндээ тусгасан байхын зэрэгцээ иргэн өөрөө хүсвэл Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд хамруулж, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулна. Даатгалд шимтгэл, хураамж төлөх орлогын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байна.

6.12.Зуучлах зөвшөөрөл олгоход авах хураамжийг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу зохицуулна.

7 дугаар зүйл.Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд

Хэвлэх

7.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид "байгууллага" гэх/ нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмж угсрах, засварлах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээг гадаадын хуулийн этгээдтэй байгуулж болно.

7.2.Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээнд дараахь ерөнхий нөхцөлийг тусгана:

7.2.1.гадаадын иргэний ажиллах байгууллага, гүйцэтгэх ажил үүрэг;

7.2.2.гадаадын иргэний ажиллах мэргэжлийн чиглэл, ажлын байрны нэр, хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний тоо;

7.2.3.гадаадын иргэний эрүүл мэндэд тавих шаардлага;

7.2.4.мэргэжил, боловсролын түвшинг баталсан баримт бичгийг харилцан зөвшөөрөх нөхцөл;

7.2.5.гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, түүнийг цуцлах нөхцөл;

7.2.6.цалин хөлсний хэмжээ;

7.2.7.хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цагийн горим;

7.2.8.орон сууц, ахуйн хангамжийн асуудал;

7.2.9.нийгмийн даатгалын асуудал;

7.2.10.гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга хэлбэрүүд.

7.3. Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч болно.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4. Гадаадын иргэн гамшиг, аюулт үзэгдэлд өртөж амь алдсан нөхцөлд Засгийн газраас Монгол Улсын иргэний нэгэн адил тусламж, дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нөхцөлд гадаадын иргэнийг ажиллуулж байсан байгууллага нь гэрээнд энэ талаар заасан үүргээ бүрэн биелүүлнэ.

8 дугаар зүйл.Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах

Хэвлэх

8.1.Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/-ын зөвшөөрлийг урьдчилан авсан байна.

8.2.Байгууллага нь энэ хуулийн 8.1-д заасан зөвшөөрөл авахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

8.2.1.гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацаа, үйлдвэрлэлийн онцлог, байршил, гадаадын иргэний мэргэжил, туршлага, ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг;

8.2.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.2.3.гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ;

8.2.4.гадаадын иргэний гадаад паспортын хуулбар;

8.2.5.гадаадын иргэний мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;

8.2.6.хөдөлмөр эрхлүүлэх салбарын яам, агентлагийн тодорхойлолт;

8.2.8.тухайн байгууллагад гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах шаардлага, хэрэгцээний тухай орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албаны санал.

8.3.Эрх бүхий байгууллага нь холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан шалгасны үндсэн дээр Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээнд багтаан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно.

8.4.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр энэ хуулийн 8.2; 8.3-т заасан шаардлагын дагуу сунгана.

8.5.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаадын иргэнийг Монгол Улсад ирүүлсэн байгууллага нь гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.6.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ цуцлах болсон шалтгааныг үндэслэн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.

8.7.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй бүхий гадаадын иргэн тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн, өөр байгууллага, орон нутагт зөвшөөрөлгүй шилжин ажилласан тохиолдолд уг зөвшөөрлийг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.8.Гадаадын иргэнд олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг холбогдох байгууллагад энэ хуулийн 8.2.1-д заасан албан бичгээр хүсэлт тавьсан өдрөөс эхлэн тооцно.

8.9.Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам, хураамжийн хэмжээг хөдөлмөрийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

9 дүгээр зүйл.Ажлын байрны төлбөр, түүний хэмжээ

Хэвлэх

9.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө.

9.2.Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

9.3.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө.

/Энэ хэсгийг 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.4.Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд төвлөрүүлж, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулна.

/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.5.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар ажиллаж байгаа гадаадын иргэд, түүнчлэн боловсрол, шинжлэх ухаан, инновацийн салбар, гарааны компанид гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнууд Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнуудад, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтанд энэ зүйлд заасан төлбөр хамаарахгүй.

/Энэ хэсгийн дугаарыг 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.6.Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийн дугаарыг 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

10 дугаар зүйл.Байгууллага болон гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын үүрэг

Хэвлэх

10.1.Байгууллага нь гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээний биелэлт, гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтний талаархи тайлан, мэдээг батлагдсан маягтын дагуу улирал тутам гаргана. Цуцлагдсан болон сунгасан гэрээний тухай мэдээллийг тухай бүр гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүний эрх олгосон байгууллагад албан ёсоор ирүүлж байна.

10.2.Байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа монгол иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүрэгтэй.

10.3.Тухайн оронд суугаа Элчин сайдын яам, консул, төлөөлөгчийн газар нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа монгол иргэд, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэдийн талаар дараахь үүрэг хүлээнэ:

10.3.1.Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх тухай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавих;

10.3.2.гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн талаар бүртгэл, мэдээлэл хөтөлж, улирал тутам хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

10.3.3.ажлын байрны нөхцөл, цалин хөлс, нийгмийн хамгааллын байдалтай газар дээр нь танилцаж судлах, шаардлагатай тохиолдолд энэ асуудлаар тухайн орны эрх бүхий байгууллагад хандаж, өөрийн орны иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

10.3.4.Монгол Улсад орох визийг олгоход гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах гэрээ болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй эсэхэд хяналт тавих, энэ талаар зөвлөгөө өгөх.

11 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

Хэвлэх

11.1.Энэ хуулийн хэрэгжилтэд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүний эрх олгосон байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, холбогдох хууль, хяналтын байгууллага хяналт тавина.

12 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

12.1.Энэ хуулийн 10.1-д заасныг зөрчиж тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлээгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

13.1. Энэ хуулийг 2001 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР