A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН

БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн байгууллага/цаашид "цагдаагийн байгууллага" гэх/-ын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, иргэд цагдаагийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллагын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын зарчим

Хэвлэх

1.Хуулийг дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

2.Нэгдмэл төвлөрсөн удирдлагыг нутаг дэвсгэрийн удирдлагатай хослуулах нь цагдаагийн байгууллагын удирдлагын зарчим мөн.

3.Цагдаагийн бүх шатны байгууллагыг эрх бүхий дээд шатны байгууллагаас томилсон дарга /захирагч/удирдана.

4 дүгээр зүйл. Цагдаагийн байгууллага, түүний тогтолцоо

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

2.Цагдаагийн байгууллага нь нутаг дэвсгэрийн болон ажил үүргийн зарчмаар зохион байгуулагдана.

3.Цагдаагийн байгууллагын тогтолцоо нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа албад аймаг, нийслэлийн харьяа албад болон аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/, сум, дүүргийн буюу сум, дүүрэг дундын цагдаагийн хэлтэс /тасаг, хэсэг/-ээс бүрдэнэ. /Энэ хэсгийг 1996 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Цагдаагийн төв байгууллагын харьяанд цагдаагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургууль, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах асуудлаар шинжилгээ, судалгаа явуулах үүрэг бүхий байгууллага байж болно.

5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газраас цагдаагийн байгууллагыг удирдах

Хэвлэх

1.Засгийн газар нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар цагдаагийн төв байгууллагыг удирдаж, үйл ажиллагааг нь шалгаж, үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулна.

2.Цагдаагийн төв байгууллага нь үйл ажиллагаагаа Засгийн газрын өмнө хариуцна.

3.Засгийн газар санхүү, материал-техникийн хангамжийн хувьд цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

4.Засгийн газар Монгол Улсын Хууль зүйн сайдын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын бүтцийг батална. /Энэ хэсгийг 1996 оны 7 дугаар сарын 26-ны, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиудаар тус тус өөрчлөн найруулсан./

5.Цагдаагийн төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./

6 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагыг удирдах

Хэвлэх

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид, тухайн шатны Засаг дарга нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил, цагдаагийн дотоод албаны дүрмээр зохицуулагдахаас бусад асуудлаар нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг удирдана.

2.Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цагдаагийн байгууллага, алба хаагчийн орон байр, хүнс, тээвэр, холбооны хангамжийг дээшлүүлэх, томилогдон очсон алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдийн амьдралыг төвхнүүлэхэд туслах арга хэмжээ авна.

3.Цагдаагийн дээд шатны байгууллага нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын даргыг томилох, чөлөөлөхдөө тухайн шатны Засаг даргатай зөвшилцөнө.

7 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын туг, бэлгэ тэмдэг

Хэвлэх

1.Монгол Улсын цагдаагийн байгууллага тугтай байна. Тугны загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

2.Цагдаагийн байгууллага бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

8 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын санхүүжилт

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага улсын төсвөөс санхүүжинэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Цагдаагийн төв байгууллагын харьяанд цагдаагийн байгууллага үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зорилго бүхий төрийн өмчийн аж ахуйн нэгж байж болно.

9 дүгээр зүйл. Цагдаагийн төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

Цагдаагийн төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

2/цагдаагийн байгууллагын ажлыг улсын хэмжээгээр нэгтгэн зохион байгуулж, харьяа албад, орон нутгийн цагдаагийн байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах;

3/аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн орон нутгийн цагдаагийн байгууллагыг байгуулах, татан буулгах;

4/цагдаагийн байгууллагыг зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад материалаар хангах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

5/цагдаагийн байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулж, алба хаагчийг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

6/цагдаагийн алба хаагч, бусад ажиллагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах;

7/цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актад нийцүүлэн явуулах ажлыг зохион байгуулах;

8/гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалахтай холбогдсон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад мэдээлэл өгч, санал тавих;

9/Монгол Улсын цагдаагийн байгууллагыг төлөөлж дотоод,

гадаадын байгууллагатай харилцах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цагдаагийн байгууллагын үүрэг

10 дугаар зүйл. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн шалтгаан, нөхцөлийг тогтоож арилгах ажлыг хууль тогтоомжид заасан арга, хэрэгслээр хэрэгжүүлнэ.

2.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа болон үйлдэж байгаа тухай мэдээллийг авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх шуурхай арга хэмжээ авна.

3.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц түүнийг бүрэн илрүүлэх арга хэмжээ авна.

4.Цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулна.

5.Цагдаагийн байгууллага нь нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион явуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ял эдэлж суллагдсан хүнд захиргааны хяналт тогтооно. /Энэ хэсгийг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Цагдаагийн байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна. /Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

11 дүгээр зүйл.Нийгмийн хэв журам хамгаалах

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага нь гудамж, талбай, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал, орон сууц зэрэг олон нийтийн газар хууль тогтоомжоор болон төрийн эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх журмыг сахиулж, хүн амын амгалан тайван байдлыг хамгаална.

2.Цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл.Хүмүүсийг эрэн сурвалжлах

Хэвлэх

Цагдаагийн байгууллага сураггүй алга болсон хүн, оргон нуугдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжилна.

13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажил

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага дараахь зорилгоор гүйцэтгэх ажил явуулна:

1/гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж буй тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд гэмт этгээдийг илрүүлэх, гэмт үйлдлийг таслан зогсоох;

2/энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүмүүсийг эрэн сурвалжлах;

3/алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх, соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлсийг эрж олох.

2.Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлыг хуулиар зохицуулна.

14 дүгээр зүйл.Шинжилгээ хийж, дүгнэлт гаргах

Хэвлэх

Цагдаагийн байгууллага нь шүүх, прокурор, хэрэг бүртгэх болон мөрдөн байцаах байгууллага, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шийдвэрийг үндэслэн криминалистикийн болон бусад шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

/Энэ зүйлийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15 дугаар зүйл.Цагдан хорих, баривчлах, албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хуульд заасны дагуу баривчлахаар шилжүүлсэн хүмүүсийг хүлээн авч, холбогдох шийдвэрийг биелүүлнэ. /Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Баривчлах шийдвэрийг биелүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална. /Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Цагдаагийн байгууллага нь захиргааны журмаар баривчлагдсан этгээдээр баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлүүлнэ. Баривчлагдсан этгээд шууд зардлыг төлөх үүрэгтэй.

16 дугаар зүйл.Ял эдлүүлэх тогтоолыг биелүүлэх

Хэвлэх

Цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан ял эдлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлнэ.

Цагдаагийн байгууллага нь шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэгдсэн этгээдийг хорих ял эдлүүлэх байгууллагад хуяглан хүргэнэ /Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

17 дугаар зүйл.Эрүүлжүүлэх

Хэвлэх

1.Олон нийтийн газар согтуугаар хэвийн бус яваа хүнийг тусгай байранд эрүүлжүүлэх, эсхүл хамгаалах хүнд хүлээлгэн өгнө.

2.Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.

3.Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.

18 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

Хэвлэх

1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмыг сахин хангуулж, биелэлтэд нь хяналт тавина.

2.Цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашиглаж байгаа автотээврийн болон замын хөдөлгөөнд оролцдог өөрөө явагч хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх олгоно. /Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмж, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19 дүгээр зүйл. Гал түймэртэй тэмцэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

20 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх захиргааны үүрэг

Хэвлэх

Цагдаагийн байгууллага захиргааны дараахь үүрэг гүйцэтгэнэ:

1/Монгол Улсын иргэдэд бүртгэлийн дугаар олгож, иргэний гэр бүлийн байдлын тоо бүртгэлийг улсын хэмжээгээр нэгтгэн хөтлөх; /Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2/Монгол Улсад ирсэн гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс /цагдаагийн байгууллагад бүртгүүлэхээс чөлөөлөгдсөн хүмүүсээс бусад/-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн бүртгэж, нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх, Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн талаарх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3/хүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх ажил зохиож, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй болсон хүүхдийн асуудлыг судалж, шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;

4/зэвсэгт хүчин, бусад цэрэг, улсын аюулгүй байдлыг хангах, хорихоос бусад байгууллага, иргэд галт зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх, эзэмших журмын биелэлтэд хяналт тавих;

5/тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийх, ашиглах журмын биелэлтэд хяналт тавих;

6/гэмт хэргийн болон эрүүгийн ял шийтгэгдэгчдийн тоо бүртгэл хөтлөх;

7/гээгдэл эд зүйл, мөнгийг бүртгэн хадгалж, хууль ёсны эзэмшигчид нь олгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

8/каратэ, самбо зэрэг зэвсэггүйгээр тулалдах арга/мэх/-ын байлдааны хувилбарыг цэргийн ба цагдаагийн алба хаагч бус хүмүүст зохион байгуулалттайгаар зааж сургахад хяналт тавих.

9/мөрийтэй тоглоом тоглуулах журмын биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашиглаж байгаа өнгөт хувилагчийг бүртгэж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих. /Энэ заалтыг 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

21 дүгээр зүйл.Бусад үүрэг

Хэвлэх

Цагдаагийн байгууллага хууль тогтоомжид заасан бусад үүргийг гүйцэтгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Цагдаагийн байгууллагын эрх

22 дугаар зүйл.Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгахыг шаардах

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан ба гарч болзошгүй байгаа шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээсэн үүргийнх нь хүрээнд шаардлага тавьж биелэлтийг шалгана.

2.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу мэдэгдэнэ.

23 дугаар зүйл.Танилцуулга, материал гаргуулан авах

Хэвлэх

Биелэлтэд нь хяналт тавихыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын явц байдлыг шалгаж, шаардлагатай танилцуулга, материалыг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авна.

24 дүгээр зүйл. Хойшлуулшгүй ажиллагаа

Хэвлэх

1.Гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа үед цагдаагийн эрх бүхий алба хаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно: /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1/хүний нэр, хаягийг тодруулах зорилгоор бичиг баримтыг үзэж шалгах;

2/хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшид үзлэг хийх;

3/иргэд,аж ахуйн нэгж, байгууллагын эд зүйл, хөрөнгө, мөнгө агуулсан байр, савыг битүүмжлэх;

4/гэмт хэрэг, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хураан авах;

5/шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж,хурууны хээ, ул мөрний хэв авах;

6/согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах;

7/гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээ өгч чадна гэсэн үндэслэл байгаа нөхцөлд иргэнээс тодорхойлолт авах, энэ зорилгоор түүнийг цагдаагийн байгууллагад урьж ирүүлэх;

8/гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах аюулыг таслан зогсоох зорилгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, энэ тухай орон нутгийн засаг захиргааны байгууллагад илтгэх;

9/тодорхой нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтох;

10/гэмт хэрэг, захиргааны зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэг захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, отолт хийж баривчлах үед байгууллага, иргэдийн орон байранд орох.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4 –т заасан ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмаар гүйцэтгэж , тэмдэглэл хөтөлж, түүнд цагдаагийн алба хаагч, сэрдэгдсэн этгээд, гэрч гарын үсэг зурна. /Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн этгээдийн нэр, хаягийг тодруулах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд уул этгээдийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Энэ зүйлийн 1, З дахь хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагааг хууль бусаар хийсэн гэж үзэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага прокурор буюу цагдаагийн дээд шатны байгууллагын даргад гомдол гаргах эрхтэй. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 14 хоногийн дотор хянан шийдвэрлэж, хариу өгнө.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь шүүхэд гомдлоо шууд гаргах иргэний эрхийг хязгаарлахгүй.

25 дугаар зүйл.Гал түймэр, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх

Хэвлэх

1./Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.Техникийн хувьд бүрэн бус, улсын тоо бүртгэлд ороогүй, улсын дугааргүй болон зохих бичиг баримтгүй, эсхүл жолоодох эрхгүй буюу согтуу хүн жолоодож яваа тээврийн хэрэгсэлийг саатуулан шалгаж, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

26 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын ажлын шуурхай байдлыг хангах

Хэвлэх

1.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж яваа үедээ цагдаагийн байгууллага, алба хаагч дараахь эрх эдэлнэ:

1/гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд автотээврийн хэрэгслийг өмчийн ялгаа харгалзахгүйгээр дайчлан ашиглах. Харин дипломат төлөөлөгчдийн болон албан тушаалын, түүнчлэн үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашиныг дайчилж болохгүй;

2/гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээлэл шуурхай дамжуулахад байгууллага, иргэдийн холбооны хэрэгсэл ашиглах;

3/хөдөө орон нутагт албан үүрэг гүйцэтгэхдээ сул чөлөөтэй суудалтай тээврийн хэрэгслээр чиглэлийнх нь дагуу зорчих;

4/нийтэд түгээх яаралтай мэдээллийг хүн амд хүргэх шаардлага гарсан үед хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглах.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмчийн хэлбэрийг нь харгалзахгүйгээр тээврийн хөлс буюу гарсан шууд зардлыг төлнө. Мөн хэсгийн З,4-т заасан тохиолдолд цагдаагийн байгууллага төрийн өмчийн тээврийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийг үнэ төлбөргүй ашиглана. Харин бусад төрлийн өмчийн тээврийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашигласан бол холбогдох хөлс буюу гарсан шууд зардлыг төлнө.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөлс, зардлыг цагдаагийн алба хаагч тухайн үед шууд төлөх боломжгүй бол тээврийн болон холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласан тухай албан ёсны баримт өгч, тооцоог нөхөн хийнэ.

4.Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж яваа үедээ хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй зорчино.

5.Цагдаагийн алба хаагч гэмт хэргийн тухай мэдээллийг хойшлуулшгүй шалгах, аюултай гэмт хэрэгтнийг баривчлах шаардлага гарсан тохиолдолд зорчигч тээврийн болон холбооны хэрэгслээр дараалал харгалзахгүй үйлчлүүлнэ.

6.Албан хэрэгцээнд тээврийн хэрэгсэл хэрэглэх шаардлагатай цагдаагийн алба хаагчид алба-амины автомашин, мотоцикл, морь, тэмээ гэрээгээр эзэмшүүлж болно.

27 дугаар зүйл.Биечилсэн судалгаа

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага тодорхой нутаг дэвсгэр, олон нийтийн газарт дараахь зорилгоор алба хаагчаа илгээж биечилсэн судалгаа хийж болно:

1/гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх;

2/эрүүгийн ба олон нийтийн хэв журмын нөхцөл байдлыг судлах;

3/эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, хөрөнгийн олж илрүүлэх.

2.Цагдаагийн алба хаагч эрхэлсэн ажлынхаа хүрээнд, хариуцсан нутаг дэвсгэр дээрээ энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгоор өөрийн санаачилгаар биечилсэн судалгаа хийж болно.

28 дугаар зүйл.Мэдээллийн сан

Хэвлэх

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл ажиллагаанд туслах тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан байгуулж ашиглана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Цагдаагийн алба хаагч, түүний эрх зүйн байдал

29 дүгээр зүйл.Цагдаагийн алба хаагч

Хэвлэх

1.Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад ажиллаж, суралцаж байгаа иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ.

2.Цагдаагийн албанд 18 нас хүрсэн, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэнийг хүсэлтээр нь авч ажиллуулна.

Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан иргэнийг цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Цагдаагийн байгууллагад ажиллах иргэний эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг цагдаагийн төв байгууллага тогтооно.

4.Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно. Дагалдах ажилтан бие дааж цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй.

5.Цагдаагийн алба хаагч хууль тогтоомжийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэн хүнлэг харилцах үүрэгтэй.

6.Цагдаагийн алба хаагч захирах даргын тушаалыг биелүүлэх үүрэгтэй.

7.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

8.Тайван цагт цагдаагийн алба хааж байгаа иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлнө.

9.Цагдаагийн төв байгууллага цэргийн жинхэнэ алба хаагаагүй 23-25 насны цагдаагийн алба хаагчид цэргийн бэлтгэл эзэмшүүлэх үүрэг хүлээнэ. Цэргийн бэлтгэл эзэмшүүлэх хөтөлбөрийг зэвсэгт хүчний Жанжин штаб батална. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.Цагдаагийн алба хаагчийг албанаас халагдахад нь чөлөөнд гаргана. Дараахь тохиолдолд чөлөөнд гаргалгүй цолыг хураан халж болно:

1/сахилгын зөрчил удаа дараа гаргасан;

2/хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн;

3/гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон.

30 дугаар зүйл.Цагдаагийн тангараг

Хэвлэх

1.Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо:

"Монгол Улсын иргэн Би цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая.

Би цагдаагийн ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллахаа тангараглая.

Би энэ тангарагаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ. " гэж Цагдаагийн тангараг өргөнө.

2.Цагдаагийн тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

31 дүгээр зүйл.Цагдаагийн цол, дүрэмт хувцас

Хэвлэх

1.Цагдаагийн алба хаагчийн албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын бүтээлийг харгалзан дор дурдсан цол олгоно:

1/сурагч;

2/цагдаагийн түрүүч;

3/цагдаагийн дэд ахлагч;

4/цагдаагийн ахлагч;

5/цагдаагийн ахлах ахлагч;

6/цагдаагийн дэслэгч;

7/цагдаагийн ахлах дэслэгч;

8/цагдаагийн ахмад;

9/цагдаагийн хошууч;

10/цагдаагийн дэд хурандаа;

11/цагдаагийн хурандаа.

2.Цагдаагийн удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

3.Цагдаагийн алба хаагч цагдаагийн дүрэмт хувцас хэрэглэх буюу,эсхүл хувцасны мөнгөн хангамж эдэлнэ.

4.Цагдаагийн цол олгох журам, цагдаагийн дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар, хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллага тогтооно.

5.Цагдаагийн дүрэмт хувцастай ижил загварын дүрэмт ба ажлын хувцас хэрэглэхийг бусад байгууллагад хориглоно. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд дүрэмт хувцасыг хураан авна. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

32 дугаар зүйл. Цагдаагийн албаны дүрэм, сахилгын шийтгэл

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, Цагдаагийн хүрээний ба эргүүл, харуулын албаны дүрэм, Цагдаагийн сахилгын дүрмийг Засгийн газар батална.

2.Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна:

1/сануулах;

2/цолны мөнгийг З сар хүртэл хугацаагаар хасах;

3/сарын үндсэн цалинг З сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах;

4/цагдаагийн цолыг бууруулах буюу хасах;

5/офицер цолыг 1 жил хүртэл хугацаагаар хурааж, энгийнээр буюу цагдаагаар ажиллуулах; /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

6/албанаас халах. /Энэ заалтын дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

33 дугаар зүйл.Цагдаагийн алба хаагчийн амралт

Хэвлэх

1.Цагдаагийн алба хаагчид жил бүр ажлын 15, сонсогчид 25 өдрийн амралт олгоно. /Энэ хэсэгт 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчид алба хаасан 2 жил тутам ажлын З өдрийн, цагдаагийн бусад алба хаагчид алба хаасан 5 жил тутам ажлын З өдрийн нэмэгдэл амралт олгоно. /Энэ хэсгийг 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

34 дүгээр зүйл.Цалингийн нэмэгдэл

Хэвлэх

Цагдаагийн алба хаагчийн цалин дээр нэмж олгох удаан жил ажилласны болон зарим албаны нэмэгдлийг Засгийн газар тогтооно.

35 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилсны зардал

Хэвлэх

1.Цагдаагийн алба хаагч удирдлагын шийдвэрээр шилжин томилогдох, томилогдсон газраасаа буцах үед түүнийг гэр бүлийн гишүүд, 5 тонн хүртэл ачаа тээшийн хамт оршин суух газар нь хүргэх тээврийн хэрэгслийг байгууллагаас нь гаргах буюу, эсхүл зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож олгоно.

2.Цагдаагийн алба хаагч удирдлагын шийдвэрээр өөр газар шилжин алба хаах болсноос түүний эхнэр /нөхөр/ нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг цагдаагийн байгууллагаас олгоно.

36 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын онцлог

Хэвлэх

1.Цагдаагийн алба хаагч улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбооны гишүүн байх, цагдаагийн бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, эвсэл, холбооны улс төрийн үзэл баримтлалыг сурталчлахыг хориглоно.

2.Цагдаагийн алба хаагч үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албанд хүндэтгэлтэй хандана.

3.Цагдаагийн байгууллагад ажил хаяхыг хориглоно.

4.Цагдаагийн алба хаагч нь төрийн сонгуульт үүрэг хүлээсэн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажил хавсаргаж цалин хөлс тогтоосон, түүнчлэн багшлах, зохион бүтээх, уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажил хавсран гүйцэтгэж цалин хөлс авахыг хориглоно.

5.Цагдаагийн алба хаагч нь олон нийтийн байгууллагад сонгууль буюу томилолтоор орон тооны бус үүрэг гүйцэтгэж цалин хөлс авах бол захирах даргадаа илтгэнэ.

6.Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан төрийн төв, орон нутгийн байгууллагаас шагнаж урамшуулах бол албан байгууллагад нь урьдчилан мэдэгдэнэ.

Цагдаагийн алба хаагч албан үүргээ биелүүлсэнтэйгээ холбогдуулан бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс шагнал авч болохгүй.

37 дугаар зүйл.Цагдаагийн байгууллага, түүний албан хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага, түүний алба хаагч нь төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлснээс үүссэн хохирлыг хариуцахгүй.

2.Цагдаагийн алба хаагч эрх бүхий дарга, захирагчийнхаа өгсөн тушаал, даалгаврыг ёсчлон биелүүлснээс үүссэн үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн дарга, захирагч хариуцна.

3.Цагдаагийн алба хаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан төрийн байгууллагаас шалгах бол захирах даргад нь урьдчилан мэдэгдэнэ.

4.Цагдаагийн байгууллага, түүний алба хаагчаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

5.Цагдаагийн алба хаагч албаны бус цагаар, түүнчлэн хариуцуулснаас өөр нутаг дэвсгэрт иргэдийн хүсэлт, өөрийн санаачилгаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах хууль ёсны үйл ажиллагаа явуулсан бол албан үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

6.Цагдаагийн алба хаагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг иргэд, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй.

7.Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүд, чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.Үүргээ ёсчлон биелүүлснээс цагдаагийн алба хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг цагдаагийн байгууллага төлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

9.Цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдал, шөнийн ээлжинд ажиллахад хоолны зардлыг, хээрийн сургууль, дадлагын үед хүнсний болон эдийн хангалтыг цагдаагийн байгууллага хариуцна.

10.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаагийн алба хаагчийн алдаанаас бусдад учирсан хохирлыг төр хариуцна.

11.Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон ар гэрт нь дараахь тэтгэвэр, тэтгэмж, зардлыг олгоно: /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү;

2/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүү;

3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, төрөөс 5 жилийн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж; /Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4/хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал.

12.Энэ зүйлийн 11 дахь хэсгийн 2,З-т заасан тэтгэвэр тогтоосноос хойш хохирогчийн тухай үед авч байсан цалинд өөрчлөлт орсон бол зөрүүг шинээр тогтоосон хэмжээнээс тооцож олгоно.

13.Энэ зүйлийн 11 дахь хэсгийн 2,З-т заасан цалингийн зөрүүг тахир дутуугийн ба тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.

14.Энэ зүйлийн 11 дахь хэсэгт заасан тэтгэвэр ба цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардлыг цагдаагийн байгууллага олгож, хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.

15.Цагдаагийн сургуулийн сонсогч, багш, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах шууд үүрэггүй цагдаагийн бусад алба хаагчийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын ажилд оролцуулж болно. Энэ тохиолдолд цагдаагийн алба хаагчид хуулиар олгосон баталгаа тэдгээрт нэг адил хамаарна.

38 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчид үзүүлэх тусламж, хөнгөлөлт

Хэвлэх

1.Цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацааг тооцоход түр саатуулах байранд харуул, жижүүрээр ажилласан 1 жилийг 1 жил З сараар, эрүүлжүүлэх байранд эмч, жижүүрээр ажилласан 1 жилийг 1 жил 2 сараар тооцно. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Цагдаагийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, эрүүл мэндээр халагдах болон амины сууц барих, орон сууц худалдаж авахад нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу тусламж, хөнгөлөлт үзүүлж болно.

З.Цагдаагийн алба хаагч ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр/нөхөр/-ийн төрсөн нутагт явах бол түүнд ирэх,очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Цагдаагийн байгууллага, албан хаагчийн

зэвсэг, тусгай хэрэгсэл

39 дүгээр зүйл.Цагдаагийн байгууллагын зэвсэг

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх алба хаагчиддаа галт зэвсэг олгох, алба хаагчид нь уул зэвсгийг биедээ авч явах эрхтэй.

2.Цагдаагийн байгууллага нь цэрэг, цагдаагийн албанд зориулж үйлдвэрлэсэн нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч зэрэг тээврийн хэрэгсэл ашиглах эрхтэй.

40 дүгээр зүйл.Галт зэвсэг хэрэглэх

Хэвлэх

1.Гэмт үйлдлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:

1/цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

2/цагдаагийн болон дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объект руу нууцаар нэвтрэн орсон, эсхүл зэвсэг хэрэглэн буюу бүлэглэн довтолсон;

3/хүнийг барьцаанд авсан;

4/ялтан,цагдан хоригдогч оргосон, хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугатсан;

5/галт зэвсэг, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;

6/хуяглан хүргэж яваа этгээдийг суллахаар зэвсэг хэрэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;

7/хорих,цагдан хорих,баривчлах байранд нийтийн эмх замбараагүй байдал гарч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодитой нөхцөл байдал бий болсон.

2.Цагдаагийн алба хаагч бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.

3.Галт зэвсэг хэрэглэснээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол зэвсэг хэрэглэсэн цагдаагийн алба хаагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч захирах даргадаа, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.

41 дүгээр зүйл.Цагдаагийн тусгай хэрэгсэл, мэх

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага, алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ дараахь тусгай хэрэгсэл, мэх ашиглана:

1/олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;

2/нэг бүрийн тусгай хэрэгсэл;

3/тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;

4/хамгаалах тусгай хэрэгсэл;

5/самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх;

6/албаны нохой.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3-т заасан тусгай хэрэгслийг цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаадаас оруулж ирэхийг хориглоно.

42 дугаар зүйл.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл

Хэвлэх

1.Хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгслийг олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл гэнэ.

2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:

1/олон хүнд нэг зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;

2/усан хөөрөг;

3/утаан хөшиг үүсгэгч

3.Цагдаагийн алба хаагч олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараахь зорилгоор хэрэглэж болно:

1/нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох;

2/нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох;

3/байгууллага, иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;

4/хориглон эсэргүүцэж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг баривчлах;

5/энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд.

4.Энэ зүйлийн З дахь хэсгийн 1,3-т заасан тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.

43 дугаар зүйл.Нэг бүрийн тусгай хэрэгсэл

Хэвлэх

1.Нэг хүнд нөлөөлөх хэрэгслийг нэг бүрийн тусгай хэрэгсэл гэнэ.

2.Нэг бүрийн тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:.

1/гар, хөл, хурууны гав;

2/хүлэг, ороох цамц;

3/резинэн бороохой;

4/цахилгаан бороохой;

5/нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

6/резинэн ба хуванцар сумтай буу.

3.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэж болно:

1/цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн;

2/сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх;

3/цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд аюултайгаар эсэргүүцэж болох сэжигтэн, яллагдагч, ялтанг баривчлах;

4/энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан тохиолдолд;

4.Дараахь тохиолдолд хүлэг буюу ороох цамц хэрэглэж болно:

1/сэжигтэн,яллагдагч, шүүгдэгч, ялтан амиа хорлож болзошгүй бол;

2/сэтгэл мэдрэлийн өвчний улмаас өөрийгөө жолоодох чадвараа алдсан буюу согтуу этгээд догшин хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар бол.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасан тохиолдолд уул этгээдэд хүлэг, ороох цамц хэрэглэж болох эсэх тухай эмнэлгийн магадлагаа урьдчилан гаргуулах буюу, эсхүл эмч байлцуулна.

44 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл

Хэвлэх

1.Тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор ашиглах зориулалттай төхөөрөмжийг тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл гэнэ.

2.Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэж болно:

1/хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан;

2/сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан өөрөө жолоодон зугатсан, эсхүл тийм этгээдийг тээвэрлэн зугатсан;

3/тээврийн хэрэгслийг зогсоох талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн зугатсан.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1,2-т заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх боломжгүй бол галт зэвсэгт хэрэглэн, эсхүл ачааны автомашин болон бусад зүйлээр хаалт тавьж тээврийн хэрэгслийг албадан зогсоож болно.

45 дугаар зүйл. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх заавар, хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг батлах

Хэвлэх

1.Галт зэвсэг, бүх төрлийн тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батлана.

2.Хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

46 дугаар зүйл.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглох

Хэвлэх

Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст дор дурдсанаас бусад тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно:

1/энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан тохиолдолд;

2/галт зэвсэг хэрэглэж довтолсон, буюу эсэргүүцсэн;

3/нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэн довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн

нэгж, байгууллагаас үзүүлэх туслалцаа

47 дугаар зүйл.Байгууллага, иргэдийн туслалцаа

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага үүргээ биелүүлэхэд нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

2.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа гэмт хэрэг гарах,ш нийгмийн хэв журам зөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

48 дугаар зүйл. Цагдаагийн туслах ажилтан

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллага 18 насанд хүрсэн иргэнийг, өөрийн нь зөвшөөрснөөр туслах ажилтнаар авч ажиллуулж болно.

2.Цагдаагийн байгууллага туслах ажилтантай гэрээ байгуулж, түүнд туслах ажилтны хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, олгох хөлс, гэрээ цуцлах үндэслэлийг заана.

3.Цагдаагийн туслах ажилтны дүрмийг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

4.Цагдаагийн туслах ажилтан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актыг чанд сахиж, зөвхөн гэрээнд заасан үүргийг биелүүлнэ.

5.Цагдаагийн туслах ажилтнаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа гүйцэтгүүлж болохгүй.

6.Цагдаагийн туслах ажилтан гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, сэжиглэгдсэн болон гэрч болох хүмүүсийн бичиг баримтыг шалгаж хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавих, гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй.

7.Цагдаагийн туслах ажилтан гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тухай төрийн зохих байгууллагад яаралтай мэдээлэх шаардлагатай үед байгууллага, иргэдийн холбооны хэрэгслийг ашиглаж болно.

8.Энэ хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд цагдаагийн туслах ажилтны тавьсан шаардлагыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

9.Цагдаагийн туслах ажилтныг үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, бусад хохирол учруулсан, түүний тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд эрүүгийн ба захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам

хамгаалахад дотоодын цэргийн гүйцэтгэх үүрэг

/Энэ бүлгийг /49, 50 дугаар зүйл/ 1995 оны 10 дугаар 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

НАЙМДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

51 дүгээр зүйл.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

Хэвлэх

1.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, төрийн хяналтын албад тус тусын эрх хэмжээний дотор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

2.Монгол Улсын Прокурорын байгууллага нь цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина.

3.Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд, цагдаагийн байгууллагын дарга, захирагч нар тухайн байгууллагын алба хаагчдын өдөр тутмын ажилд дотоодын хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авна.

4.Тодорхой нутаг дэвсгэр хариуцсан нийтлэг үүрэг бүхий цагдаагийн байгууллага, албан хаагч жилд нэгээс доошгүй удаа оршин суугчид буюу тэдгээрийн төлөөлөгчдөд тайлан тавина.

52 дугаар зүйл.Цагдаагийн алба хаагчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Монгол Улсын хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

53 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ