A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

ӨМНИЙН ГОВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнийн говийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай: (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 175 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.1. Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэл, холбогдох судалгааг 2011 онд дуусгаж, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр барих ажлыг 2012 оны II улиралд багтаан эхлүүлэхийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хариуцуулан зохион байгуулах.

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2013 оны 80 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.2. Оюутолгойн үйлдвэрлэлийн хэрэгцээг эрчим хүчээр хангах зорилгоор төслийн өртөгт нөлөөлөхгүй байх, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр Оюутолгойд цахилгаан станц барих ажлыг "Оюу толгой" ХХК-д хариуцуулан гүйцэтгүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.

1.3. Шинээр байгуулах Оюутолгойн цахилгаан станцын нүүрсний хэрэгцээг Тавантолгойн ордоос олборлосон нүүрсээр хангах.

2. Хөрсний эвдрэл, тоосжилтоос хамгаалах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дараахь арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай:

2.1. Тавантолгойн нүүрсний орд-Гашуунсухайтын боомт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж дөрвөн зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөх хоёр зорчих хэсэг бүхий авто замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн, зам барих ажлыг бусад хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хариуцуулан зохион байгуулах.

2.2 Дөрвөн зорчих хэсэгтэй дээрх авто замыг нийтээр ашиглах нөхцөл, тарифыг тогтоож, засвар арчлалтын ажлын гэрээг хөрөнгө оруулагчидтай хийх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

2.3. Өмнийн говийн бүс нутгаас "Ханги", "Замын-Үүд" хилийн боомтууд руу авто зам тавих асуудлыг судлан боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах.

3. Өмнийн говийн уул уурхай, дэд бүтцийн хөгжилд шаардлагатай усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг найдвартай хангах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Усны газар (Ц.Бадрах), Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт даалгасугай:

3.1. Тавантолгойн нүүрсний уурхай, Сайншандын орчимд өмнө нь судалгаагаар тогтоогдсон газрын доорхи усны хуримтлал бүхий талбайд гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж, ашиглах боломжит нөөцийг тогтоох.

3.2. Орхон, Сэлэнгэ голууд дээр урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийн талаар судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажлыг 2011 оноос эхлүүлж, барилгын ажлыг 2013 онд эхлүүлэхээр зохион байгуулах.

3.3. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуурын хотгорын газрын доорхи усны ордоос 151 л/с (13038 м3/хоног) хэмжээний усны нөөцийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ашиглуулах арга хэмжээ авах.

4. Өмнийн говийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, бүс нутгийн хөгжлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд боомтын захиргааны дарга Д.Батбаатар нарт даалгасугай:

4.1. "Өмнийн говийн хүн амын нутагшил, суурьшил, хот байгуулалтын хөгжлийн стратеги", Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын ерөнхий төлөвлөгөөг 2011 онд, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдын ерөнхий төлөвлөгөөг 2012 оны эхний хагас жилд багтаан тус тус батлуулах арга хэмжээ авах.

4.2. Гашуунсухайт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын санхүүжилт болон уг боомтын авто замын орц, гарцыг 10 урсгалтай болгон өргөтгөх ажлыг 2011 онд багтаан хэрэгжүүлэхийг "Эрдэнэс МГЛ" ХХК-д хариуцуулан зохион байгуулах.

4.3 Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын өргөтгөл, шинэтгэлийн ажлыг Концессын тухай хуулийн дагуу 2012 оны эхний улиралд багтаан эхлүүлэх арга хэмжээ авах.

4.4. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг 2012 оны эхний улиралд багтаан боловсруулж батлуулах.

5. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, зээл, тусламжийн хөрөнгө болон концессын гэрээ байгуулах зэрэг боломжтой нөхцөлөөр шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд тус тус даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн "а" заалтын "Гашуунсухайт болон" гэснийг, "Концессын зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолын хавсралтын "97. Тавантолгой цахилгаан станц" гэснийг тус тус хассугай.

7. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд боомтын захиргааны дарга Д.Батбаатар нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА

Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ