A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СТАНДАРТЧИЛАЛ,ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2005 оны 6 дугаар сарын 14-ний өдөр .

Улаанбаатар хот

Дугаар 127

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.1, 16.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Тохирлын баталгаанд заавал хамрагдах бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай./ЗГ-ын 2014-3-28-ны 102-р тогтоолоор хавсралтад өөрчлөлт орсон/

2. Сорилт, шинжилгээ, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхэлдэг хөндлөнгийн лабораториудыг аттестатчилж, энэ чиглэлийн ажил, үйлчилгээг "нэг цэг"-ийн зарчимд шилжүүлэх болон стандарт, техникийн зохицуулалт, тохирлын баримт бичгийн үндэсний мэдээллийн сүлжээ бий болгох арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд Д.Дорлигжав, Стандартчилал, хэмжил зүйн төвийн дарга Н.Жанчивдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай

3. Бараа, бүтээгдэхүүнд "эко" тэмдэг хэрэглэх стандартыг тогтоон хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Стандартчилал, хэмжил зүйн төвийн дарга Н.Жанчивдорж нарт үүрэг болгосугай.

4. Монгол Улсын үндэсний тохирлын тэмдэг, түүнтэй адилтгах тэмдэгтэй бараа, бүтээгдэхүүнээс бусад бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулахыг Монгол Улсын сайд Д.Дорлигжавт үүрэг болгосугай.

5. Тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээтэй нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар олон улсын байгууллага, гадаад орнуудтай гэрээ, хэлэлцээр байгуулах ажил зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд Д.Дорлигжав нарт үүрэг болгосугай.

6. Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам"-д дараахь нэмэлт оруулсугай:

Журмын 3.1-д "3.1.1. Энэ журмын 2.12, 3.8-д заасан бүтээгдэхүүнийг аливаа нэмэлт баримт бичиг шаардахгүйгээр нэвтрүүлнэ; 3.1.2. Экспортлогч, импортлогч талын хүсэлтээр энэ журмын 2.12, 3.8-д заасан экспортын бүтээгдэхүүнд баталгаажуулалтын байгууллага тохирлын гэрчилгээ олгож болно; 3.1.3. Жагсаалтад орсон бөгөөд энэ журмын 3.1.1-д заасан нөхцөлийг хангаагүй бүтээгдэхүүнд зөвхөн 3.2-ыг үндэслэн тохирлын гэрчилгээ олгоно." гэж, 2.19-ийн "үйлдвэрлэгч/нийлүүлэгч..." гэсний дараа "жагсаалтад заасан холбогдох" гэж, 3.7-гийн "... худалдааны ..." гэсний дараа "болон бусад" гэж, "... тусгасан ..." гэсний дараа "буюу хүлээн авагч талаас шаардсан" гэж тус тус нэмсүгэй.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.