Хэвлэх DOC Татаж авах
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж

2.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Хувь хүний нууцын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна:

3.1.1.Улсын Их Хурлын Тамгын газар;

3.1.2.Ерөнхийлөгчийн Тамгын газар;

3.1.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;

3.1.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;

3.1.5.төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага;

3.1.6.бүх шатны шүүх, прокурорын байгууллага;

3.1.7.Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага;

3.1.8.нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

3.1.9.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

3.1.10.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн[5] 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;

3.1.11.олон нийтийн радио, телевизийн байгууллага.

3.2.Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуулын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад энэ хууль үйлчлэхгүй.

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.3.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өргөдөл, санал, гомдол, мэдэгдлийг, хүлээн авах, хянан шийдвэрлэхэд энэ хууль үйлчлэхгүй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“иргэн” гэж Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

4.1.2.“цахим хуудас” гэж нийтэд нээлттэй байдлаар интернэт сүлжээнд байрлуулсан цахим баримт бичиг, мэдээллийг;

4.1.3.“цахим баримт бичиг” гэж компьютер, компьютерийн программ болон ижил төрлийн бусад хэрэгслийг ашиглан үүсгэх, илгээх, хүлээн авах, хадгалах боломжтой цахим өгөгдлийг;

4.1.4.“тоон гарын үсэг” гэж цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн нэг бүрдэл хэсэг болох тоон өгөгдлийг;

4.1.5.“тогтмол шинэчлэх” гэж тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа шинэчлэхийг;

4.1.6.“тухай бүр шинэчлэх” гэж тухайн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг 3 хоногийн дотор шинэчлэхийг;

4.1.7.“ойлгомжтой байдлаар байрлуулах” гэж тухайн мэдээлэлтэй танилцах нөхцөл бүрэн хангагдсан байхыг;

4.1.8.“мэдээлэл өгөх зардал” гэж мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх зорилгоор хувилах, олшруулах, шуудангаар хүргүүлэх болон бусад шаардлагатай зардлыг;

4.1.9.“удаа дараа зөрчсөн” гэж мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийг гурав буюу түүнээс дээш удаа зөрчсөнийг;

4.1.10.“ноцтой зөрчсөн” гэж хууль бусаар мэдээллийг нуун дарагдуулах, мэдээ, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, устгах болон иргэний мэдээлэл авах эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагад их хэмжээний хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэргийг.

Хэвлэх

5 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

5.1.3.хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх;

5.1.4.хараат бус байх;

5.1.5.мэдээллээр хангах үйл ажиллагаа шуурхай байх.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

6 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал

6.1.Мэдээллийн ил тод байдал дараах төрөлтэй байна:

6.1.1.үйл ажиллагааны ил тод байдал;

6.1.2.хүний нөөцийн ил тод байдал;

6.1.3.төсөв, санхүүгийн ил тод байдал;

6.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал.

Хэвлэх

7 дугаар зүйл.Үйл ажиллагааны ил тод байдал

7.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

7.1.1.эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.2.үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.3.үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.4.үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.5.шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээний актын шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах;

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.6.үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

7.1.7.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

7.1.8.тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.9.салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.10.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

Хэвлэх

8 дугаар зүйл.Хүний нөөцийн ил тод байдал

8.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол хүний нөөцийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

8.1.1.сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;

8.1.2.албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

8.1.3.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

8.1.4.хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

8.1.5.албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

8.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал

9.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:

9.1.1.а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

9.1.1.б.өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор;

9.1.1.в.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор.

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9.1.2.жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9.1.3.санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9.1.4.тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор энэ тухай цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9.1.5.зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах мэдээллийг үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж, цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулна:

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.1.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш ажлын 14 өдрийн дотор;

9.2.2.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг байгуулагдсанаас нь хойш ажлын 14 өдрийн дотор;

9.2.3.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг ажлын 14 өдрийн дотор.

/Дээрх 9.2 дахь хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9.3.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэнэ.

/Энэ хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

10 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

10.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.1.1.ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, энэ тухай цахим хуудсандаа байрлуулах болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.1.2.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.1.3.тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.1.4.тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулах;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.1.5.худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.1.6.тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.1.7.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.1.8.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ АВАХ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ЖУРАМ

11 дүгээр зүйл.Мэдээлэл авах

11.1.Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй:

11.1.1.тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл;

11.1.2.тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл;

11.1.3.тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл.

11.2.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч байгаа энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын холбогдох албан тушаалтан иргэнд энэ хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.

11.3.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт дараах шаардлагыг хангасан байна:

11.3.1.хүсэлт гаргагч нь иргэн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсгээ зурсан байх;

11.3.2.хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, улсын бүртгэлийн дугаараа бичиж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурсан байх.

11.4.Иргэн энэ хуулийн 11.3.1-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зуруулж болох бөгөөд хүсэлтийг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

Хэвлэх

12 дугаар зүйл.Мэдээлэл хүсэгчийн эрх, үүрэг

12.1.Мэдээлэл хүсэгч мэдээлэл авах талаар дараах эрх эдэлнэ:

12.1.1.эрх тэгш байх;

12.1.2.мэдээлэл авах хэлбэрээ сонгох;

12.1.3.мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх;

12.1.4.мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах;

12.1.5.мэдээллийн агуулгын талаар амаар тайлбарлуулах;

12.1.6.мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх;

12.1.7.мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах;

12.1.8.хуульд заасан бусад эрх.

12.2.Мэдээлэл хүсэгч мэдээлэл авахдаа дараах үүрэг хүлээнэ:

12.2.1.хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх;

12.2.2.мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

12.2.3.авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх.

Хэвлэх

13 дугаар зүйл.Хүсэлтийг хянан үзэх

13.1.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт /цаашид “хүсэлт” гэх/-ийг хүлээн авсан албан тушаалтан дараах байдлаар хянан үзнэ:

13.1.1.хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангасан эсэх;

13.1.2.иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаараар нь тухайн иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах;

13.1.3.хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байгаа эсэх, байхгүй тохиолдолд тухайн хүсэлтийг холбогдох байгууллагад нь 2 хоногийн дотор шилжүүлж, энэ тухай иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх;

13.1.4.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэх.

13.2.Хүсэлтийг энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр буцаана:

13.2.1.хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангаагүй;

13.2.2.хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байхгүй бөгөөд хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй.

13.3.Хүсэлтийг буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Мэдээлэл өгөх

14.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй.

14.2.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь иргэнийг хүлээн авч уулзах байр, хүсэлтийг хүлээн авах цагийн хуваарийг тогтоож нийтэд мэдээлнэ.

14.3.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага өөрт хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар устгах, иргэдээс мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

14.4.Энэ хуулийн 3.1.10-т заасан байгууллага нь дор дурдсан мэдээллийг нийтэд заавал нээлттэй байлгана:

14.4.1.тухайн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж байгаа техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;

14.4.2.тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;

14.4.3.нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.

14.5.Энэ хуулийн 3.1.10-т заасан байгууллага өөрийн байгууллагын нууцын жагсаалтыг батлан нийтэд мэдээлэх үүрэгтэй.

14.6.Мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр өгч болох бөгөөд иргэн, хуулийн этгээд нь мэдээлэлтэй биечлэн танилцаж болно.

14.7.Хариуг нь шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгнө.

14.8.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7 өдрийн дотор өгөх бөгөөд хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд мэдээллийг өгнө.

14.9.Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 14.8-д заасан хугацааг нэг удаа 7 хоногоор сунгаж болно.

14.10.Хүсэлтийн хариуг өгсөн он, сар, өдөр, хариу бэлтгэсэн албан тушаалтны нэр, мэдээлэл олгосон хэлбэр зэргийг бүртгэлд тэмдэглэн хадгална.

Хэвлэх

15 дугаар зүйл.Цахим хэлбэрээр мэдээлэл авах, өгөх

15.1.Иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт гаргаж болно.

15.2.Цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт гаргасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь цахим баримт бичиг үйлдэн, тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, холбогдох байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.

15.3.Мэдээллийг цахим хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд өгөх тохиолдолд тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурах бөгөөд хүсэлт гаргагчид мэдээллийг цахим шуудангаар хүргүүлнэ.

15.4.Цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд энэ хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

Хэвлэх

16 дугаар зүйл.Үйлчилгээний хөлс

16.1.Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг тухайн мэдээллийг өгөх зардалтай нийцүүлэн тухайн байгууллагын удирдлага тогтоох бөгөөд үйлчилгээний хөлс тооцох аргачлал, үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална.

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй.

16.4.Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй.

Хэвлэх

17 дугаар зүйл.Гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэх

17.1.Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар дээд шатны байгууллага, албан тушаалтан, Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг дараах хуулиар зохицуулна:

17.2.1.гомдлыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаа бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль;

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.2.гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж байгаа бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль;

17.2.3.гомдлыг шүүхэд гаргаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль.

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАРИМ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ӨГӨХИЙГ ХОРИГЛОХ

18 дугаар зүйл.Онцгой нөхцөл

18.1.Дараах тохиолдолд мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:

18.1.1.тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой үндэслэл байгаа бол;

18.1.2.тухайн мэдээлэл нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянан шалгагдаж байгаа асуудалтай холбоотой бол;

18.1.3.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол;

18.1.4.тухайн мэдээлэл нь олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах явцтай холбоотой бол;

18.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Оюуны өмчийг хамгаалах

19.1.Оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Хувь хүний нууцыг хамгаалах

20.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Байгууллагын нууцыг хамгаалах

21.1.Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээдийн /гүйцэтгэх удирдлага буюу түүнээс эрх олгосон бусад этгээд/ бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ

22 дугаар зүйл.Мэдээлэл, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

22.1.Мэдээлэл, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.энэ хуулийн 7 дугаар зүйл, 8.1 дэх хэсэг, 9, 10 дугаар зүйлд заасан мэдээллийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн санг үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах нийтлэг журмыг боловсруулах;

22.1.2.мэдээллийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллагуудын дунд сургалт зохион байгуулах, тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

22.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

22.2.Энэ хуулийн 22.1.1-д заасан журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

23 дугаар зүйл.Тэмдэглэл хөтлөх

23.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах боломжийг хангах зорилгоор тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:

23.1.1.мэдээлэл авах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг;

23.1.2.мэдээлэл авах хүсэлт хүлээн авсан, хянасан буюу буцаасан, мэдээллийг өгсөн хугацаа;

23.1.3.бусад.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

24.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтан мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.

24.2.Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй байгуулах үр дүнгийн гэрээнд мэдээллийн ил тод байдлыг хангах талаар тусгаж, үнэлгээний гол шалгуурын нэг болгон дүгнэнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД

25 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж зөрчсөн албан хаагчийг зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

25.2.Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн албан хаагчийг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас хална.

25.3.Энэ хуулийн 25.2-т заасныг зөрчсөн шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хэвлэх

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ