Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэлийн /цаашид "нийслэл" гэх/ чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын эрх хэмжээ, онцлог, нийслэлээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлж, энэ явцад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

2 дугаар зүйл. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ.
Хэвлэх

З дугаар зүйл. Нийслэл, түүний чиг үүрэг

1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн.

2. Нийслэл нь хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн.

З. Нийслэл нь засаг захиргааны хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

4. Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болно.

/Энэ хэсэгт 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.

5. Нийслэлд Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад байгаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн газар байнга төвлөн оршино.

6. Нийслэл нь нутаг дэвсгэртээ байгаа төрийн дээд, төв болон бусад байгууллагын ажиллах хэвийн нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ.

7. Төрийн эрх бүхий байгууллага өөрөөр шийдвэрлээгүй бол нийслэлд улсын баяр наадам, төрийн ёслолын арга хэмжээ явагдана.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Нийслэлийн нутаг дэвсгэр,эдэлбэр газар

1. Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд түүний дотор хотын эдэлбэр газар байна.

2. Хот байгуулах зориулалтаар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан гортиг бүхий газрыг нийслэл хотын эдэлбэр газар гэнэ.

 З. Нийслэлийн эдэлбэр газарт нийслэлийн хилийн цэсийн дотор оршин буй дагуул хотын эдэлбэр газар хамаарна.

 4. Нийслэлийн дагуул хотын нутаг дэвсгэр нь нийслэлийн хилийн цэст багтана.

Хэвлэх

 5 дугаар зүйл. Нийслэлийн бэлгэ тэмдэг

 1. Нийслэл нь өөрийн туг, сүлд тэмдэгтэй байна.

 2. Нийслэлийн туг, сүлд тэмдгийн загвар, хэрэглэх журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нийслэлийн удирдлага

 6 дугаар зүйл. Нийслэлийн удирдлага, түүний онцлог

 1. Нийслэлийн удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан ёсоор бүрдэнэ.

 2. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна.

           

З. Хотын ерөнхий менежер нь Улаанбаатар хотын захирагчийн удирдлага дор ажиллана. 4. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна. 5. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагчийн хувьд өөртөө зөвлөх эрх бүхий мэргэжлийн орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулна.

 6. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөө бүхий аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нийслэлийн Засаг даргын ажлын албаны болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан нийслэлийн Засаг дарга батална.

Хэвлэх

 7 дугаар зүйл. Удирдлагын үйл ажиллагааны үндсэн зарчим

 1. Нийслэлийн удирдлага нь зохион байгуулалт, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндсэн зарчмыг баримтална.

 2. Нийслэлийн удирдлагаас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ оршин суугчдынхаа хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэнэ.

 З. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, засаг дарга, үйл ажиллагаандаа иргэдийн санал бодол, нутаг дэвсгэртээ ажиллаж буй төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, сүм хийд, буяны болон сайн санааны байгууллага, олон түмний идэвх оролцсонд тулгуурлах зарчмыг баримтална.

Хэвлэх

 8 дугаар зүйл. Нийслэлийн удирдлагын бүрэн эрх

 1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 1/ нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах;

 2/ нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих;

 3/ нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавих;

 4/ нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүн амын үйлчилгээтэй холбогдох асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;

 5/ нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллагад нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах асуудлаар өөрийн санаачилгаар болон иргэд, байгууллагын саналыг үндэслэн шийдвэр гаргах.

/Энэ заалтад 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2. Нийслэлийн Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 1/ нийслэл хот улсын хэмжээнд суурин соёл иргэншлийн тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудтай нэгдсэн бодлого явуулах асуудлаар Ерөнхий сайдтай шууд харилцах;

 2/ нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх зорилгоор нийслэлд шилжин суурьших асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийх;

 3/ хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэн хүрээлэн байгаа орчныг бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээг хэтрүүлэхүйц үйлдвэр, объектыг барьж байгуулах асуудалд холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн хориг тавих, үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлэх, нийслэлээс нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

4/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжээс нийслэлд ажиллах хүчийг зохион байгуулалттайгаар шилжүүлэх асуудлыг зохицуулах;

5/ нийслэлийг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, төсөлд санал, дүгнэлт өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх;

6/ дотоод, гадаад харилцаанд нийслэлийг төлөөлөх.

З. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана.Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нийслэлийн удирдлага,иргэд, байгууллагын хоорондын харилцаа

9 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагатай

 харилцах

1. Төрийн захиргааны төв байгууллагаас салбарын удирдлагыг хэрэгжүүлэхдээ нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг эрх ашигтай холбогдох асуудлаар нийслэлийн Засаг дарга, шаардлагатай гэж үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл түүний Тэргүүлэгчидтэй зөвшилцөнө.

2. Нийслэлийн удирдлага төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аливаа шийдвэрийг нийслэлийн эрх ашигт харш хэмээн үзвэл уг шийдвэрийн талаархи санал, дүгнэлтээ Засгийн газар болон холбогдох байгууллагад гаргана.

З. Нийслэлийн удирдлагаас хот тохижилт, хүрээлэн байгаа орчин, хот-нийтийн аж ахуйг хамгаалах талаар гаргасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага биелүүлэх үүрэгтэй.

4. Төрийн захиргааны төв байгууллагаас өөрийн болон нийслэлд орших харьяа байгууллагынхаа хэрэгцээнд нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, түрээслэх тухай асуудлыг нийслэлийн удирдлага тавьж шийдвэрлүүлнэ.

Хэвлэх

10 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах

1. Нийслэлийн удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн удирдлагатай нийслэлийн эдийн засаг, нийгэм, соёлын талаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана.

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн удирдлага нийслэлийн хүн амыг хүнс болон шаардагдах бусад зүйлээр хангах, нийслэлд улсын баяр наадам, төрийн ёслолын арга хэмжээ зохион явуулахад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу дэмжлэг үзүүлж, үүрэг хүлээнэ.

З. Нийслэлийн хөгжил, хүн амын хангамж, нийгэм, эдийн засгийн үндэс болох үйлдвэр, аж ахуй, хангалтын зориулалттай бааз газрыг Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн нутаг дэвсгэр дээр байгуулж, гэрээний үндсэн дээр ашиглаж болно.

4. Нийслэл, аймаг, бусад хотын хоорондын эдийн засаг, нийгэм, аж ахуйн харилцааг хуулиар тусгайлан зохицуулна.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах

1. Нийслэлийн удирдлага нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, ажил үйлчилгээг сайжруулах талаар шаардлага тавина.

2. Нийслэлийн удирдлага хотын аж ахуй, нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж, инженерийн барилга байгууламжийн эзэмших хэмжээг тогтоож, ашиглалт засварыг нь хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагад хариуцуулна.

З. Эрчим хүчний болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний ажил эхлэх, дуусах цагийг тогтооно.

4. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрладаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах асуудлыг тухайн гэрээнд зааснаар буюу Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.

Хэвлэх

12 дугаар зүйл. Төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжээс нийслэлийн өмнө хүлээх үүрэг

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж нь өмчийн хэлбэрээр үл хамааран нийслэлийн өмнө дараахь үүрэг хүлээнэ:

 1/ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг ажиллагсаддаа мэдээлж, биелэлтийг хангах;

 2/ нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

 3/ өөрийн эзэмшиж буй эдэлбэр газар, барилга байгууламж болон орчны гудамж, талбайг шаардлагын дагуу зүй зохистой ашиглах.

Хэвлэх

1З дугаар зүйл. Нийслэл хотын оршин суугч, нийслэлийн өмнө түүний хүлээх үүрэг

1. Нийслэл хотод хууль ёсоор байнга амьдарч буй Монгол Улсын иргэнийг нийслэл хотын оршин суугч гэнэ.

2. Нийслэл хотын оршин суугч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн давуу талыг эдэлж, ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр хангагдаж байдгийн хувьд нийслэлийн өмнө дараахь үүрэг хүлээнэ:

1/ нийслэл хотын татварыг хугацаанд нь төлөх;

2/ нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэр, тогтоосон журмыг сахих, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх ажилд оролцох;

3/ нийслэлийн бүх шатны удирдлагаас зохиож буй ажил,нийслэлийг хөгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, хотын аж ахуй, нийтийн үйлчилгээний байгууламжийг зориулалтын дагуу эзэмшиж, хайрлан хамгаалах, ариун цэврийг сахих, гудамж талбайг цэвэр байлгах;

4/ нийслэл хотын оршин суугчийн хууль ёсны баримт бичгийн зөрчилгүй байх.

З. Нийслэл хотын оршин суугч биш Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийслэл хотод амьдарч байх хугацаандаа энэ хууль , бусад хууль тогтоомж, нийслэлийн удирдлагаас гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Нийслэлийн дүүрэг, хорооны удирдла-гаас нийслэлийн өмнө хүлээх үүрэг

Нийслэлийн дүүрэг, хорооны удирдлага тухайн нутаг дэвсгэртээ энэ хуулийн хэрэгжилтийг хариуцна.
Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс

15 дугаар зүйл. Нийслэлийн эдийн засгийн үндэс

Нийслэлийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг, хотын мэдлийн аж ахуй, улсын хөрөнгө оруулалтаар бий болсон өмч хөрөнгө, татвар, нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бүрдэнэ.
Хэвлэх

16 дугаар зүйл. Нийслэлийн өмч

1. Нийслэл нь өөрийн мэдлийн өмчтэй байна.

2. Нийслэлийн өмч нь барилга байгууламж, эд хөрөнгө, хотын аж ахуйн болон бусад хөрөнгөөс бүрдэнэ.

Хэвлэх

17 дугаар зүйл. Нийслэл хотын төсөв

Нийслэл хот нь бие даасан төсөвтэй байна.
Хэвлэх

18 дугаар зүйл. Нийслэлийг хөгжүүлэх сан

 1. Нийслэл нь хотын аж ахуйг өргөтгөх, хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хангамж, үйлчилгээг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор Засгийн газраас тогтоосон тусгай зориулалтын сантай байж болно. Энэхүү сангийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулна.

 2. Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдсэн сан байж болох бөгөөд сангийн хөрөнгийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захиран зарцуулж, гүйцэтгэлийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр тавина.Хэвлэх

19 дүгээр зүйл. Нийслэл хотын татвар

1. Нийслэл хот татвартай байна.

2. Нийслэл хотын татварыг хуулиар тогтооно.

Хэвлэх

20 дугаар зүйл. Нийслэлийг хөгжүүлэх бодлого

1. Нийслэл хот нь нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот байгуулалт, нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохистой тэнцлийг хангах бие даасан бодлого явуулна.

2. Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлт нь үндэсний уран барилгын өв уламжлалыг дэлхийн нийслэл хотуудын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэх бодлогод үндэслэнэ.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
Бусад эрх

21 дүгээр зүйл. Нийслэлийн хүндэт иргэн ба шагнал

1. Нийслэлийг хөгжүүлэх хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүнийг "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнана. "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.

2. "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

Хэвлэх

22 дугаар зүйл. Нийслэлийн мэдээлэл, судалгааны байгууллага

1. Нийслэл Улаанбаатар хот нь өөрийн сонин, телевиз болон радиогийн нэвтрүүлэгтэй байж болно.

2. Нийслэлийн удирдлага нь дэргэдээ хотын хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тодорхойлох, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны асуудал болон олон нийтийн санаа бодлыг судлах шинжилгээ, судалгааны төвтэй байж болно.

Хэвлэх

2З дугаар зүйл. Нийслэлийн өдөр

Нийслэлийн өдрийг жил бүр тэмдэглэнэ. Нийслэлийн өдрийг Улсын Их Хурал тогтооно.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                              Н. БАГАБАНДИ