A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АМЬТНЫ АЙМГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

АМЬТНЫ АЙМГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь газар, ус, хөрсөнд байгалийн жамаараа амьдардаг, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн амьтад (цаашид "амьтан" гэх)-ыг хамгаалах, өсгөн үржүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Амьтны аймгийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Амьтны аймгийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон харилцааг Ан агнуурын тухай хуулиар зохицуулна.

2.3. Мал, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалахтай холбогдсон харилцааг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

2.4. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "тархац нутаг" гэж тухайн амьтны нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутгийг;

3.1.2. "нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг;

3.1.3. "ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг;

3.1.4. " биотехникийн арга хэмжээ" гэж амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг";

3.1.5. " сэргээн нутагшуулах" гэж амьтны устах аюулд орсон, ховордсон зүйлийг хамгаалах, өсгөх зорилгоор урьд амьдарч байсан нутагт нь зориудаар зөөвөрлөн нутагшуулах үйл ажиллагааг;

3.1.6. "агнуурын амьтан" гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй ан амьтныг;

3.1.7. ".агнуурын нөөц" гэж агнуурын амьтны биологийн нөөцөөс хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүй агнах, барих боломжтой тоо, хэмжээг.

4 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

4.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал амьтны аймгийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1. нутаг дэвсгэртээ нэн ховор, ховор амьтныг хамгаалах арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

4.1.2. энэ хуулийн 6.1.1- д заасны дагуу нутаг дэвсгэртээ хорио, хязгаарлалт тогтоох;

4.1.3. амьтны аймгийн мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх;

4.1.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх .

4.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга амьтны аймгийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.2.1. ан амьтныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

4.2.2. энэ хуулийн 6.1.3, 6.1.7, 6.1.8, 6.1.9, 6.1.11-ийг тус тус нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх;

4.2.3. амьтны аймгийн мэдээллийн сангийн мэдээ баримтыг харьяалагдах сум, дүүргийн хэмжээгээр нэгтгэн бүрдүүлж төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;

4.2.4. нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

4.2.5. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

5.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал амьтны аймгийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. нутаг дэвсгэртээ амьтны аймгийг хамгаалах арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

5.1.2. амьтны аймгийг хамгаалах талаар Засаг даргын ажлын тайлан хэлэлцэх;

5.1.3. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх .

5.2. Сум, дүүргийн Засаг дарга амьтны аймгийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1. нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

5.2.2. иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад амьтныг эзэмших, ашиглах зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу олгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.2.3. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АМЬТНЫ АЙМГИЙГ ХАМГААЛАХ

6 дугаар зүйл. Амьтны аймгийг хамгаалах хэлбэр

Хэвлэх

6.1. Амьтны аймгийг дор дурдсан хэлбэрээр хамгаална. Үүнд:

6.1.1. амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох;

6.1.2. нэн ховор, ховор амьтныг олон улсын болон Монгол Улсын "Улаан ном", бусад холбогдох гэрээ, конвенцийн хавсралтад бүртгэх;

6.1.3. амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах;

6.1.4. амьтны удмын санг хамгаалах, үр хөврөлийг хадгалах;

6.1.5. амьтны нөөц тогтоож, ашиглалтыг зохицуулах;

6.1.6. амьтныг сэргээн нутагшуулах;

6.1.7. үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад амьтан хөнөөгдөхөөс сэргийлэх;

6.1.8. биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 6.1.9. өвчилсөн, байгалийн гамшиг болон бусад аюулд нэрвэгдсэн амьтанд тусламж үзүүлэх, авран хамгаалах;

6.1.10. амьтны аймгийг хамгаалах арга хэмжээний үндэслэлийг гаргахад чиглэсэн эрдэм шинжилгээний ажил зохион байгуулах;

6.1.11. иргэдийг амьтанд энэрэнгүй ханддаг үзлээр хүмүүжүүлэх, амьтныг хамгаалах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах.

6.2. Энэ хуулийн 6.1.1- 6.1.6, 6.1.10, 6.1.11–д заасныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/, 6.1.4, 6.1.6- 6.1.9-д заасныг байгаль орчны мэргэжлийн байгууллага /цаашид "мэргэжлийн байгууллага" гэх/, 6.1.7-6.1.9-д заасныг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага тус тус хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7 дугаар зүйл. Нэн ховор, ховор амьтныг хамгаалах

Хэвлэх

7.1. Нэн ховор амьтанд : Цөөвөр чоно /Cuon alpinus/, Цоохор ирвэс /Uncia uncia/, Голын халиу /Lutra lutra/, Мазаалай /Ursus arctos gobiensis/,. Тахь /Equus przewalski /, Хавтгай /Camelus bactrianus ferus/, Хүдэр /Moschus moschiferus/ , Цаа буга /Rangifer tarandus valentinae /, Шивэр хандгай /Alces alces pfizenmayeri/, Мөрний хандгай/ Alces alces cameloides /, Соргог бөхөн /Saiga tatarica tatarica/, Монгол бөхөн /Saiga tatarica mongolica/, Төв азийн минж /Castor fiber birulai/, Гангар хун /Cygnus cygnus/, Гургуул /Phasianus colchicus/, Хар тогоруу /Grus monacha/, Цэн тогоруу /Grus vipio, Цагаан тогоруу /Grus leucogeranus/, Жороо тоодог /Chlamydotis undulata/, Борцгор хотон / Pelecanus crispus/,Реликт цахлай / Larus relictus/, Шивир хилим /Acipenser baeri baicalensis /, Хар мөрний хилим /Acipenser schrencki/, Үхэрдэй /Tinca tinca/, Зантахай загас /Mesocottus haitej/, Бага тогосон одот эрвээхэй /Eudia pavonia/.

7.2. Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болно.

7.3. Энэ хуулийн 7.2.-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.

7.4. Нэн ховор амьтны амьдрах нутагт хүнд үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулах, авто болон төмөр зам тавих, уул уурхайн олборлолт явуулах асуудлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

7.5. Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг дараахь тохиолдолд агнаж, барьж болно:

7.5.1. судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;

7.5.2. гадаадын болон Монгол Улсын иргэн тусгай төлбөр төлж;

7.5.3. тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.

7.6. Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална.

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.7.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр ховор амьтныг агнах, барихтай холбогдсон харилцааг Ан агнуурын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар нарийвчлан зохицуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Амьтныг ашиглахад хязгаарлалт, хорио тогтоох

Хэвлэх

8.1. Төрийн захиргааны төв байгууллага нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор, тухайн нутаг дэвсгэрт нийтэд нь буюу хэсэгчлэн тодорхой хугацаагаар хязгаарлалт, хорио тогтоож болно.

9 дүгээр зүйл. Амьтныг сэргээн нутагшуулах

Хэвлэх

9.1. Мэргэжлийн байгууллага нь шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагааг эрхэлж болно.

9.2. Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлал, зааврын дагуу явуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АМЬТНЫ АЙМГИЙГ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ

10 дугаар зүйл. Амьтан өмчлөх

Хэвлэх

10.1. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу ан амьтан нь төрийн өмч мөн.

10.2. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөрийг бүрэн төлж ан агнах, барих эрхийн бичиг, гэрээ, тусгай зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд багтаан бэлтгэсэн ангийн түүхий эд нь бэлтгэгч этгээдийн өмч болно.

11 дүгээр зүйл. Амьтан эзэмших

Хэвлэх

11.1. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховороос бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах зорилгоор тодорхой нөхцөл, болзол бүхий гэрээний үндсэн дээр эзэмшиж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.2. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад амьтан эзэмшүүлэх журмыг Засгийн газар тогтоож, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12 дугаар зүйл. Амьтан ашиглах хэлбэр

Хэвлэх

12.1. Амьтныг ашиглах гэдэгт тухайн амьтныг гэмтээлгүйгээр хууль болон гэрээнд заасны дагуу амьтны аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах тодорхой үйл ажиллагааг хэлнэ.

12.2. Амьтныг дор дурдсан хэлбэрээр ашиглаж болно. Үүнд:

12.2.1. амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах;

12.2.2. хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах;

12.2.3. амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор амьтныг ашиглах.

12.3. Амьтныг ашиглах бусад хэлбэрийг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоож болно.

13 дугаар зүйл. Амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах

Хэвлэх

13.1. Судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг ашиглахдаа түүнийг гэмтээлгүйгээр амьдрах орчны нь алдагдуулахгүйгээр гүйцэтгэнэ.

13.2. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 13.1-д заасан хэлбэрээр нэн ховор, ховор амьтныг ашиглах зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

14 дүгээр зүйл. Амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах

Хэвлэх

14.1. Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэнэ.

14.2. Энэ хуулийн 14.1-д заасан хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

15 дугаар зүйл. Амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор амьтныг ашиглах

Хэвлэх

15.1. Амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн /зөгийн бал, лав, бугын цусан эвэр, хүдрийн заар зэрэг/-ийг авах зорилгоор амьтныг ашиглахдаа эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүйгээр, тэдгээрийн амьдрах орчныг алдагдуулахгүйгээр гүйцэтгэнэ.

15.2. Ховор амьтныг тэжээврээр үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэх зориулалтаар ашиглахыг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

15.3. Амьтныг тэжээврээр үржүүлэхдээ ашиг шимийг дээшлүүлэхийн тулд үржил селекцийн ажил явуулж болно.

16 дугаар зүйл. Амьтан ашиглах эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл

Хэвлэх

16.1. Амьтан ашиглах эрхийн зөвшөөрлийг дор дурдсан тохиолдолд хүчингүй болгоно:

16.1.1. амьтан ашиглах шаардлагагүй болсон буюу түүнийг ашиглахаас татгалзсан;

16.1.2. амьтан ашиглах гэрээний хугацаа дууссан;

16.1.3. хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг төлөөгүй;

16.1.4. амьтан ашиглах эрх олгогдсон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;

16.1.5. амьтныг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, гэрээ зөрчсөн.

17 дугаар зүйл. Амьтны цуглуулга

Хэвлэх

17.1. Амьтны цуглуулга гэдэгт судалгаа, шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, тэдгээрийн чихмэл, арьс, үс, яс болон амьтны гаралтай бусад зүйлс хамаарна.

17.2. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ховор амьд амьтны цуглуулга хийх зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.3. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын амьтны цуглуулгыг гадаадад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АМЬТНЫ АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН САН, ТӨЛБӨР, САНХҮҮЖИЛТ

18 дугаар зүйл. Амьтны аймгийн мэдээллийн сан

Хэвлэх

18.1. Амьтны аймгийн мэдээллийн сан дараахь үзүүлэлтээс бүрдэнэ:

18.1.1. амьтны тархац нутаг, нөөц түүний үнэлгээ;

18.1.2. амьтны судалгааны тайлан, мэдээ баримт;

18.1.3. амьтны цуглуулга, лабораторид хадгалсан үр хөврөл;

18.1.4. амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах арга хэмжээний мэдээ;

18.1.5. агнуурын амьтны тархац, нягтшилийг аймаг, нийслэлээр харуулсан зураг.

18.2. Амьтны аймгийн мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

19 дүгээр зүйл. Амьтан ашигласны төлбөр

Хэвлэх

19.1. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага амьтан ашигласан тохиолдолд төлбөр төлнө.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

19.2. Амьтан ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх, төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх журмыг хуулиар тогтооно.

20 дугаар зүйл. Амьтныг хамгаалах арга хэмжээний санхүүжилт

Хэвлэх

20.1. Амьтныг хамгаалах арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын дэмжлэг, олон улсын тусламж, хандивын хөрөнгөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

20.2. Нэн ховор, ховор амьтны нөөц, тархацыг тогтоох хамгаалах ажлын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

20.3. Нэн ховор амьтнаас бусад амьтныг хамгаалах арга хэмжээг дор дурдсан байдлаар санхүүжүүлнэ:

20.3.1. иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээгээр ашиглаж, эзэмшиж байгаа нутгийн амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг тухайн газар ашиглагч, эзэмшигчийн хөрөнгөөр;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

20.3.2. амьтныг ашиглаж байгаа иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага тухайн амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр.

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл. Амьтны аймгийг хамгаалах, өсгөж үржүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоо

Хэвлэх

21.1. Төрийн бус байгууллага амьтныг хамгаалах, өсгөж үржүүлэх арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу орон нутгийн Засаг даргатай тодорхой нөхцөл, болзол бүхий гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлж болно.

21.2. Төрийн бус байгууллага амьтны хамгаалалт, ашиглалтыг сайжруулах талаар санал гаргах, амьтны аймгийг хамгаалах, ашиглах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зэргээр үйл ажиллагаа явуулж болно.

22 дугаар зүйл. Амьтны тоо толгойг зохицуулах

Хэвлэх

22.1. Байгалийн тэнцэлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

22.2. Амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээг бусад амьтны зүйлд гэм хор учруулахгүй, амьдрах орчин, хэвийн өсөлт үржилтийг алдагдуулахгүйгээр хэрэгжүүлнэ.

22.3. Ховор амьтны тоо толгойг зохицуулах шаардлагаар сийрэгжүүлэх агналт явуулах зөвшөөрлийг шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага олгож, мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ.

22.4. Хүн, амьтны эрүүл мэндэд гоц аюултай тахал, галзуу, бусад халдварт өвчин тараадаг болон хэт олширч байгаль орчинд хөнөөл учруулдаг аюултай амьтны зүйлтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

23 дугаар зүйл. Амьтныг гадаад улсад гаргах

Хэвлэх

23.1. Нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах зөвшөөрлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу Засгийн газар олгоно.

Энэ хуулийн 23.1-д заасан амьтнаас бусад амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

24 дүгээр зүйл. Амьтныг гадаад улсаас оруулах

Хэвлэх

24.1. Амьтныг гадаад улсаас оруулахтай холбогдсон харилцааг төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмаар зохицуулна.

25 дугаар зүйл. Амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

25.1. Амьтны аймгийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

25.2. Нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.

26 дугаар зүйл. Зөрчил илрүүлэгч, мэдээлэгчийг урамшуулах

Хэвлэх

26.1. Амьтны аймгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн буюу мэдээлэл өгсөн иргэнд зөрчил гаргагчдад ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг тухайн сум, дүүргийн Засаг дарга олгоно.

27 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

27.1. Амьтны аймгийн тухай хууль зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

27.1.1. хугацаа дууссан зөвшөөрлөөр амьтныг ашигласан, эсхүл зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр амьтныг ашиглахыг завдсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

27.1.2. зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор амьтныг ашигласан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

27.1.3. ховор амьтны тоо толгойг нь хорогдуулсан буюу амьдрах орчинг алдагдуулсан, тэдгээрийн арьс, үс, бусад түүхий эдийг зохих зөвшөөрөлгүй худалдсан, эсхүл худалдан авсан бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, худалдсан, эсхүл худалдан авсан түүхий эдийг хураан авч улсын орлого болгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

27.1.4. амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан, гадаад улсаас оруулсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

27.1.5. амьтныг гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан, эзэмшсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг хүртэл торгож, ашигласан, эзэмшсэн амьтныг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу байгальд нь эргүүлэн тавих буюу зохих байгууллагад хүлээлгэн өгөх;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

27.2. Энэ хуулийн 27.1.2- 27.1.4-д заасан зөрчлийг давтан үйлдсэн, эсхүл нэн ховор амьтныг агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн арьс, үс, бусад түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ